Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0141

 

 “О т” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, өмгөөлөгч З.С, Ц.Н, хариуцагч Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумын татварын тасагт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар ... тогтооно” гэж, 15 дугаар зүйлийн 15.6-д “энэ хуулийн 15.3-д ... заасан төлбөрийн хувь хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно” гэж тус тус заасан.

Өнөөдрийн байдлаар усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газраас хараахан шинэчлэн тогтоогоогүй. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно” гэж нарийвчлан зохицуулсан.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын татварын тасаг өөрт олгогдоогүй эрхийг эдлэн Засгийн газрын өмнөөс татварын хувь, хэмжээг өөрчлөн тогтоож, мэдэгдэх хуудас ирүүлж байгаа нь Монгол улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д заасан "... хууль дээдлэх” ёсны зарчимд нийцэхгүй байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Татварын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас, түүний хавсралтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 оны 6 дугаар сард шинэчлэгдэн батлагдсан. Сангийн яамнаас тус газрын орон нутгийн төсвийн орлогын 2013 оны төлөвлөгөөний төслийг шинэ хуулийн дагуу хувь хэмжээгээр буюу 23.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцон хянасныг Улсын Их Хурлаар баталсан.

Хууль батлагдсанаас хойш тус газраас усны төлбөр төлөгч татвар төлөгчдөд албан тоот хүргүүлэн шинэ хуулийн дагуу усны төлбөрийг төлүүлж байгаа. Сангийн яамнаас шинэ хуулийн дагуу усны төлбөрийг төлүүлж, төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэх чиглэл өгсний дагуу “О т” ХХК-ийг 2012 оны 7-12 сарын ус ашигласны төлбөр 1.431.289.045 төгрөг, 2013 оны 1-3 сарын ус ашигласны төлбөр 1.516.159.023 төгрөгийг тус тус хуучин хуулиар төлснийг хууль зөрчиж байна гэж үзэн шинэ хуулийн дагуу тооцож зөрүүг төлөхийг шаардаж, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 11201305100018 тоот татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн.

“О т” ХХК 6 дугаар сарын 07-ны өдөр 2013 оны 1-4 сарын усны төлбөр нийт 2.600.118.453.84 төгрөг төлсөн, 2012 оны 7-12 сарын зөрүү төлбөр 1.431.289.045 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Бид хууль зөрчиж мэдэгдэх хуудас гардуулсан гэж үзэхгүй байна. Иймд “О т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4, 43 дугаар зүйлийн 43.1, Усны тухай хуулийн /2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн /2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйлийн 6.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын татварын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас, түүний хавсралтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн “О т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг нэхэмжлэгч талаас гаргаж байна.

1. Маргаанд хамаарах нөхцөл байдлын талаар,

"О т" ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газар (ЗГ)- ын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 тоот "Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын дагуу усны төлбөрийг тооцон төлж ирсэн. Гэтэл хариуцагч нь Сангийн яамны 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3-2/6247 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн 2012 оны 7-12 дугаар саруудад ашигласан усны төлбөрийн зөрүү гэх 1.431.289.0 мянган төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана" гэж заасныг шууд зөрчсөн байна.

Тодруулбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар ... тогтооно", 15.6-д "Энэ хуулийн 15.3, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно" гэж маш тодорхой заасан. Хуулиар тусгайлан олгосон ЗГ-ын энэ эрх, үүргийг Сангийн яам өөрийн эрх хэмжээнд хамааруулж, хуулийг гуйвуулан тайлбарлаж, улмаар татвар төлөгчийн эрхийг зөрчихийг Өмнөговь аймгийн татварын албанаас шаардсан албан бичиг илгээсэн нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, Засгийн газрын тогтоолд нийцэхгүй байгаа болно.

Дээрх байдлаар Ханбогд сумын татварын тасаг Сангийн яамны шаардлага, зөвлөмжийг биелүүлэхээр манай компанид мэдэгдэл ирүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана", 29 дүгээр зүйлийн 29.1.12-т "Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т "Төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн.

Түүнчлэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Харин хариуцагч Усны тухай (2004 оны) хууль хүчингүй болсноор Засгийн газрын 2009 оны 351 тоот тогтоолыг цаашид хэрэгжүүлэх үндэслэлгүй гэж тайлбарлан нэмэлт төлбөр шаардах хирнээ 2004 оны Усны тухай хуулийн дагуу гарсан Засгийн газрын 2011 оны 302 тоот тогтоолын дагуу тооцоолол хийсэн хэмээн /угтаа бол хэрхэн тооцоолол хийсэн нь тодорхой бус/ 1.431.289.0 мянган төгрөгийг нэмж гаргуулахаар шаардаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт "... шударга ёс ... тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасанд нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр 2009 оны 351 дүгээр тогтоолыг үгүйсгэж байгаа тохиолдолд 2011 оны 302 дугаар тогтоол ч мөн адил хууль зүйн хувьд үгүйсгэгдэнэ.

Аливаа тодорхойгүй асуудлыг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой ч хариуцагч татварын тасаг Сангийн яамны зөвлөмжийн дагуу хуулиар тогтоосон хамгийн бага хувь, хэмжээг тооцохдоо 2011 оны 302 тоот тогтоолыг үндэслэл болгон татвар төлөгчийг илтэд хохироосон нөхцөл байдалд оруулан, ихээхэн хэмжээний зөрүү төлбөр төлүүлэхээр тулган шаардах үндэслэлгүй юм. Энэ тохиолдолд хуулийг зөв хэрэгжүүлэх үүднээс хуулиар тусгайлан эрх олгогдсон эрх бүхий этгээдийн шийдвэр буюу Засгийн газрын шинэ тогтоол гартал урьд дагаж мөрдөж ирсэн аргачлалын дагуу төлбөрийг тооцох бүрэн боломжтой.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 351 тоот тогтоолыг дагаж мөрдөх явцад Засгийн газраас 2011 оны "Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай" 302 тоот тогтоол гарснаар усны зориулалтыг тооцох итгэлцүүрийг тогтоосон. Харин уг тогтоолоор газар доорх усыг 5 төрлийн зориулалттай байхаар тогтоосон байхад хариуцагч байгууллага "О т" ХХК-ийн хэрэглэсэн бүх усыг зөвхөн "үйлдвэр"-ийн гэсэн ангилалд хамааруулсан нь үндэслэлгүй юм. "О т" ХХК нь 2013 оны 5 дугаар сард Зэс-алтны баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгснөөр үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглаж эхэлсэн тул усны хэрэглээг ялгаж зааглан төлбөр тогтоох шаардлагатай юм.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр ямар тохиолдолд үйлдвэрлэл эхэлсэн гэж үзэх, үйлдвэрлэлийн үе шатны талаар нарийвчлан зохицуулсан болно.

2. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар,

Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзвэл зохих хоёр дүгнэлтийг шийдвэрийн 6 дугаар хуудсанд хийсэн байдаг. Тухайлбал,

1. "... Татварын тасгийн төлбөр барагдуулах тухай мэдэгдэх хуудас, түүний хавсралт гарах үед Засгийн газраас төлбөрийн хувь хэмжээг дээрх хуульд заасны дагуу тогтоогоогүй байсан байна. Гэвч Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар ус ашиглагч нь усны нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй. Иймээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасан төлөх төлбөрийн доод хязгаараар тогтоож төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичсэнийг буруутгах үндэслэлгүй байна" гэж утга агуулгын хувьд төдийгүй үр дагаврын хувьд зөрчилдөөнтэй дүгнэлт гаргажээ. Дээр иш татсан дүгнэлт ёсоор,

а. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын шийдвэр гараагүй байсан гэдгийг шууд хүлээн зөвшөөрсөн боловч Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасан Засгийн газрын эрх хэмжээг Ханбогд сумын татварын тасаг хэрэгжүүлснийг зөв гэж үзсэн гэж ойлгогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн улсад төлдөг үнэ, хариуцагчийн мэдэгдэх хуудсаар шаардсан үнэ, Засгийн газраас эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоосон төлбөрийн хувь, хэмжээ нь харилцан адилгүй байгаа болно. Хэрэв хариуцагч доод хэмжээгээр нэхэмжилсэн нь үнэн бол Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс ихгүй байх нь энгийн ойлгомжтой билээ.

2. "... усыг зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан нь тогтоогдож байх учир нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй ..." гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтуудыг буруу үнэлсэн үйлдэл болсон. 2012 оны хоёрдугаар хагаст ойролцоогоор сард дунджаар 7200 ажилтан тус компанийн уурхайн талбайд ажиллаж байсан. Бодит байдлыг үндэслэл болговол эдгээр хүмүүс ундны болон ахуйн зориулалтаар огт ус хэрэглэхгүй байх ямар ч боломжгүй. Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01 дугаартай ус ашиглах гэрээний 1 дэх заалтад ус ашиглах зориулалтын төрөлд "усыг ... ахуйн болон үйлдвэрлэлд ашиглах", 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот ус ашиглах эрхийн бичигт "... үйлдвэрлэл, унд ахуйн зориулалтаар ус ашиглуулах", Байгаль орчин ногоон хөгжлийн яамны (7/2427 тоотоор хүргүүлсэн) Ус ашиглуулах дүгнэлтийн 15, 16 дугаар зүйлүүдэд "унд ахуйн хэрэглээнд 4800хүн*125л/хон*365хон=219000м3 ус ашиглахаар" тооцоолсон зэргээс харахад нэхэмжлэгч талд усыг унд ахуйн зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн төдийгүй тийнхүү хэрэглэдэг болох нь нотлогдож байна. (2012 оны 7-12 сарын хугацаанд хамаарах унд ахуйн зориулалтаар ашигласан усны хэмжээг тоолуурын заалтын дагуу гаргасан нотлох баримтыг харна уу) Мөн хариуцагч усыг унд, ахуйн зориулалтаар хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Хуулийг буруу хэрэглэсэн тухайд,

Монгол улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу Засгийн газрын тогтоол нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гарсантай холбогдуулан Засгийн 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсон хэмээн Сангийн яам тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Харин Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолд зааснаар Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрөө 351 дүгээр тогтоолоо хүчингүй болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ тохиолдолд хуулийг зөв хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын шинэ тогтоол гартал урьд дагаж мөрдөж ирсэн 351 дүгээр тогтоолын дагуу тооцох бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Засгийн газрын 2009 оны 351 тоот тогтоолыг хүчингүй гэж тооцож, үйлдвэрлэлийн бүх төрлийн үйл ажиллагааг Засгийн газрын 302 тоот тогтоолд заасан "үйлдвэр" хэмээх ганцхан ангилалд хамааруулсан нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан "Энэ хуулийн 15.3, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтоосон зарчмыг шууд үгүйсгэн зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ус шавхан зайлуулах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл ашиг олох зориулалттай ахуйн үйлдвэрлэл, замын барилга, бусад барилгын ажил болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрлэл бүрт харилцан адилгүй өөр төлбөр ногдуулахаар хуульчилсан байдаг.

Үүгээр зогсолгүй төслийн ажилчдын унд ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн усыг үйлдвэрийн ангилалд оруулан тооцож төлбөр ногдуулсан. Үүнийг салган тогтоолгохоор нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шүүх хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Шүүгч шийдвэрээ үндэслэхдээ Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан "Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх" татварын улсын байцаагчийн эрхийг дурджээ. Энд заасан "татвар ногдуулах эрх" нь татварын хэмжээг тогтоох эрх бус, харин хуулиар тогтоосон хэмжээ, журмын дагуу татвар төлөгчийн төлөх ёстой татварыг албан журмаар төлүүлэх эрхийг хэлсэн гэж ойлгож байна.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-т "татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг ... үйлдэнэ" гэсэн заалтыг шийдвэрт үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч тал ус ашигласны төлбөрөө сар бүр тогтмол төлж ирсэн бөгөөд "усны төлбөрийг хугацаандаа төлөөгүй" гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Уг мэдэгдэх хуудсанд 2012 оны 7- 12 сарын усны төлбөрийн (нэмэгдсэн) зөрүүг нэхэмжилсэн байдаг. Иймд энэ заалтыг шууд үндэслэх нь буруу юм.

 

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө" гэсний дагуу нэхэмжлэгч талыг тайландаа ус ашигласан зориулалтаа дан ганц "үйлдвэрлэл" гэж бичсэн гэж буруутган тайлбарлах мөртлөө уг тайланг маргалдагч талууд Засгийн газрын 351 тоот тогтоолд заасан хуучин тарифын дагуу бэлтгэж албан ёсоор баталгаажуулсныг үл харгалзан, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн үнэлэхийг хүссэнгүй.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт буюу "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно" гэсэн заалт нь уг хуулийн 15.3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан "Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно" гэсэн заалтуудтай уялдан хэрэгжих шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, дангаар нь салган тайлбарлах, шууд хэрэглэх боломжгүй уг заалтын утга агуулгыг гуйвуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасан журмын дагуу захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын татварын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 10- ны өдрийн 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас /түүний хавсралт/-аар шаардсан төлбөрийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлэх үндэслэлтэй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан байх ба тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, ... тогтооно”, 15.6-д “Энэ хуулийн 15.3, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно” гэж тус тус заажээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Татварын тасгийн төлбөр барагдуулах тухай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас, түүний хавсралт гарах үед Засгийн газраас хуульд зааснаар усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоогоогүй байсан байна.

Хариуцагч нь шүүхэд “О т” ХХК-ийн усны нөөц ашигласны төлбөрийг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1- д зааж тогтоосон төлбөрийн доод хязгаар, мөн Засгийн газрын 2011 оны “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг үндэслэн тогтоосон гэж тайлбарладаг боловч энэ нь төлбөрийн доод хязгаар байж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий, 11201305100018 дугаар мэдэгдэх хуудасны хавсралтад заасан “татварын өрийн тооцоолол”-оор тогтоосон “О т” ХХК-ийн төлөх 2012 оны 7-12 сар, 2013 оны 1-3 саруудын усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь хуучин тарифаар тооцон төлж байсан төлбөр, Засгийн газрын 2013 оны 326, 327 дугаар тогтоолоор тогтоосон төлбөрийн хэмжээнээс хэт их, тооцоолол эргэлзээтэй байна.

Мөн, дээрх Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоол нь 2004 оны Усны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан бөгөөд мөн хууль хүчингүй болж, 2012 онд Усны тухай болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль батлагдсанаар 302 дугаар тогтоол дахь итгэлцүүрийг баримтлан усны нөөц ашигласны төлбөрийг тогтоох үндэсгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн “ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоол гараагүй учир Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг баримтлан усны төлбөрийг тооцох ёстой” гэж маргаж буй нь үндэслэлгүй. Учир нь,

Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоол нь 1995 онд батлагдсан Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон тогтоол байна.

Тус тогтоолын үйлчлэл нь тухайн дагаж мөрдөж байсан хууль буюу 1995 оны Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зохицуулалтад хамааралтай, уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үеийн харилцааг зохицуулахад хэрэглэгдэх тул 2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хуулийг хэрэгжүүлэхэд хэрэглэн, усны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох үндэслэлгүй байна.

Харин 2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.6-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326, мөн өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 327 дугаар тогтоолуудыг баталжээ.

Нэхэмжлэгч “О т” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сараас хойших хугацааны усны нөөц ашигласны төлбөрийг дээрх, Засгийн газрын 326, 327 дугаар тогтоолд заасан хувь хэмжээ, итгэлцүүрийн дагуу тооцох нь хуульд нийцэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах үндсэн уйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ус ашиглагч болох нь хэрэгт авагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 00-218 тоот, улсын бүртгэлийн 9019006110 дугаар гэрчилгээ, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр “Ус ашиглах гэрээ”, мөн өдрийн 01 дүгээр “Ус ашиглах эрхийн бичиг” зэрэг баримтуудаар тогтоогдсоны гадна тус компани усыг уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан нь дээрх ус ашиглах гэрээ, тус компанийн гаргасан 2012 оны рашаан, ус ашигласны төлбөрийн тайлан зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2012 оны 7 дугаар сараас хойших хугацааны усны нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 326, 327 дугаар тогтоолуудад заасан хувь, хэмжээ, итгэлцүүрийг баримтлан тооцох үндэстэй тул маргаан бүхий 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас /түүний хавсралт/-ыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Татварын тасагт даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг ‘Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4, Усны тухай хууль /2012 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль /2012 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1-д тус тус заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын татварын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас /хавсралтын хамт/-ыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж, тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О т” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сараас хойших хугацааны усны нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21- ний өдрийн 326, 327 дугаар тогтоолуудад заасан хувь, хэмжээ, итгэлцүүрийг үндэслэн

тогтоохыг хариуцагчид даалгасугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3- д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: