Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1094

 

                                                                 Н.Бд холбогдох эрүүгийн

                                                                         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Дэлгэрдалай,

          шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

          нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Н.Бд холбогдох 1808 0201 00550 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бодонгууд овгийн Насанжавын Бямбажав, 1976 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-164 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧИ76032878/;

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1-18 тоотод байрлах нийтийн байрны үүдэнд ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Мгийн цээж, гаран тус газар нь хутгалж, хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бд холбогдох хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан хоёр хоногийг нийт 30.000 төгрөгөөр тооцон эдлэх торгох ялаас хасч, Н.Б бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг хутга болон эд мөрийн баримт болох цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал мөнгийн майк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэрэг эд зүйлсийг зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ш.Эрдэнэбилэг бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Прокуророос 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 607 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд мэдүүлэг авахаар хохирогч Ц.М, гэрч Б.Ангарагхүү, гэрч Д.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулах саналыг тусгажээ. Гэтэл шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1802 дугаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 2-т “шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 15 цаг 00 минутад улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Баатарбилэг нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоосугай” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч, хохирогчийг оруулахаар шийдвэрлэх ба прокурор яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч болон гэрч Б.Ангарагхүү, Д.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулах саналыг гаргасан байхад шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа прокурорын хохирогч, гэрчийг оролцуулах саналыг тусгаагүй атлаа хойшилсон шүүх хуралдааны товыг хохирогчид утсаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн. Гэрч Б.Ангарагхүү хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх шүүх хуралдаанд ирсэн, гэрч Д.Хаш-Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байдал үүссэн байна. Дээрх байдлаас үүдэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Б.Ангарагхүүгийн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Хаш-Эрдэнийн өгсөн мэдүүлэгтэй зөрж, улмаар гэрч Б.Ангарагхүүгийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэлийн нэг болсон байна.

Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан шүүхийн дуудан ирүүлэх хүний нэрийг өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд тусгагдсан гэрч нарыг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамждаа тусгаагүй байж хохирогчид утсаар тов мэдэгдээд байгаа нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт буюу гэрч, хохирогчийн мэдүүлгийг сонсох, мэдүүлэг аваагүйгээс хэрэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй, зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл болсон гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрдалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Тухайн үед гэрч Д.Хаш-Эрдэнэ нь Н.Бямбажвын үйлдлийг таслан зогсоосон. Гэрч Д.Хаш-Эрдэнийн мэдүүлгээс үзэхэд хохирогч Ц.М нь Н.Бын дээр нь сууж байсан гэдэг боловч хохирогчийн гар нь зүсэгдсэн, цээж урагдсан байсан байдал нь биеэ хамгаалж тэмцэж байсан гэж үзэж байна. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа гэрч Б.Ангарагхүү шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө хохирогч Ц.Мг согтуу байсан гэж мэдүүлсэн. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалт болон шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогч Ц.М надаас тамхи, архи нэхээд бид маргалдсан. Би айлгах зорилгоор машины багаажнаас хутга гаргаж ирсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд гэрч Д.Хаш-Эрдэнэ, хохирогч Ц.М нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн байна. Анхан шатны шүүх хурлаас өмнө урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад гэрч, хохирогч оролцуулах санал гаргаагүй бөгөөд гэрч, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрч Б.Ангарагхүүгийн шүүх хуралдаанд өгсөн “хохирогч Ц.М согтуу байсан” гэсэн мэдүүлгээр хохирогч Ц.М тухайн үед “архи уугаагүй, эрүүл байсан” гэж худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон. Мөн хохирогч “үгийн зөрүүгүй намайг хутгалсан” гэдэг боловч миний үйлчлүүлэгчийн биед гэмтэл тогтоогдоогүй ч ил шарх, зулгаралт үүссэн байсан нь тэр хоёрын харилцан зодолдсоныг нотлож байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1-18 тоотод байрлах нийтийн байрны үүдэнд ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Мгийн цээж, гаран тус газар нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.М “...эргээд хартал миний цээжний зүүн талд шар өнгийн иштэй том хутгаар нэг удаа хутгалсан. ...” /хх-101/, гэрч Д.Хаш-Эрдэнэ “...Мөнхдаваа нэг танихгүй залууд цээжиндээ хутгалуулсан байдалтай, нөгөө танихгүй эрэгтэй нь газар уначихсан, Мөнхдаваа дээр нь гараад суучихсан зууралдаад байж байсан. ...” /хх-104/, М.Мандахбаяр “...Бямбажав машинаасаа буучихсан, цагдаа ирээд машиндаа суулгачихсан, нэг хүний гарнаас цус гарсан байдалтай, Бямбажав хутгалчихлаа гэж яриад байж байхад түргэний машин ирсэн. ...” /хх-6-7/, Б.Ангарагхүү “...Хонхорын 1-18 тоотод, төв замын урд гарандаа хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад хохирогч нь зүүн гарын эрхий, долоовор хуруу нь зүсэгдсэн, их хэмжээний цус гарсан байдалтай явган хүний зам дээр сууж харагдсан. ...” /хх-9-10/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ц.Мгийн биед цээжний зүүн урд хэсгийн болон зүүн гарын сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 5291 дугаартай дүгнэлт /хх-32/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Быг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Дээд шатны прокурор Ш.Эрдэнэбилэг “...гэрч Д.Хаш-Эрдэнэ, хохирогч Ц.М нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөн прокурор яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч болон гэрч Б.Ангарагхүү, Д.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулах саналыг гаргасан байхад шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа прокурорын хохирогч, гэрчийг оролцуулах саналыг тусгаагүй атлаа хойшилсон шүүх хуралдааны товыг хохирогчид утсаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн. Гэрч Б.Ангарагхүү хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх шүүх хуралдаанд ирсэн, гэрч Д.Хаш-Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байдал үүссэн байна. Дээрх байдлаас үүдэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Б.Ангарагхүүгийн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Хаш-Эрдэнийн өгсөн мэдүүлэгтэй зөрж, улмаар гэрч Б.Ангарагхүүгийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэлийн нэг болсон. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа прокурорын гаргасан шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулах саналыг тусгалгүй, хохирогч Ц.М, гэрч Д.Хаш-Эрдэнэ, Б.Ангарагхүү нарт шүүх хуралдааны товыг утсаар /хх-166/ мэдэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хохирогч Ц.М, гэрч Б.Ангарагхүү, Д.Хаш-Эрдэнэ нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Д.Хаш-Эрдэнийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй боловч түүний өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлаж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь зохицуулалтад нийцсэн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсний дагуу хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Иймд дээд шатны прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1099 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах тухай” захирамжийн хянавал хэсэгт 25 хоногоор сунгах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа захирамжлах хэсэгт 15 хоногоор сунгасан алдаа гаргасан байх бөгөөд цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                         

                                            ДАРГАЛАГЧ,

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

                                            ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

                                            ШҮҮГЧ                                                М.АЛДАР