Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2215000000051 дугаартай, 163/2022/0083/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт*******ийн *******, Булган аймаг,******* суманд 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймаг,******* сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, дээд сургуулийн найруулагчийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 20 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг,******* сум, 4 дүгээр багийн Баруун булаг гэх газарт иргэн Д.Зоригтын өвөлжөөнд Б.Оюундэлгэртэй манай дүү Батхүүг хонь хариулж байхад нь хөөлөө гэх шалтгааны улмаас маргаж, улмаар түүний биед халдаж өшиглөсний улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг,******* сум, 4 дүгээр багийн Баруун булаг гэх газарт иргэн Д.Зоригтын өвөлжөөнд Б.Оюундэлгэртэй манай дүү Батхүүг хонь хариулж байхад нь хөөлөө гэх шалтгааны улмаас маргаж, улмаар түүний биед халдаж өшиглөсний улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюундэлгэрийн өгсөн: Шүүгдэгчээс нэмж нэхэмжлэх зүйлгүй. Ээмэг бөгжний хувьд *******тай хамаагүй. Энхцэцэгийг зодож байгаад үүссэн болохоор *******тай хамаагүй гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюундэлгэрийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед хаваржааны хажууд манай хажуу талын айлын хүү Батхүү хонио ээрээд хариулаад байсан. Би ээж, дүүгийн хамт очоод чи яагаад манай хаваржааны хажууд хонио хариулаад байгаа юм бэ? гэж хэлэхэд чиний хаваржаа гэж байхгүй, хулгайч минь гэсэн. Би чиний юуг авсан юм бэ? гэж хэлэхэд над руу салавч гаргасан. Тэгэхээр нь чи сургуулийн хүүхэд байж ингэнэ гэнээ, би удахгүй хаваржаална гэж хэлэхэд зайл хулгайч минь гээд үй зайгүй хэлээд байсан. Би хөдлөхдөө салаавч гаргаад явсан. ...Зоригтын өвөлжөөн дээр очоод хашиж хонио ялгаад, тэнд байхдаа ээж, дүү хоёртоо нөхрийг аваад ир согтуу мотоциклоосоо унасан байна гэж хэлсэн юм. Тэгээд хонио ялгаад байж байхад Батхүү нь ******* ахтайгаа мотоциклтой сундалж ирсэн. Шууд хашаа давж орж ирээд намайг өшиглөсөн. Тэгээд би унаад тухайн үедээ хэсэг балартаад байсан. Тэр хооронд манай Дулмаа дундуур орж ирээд салгасан юм байна лээ. Тэгээд байж байтал ******* чамайг заавал ална гээд заналхийлээд өнөө шөнө чамайг гэртээ харихаар чинь ална, энэ энгэрийн бүх хүнд зарлаж байгаад ална гэж хэлсэн. Тэгэхэд *******ын ах******* дүүгээ явъя гээд сундлаад аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбадоржийн өгсөн: ...Оюундэлгэр хашаан дотор хонь ялгаад зогсож байхаар нь манай дүү ******* манай дүүг яаж байгаа юм гээд хоорондоо тэр 2 хэрэлдсэн. Тэр хооронд манай дүү **************ийг өшиглөхөөр нь би араас нь татсан. Урд урдаасаа харж зогсож байгаад зүүн хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Лхамдуламын өгсөн: ...Зүсэгдсэн исгэгдсэн шарх бол байгаагүй. Баруун хөлийн гуяны гадна талд нь 3*4 орчим хэмжээтэй хөхөлбөр үүссэн. Мөн 2 хөлийн шилбэ бол их улайчихсан харагдаж байсан. Хэвлийг нь дарж үзэхэд хэвлий их эмзэглэлтэй байсан. Зүрхний цохилт их түргэссэн байсан. ******* гэх залуу намайг өшиглөсөн. Би тухайн үедээ өшиглөхөд нь ухаан балартаад гуя, шилбэ зэрэг рүү өшиглөсөн гэдгийг нь бол мэдээгүй. Ямар ч байсан гэдэс рүү өшиглөхийг бол мэдэж байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Хишигжаргалын өгсөн: ...тэнд хонио хашаад ялгаж байтал ******* ах,******* ах нар мотоциклтой ирсэн. Тэгээд ******* ах та нар ер нь яасан их давраад дээрэлхээд байна аа гэж хэлээд ******* ах ээжийг шууд өшиглөсөн. Тэгэхэд манай ээж унасан. Тэгээд байж байтал Дулмаа эгч ирээд ******* ахыг салгаад байж байхад******* ахын эхнэр Энхцэцэг эгч ирээд би хамаатнуудаа өмөөрнө гэж хэлээд Дулмаа эгчийн толгой хэсэгт цохисон. Тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж байх зуур ******* ах,******* ах нар яваад өгсөн. ******* явахдаа та нар гэртээ харина аа, ална аа гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нарангэрэлийн өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 06-ны орой Булган аймгийн******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун булаг гэх газрын доод адагт Дулмаатай зам дээр тааралдсан. Зам дээр Дулмаа, ээж Цэцэгмаагийн хамт явж байсан. Анх харахад үс, гэзэг нь сэгсийчихсэн, уйлчихсан байсан. Дулмаагаас юу болсон талаар асуухад******* гэх айлын хотноос хонио ялгах гээд очсон чинь******* эгчийг*******ын хонины хашаан дотор хүн зодож байхад нь салгах гээд хонины хашаанд ороход*******ын эхнэр намайг зодчихлоо гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн: Б.Оюундэлгэрийн биед баруун өгзөг, баруун хөлийн гуя, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг цус хуралтууд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрх цус хуралтууд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун өгзөг, баруун хөлийн гуя, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын яллагдагчаар өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр******* ахын өвөлжөөн дээр******* хонь ялгаж байхад нь би төрсөн ах*******ийн хамт мотоциклтой очсон. Энэ үед*******,******* ахын хашаан дотор хонь ялгаж байхаар нь явж очоод дүүг маань хонь хариулж явахад яагаад загнаад, хөөгөөд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь өөдөөс******* хуц, хуц та нар юугаа мэддэг юм, газар нутгийг мэддэг юм уу? гээд олон зүйл яриад байсан. Тэгээд миний уур хүрээд баруун хөлөөрөө*******ийг хоёр удаа өшиглөсөн. Хоёр дахь удаагаа өшиглөх гэж байхад******* ах намайг бариад*******ээс холдуулсан болохоор*******ийг хальт өшиглөөд өнгөрсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Оюундэлгэр, гэрч Б.Бямбадорж, А.Лхамдулам, Б.Нарангэрэл, насан хүрээгүй гэрч Б.Хишигжаргал,  нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой Булган аймаг,******* сум, 4 дүгээр багийн Баруун булаг гэх газарт иргэн Д.Зоригтын өвөлжөөнд Б.Оюундэлгэртэй манай дүү Батхүүг хонь хариулж байхад нь хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж өшиглөсний улмаас биед нь баруун өгзөг, баруун хөлийн гуя, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын хохирогчийг өшиглөсөн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Оюундэлгэр нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний төлбөр, замын зардалд нийт 739.542 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж баримтыг хавтаст хэргийн 112 дахь талд хавсарган ирүүлжээ.

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн 739.542 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас гэм хорын хохиролд нийт 739.542 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оюундэлгэрт олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 103-107 дахь талд авагдсан цагдаагийн газрын цахим системийн иргэний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Булган аймаг,******* сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, дээд сургуулийн найруулагчийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг түүний хувийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт*******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай..

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******аас гэм хорын хохиролд нийт 739.542 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймаг,******* сум, 4 дүгээр багт оршин суух Бэрх овогтгийн******* /РД:/-т олгосугай.

 

6. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй,  болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР