Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/375

 

 

 

 

 

  2022        04          25                                     2022/ШЦТ/375

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч А.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далан түрүү овогт АТт холбогдох эрүүгийн 2211 00000 0494 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Still and concreet” питон зуурмагын газар туслах ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, Баян, 1 дүгээр хэсэг,  6-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгат 35-89 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  

Далан түрүү овогт АТ /РД: ................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 5 давхарт Самсунг брэндийн гар утасны лангуунд худалдагч хийж байхдаа 8 ширхэг гар утсыг хувьдаа завшсаны улмаас Г.Дэлгэрцэцэгт 16.752.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Т нь:

2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 5 давхарт Самсунг брэндийн гар утасны лангуунд худалдагч хийж байхдаа 8 ширхэг гар утсыг хувьдаа завшсаны улмаас Г.Дэлгэрцэцэгт 16.752.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Г.Дэлгэрцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “Домогт хайрхан” ХХК-ны захирал. Манайх Самсунг брэндийн албан ёсны борлуулагч. А.Тыг зарын дагуу лангуун дээрээ худалдагчаар авсан. А.Т 3 дахь гараан дээрээ манай бараанаас авсан байсан. Би Самсунг компанид албан ёсоор хохирлыг би барагдуулсан. Би 1 500 000 төгрөг хүлээн авсан.Одоо 4.798.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9 дүгээр тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-27 дугаар тал/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утаснуудыг 16.752.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 35-37 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар тал/,

Шүүгдэгч А.Тын “...Миний бие А.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улсын их дэлгүүрийн 5 давхарт Samsung брэндийн утас худалдан борлуулдаг газар худалдааны зөвлөх гэх ажилд орсон. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Samsung G52 гэх утаснаас 2 ширхэг, S21 ultra гэх утаснаас 1 ширхэг, Z flip 3 загварын утаснаас 1 ширхэг утсыг нь аваад ломбарданд тавьчихсан байна. Тэрнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажиллаж байгаад 4 дэх гараан дээрээ надад хариуцуулж хүлээлгэж өгч байсан 43 ширхэг Samsung брэндийн гар утаснуудаас 6 ширхэг утсыг авч явсан. А52 гэх утаснаас 2 ширхэг, А22 гэх утаснаас 2 ширхэг, S21 гэх утаснаас 2 ширхэг ингээд нийтдээ 8 ширхэг утсыг покер тоглох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 31-ний орой авч яваад ломбарданд тавьсан. Барьцаанд тавьж авсан мөнгөөрөө онлайнаар покер тоглосон. Ихэнх мөнгийг нь покер тоглоод алдчихсан. Үлдсэн мөнгө төгрөгийг нь буудал болон хоол хүнсэндээ хэрэглэсэн. Эхлээд Дархан ороод нэг хоносон. Тэгэхдээ өөрийн найзтайгаа уулзсан манай найз намайг утас авчихаад ингээд явж байгаа талаар огт мэдээгүй. Эрдэнэтэд очиж 2 хоносон тэр үедээ ганцаараа байсан ба буудалд 2 хоног амьдарсан, Хөвсгөл ороод 2 хоносон, 3 хонохдоо буудлаар амьдарч байгаад ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/,

Хохирогч Г.Дэлгэрцэцэгийн “...Миний бие Г.Дэлгэрцэцэг худалдааны зөвлөх ажилд авна гэсэн зарын дагуу А.Т гэх хүүхэд холбогдоод надтай ирж уулзаад ажлын анкет бөглөөд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажилд орсон. Манайх 24 цаг гараад 24 цаг амардаг бөгөөд 4 дэх удаагийн ээлжин дээр буюу 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 8 ширхэг утас хулгайгаар аваад гараад явчихсан байна. Манай 5 давхарын зохион байгуулагч 12 цаг 53 минутад өөрийн 88065676 дугаараас над руу залгаад танай ажилтан цайндаа гараад 2 цаг боллоо хүн юм авах гээд байдаг, ирдэггүй гэж ярьсан. Тэгэхээр нь 96092939 дугаарын Тамирын утас руу 6 удаа залгасны дараа утсаа авсан бөгөөд би яг одоо орж байна аниа би яг одоо орлоо гээд сандарсан байдалтай ярьсан. Тэгэхээр нь би одоо очиж байна гэж хэлчихээд орхичихсон. Түүний дараа зохион байгуулагч дахиж залгаад одоо болтол ирээгүй байна гэж хэлэхээр нь би Тамир руу залгахад миний утсыг авахгүйгээр та алга болчихсон. Би гайгүй байлгүй дээ гэж бодоод манай ажилтан болох Цолмонтуяаг их дэлгүүр дээр ажил дээрээ яваад оч гэхэд 16:45 минутад Цолмонтуяа над руу залгасан. Би ирчихсэн байна гэхээр нь чи бараануудаа бүртгэчих бүрэн байна уу? шалгачих гэж хэлсэн. Буцаад над руу залгаад хайрцагнууд нь хоосон байна гэдэг хариуг өгсөн. Нийт 8 ширхэг утас алдсан байна. Ингэж алдахдаа бүх утасных нь лацаас нь салгаад хайрцгийг үлдээгээд явчихсан байсан. А22 загварын утас 2 ширхэг энэ утаснуудын имэй код 355221177606921, 355221178631712, А52 загварын утас 2 ширхэг байсан бөгөөд имэй код нь 354704170638497, 354704170826530 гэсэн кодтой, Зи флип 3 загварын утаснаас 1 ширхэг байсан имэй код нь 355001764442686 гэсэн имэй кодтой, Эс21 загварын утаснаас 2 ширхэг байсан бөгөөд имэй код нь 352946242159760, 352946242163044 кодтой, Энэ утаснуудыг тус бүрт нь үнэлбэл А22 загварын утас нь 1 ширхэг нь 729.000 төгрөг, А52 загварын утас нь 1.099.000 төгрөг, Зи флип 3 загварын утас 3.599.000 төгрөг, Эс 21 загварын утас нь 2.699.000 төгрөг, Эс 21 ултра загварын утас 4.099.000 төгрөгөөр үнэлж нийтдээ 16.752.000 төгрөгийн бараа хулгайлан авч явсан байна  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 дугааар тал/,

Гэрч Б.Батхишигийн “...Миний бие Улсын их дэлгүүрт 2021 оны 11 дүгээр сарын 16-наас хойш утасны наалт наадаг газар худалдааны зөвлөхөөр ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр манай Улсын их дэлгүүрийн таван давхарт Тамир гэх залуу ажилд орсон бөгөөд тэр хүнтэй хамт хэдхэн хоног ажиллаж байсан. Тэр хугацаанд бид хоёр гарч тамхилдаг, хоолонд цуг ордог гэх мэт энгийн л байдаг зүйлийг хийж байсан. Ерөнхийдөө манай 5 давхарт ажилд орсноос хойш ажлын танилууд гэж явж байсан. Түүнээс илүү дутуу өөр зүйл байхгүй. Ажилд орсноос хойш 4 дэх гараан дээр алга болчихсон. Ээлжээр гардаг байсан болохоор 2-оос 3 удаа л таарч байсан. Анх харахад гайгүй ааштай, дажгүй залуу шиг санагдсан. Ер нь жаахан хөгжилтэй талдаа тийм л залуу байсан. Би тэр залууг утас авч явсан талаар огт мэдээгүй. Намайг камерын бичлэгэн дээр хамт байсан болохоор цуг яваад явчихсан гэж бодсон юм шиг байна лээ. Би тэр хүнтэй нийлж гар утас авсан асуудал огт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33 дугаар тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 34/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч А.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 5 давхарт Самсунг брэндийн гар утасны лангуунд худалдагч хийж байхдаа 8 ширхэг гар утсыг хувьдаа завшсаны улмаас Г.Дэлгэрцэцэгт 16.752.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 16.752.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч А.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч /прокурор/-ийн саналыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Г.Дэлгэрцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо 4.798.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна ...” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 16.752.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирлын үлдэгдэл болох 4.798.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч А.Таас хохирлын 4.798.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дэлгэрцэцэгт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Далан түрүү овогт АТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 16.752.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг  3500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугааар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Таас хохирлын 4.798.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Дэлгэрцэцэгт олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ