Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

2022           04          06                                    2022/ШЦТ/325

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч К.Х нарыг оролцуулан эрүүгийн 2211000000486 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

К.Х, 1973 оны 2 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, Зорчигч тээврийн нэгтгэл ТӨҮГ-т автобусны жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд Налайх дүүргийн шүүхийн 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж шийдвэрлэсэн, Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Х нь 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-тэй маргалдаж, улмаар хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд дургүйцэн үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж дух хэсэг рүү нь мөргөж, хохирогчийг газарт унасны дараа баруун нүд рүү нь цохиж, хөлөөрөө нуруу хэсэг рүү нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Б.Б-н мэдүүлэг, гэрч Д.Ч-н мэдүүлэг, гэрч Ж.Д-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 2514 тоот дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Б.Б-н мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч К.Х:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч К.Х нь  2022 оны 2 дугаар сарын 01-ны өдөр Чингэлтэй Зүрх-Уулын 23 дугаар чиглэлийн автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байх үедээ хохирогч Б.Б-н хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь дургүйцэж, улмаар хохирогчтой хэрүүл маргаан үүсгэж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн дух хэсэгт мөргөж, унагаасны дараа баруун нүд рүү нь цохисон, нуруун тус газарт хөлөөрөө өшиглөж, дэвсэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 2514 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, дух хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл ...дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой ...хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэх гэмтлийг учруулсан болох нь хохирогч Б.Б мэдүүлсэн “...”2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед МУБИС-ийн хойд талын автобусны буудлаас Чингэлтэй Зүрх-Уул 23 дугаар чиглэлийн 1-143 дугаартай автобусанд сууж гэрлүүгээ явсан юм. Би тухайн үед ганцаараа 100 грамм архи уучихсан бага зэрэг халамцуу байдалтай байсан. Би тухайн автобусны урд талын хаалганы хойд талын буюу хамгийн эхний суудал дээр сууж байсан юм. Тэгээд тухайн автобусны жолооч нь гудчуулаад автобусаа сэгсчүүлээд олигтой явж өгөхгүй байсан болохоор нь би өөрөө жолооч том машин барьдаг хүнийхээ хувьд тухайн жолооч залууд хандаж ахын дүү битгий хоёрдугаар араагаараа чичрүүлээд байгаачээ аятайхан яваарай гэж хэлчихээд явж байсан. ...Зүрх уулын эцэс дээр ирээд би урд талын хаалгаар буучихъя гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу нь би ард талынхаа хаалгыг онгойлгочихсон байна чи ард талаараа буу пизда минь гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би чам шиг ингэж машин барьдаггүй гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад тэгээд би автобуснаас буугаад явж байтал миний араас чиний үе өнгөрсөн гэж хэлэхээр нь би буцаж очоод жолооч залуутай заамдалцахад миний дух хэсэг рүү мөргөж унагаагаад, дээрээс баруун нүд рүү гараараа цохиод, нуруу руу дэвсчихсэн. Тэгээд автобусандаа суугаад явчихсан. ...2022 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс хойш миний баруун нүд хавдаж, хөхөрч, таглараад нээгдэхгүй, шөнө унтаж чадахгүй толгой өвдөөд байсан учир би түргэн дуудаж үзүүлээд цагдаадгийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 6-7 дахь тал), гэрч Д.Ч мэдүүлсэн “...би тухайн өдөр ээлжтэй байсан ба автобусаа бариад үдээс хойш Чингэлтэйн эцэс дээр очиход манай компанид ажилладаг байж байгаад ажлаасаа гарчихсан К.Х гэх залуу цэнхэр цагаан өнгийн автобустай тэнд байсан. Тэгээд би автобусандаа суугаад хажуу талынхаа цонхоор харж байхад К.Х-тай нэг 50 орчим насны Б гэх хүнтэй маргалдаад автобуснаас бууж байгаа нь харагдсан. Тэгээд тухайн хүн цаашаагаа яваад өгөхөөр нь би К.Хийн автобус руу орсон чинь “энэ нөхөр түрүүнээс хойш уур хүргээд байна хар даа” гээд байсан ба К.Х автобуснаасааа буугаад тухайн хүнтэй маргалдаад бие биенийгээ хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь гэнэт К.Х тухайн хүний нүүр лүү 1 удаа мөргөөд, зүүн хөлөөрөө хавсарч унагаад дээрээс нь хөлөөрөө гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Яг өшиглөж байх үед Бат-Эрдэнийн хувцаснаас нь 0.75 литрийн Экс нэртэй архи газарт унасан юм. Тэгээд К.Х тухайн архины шилийг барьж аваад “өө энэ муу архи барьчихсан ...хагална” гэхээр нь би очоод болиулсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч Ж.Д мэдүүлсэн “...2022 оны 2 дугаар сарын 01-ны өдөр гэрлүүгээ харих гээд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх 17 дугаар сургуулийн буудлаас автобусанд суугаад Чингэлтэйн эцэс Зүрх Уул буудал дээр ирсэн. Автобусанд манай хөрш Б явж байсныг би буух үедээ харсан бөгөөд Б.Б автобусны урд талын хаалгаар буух гээд жолоочтой маргалдаад байх шиг байсан ба намайг гэрлүүгээ алхаж байхад Б.Б араас нь дуудахаар нь эргээд хартал Б.Б “намайг автобусны жолооч зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Б.Б, К.Х хоёр барьцалдаж аваад К.Х Бат-Эрдэнийг мушгиж унагаагаад хөлөөрөө цээж, толгой хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 2514 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг шүүгдэгч К.Х нь хохирогч Б.Бат-Эрдэнийн биед учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 3. Шүүгдэгч К.Х-н өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнийг зодсон үйлдэлд хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогч Б.Б нь тухайн үед 100 грамм архи уусан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа өөрөө мэдүүлсэн энэ талаар мөн гэрч Д.Ч “...К.Х эрүүл байсан. Б.Б, Б-н найз хоёр бага зэрэг согтолттой байсан” (хавтаст хэргийн 15-16 дахь тал) гэх мэдүүлэг, мөн хохирогч Б.Б өөрөө мэдүүлсэн “...Тэгээд тухайн автобусны жолооч нь гудчуулаад автобусаа сэгсчүүлээд олигтой явж өгөхгүй байсан болохоор нь би өөрөө жолооч том машин барьдаг хүнийхээ хувьд тухайн жолооч залууд хандаж ахын дүү битгий хоёрдугаар араагаараа чичрүүлээд байгаачээ аятайхан яваарай гэж хэлчихээд явж байсан” (хавтаст хэргийн 6-7 дахь тал) гэх мэдүүлгээр Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл зэрэг нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлөх шалтгаан нөхцөл биш атал шүүгдэгч К.Х нь хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд дургүйцэж, улмаар дээрх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг духаараа мөргөх, цохих, өшиглөх зэргээр зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь танхайрах сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцөлийг шүүгдэгч К.Хийн түрэмгий зан авир, уур бухимдал, биеэ барих чадваргүй байдлаас болсон гэж дүгнэн үзэх үндэслэл болж байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно гэж заасан байх ба прокурорын яллах дүгнэлтэнд 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бичсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг 2022 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн 17 цагаас хойш үйлдэгдсэн болох нь тогтоогдож байгааг шүүхийн хэлэлцүүлгээр зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хохирогч Б.Б 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа гэж тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрх заалттай зөрчилдөж байгааг дурьдах нь зүйтэй байна.

5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 57 дахь тал), хохирогч Б.Б, шүүгдэгч К.Х нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 50, 52 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг болно.

 6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Х-г гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

7. Хохирогч Б.Б нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...хохирлоо авмаар байна” (хавтаст хэргийн 53 дахь тал), Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандсан хүсэлтэндээ “...хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Гэхдээ хохирлоо барагдуулж авна” гэсэн боловч хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэл, санхүүгийн баримтууд авагдаагүй, эмчилгээ хийлгэсэн талаар болон цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул энэ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд К.Х нь хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй, харин хохирогч  Б.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Мөн иргэний нэхэмжлэгчээр оролцсон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаа “...2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд иргэн Б.Б бусдад зрдуулж эрүүл мэндэд нь ...хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Б.Б нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 45.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 45.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч К.Х-с гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ...дансанд төлүүлж өгнө” (хавтаст хэргийн 10 дахь тал) гэх мэдүүлэг авагдсан, дээрх иргэний нэхэмжлэлийн дагуу шүүгдэгч К.Х нь Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 45.000 төгрөгийг шилжүүлсэн бэлэн мөнгөний шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 56 дахь тал) авагдсан байх тул иргэний нэхэмжлэл хангагдсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч К.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялын төрөл, хэмжээг тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Шүүгдэгч К.Х нь санаатайгаар хэдий боловч урьдаас төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч К.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.Х-т сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч К.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ГАЛБАДАР