Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0818/З |
Дугаар | 128/ШШ2020/0010 |
Огноо | 2020-01-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0010
2020 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2020/0010 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, “Шт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х, Д.М, Л.А нарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Шт” ХХК /*********/
Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х, Д.М, Л.А
Гомдлын шаардлага: “... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х, Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагч У.Х, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Шт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээж 14-ний өдрийн №88 дугаар тогтоолын дагуу “Шт” ХХК-ийн ШТС 26-ын АИ 92 шатахууныг худалдан борлуулахыг түр зогсоосон байдаг.
Гэтэл тухайн тогтоолын үндэслэх хэсэг болж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагч А.Б дүгнэлтээр “Шт” ХХК нь зөрчил гаргасан гэдэг боловч тухайн дүгнэлтэд “Шт” ХХК гэсэн үг үсэг байдаггүй шинжээчийн дүгнэлт гаргасан дээжийг 2018 оны 8 дугаар сарын 06-нд авч бүхэл бүтэн 112 хоног буюу гурван сар 22 хоногийн дараа хэрэглэгчийн эрхийг хамгаалан УБ ШТС- 26 битүүмжилсэн.
Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тайлбар мэдүүлэг өгөхөд манайх яг ямар үндэслэлээр аль заалтыг нь зөрчсөн талаар мэдэхийг хүсэхэд би мэдэж байна, бусад компани байгаа болохоор нууц гэх мэтээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 2.1. “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх...” эрхийг эдлүүлэлгүй ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл анх авсан дээжид дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хэрэг нээх үед хэдийнээ дээжид дахин шинжилгээ хийлгэх стандартын шаардлага хангахгүй болгосон нь Зөрчлийн хэрэгт холбогдогчийн Өөрийн буруугүйг нотлох эрхийг ноцтой зөрчсөн. О.Б шинжээчийн дүгнэлт гэхийг гаргасан боловч Хууль сануулаагүй, ямар байгууллагаас гаргасан дүгнэлт байхгүй албан бланк, тамга тэмдэг байхгүй гэх зэрэг процессын алдааг гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х, Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №000******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М*******, Улсын байцаагч Л.А нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Шт” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч У.Х, Улсын байцаагч Д.М, Улсын байцаагч Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбар хүргүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Шт” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-26 салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.9+0.01 мг/дмЗ тодорхойлогдсон асуудлыг Нийслэлийн прокурорын газарт хянуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ********** дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан.
Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг хийж “Шт” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 дугаартай шийтгэлийн хуудсаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээж 14-ний өдөр №88 тоот тогтоолын дагуу “Шт” ХХК-ийн ШТС-26 салбарын АИ-92 шатахууныг худалдан борлуулахыг зогсоосон байдаг.
Нэг. Гэтэл тухайн тогтоолын үндэслэх хэсэг болж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч А.Б дүгнэлтээр “Шт” ХХК зөрчил гаргасан гэдэг боловч тухайн дүгнэлтэд “Шт” ХХК гэсэн үг үсэг байдаггүй дүгнэлт байдаггүй шинжээчийн дүгнэлт гарсан дээжийг 2018 оны 8 дугаар сарын 06-нд авч бүхэл бүтэн 112 хоног буюу 3 сарын 22 хоногийн дараа хэрэглэгчийн эрхийг хамгаалан ШТС-26 битүүмжилсэн гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын ажлын
хэсгийн гишүүдээс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Нууцын баталгаа”
гаргуулан авч 9 аж ахуйн эрхлэгчдээс авах шатахууны дээжийг коджуулсан ба
“Шт” ХХК-иас авах АИ-92 автобензиний дээжийг 00140308 гэж
коджуулсан байдаг.
2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Шт” ХХК-ийн Хан-Уул
дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-26 салбараас дээж авахад тус салбарын түгээгч Б.М******* байлцсан.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Шт” ХХК-ний
итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Б.Ш нар зөрчлийн хэрэг нээсэн
тогтоол, шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн
бүтээгдэхүүний чанарт хийсэн шалгалтын танилцуулга, Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн Улсын ахлах байцаагчийн дүгнэлт зэрэгтэй танилцсан ба уг танилцуулгад “Шт” ХХК-аас авах Аи-92 автобензиний дээжийг 00140308 гэж коджуулсан мэдээлэлтэй танилцсан зэргээс үзэхэд “Шт” ХХК гэх нэг ч үг өгүүлбэр байгаагүй байтал шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэдэг нь үндэслэлгүй байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.
2. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тайлбар мэдүүлэг өгөхөд манайх яг ямар үндэслэлээр аль заалтыг зөрчсөн талаар мэдэхийг хүсэхэд би мэдэж байна, бусад компани байгаа болохоор нууц гэх мэтээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 2.1 “...ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх” эрхийг эдлүүлгүй ажиллагаа явуулж эхэлсэн” гэсэн тухайд:
Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийн хэрэг нээсэн даруйд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1537 дугаартай албан бичгээр “Шт” ХХК-д мэдэгдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Шт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******ы өгсөн холбогдогчийн мэдүүлгээс үзэхэд ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх...” эрхийг эдлүүлээгүй гэх: үндэслэлгүй байна.
3. Анх авсан дээжид дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хэрэг нээх үед хэдийнээ дээжид дахин шинжилгээ хийлгэх стандартын шаардлага хангахгүй болгосон нь Зөрчлийн хэрэгт холбогдогчийн “өөрийн буруугүйг нотлох эрхийг ноцтой зөрчсөн гэсэн тухайд:
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад “Шт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шаас зөвхөн “Шт” ХХК-ийн ШТС-26 салбарын үйл ажиллагааг түр зогсоож, битүүмжилсэн байдлыг цуцлах, автобензинд марганецын агууламж байсан эсэхээс хамаарч хэрэглэгчид ямар хохирол учирч болох талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн, харин уг хүсэлтэд дахин шинжээч томилуулах талаар дурдаагүй, мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад амаар болон бичгээр дахин шинжээч томилуулах талаар хүсэлт огт гаргаагүй байна.
4. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б шинжээчийн дүгнэлт гэхийг гаргуулсан гэх боловч тухайн харъяалагдах байгууллагын албан ёсны бланк байхгүй, баталгаажуулсан тамга тэмдэг дарагдаагүй, хуулийн гол шаардлага болох хууль сануулаагүй, дүгнэлтийг магадлалтай гэж шийдвэрлэсэн байдлаар гаргаагүй, тухайн хэрэгтэй танилцаагүй гэх мэт маш олон тооны ноцтой зөрчил гаргасан гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг удирдлага болгон шинжээч томилж, хууль сануулсан нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор нотлогдож байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасны дагуу Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгахаар байна. Үүнд:
1.6. Шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт.
2. Шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй байсан ч дүгнэлтэд заана.
3. Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана гэж заасан зэргээс үзэхэд тухайн харъяалагдах байгууллагын албан ёсны бланк, баталгаажуулсан тамга тэмдэг дарах шаардлагагүй, хуульд заасан дүрэм, журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан гэж үзэж байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, “барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд “Шт” ХХК-ийн борлуулж байсан АИ-92 шатахуун нь Стандартчилалын үндэсний зөвлөлөөс баталсан “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй нь сорилт шинжилгээний лабораторийн шинжилгээний дүгнэлт, эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
2018 онд шатахууны худалдаа эрхлэгчид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн шалтгаанаар жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн ч ОУ-ын болон Монголын Улсын стандартын шаардлагад нийцэхгүй автобензин хэрэглэгчдэд борлуулж иргэд, хэрэглэгчдийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд хохирол учруулж буй асуудлыг харгалзан “Шт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т/199 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “Шт” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000******* тоот шийтгэлийн хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх 2018 оны 1/12 дугаар удирдамжийг батлан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/922 дугаар албан бичгээр нэр бүхий 5 шинжилгээний байгууллагад хамтран ажиллах саналыг хүргүүлж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах дараалал, аргачлалыг тус тус баталжээ.
Дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Шт” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах ШТС-26 салбараас тус салбарын түгээгч Б.М байлцуулан акт үйлдэн, Аи-92 маркийн автобензин 1.795 литрийг дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг “00440308” хэмээн кодлон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2/1087 дугаар “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгийн дагуу мөн өдрийн 16:32 цагт Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О-д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгчээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг ирүүлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахаар сорилт шинжилгээний хариуг хүргүүлсэний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч шинжээчээр ажиллан, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.
Шалгалтын ажлын хэсэг шалгалтын дүнг нэгтгэсэн танилцуулгыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарган, цаашид авах арга хэмжээний саналын хүрээнд зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагатай байгаа болохыг тэмдэглэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай” 15 дугаар тогтоолыг гаргаснаар улсын байцаагч Д.М 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 51 дүгээр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэнийг хяналтын прокурор танилцан зөрчлийн хэргийн ********* дугаарыг олгосон байна.
Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1/1588 дугаар албан бичгээр “Шт” ХХК-нд мэдэгдэл хүргүүлсэн дагуу “Шт” ХХК-иас Л.О, Г.Ш, Б.Н нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авчээ.
Улмаар, улсын байцаагч Д.М 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Шт” ХХК-ийн ШТС-26 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоох саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлснээр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоолоор ШТС-26 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэж, тус газрын улсын байцаагч нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Шт” ХХК-ийн ШТС-26 салбарын Аи-92 шатахууны 1, 2 дугаар хошуу, нөөцийн сав, шатахуун буулгах худаг зэрэг эд хөрөнгийг битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор” шинжээч томилуулахаар хандсанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ыг шинжээчээр томилон, шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.
Дүгнэлтээр “... Марганецын агууламжийг 0.25мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзнэ. ... Дээжид марганецын агууламж 0.8 ± 0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Учир нь марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй” болох нь тогтоогджээ.
Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдэж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5/23 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагыг “Шт” ХХК-д хүргүүлэн, 000******* дугаар шийтгэлийн хуудсаар “Шт” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг шалган тогтооход шаардлага процесс ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан “бүтээгдэхүүнээс дээж авах акт”, “аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал”, “лабораторид дээж өгсөн тэмдэглэл”, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй хэмээн маргаж буй “Шт” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.
Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолыг цуцалсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-т заасанчлан Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд явуулж буй хяналт шалгалттай холбогдсон харилцаа тус хуулиар, хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой харилцаа Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан журмаар тус тус зохицуулагдахаар байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасанчлан хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах бүрэн эрхийнхээ хүрээндээ мөн зүйлийн 16.1.6-д заасанчлан дээж авч, барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах ажлыг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэжээ.
Ингэхдээ Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-д ”Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч акт үйлдэнэ”, 3.5-д ”Бүтээгдэхүүнээс дээж авах актыг гурван хувь үйлдэж, шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зурж баталгаажуулан, шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид өгч, үлдэх хувийг шалгалтын материалд хавсаргана. Бүтээгдэхүүнээс дээж авах актад хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн индекс, хувийн дугаар, хувийн бүртгэлийн дугаарыг бичнэ”, 3.6-д “Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна”, 3.9-д “Улсын байцаагч дээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэхдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, лаборатори тус бүрт 1 хувийг дээжийн хамт хүлээлгэж өгнө. ... Шалгуулагч этгээд хүсвэл дээжийг лабораторид хүргэхэд байлцаж болно”, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага МNS0217:2017” стандартын 9 дүгээр зүйлийн /Шинжилгээний арга/ 9.1-д ”Бензиний дээжийг MNS 218 стандартад зааснаар бензин тус бүрээс 2 литрээс багагүй хэмжээтэй дундаж дээж авна” гэж тус тус заасанчлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Шт” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах ШТС-26 салбараас тус салбарын түгээгч Б.М*******ыг байлцуулан акт үйлдэж, АИ-92 маркийн автобензин 1.795 литрийг МNS 0218:2008 /Дээж авах арга/ стандартын 7 дугаар зүйл 7.1/газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90% хүртэл хийнэ/-д заасан стандартын дагуу 1 литрийн багтаамжтай зориулалтын лац бүхий тагтай шилэн саванд дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг кодлон, мөн өдрийн 16:32 цагт Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О-д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан “бүтээгдэхүүнээс дээж авах акт”, “аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал”, “лабораторид дээж өгсөн тэмдэглэл”, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул “дээж авах /МNS 0218:2018 стандарт/ холбогдох журмыг зөрчсөн” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08/б/122, Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06/734 дүгээр албан бичигт дурдсанаас үзэхэд 2015 оноос 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тус улсад газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүнд сорилт гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн 15 лаборатори байснаас газрын тосны бүтээгдэхүүн болох түлш, дизель, бензин, тос тосолгооны материалд марганецын агууламжийг тодорхойлох итгэмжлэл зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид олгогдсон байна.
Итгэмжлэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/239 дүгээр тушаалаар тус лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтыг батламжлахдаа газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн дэх марганецын агууламжийг тодорхойлох үзүүлэлтийг итгэмжлээгүй байна.
Гэвч энэхүү нөхцөл байдал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр баталсан 1/12 дугаар удирдамжийн дагуу тус газрын улсын байцаагчдаас гүйцэтгэсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан шинжилгээний хариуг эрхгүй этгээд хийсэн хэмээн үзэх үндэслэл болохгүй.
Энэ талаар шүүх Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториас 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 02-04/6 дугаар тодруулга авсан бөгөөд ГОСТ Р 51925 стандартын шинжилгээний аргаар марганецийг тодорхойлоогүй нь марганец огт байхгүй гэсэн үг биш юм.
Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга MNS 218:2008 стандартаар дээж авах аргуудыг нарийвчлан тодорхойлсон байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.2.4-д “Дээж авах зориулалттай суурин хоолой, холбогч хаалт, бусад хэрэгслээр тоноглоогүй,....савнаас түүний ашиглалтын зааварт зааснаар буюу түгээгүүрийн хошуугаар дээж авна” гэж заасныг баримтлан лабораториас өгсөн зориулалтын саванд дээж авсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эрх бүхий байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газраас батламжилсан итгэмжлэл бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториор шинжилгээ хийлгэсэнтэй холбогдуулан уг лабораторийн MNS ASTM D 5185:2008 стандартад заагдсан аргаар гаргаж авсан үр дүнг MNS 0217:2017 стандартад тавигдах техникийн шаардлагад дүйцүүлэн хэрэглэн, марганецийн агууламжийг тодорхойлсон гэх үндэслэлээр хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын дүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн “Шт” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА