Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0142

 

“Ш ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ш ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/238 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа\ “... “Ш ү” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн 70000 м.кв хотын суурьшлын инженерийн шугам сүлжээ бүхий болон холбогдохоор төлөвлөсөн газар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын А/238 дугаар захирамж хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Ш ү" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/238 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/238 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжийн “Ш ү” ХХК-нд холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Үүнд: Нэг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн шийдвэр үзэж маргаан бүхий актаар хүчингүй болгосон болно. Үүнд:

  1. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасныг зөрчин хотын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлсэн талаар: “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3-т "Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар..." гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3. дугаар зүйлийн 3.1.7-д заасан "барилгын техникийн нөхцөл"-ийг авч болох газар хамаарна" гэж заасан.

Уг газарт Дулааны 3-р цахилгаан станцтай холбогдсон буюу дулаан, уур, цэвэр усны холболтын эх үүсвэртэй холбоотой цэвэр усны шугам, дайран өнгөрч байгаагаас <1 гадна цэвэр усны гүний худаг, тэдгээрийн хамгаалалтын бүс байрлаж байхад анхан шатны шүүх уг газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан газарт хамаардаггүй болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

  1. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга “Ш ү” ХХК-нд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан талаар.

Уг газрыг эзэмшүүлэхдээ дүүргийн Засаг дарга дуудлага худалдаа явуулалгүй эзэмшүүлснийг нэхэмжлэгч маргаагүй. Харин уг газрыг шинээр эзэмшүүлээгүй, харин “Э г” ХХК-иас эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх ёсгүй гэж маргасан. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар "Ашигт малтмал, уурхайн эдэлбэр газрын хайгуулын лицензийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд" гэсэн жагсаалт баталж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн саналаа хүргүүлсний дотор “Э г” ХХК багтсан бөгөөд энэ нь “Э г” ХХК-нд газар эзэмших эрх олгосон шийдвэр биш, харин Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах ашигт малтмал эрэх хайх харилцааг үүсгэхэд санал өгсөн баримт бичиг болно. Гэтэл анхан шатны шүүх "нэхэмжлэгчээс уг газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсан гэж маргаж байгааг хүлээж авах үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/238 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжуудын “Ш ү” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонд “Э г” ХХК-ийн 2002 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан газраас 70000 м.кв-ыг шилжүүлж “Ш ү” ХХК-д аж ахуйн хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр тус дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар шийдвэрлэж, дүүргийн газрын албанаас 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 8028/5408 дугаартай газрыг эзэмшүүлэх гэрчилгээг олгосон. Гэвч шилжүүлсэн тухайн газрыг нь Нийслэлийн Засаг дарга бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс “Э г” ХХК холбогдох 2009 оны 244 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан,

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамж гарсны дараа Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар “Ш ү” ХХК-д олгогдсон газрын мэдээллийн сангийн зургийг хүргүүлж, Тухайн газрын мэдээллийн сангийн 18632306317797 нэгж талбарын дугаартай газарт хуваалт хийж, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, эргэн мэдэгдэхийг заасан,

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар “Ш ү” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаар шийдвэрлэснээр дүүргийн газрын албанаас 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэгж талбарын 8028/5120 дугаар бүхий газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон зэргээс үзэхэд тухайн компанид газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасны дагуу үүссэн байна.

Гэтэл ийнхүү хууль ёсоор үүссэн газар эзэмших эрхийг нь Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар “хотын суурьшлын инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэж үзэн хүчингүй болгосноос нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд энэ талаар болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           
 

 

 
   

Ц.ЦОГТ

Б.МӨНХТУЯА

Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧИД