Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.*******ад холбогдох эрүүгийн 2215000600077 дугаартай, 163/2022/0092/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт*******ын *******, Булган аймаг, Бугат суманд 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг,******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг******* авто угаалгын газрын гадна талд иргэн Б.Хишигбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000600077 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг******* авто угаалгын газрын гадна талд иргэн Б.Хишигбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хишигбаярын өгсөн: 2022 оны 02 сарын 02-ны өдөр найз******* утсаар яриад Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн нутагт Орхон аймаг явах таксины зогсоолын хажууд байдаг дугуй засвар дээр хүрээд ир, машин эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Би яваад очтол******* ганцаараа гадаа машины хажууд байсан. Харин дугуй засвар дотор Мөнхбат, ******* нар архи уугаад сууж байсан. Тэгээд би*******ий хамтаар гадаа байхад Мөнхбат, ******* хоёр гарж, ороод байсан. Би*******ий машиныг асаагаад, өөрийнхөө машиныг унаад хөдлөх гэтэл араас нэг нь дуудсан. Тэгэхээр нь машинтайгаа эргээд очтол ******* нь хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би*******ийг чи хүргээд өгчих гэтэл******* за гэсэн. Тэгтэл ******* нь би чамаар хүргүүлмээр байна гэж хэлсэн. Би завгүй, яараад байна гэж хэлэхэд ******* намайг заамдаад авсан.******* ирж салгасан. Тэгтэл Мөнхбат нь дугуй засвараас гарч ирээд намайг бас заамдаад авсан. Тэгтэл******* дахин орж ирээд салгатал ******* гэх залуу миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Улмаар миний хамраас цус гарч ******* зугтаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

дахин өгсөн: ...Л.******* миний данс руу эхлээд 400.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, сүүлд 100.000 төгрөг тус тус шилжүүлээд байна. Одоо 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг барагдуулсан тохиолдолд надад өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

3. Гэрч Ч.Билгүүний өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрийн аль нэгэнд байх Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн Өнө-Мандал таксины зогсоол дээр байрлах дугуй засварын хажууханд машинаа байрлуулаад өөрийн найз*******ыг дуудаад машинаа үзүүлсэн.******* миний машиныг янзалж асаасан. Тэгээд хөдлөх гэж байхад дугуй засвараас нөгөө ах, дүү хоёр гараад ирсэн. Тэгээд Мөнхбат нь*******т хандаад ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгтэл******* би ажилтай байна,*******ээр хүргүүлчих гэж хэлтэл хажуу талд байсан ******* гэх дүү нь чи хамаатан юм байж хүргэж өгөхөд юу нь болохгүй байгаа юм, чи хэзээ ийм болчихсон юм бэ? гэсэн. Тэгтэл******* машинаас бууж ирээд би чамтай хамаатан байснаа санахгүй юм байна гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл хажуу талаас ах нь буюу Мөнхбат орж ирээд*******ын цамцны хоолой хэсгээс заамдаж барьсан. Тэгэхээр нь би боль гээд дундуур нь ороод салгатал дүү ******* нь хажуу талаас ирээд*******ын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл******* уурлаад алнаа гэтэл ******* зугтаагаад алга болсон. Харин Мөнхбат нь дугуй засварт орсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаартай шинжээчийн: Б.Хишигбаярын биед хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд Л.*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн Өнө-Мандал нэртэй таксины зогсоолын хажууд байрлах дугуй засварыг Мөнхбат ах ажиллуулж байхад нь би очсон. Тэгээд хэсэг байж байгаад Мөнхбат ах дугуй засвараас эхлээд гарсан. Тэгээд гадаа******* гэх залуутай маргалдаад, заамдалцаад авчихсан байхаар нь би дугуй засвараас гараад очсон. Салгах гээд очтол намайг******* заамдаад авахаар нь би нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Улмаар******* нүүрээ дараад суусан. ...Надаас өөр хүн*******т гар хүрээгүй. Би хохирол барагдуулж 400.000 төгрөгийг ах*******ажаргалын дансаар*******ын эхнэрийн дансанд шилжүүлсэн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Хишигбаяр, гэрч Ч.Билгүүн нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Л.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг******* авто угаалгын газрын гадна талд иргэн Б.Хишигбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан нүүр хэсэгт гараараа цохиж хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******ын бусдыг цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Хишигбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, эм тариа, замын зардлын төлбөрт нийт 800.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа хүлээж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирогч Б.Хишигбаярт 700.000 төгрөгийг дансаар шилжүүлж, цаашид 100.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс хохирогч Б.Хишигбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “за ойлголоо, би хохирлоо авсан, үлдэгдэл 100.000 төгрөгийг төлбөл надад цаашид нэхэмжлээд байх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Л.*******аас гэм хорын хохиролд 100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Хишигбаярт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Л.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 53-55 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.******* нь ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг,******* тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.*******ад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/28 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Модныхон овогт*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******аас гэм хорын хохирол 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 5а хэсгийн 5-4 тоотод оршин суух, Боржигон овогтын******* /РД:*******/-т олгосугай.

6. Шүүгдэгч Л.*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР