Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0143

 

“С г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, хариуцагч Д.Б нарыг оролцуулан хийж, захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.С нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С г х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.С нар нь тус компанийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210184 тоот актыг гаргахдаа 2011 онд Зторес 1_1_С компани /оршин суугч бус хуулийн этгээд/-иар Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийж гүйцэтгүүлсэн 2.496.477.2 мянган төгрөгийн ажил үйлчилгээний орлогыг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан авч төсөвт төлж тайлагнаагүй..." гэж үзэж 249.647.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 74.894.3 мянган төгрөгийн торгууль, 34.613.7 мянган төгрөгийн алданги ногдуулсныг бид хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байсан тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг зөвлөл нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоороо дээрх татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д "...оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх" гэсэн заалтыг зөрчсөн болохыг дурдаад энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж дээрх төлбөрийг ногдуулсан юм.

Ингэж үзэхдээ уг заалтад "... энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д бараа, ажил үйлчилгээ ..." гэсэн үг, үсэг байгааг анхаарч үзсэнгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5-д "Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах", 7.4.9-д "Монгол улсад оршин суугч бус этгээдээс Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх" гэж тус тус заасан байна. Тэгвэл мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан ойлголтыг "байнга оршин суугч, оршин суугч бус" гэж ойлгож байхыг хуульчилжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1-д “Монгол улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол улсад оршин суугаагүй хувь хүн нь оршин суугч бус албан татвар төлөгч байна" гэж тодорхойлсон нь татварын байцаагчдын буруутгалыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, оршин суугч бус "хувь хүн"-ээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүргийг Монголын иргэн, хуулийн этгээдэд хуулийн дээрх заалтаар ногдуулсан гэж үзэж байна. Харин манай компани ямар нэгэн "хувь хүн"-тэй биш хуулийн этгээдтэй харьцсаныг манайд мөнгө орж ирсэн, манайхаас мөнгө гарсан санхүүгийн болон манайд байгаа гэрээ эрхийн бүх баримтууд нотлох болно.

Хуулийн дээрх үндэслэлүүд нь татварын улсын байцаагчдын актаар ногдуулсан татварын төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломж олгохгүй байгаа. Иймд татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210184 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас, Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т "татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих" гэж заасан үүргээ биелүүлэх явцад Монгол улсад газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчил бүхий этгээдүүдэд татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулаад байгаа юм. Энэ ажлын хүрээнд “С г х” ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг татварын улсын байцаагчид бид шалгаж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210184 тоот татварын улсын байцаагчийн акт үйлдэн, төлбөр ногдуулан татвар төлөгчид гардуулсан. Татварын байцаагчдын актаар ногдуулсан төлбөрийг, татвар төлөгчийн зүгээс үл хүлээн зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсаныг, тус зөвлөл энэхүү актыг хянан хэлэлцээд, хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй болохыг тогтоон, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоол гаргасныг, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан юм.

Монгол улсын нутаг дэвсгэрт тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “С г х” ХХК-д ажил үйлчилгээ үзүүлсэн Хятад улсад бүртгэлтэй Зторес компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д "Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ", мөн зүйлийн 2-т Монгол улсад байрладаггүй хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10,0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д "Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн < захиалгаар ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх" гэсэн хуулийн заалтуудын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь зайлшгүй бөгөөд ногдох уг татварыг мөн хуулийн 16.1.2-д "Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх" гэж заасны дагуу “С г х” ХХК суутган авч, хуулиар оноосон үүргийнхээ дагуу татвараа төлөх нь зайлшгүй болох тул эрхэм шүүгч таныг хуулийн эдгээр заалтуудад анхаарлаа хандуулахыг хичээнгүйлэн хүсэж байна. Дээр дурдсан хуулийн заалтууд хэрэгжиж эхлээд олон жил болсон Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан аль ч улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн даган мөрдөж байгаа зүйл билээ.

Гэтэл БНХАУ-ын харьяат иргэдийн "Офшор бүс"-ийн нэрийн дор байгуулсан “Э П А” ХХК, 2009 онд “С г х” ХХК-ийг худалдан авсан бөгөөд Монгол улсын татварын хуулийг үл хүндэтгэн татвараа төлөхгүй, илэрсэн зөрчлөө арилгахгүй, элдвээр арга заль мэх зохиож байгаа нь актаар ногдуулсан төлбөр төлөх хугацаа хожих явуургүй үйлдэл гэж үзэж байна .

Энэ дашрамд дурдахад “Э П А” ХХК нь Монгол улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дээр дурдсан заалтууд, Газрын тосны хуулийн татвар төлбөртэй холбогдох заалт болон Монгол улсын Газрын тосны газартай байгуулсан "бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний татвар, төлбөртэй холбогдох заалтыг бүдүүлгээр зөрчин татвараас зайлсхийх, илэрсэн зөрчлөө арилгахгүй, хуулийн заалтыг өөрчлөн бичиж маргаан гаргах зэргээр Монгол улсын хуулийг илт үл хүндэтгэж байгаа татвар төлөгчийн хувьд эрсдэлтэй хуулийн этгээд юм.

Улсын төсвийн орлого хяналтын газрын газрын хяналт шалгалтын хэлтсээс үүний өмнө 2010 оны татварын ногдуулалтын шалгалтыг татварын улсын байцаагч С.Энхбат хийж гүйцэтгэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5, мөн зүйлийн 7.4.9-т заасан заалтуудыг бүхэлд нь дурдан уг компанийг худалдан авсан эх компани болох “Э П А” ХХК 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210105 тоот актадаа бичиж, төлбөр ногдуулж байсан бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулж байсан юм.

Гэтэл 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг татварын улсын байцаагч Д.Б, Ц.С бид нар шалгах явцад урьд онд эх компанид гарсан зөрчил давтан гаргасныг илрүүлж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр татварын улсын байцаагчийн 210184 тоот актинд мөн хуулийн зүйл, заалтыг тодорхой зааж, акт танилцуулах явцад тайлбарласаар байтал зориудаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5, 7.4.9-ын заалтуудыг гуйвуулан, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2-д дээр дурдсан заалтуудыг зориуд мэдээгүй дүр үзүүлж, Монгол улсын нутаг дэвсгэр дээр орлого олсон Хятад улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг татвар төлөгч биш гэх мэтийн агуулгаар тайлбарлан нэхэмжлэл ирүүлсэн нь хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, төлбөрийн дүн бага байвал төлдөг, арай өндөр болмогц төлөхгүй заргалддаг, татвар төлөх зөрчлөө арилгах эсэх нь тус компанийн удирдагчдын сайн дурын хэрэг болсон байна.

Дээр дурдсан татварын хуулийн заалтууд болон Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна" гэсэн заалт болон Газрын тосны газар, "С г х" ХХК-ийн хооронд 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн Төхөм хойд-10, Цайдам-26 талбайнуудад “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 16 дугаар зүйл, 25 дугаар зүйлд заасан заалтуудыг ноцтой зөрчиж, манай улсын хуулийг үл хүндэтгэн зохисгүй байдлыг удаа дараа гаргаж байгаа тус компани удирдлага өөрсдийн гаргасан зөрчлийг давтан гаргахад хүрвэл Газрын тосны хууль, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 21 дүгээр зүйлийн 21.3-д заасны дагуу гэрээ цуцлах тухай асуудлыг татварын албаараа дамжуулан тавих болно гэдгийг татвар төлөгчдөд энэ дашрамд сануулах нь зүйтэй гэж үзлээ. Дээр дурдсан хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй, холбогдох гэрээ, дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн бүх шатны баримтаар нотлогдож буй энэ зөрчлийг арилгаж, татварын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийг богино хугацаанд төлүүлэх, татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг нь биелүүлэх үндсэн дээр “С г х” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

Иймд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн 249.647.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 74894.3 мянган төгрөгийн торгууль, 34613.7 мянган төгрөгийн алданги нийт 359.155.7 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн 210184 тоот актыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2, 7.4.9, 16дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 210184 дүгээр актыг хүчингүй болгуулахыг хүссэн С г х ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210184 тоот актыг хүчингүй болгуулах тухай "С г х" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж гаргасан захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх "Оршин суугч бус, зөвхөн хувь хүнээс авсан ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж авна, харин гадаадын хуулийн этгээдээс үзүүлсэн ажил үйлчилгээнд ногдуулахгүй гэх нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна" гэж, "С г х" ХХК нь 2.496.477,2 мянган төгрөгийг төлсөн болох нь ... өрмийн гэрээний тооцоо хийж мөнгө шилжүүлсэн талаарх харилцагчийн гүйлгээний жагсаалт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна" гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо:

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хэн татвар төлөгч байхыг зааснаас гадна хэний, ямар орлогоос "суутган" тооцоо хийж байх үүргийг нөгөө татвар төлөгчид ногдуулсныг,
  2. Хэн хэнд хаанаас орлого олгож вэ? тэр нь мөнгө шилжүүлсэн болон бэлнээр тушаасан баримт нь хаана байна вэ? гэдгийг,
  3. Энэ орлого олгоод байгаа ажил үйлчилгээний хүрээ, гэрээт ажлын эцсийн үр дүн, гэрээний зорилго аль улсын нутаг дэвсгэрт бүрэн хангагдах ёстой вэ? гэдгийг тус тус зөв дүгнэж чадаагүйгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа тул захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.С нарын актаар, нэхэмжлэгч “С г х” ХХК-ийг 2011 онд Хятад улсын “С” компаниар Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийж гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний орлогыг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан авч төсөвт төлж тайлагнаагүй гэж буруутгажээ.

Нэхэмжлэгч “С г х” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэсэн “С” компанийн Монгол улсын нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэстэй байна. Учир нь,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д

“Монгол улсын нутаг дэвсгэрт.... ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн

этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: ... 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.2-т “Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд ... Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “С г х” ХХК нь Газрын тосны газартай 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, “Т-х х”, “Ц-ХХҮГ талбайд газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулж ирсэн байх бэ уг гэрээний Арванзургаа дугаар зүйлд “Гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар, хураамж, төлбөр нь Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон цаашид батлагдах хууль, эрх зүйн актуудын дагуу зохицуулагдана” гэж заасан байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч “С г х” ХХК нь Хятад улсын “С” компанийн Ш П-ын удирдах товчоотой 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өрмийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, тус компаниар Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээр өрмийн ажил гүйцэтгүүлэн, гэрээний төлбөрт 2496477.2 мянган төгрөгийг төлсөн зэрэг нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн, Хятад улсын “С” компанийн гүйцэтгэсэн бодит судалгааны ажлын төлбөрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэстэйн гадна ажил үйлчилгээг гүйцэтгүүлж байгаа хуулийн этгээд нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүрэгтэй байна.

Ийнхүү “С г х” ХХК нь ажил гүйцэтгэгч “С” компанид гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхдөө ногдох татварыг суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасныг зөрчсөн тул 2496477.2 мянган төгрөгийн зөрчилд 249647.7 төгрөгийн нөхөн татвар, 74894.3 мянган төгрөгийн торгууль, 34613.7 мянган төгрөгийн алданги, нийт 359155.7 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь дээрх хуулийн заалтуудад нийцжээ.

Иймд улсын байцаагчдын гаргасан акт үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.