Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          28                                     2022/ШЦТ/382

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Ч.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балсан овогт Ч.Тд холбогдох эрүүгийн 2111 01134 0407 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Ган зам гудамжны 129 дүгээр байрны 4-50 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-уул дүүргийн 17 дугаар хороо 48а-13 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Балсан овогт Ч.Т /РД:........................................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк орчинд “Huslee Huslen” гэх хаягаас “...Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байх түрээслүүлнэ ...” гэх утга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн М.Оразалаас 1.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд байхад нь хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5381136270 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Т нь:

2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк орчинд “Huslee Huslen” гэх хаягаас “...Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байх түрээслүүлнэ ...” гэх утга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн М.Оразалаас 1.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд байхад нь хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5381136270 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоо ажил хийж байгаа барилга дээр.2022 оны 4 лүгээр сарын 12-ны өдрөөс ажиллаж байгаа.Өдрийн 80 000 төгрөг авдаг.Үлдэгдэл төлбөрөө цалин буухаар төлнө.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Уучлал хүсч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Оразал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ч.Тд 1.000.000 төгрөг өгснөөс 700.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдэгдэл 300.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөнгөө авчихвал гомдол санал байхгүй.” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч М.Оразалын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байр түрээслэхээр фэйсбүүк дээрээс зар харж байгаад 13 дугаар хороолол Зүүн хүрээ, хотхоны 207 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг нэг сарын 700.000 төгрөгөөр түрээсэлнэ гэх зарын дагуу 80655200 гэсэн дугаар луу залгахад 5 сараар нэг сарын барьцаа авна гэсэн. Би түрээсэлмээр байна, чи зараа устгачих гэхэд урьдчилгаа 1 сая төгрөг шилжүүлчих тэгээд би зараа устгая. Орой 20 цагийн үед ирж үзээд гэрээгээ хийчих гэсэн. Тэгээд би надад өгсөн 5381136270 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5300826440 тоот данснаас 1.000.000 төгрөгийг Тэнгисийн урд талд явж байхдаа шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

Гэрч А.Билгүүний “...2021 оны 7 дугаар сарын дундуур хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нарны 2-3 тоот гэр лүү явсан юм. Тэгэхдээ би өөрийн 5380060071 тоот дансны виза картыг таньдаг ах Мөнхтэнгэрт ашиглуулах гээд үлдээгээд явсан. Тэгээд би 7 сарын сүүлээр Улаанбаатарт байгаа гэр лүүгээ ирсэн юм. Тэгээд би виза картаа Мөнхтэнгэр ахаас 2021 оны 9 дүгээр сарын 28-нд буцааж авсан. Тэгэхээр Мөнхтэнгэр ах ашигласан гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Гэрч Б.Мөнхтэнгэрийн “...Би 5380060071 Хаан банкны виза картыг нь авч ашигласан ба 2021 оны 8 сарын сүүлээр гуйж аваад 9 сарын сүүлээр өөрт нь буцаагаад өгсөн ... Ч.Т 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр би 3, 4-р хорооллын Энхбаярын замд нийтийн байранд байх гэртээ байхад 23 цагийн үед фэйсбүүк чатаар над руу залгаад хаана байгааг асуугаад виза карт чинь байна уу гэсэн юм. Тэгэхээр нь би байна гэсэн чинь мөнгө хийгээд гаргаад авчихъя гэсэн юм. Тэгээд гэрт ирэхлээр нь Билгүүний виза картыг би өгсөн чинь аваад явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 50/9498 дугаартай албан бичиг /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Чинзоригийн Түвшинзаяа нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк орчинд “Huslee Huslen” гэх хаягаас “...Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байх түрээслүүлнэ ...” гэх утга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн М.Оразалаас 1.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд байхад нь хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5381136270 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчээс хохирлын 300.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ч.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлсөн, ажил, хөдөлмөр эрхэлж байгаа-цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Ч.Т  нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Оразалд 1.000.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны үед 700.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд хохирлын үлдэгдэл болох 300.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Тгаас гаргуулж хохирогч М.Оразалд олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балсан овогт Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Тгаас хохирлын 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Оразалд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ