Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0291/Э |
Дугаар | 2022/ШЦТ/359 |
Огноо | 2022-04-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/359
2022 04 19 2022/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч О.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Тд холбогдох эрүүгийн 2211 00000 0302 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 12-11 тоотод оршин суух,
Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт ОТ /РД:...........................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч О.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн караокед үйлчлүүлж байгаад хагалсан хундаганы мөнгөө төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч Ж.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар хурууг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Т нь:
архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн караокед үйлчлүүлж байгаад хагалсан хундаганы мөнгөө төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч Ж.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар хурууг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Ж.Бат-Эрдэнийн “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манайхаар үйлчлүүлж байсан эрэгтэй надтай муудалцаж, миний нүүр рүү цохиж, улмаар барьцалдаж авч байх үедээ миний баруун гарын дунд хурууг хазаж ийм гэмтэл үүсгэсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
Гэрч Д.Отгонсүрэнгийн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хийж байхад караокений 3 номерын өрөөнд хэсэг хүмүүс маргалдаад байна гэхээр нь очихын завдалгүй нэг намхан залуу өрөөний ширээ хөмөрч унагаагаад 2 архины хундага хагалсан ...Тооцоо хийгээд гарах гэхэд нь 2 хундаганы мөнгөө нэхтэл за ойлголоо төлнө гээд байж байснаа нэг жижиг биетэй Тэмүүжин гэх залуу яахаараа төлдөг юм гээд уурлаад доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр Бат-Эрдэнэ гарах гээд байхаар нь үүдэнд зогсоод гаргахгүй гээд байж байтал манай нөхрийн толгой руу 2-3 удаа цохихоор нь манай нөхөр тэвэрч аваад байж байтал манай нөхрийн толгой руу 2-3 удаа цохихоор нь манай нөхөр тэвэрч аваад байж байтал манай нөхрийн гарыг хазчих шиг болсон. Тэгээд манай нөхөр ёооё гэж хэлэхэд нь хартал хуруунаас нь нилээн их цус гарсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1976 дугаартай “Ж.Бат-Эрдэнийн биед баруун сарвууны 3-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/, баримтууд болно.
Шүүгдэгч О.Тгийн “Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой манай найз Энхмөрөн Өмнөговиос ирсэн байна, уулзъя гээд Отгонболор, Монхооноо гэх найзуудынхаа хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-191 тоотод байрлах Эбо төвд 13 цагийн үед очиход Энхмөрөн ганцаараа байсан ба 1 шил 0,75 литрийн Соёрхол архи, 6 шилтэй пиво аваад уугаад дуулцгаагаад байж байсан. Тэгээд ууж байтал Монхооноотой ялихгүй асуудлаас болоод муудалцаж, барьцалдаж аваад байж байхдаа тухайн төвийн нэг ширхэг стеканыг хагалчихсан юм. Монхооноо бид хоёр бие биенийгээ цохиж гэмтээсэн зүйл огт байхгүй, зууралдаад л салсан. Тэгээд гарах гэж байхад зөөгч нь хагалсан стеканы мөнгөө өгөөрэй гэхээр нь утас цэнэггүй байна, утсаа цэнэглүүлээд мобайлдаж болох уу? гэсэн чинь тэр газрын захирал бололтой өндөр ах гарч ирээд чи төлбөрийн чадваргүй, би төлсөн гээд байхаар нь хэрэлдээд, тэр хүнтэй барьцалдаж аваад тэгээд хэрэлдэж байгаад текний урд талын буйдан руу намайг түлхэж унагаагаад эхнэр нь гэх эмэгтэй тэр ахтай хамт сууж байсан эрэгтэй нэг зөөгч нь ирээд намайг доошоо дараад нүд рүү хуруугаа хийгээд байхаар нь дийлэхгүй болоод нэг хурууг нь хазсан чинь гарнаас нь цус гарчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-37 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч О.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн караокед үйлчлүүлж байгаад хагалсан хундаганы мөнгөө төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч Ж.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар хурууг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бат-Эрдэнийн биед “...биед баруун сарвууны 3-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт зэргээр энэ гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн тогтоогдсон байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүх шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасан болно.
Мөн шүүгдэгч О.Т нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хооронд /ажил-гэр/ зорчих хязгаарлалт тогтоосон болно.
Ингэснээр ялтан О.Тэмжүүнгийн хувьд дүүрэг хоорондын нутаг дэвсгэрээс гарахгүй байх нь түүний хувийн аж ахуй, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, сурч боловсроход анхаарах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах зэрэг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрхийг хөндөхгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрут тогтоолгож болохыг дурьдсугай.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч О.Т нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хооронд /гэр-ажил/ зорчих хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ