Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2157

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02157

 

 

 “ВМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02569 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ВМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ВТ” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 175 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ВТ” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “ВМ” ХХК-иас 329 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авч, төлбөрийг дансаар хийхээр тохирч баримт үйлдсэн байдаг.

Гэвч тус компани нь 154 000 төгрөгийг дансаар төлсөн, үлдэгдэл 175 000 төгрөгөө төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “ВМ” ХХК-иас 2015 онд 2 379 000 төгрөгийн ажлын хувцас худалдан авсан ба төлбөр тооцоог бүрэн барагдуулсан тул тус компанид өргүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ВТ” ХХК-иас 175 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ВМ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ВТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Вюрти Монголиа ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол дараах гомдлыг гаргаж байна:

Бид тус компаниас дараах ажлын хувцасыг худалдан авч төлбөрийг бүрэн барагдуулсан. Өр төлбөргүй талаар албан бичгийг анхан шатны шүүхэд өгсөн.

Худалдан авсан баримтуудыг жагсаавал 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 355 000 төгрөг /175 000+180 000/, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 329 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 225 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 270 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 775 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 310 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 290 000 төгрөг, нийт 2 554 000 төгрөг болсон.

Үүнээс 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 355 000 төгрөгийн падаанаас 175 000 төгрөгийн хувцасыг буцааж өгөөд 2 379 000 төгрөгийг тус компанид төлсөн байгаа. Тус компаний борлуулагч П.Болд падаан дээр “буцааж авав” гэсэн гарын үсэг зурсан байгаа.

Гэтэл мөнгийг нь төлсөн 329 000 төгрөгийн падаанаас дутуу гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хэргийг дахин хэлэлцэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Вюртмонголиа” ХХК нь хариуцагч “ВТ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 175 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ВТ” ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн талаар баримтгүй байна. Хэргийн 23 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад хариуцагчийн төлөөлөгчид хурлын товыг мэссэжээр хүргүүлсэн гэх боловч мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мэдэгдэх боломжгүй тохиолдолд утсаар мэдэгдэх хуульд заасан ажиллагааны дарааллыг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “ВМ” ХХК 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын падааныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “ВТ” ХХК нь 2015 оны нийт худалдан авалтын 2 379 000 төгрөгийн төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаар тайлбар гаргажээ. Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Туул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА