| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2022/0053/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/92 |
| Огноо | 2022-01-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/92
2022 01 20 2022/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,шүүгдэгч Т.Б, хохирогч нарыг оролцуулан эрүүгийн 2111000000874 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авсныг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Б, Улаанбаатар хотод, 1969 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх 2 дүүгийн хамт амьдардаг гэх, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 262 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, мөн хуулийн 131 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг 3 жил хорих ялд нь багтаан бүгд 3 жил хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 226 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсэгрт үйл ажиллагаа явуулах Лавай худалдааны төвийн хашаанд байрлах автовокзалын орчимд хохирогч Г.Б-н Өмнөговь аймаг руу явуулах гэж байсан монгол гутлыг Өмнөговь аймаг руу дайж аваачиж өгнө гэж хуурч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт, мөн дээрх гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Урт цагаан худалдааны төвд хохирогч Ц.Гын өмчлөлийн хөөргийг хохирогчийн албан өрөөнөөс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Г, Г.Б нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч Т.Б-н мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч Т.Б
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Б нь өмчлөх эрхийн эсрэг залилах болон хулгайлах дараах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсэгрт үйл ажиллагаа явауулах Лавай худалдааны төвийн хашаанд байрлах автовокзалын орчимд хохирогч Г.Б-н Өмнөговь аймаг руу явуулах гэж байсан монгол гутлыг Өмнөговь аймаг руу дайж аваачиж өгнө гэж хуурч, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Б мэдүүлсэн “...би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” (хавтаст хэргийн 102-104 дэх хуудас), Г.Б зөрчлийн хэрэгт хохирогчоор мэдүүлэхдээ “...2020 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр өглөөний 08:30 цагт Хан-Уул дүүрэгт байрлах Лавай захтай автовокзал дээр ирсэн тухайн үед би Өмнөговь аймаг руу хайрцагтай гутал дайж явуулах байсан боловч автобуснаасаа хоцорсон. Тэр үед автовокзал руу ороод урд хаалгаар гарч байхад миний араас танихгүй 50 орчим насны хүн гарч ирсэн ба би тухайн хүнд хандан Өмнөговь аймаг руу дайвар явуулах гэсэн юм автобуснаас нь хоцорчихлоо яаж явуулах вэ гэхэд тэр ах надад хандан чи хоцорсон байна. 10, 12 цагаас явна гэж хэлээд миний гар утас руу дохиод миний ачаа явуулах хүн рүү залгаад сайн байна уу би Хаан банкны төв салбарын хамгаалах Т.Б байна гэж ярьсан тэгээд би итгээд хайрцагтай гутлаа өгөөд нэр утасны дугаарыг нь аваад ачаагаа өгөөд явсан. Гэтэл орой 21 цаг өнгөрч байтал Өмнөговь аймгаас над руу залгаад чиний ачаа өгч явуулсан ах залгаад надаас 350.000 төгрөг дансанд хийвэл хайрцагтай гутлыг чинь маргаашийн 8 цагийн автобусаар явуулна гэж ярьлаа гэж хэлсэн би тухайн үед нь залгаад ярихад ах нь Цогтцэций сум орж байна. Гутлыг чинь өгнө гэж хэлсэн. Эргээд залгахад утсаа унтраасан. ...маргааш өглөө нь залгахад утсаа аваад одоо 350.000 төгрөг хийвэл барааг чинь Драгон төвийн хамгаалалтын албаны дарга Пүрэвдоржид үлдээнэ гэж хэлсэн би тэр үед надад 200.000 төгрөг байна гэхэд тэгвэл наадахаа хийчих гэж хэлээд тасалсан. Тэгээд удаагүй эргэж залгаад чи мөнгө хийнэ гэсэн яасан бэ 15 минутын дотор хийхгүй бол Нарантуул зах дээр аваачиж зарна гэж хэлсэн” (хавтаст хэргийн 100-101 дэх хуудас) гэх мэдүүлгүүд, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №ХУ1-20-569 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Үнэлгээний дүн: 650.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 111-114 дэх хуудас), шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би үйлдсэн хэргийнхээ талаар гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг яаралтай барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дахь хуудас) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Урт цагаан худалдааны төвд хохирогч Ц.Г-н өмчлөлийн хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь хуудас), хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Урт цагаан худалдааны төвийн 2 дугаар корпусын 1 дүгээр давхарт сууж байх үед гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд монет зарна гээд 2 граммтай монетон гинжний тасархай гаргаж ирсэн. Тэгээд үл таних эрэгтэй хүнтэй юм яриад сууж байх үед тэр залуугийн яриа таалагдсан учир хамт пиво уух санал тавьсан. Тэгсэн тэр залуу зөвшөөрсөн. ...3 дугаар давхарт байх өөрийн өрөөнд орсон. Тэгээд өрөөнд ороод байж байтал миний дотор муухай оргиод би 00-ийн өрөө орчихоод эргээд ирэхэд үл таних эрэгтэй хүн би 00-ийн өрөө орчихоод ирье гэж хэлээд гараад явсан. Ингээд тухайн залууг гараад явсны дараа хэсэг хугацааны дараа ширээн дээр хөөрөг алга болсон талаар мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь хуудас), шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн 2 дугаар давхарт хүнтэй уулзахаар явж байгаад нэрийг нь сайн мэдэхгүй байна тухайн 2 дугаар давхарт дэлгүүр ажиллуулдаг ахтай танилцсан юм. Тухайн үед танилцсан ах согтуу байсан ба доод талд байрладаг дэлгүүр лүү бид хоёр хамт орж тэр ах бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад эргэж нөгөө ахын өрөөнд нь орж уусан. Тэгээд архиа ууж байхдаа нөгөө ах надад хөөрөг гаргаж ирж тамхилаад хөөргөө ширээн дээрээ тавьчихсан байсан юм. Тэгээд архиа ууж дуусгаад би гарахдаа хөөргийг нь хулгайлаад аваад явчихсан юм. Тухайн хөөрөг нь халтар манан хөөрөг байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх хуудас), шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...дэлгүүрээс гараад Урт цагаан худалдааны төвийн баруун талаасаа эхний корпус руу ороод тухайн байрны 3 дугаар давхарт байрлах өрөөнд орсон. ...тэр эрэгтэй дотор нь муухайраад 00-ын өрөө орох гээд явсан. Би тэр хооронд нь ширээн дээр байсан хөөргийг нь аваад үүрч явсан жижиг халаасандаа хийсэн. Тэгээд тэр эрэгтэйд гараад ирэхээр нь би 00-ын өрөө орох хэрэгтэй байна гэж хэлээд гараад явсан. Тэндээсээ шууд түрээслэн амьдарч байгаа байрандаа ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь хуудас), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №ЧД1-21-732 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Үнэлгээний дүн: 12.000.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 48-55 дахь хуудас) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүгдэгч Т.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахайрах сэдэлтээр үйлджээ.
Шүүгдэгч Т.Б-н үйлдсэн гэмт хэргүүдийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Урт цагаан худалдааны төвд хохирогч Ц.Г-н өмчлөлийн хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Ц.Г-н албан өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах орон байранд эзэмшигчийн хууль ёсны зөвшөөрлөөр нэвтэрсэн, энэ талаар хохирогч Ц.Г, шүүгдэгч Т.Б нар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй юм.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 650.000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдааны дараа хүлээлгэж өгсөн, хохирогч Ц.Г-д хөөргийг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгч мөрдөгч тэмдэглэл (хавтаст хэргийн 73 дахь хуудас) үйлджээ. Иймд шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь хэдийгээр урьд 2 удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн (хавтаст хэргийн 33 дахь хуудас, 37-40 дахь хуудас) боловч оногдуулсан ялыг эдэлж дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэн, энэ төрлийн гэмт хэрэг нь гэмт санаа, зорилго нь үйлдэлээс өмнө үүсэж, өөрийн үйлдлийн улмаас учирах хохирол, хор уршгийг урдаас таамаглан хүсэж, ашиг олох зорилгоор, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Ц.Год эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Бт 650.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах, залилах гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч Т.Бод ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэрэгт заасныг баримтлан, улсын яллагчийн саналыг харгалзан энэ хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Б-д мөрдөн шалгах ажиллагааны үед прокурорын саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 2021/ШЗ/177-я тоот захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн, шүүгдэгч Т.Б нь нийт 31 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцож нийт 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцож нийт 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР