Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00182

 

 “М Д”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00470 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 741 дүгээр магадлалтай,

“М Д”ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Бөд холбогдох

Эд хөрөнгийн хохиролд 1 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Зоригтын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018.12.06-ны өдрөөс эхлэн “М Д”ХХК-ийн МД-112 салбар дэлгүүрт хяналтын ахлах ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Тэрээр 2018.12.09-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа камерын өрөөний хяналтын дэлгэцийг тохойгоороо цохиж хагалсан. Хариуцагч нь 2018.12.12-ны өдөр тус компанийн захиргаанд гаргаж өгсөн өргөдөлдөө ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ санамсар болгоомжгүйгээс болж хяналтын камерын дэлгэцийг хагалсан нь үнэн бөгөөд учирсан хохирлоо цаашид ажиллаж төлж барагдуулна гэж дурдсан. Гэвч хариуцагч ажлаасаа гарч байгаа талаараа мэдэгдсэн. Уг хяналтын дэлгэцний нэг бүрийн үнэ нь 1 050 000 төгрөгийн үнэлгээтэй. Иймд Б.Бөөс тус компанид учруулсан хохирол болох 1 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МД-112 салбарт хяналтын ахлах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2018.12.09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хяналтын өрөөний ил задгай байсан цахилгааны утсанд хөл орооцолдож унахдаа тохойгоороо хяналтын дэлгэцийг цохиж, санамсаргүйгээр хагалсан. 2018.12.12-ны өдөр компанийн захиргаанд бичиж өгсөн хүсэлтдээ үйлдвэрлэлийн осол боллоо, ажлын байрны нөхцөл орчин муу байснаас би гэмтэж бэртэх шахлаа, ажилтан надад нааштай шийдвэрлэж өгөөч гэсэн. Гэтэл нэхэмжлэлд учирсан хохирлыг бүрэн төлнө гэсэн гэж илт гуйвуулж бичжээ. Миний бие хохирлын 50%-ийг л төлөх боломжтой гэж бодож байна. Зурагтны үнэ гээд байгаа 1 050 000 төгрөгийн баримт, данс тооцоо, элэгдэл хорогдол тооцсон байдлыг шүүх хянан шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00470 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Б.Бөөс 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Д”ХХК-д олгож, үлдэх 525 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 16 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Д”ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 741 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Зоригт хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгуулах тухай. Хариуцагч Б.Б нь тус компанид 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс МД-112 дугаар салбар дэлгүүрт хяналтын ахлах ажилтны албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. 1. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлээгүй. Тодруулбал: Хариуцагчийн санамсар болгоомжгүй байдлаас болж япон улсад үйлдвэрлэгдсэн “Тошиба“маркийн 43 инчийн 1080 эйч дэ зурагтыг тохойгоороо хагалж гэмтээснийг тус салбар дэлгүүрт ажиллаж байсан ажилтан албан хаагч нар харсан гэрчилдэг. Мөн тэрээр өөрөө учирсан хохирлоо төлж компанийг хохиролгүй болгох талаар өөрийн гараар бичиж өгсөн тайлбар байдаг. Уг телевизорын нэг бүрийн үнэ нь 1.050.000 /Нэг сая тавин мянган төгрөг/ үнэлгээтэй талаар санхүүгийн албанаас уг зурагтын үнэлгээг баталгаажуулж албан ёсны тамга тэмдэгтэй баримтыг гаргаж өгснийг уг телевизорыг худалдан авсан гэдгийг нотлох баримт болохгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний дараа нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж, тус нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, шийдвэр гаргасан. 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагч нь хяналтын камерийн дэлгэцийг бүрэн хариуцлагадаа хүлээж авсан, хохирол учирвал бүрэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэх нөхцөл байдал хэргийн баримтын хүрээнд тогтоогдохгүй байна...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд Ажилтан, ажил олгогч нарын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болохыг заасан тул иргэн Б.Бтэй нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад заавал эд хөрөнгө хүлээлцсэн баримт байх ёстой мэтээр хууль болон гэрээнд тусгагдаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь буруу юм. Иймд шийдвэр болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “М Д”ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан хохиролд 1 050 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нь хохирлын 50 хувийг төлөх боломжтой гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Б.Б нь “М Д”ХХК-д хяналтын ахлах ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 12 сарын 09-ний өдөр, камерын өрөөний хяналтын дэлгэцийг хагалсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу ажилтан хохирлыг төлөх ёстой гэж үзсэн бол хариуцагч нь “...байгууллагын зүгээс хяналтын өрөөнд ил задгай цахилгаан утас тавьснаас орооцолдож унан, тохойгоороо хяналтын дэлгэц цохиж хагалсан...” үйлдвэрлэлийн осол болсон гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.” гэж, 135 дугаар зүйлийн 135.1-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалт нэхэмжлэлийн үндэслэл болсон байх ба хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас 525 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Ажилтны зүгээс байгууллагад учруулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан “ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан”, “дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй”, “эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн”, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан” үндэслэл хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй байна.

Харин Б.Б нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага бус хязгаарлагдмал хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлийг хоёр шатны шүүх оновчтой дүгнэжээ. Б.Б нь ажил үүргээ гүйцэтгэхдээ анхаарал болгоомжгүй хандсан, нөгөө талаас ажил олгогч эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм бурууг шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн, шүүхийн хууль хэрэглээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Зохигч нь эдийн засгийн бие даасан байдлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлдэг учраас энэ эрхийнхээ хүрээнд хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 525 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь диспозитив зарчмыг зөрчөөгүй, хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн Б.Бийн гарын үсэг бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хариуцагч нь гэмтэл учирахад ажил олгогчийн буруу байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй, маргасан тул шүүх маргаж буй үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэх нь хууль зөрчөөгүй болно. Түүнчлэн хариуцагч нь 1 050 000 төгрөгний тал хувийг буюу 525 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, шүүх энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангасан тул “анхан шатны шүүх хагарч гэмтсэн телевизор 1 050 000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн” гэх гомдол ач холбогдолгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00470 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 741 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА