Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0037

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0037

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.Э /РД:*********/

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.О

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.О 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч хяналтын улсын байцаагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д.Э нь шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ Д овогтой Э би Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.О-ы зөрчлийн хэргийг шийдвэрлэх явцдаа гаргасан үйл ажиллагааны талаар гомдол гаргаж байна.

“***” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын хяналтын улсын байцаагч Х.О нь Зөрчлийн хэргийн холбогдогч болсон гэж миний дүү Д овогтой Э-тэй 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш холбогдож, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр миний дүүтэй уулзсан бөгөөд Д овогтой Э намайг Зөрчлийн хэргийн холбогдогч болсон гэж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш холбогдсон.

Энэ үед би өөрөө БНСУ-д шүлсний булчирхайн хорт хавдрын оноштойгоор
 

эмчилгээ хийлгэж байгаагаа хэлэхэд байцаагч Х.О нь миний дүү болон миний
фэйсбүүк хаягаар байнга залгаад яаралтай заавал ирэх тухай удаа дараа шаардсан.

Би өөрийн өвчний талаар хэлээд байхад заавал ир гэж удаа дараа шаардаад байхаар нь би 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Монголд ирсэн. /7 дугаар сарын 11-ний өдөр ирэнгүүтээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 906 тоотод ирж уулзах гэх мэт/ ирснээс минь хойш хүртэл байнга ирж мэдүүлэг өгөхийг шаардаж өвчтэй намайг албадан дуудаж ирүүлсэн.

Анх “***” ХХК-иас “Л*******” хүний эхэсийн бэлдмэлийг 2 сая төгрөгөөр худалдан авч байсан, ээждээ хийлгэх гэж аваад ээж минь элэгний хорт хавдартай байсан тул хийлгэж чадаагүй, тэр үед уг тарилгыг БНСУ-д үйлдвэрлэдэг болохыг мэдсэн. Тэгээд хамгийн хямд үнээр иргэддээ нийлүүлж болох юм байна гэж бодоод бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулах гээд тандалт судалгаа хийх зорилгоор өөрийн фэйсбүүк хаягаар мөн Ch******* o******* групп чатаар сурталчилсан. Ийм сурталчилгаа хийх нь хуулиар хориглосон гэдгийг мэдээгүй бөгөөд зөрчил гаргаж байгаагаа мэдээгүй.

Байцаагч Х.О нь зөрчлийг шалгах ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенциар олгосон эрхийг маань ноцтой зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хэдий би зөрчил гаргасан ч хүндэтгэн үзэх /өвчтэй/ шалтгаантай байхад маань заавал БНСУ-аас албадан ирүүлж, мэдүүлэг авч, торгууль ногдуулсан нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх /... Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.../ хэсэг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 4 дэх /Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй/ хэсгийг ноцтой зөрчиж хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Сэтгэл санаанд нөлөөлсний улмаас би БНСУ-аас Монгол улсад албадан ирж, эдийн засгийн хувьд бас тодорхой хэмжээний хохирол амсаад байна.

Мөн 07 дугаар сарын 10-ны өдөр миний фэйсбүүкээр залгаад “Прокурорын хажууд байна регистрийн дугаар өг гэхээр би өөрөө прокурортой ярья гэсэн чинь утсаа салгасан”, бас манай дүү рүү залгаад “эгчийнхээ регистрийн дугаарыг өг мэдэхгүй байхдаа яадгийн” гэх мэтээр байнга дарамталж, шахаж шаардаж байсан. Дүүтэй маань өдөр бүр байнга холбогдож дарамталж, янз бүрээр шахаж шаардаж байсан. О байцаагч дүүд маань 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдөр уулзахдаа эгч рүүгээ холбогдоод 500.000 /Таван зуун мянган/ төгрөг шилжүүлчих гээд хэлчих гэж хүртэл хэлж байсан.

2. О байцаагчийг мэдүүлэг авч байхад өмгөөлөгч авмаар байна гэж
хэлээд хүсэлт гаргаад байхад маань хүсэлтийг маань хүлээн аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх /Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... / хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.8 дахь /Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх/, 3.1 дүгээр зүйлийн 2.2 дахь /Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах/ хэсгүүдийг зөрчсөн.

3. О байцаагч нь Зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байхдаа надад хэргийн
материалыг танилцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.9 дэх /Зөрчлийн хэрэгтэй танилцах/ эрхийг маань мөн зөрчсөн төдийгүй мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх /Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Гомдол гаргах эрхийг маань бас л зөрчсөн.

4. О байцаагч мэдүүлэг авахдаа надад эрх, үүргийг маань тайлбарлаж
танилцуулаагүй, шууд л мэдүүлэг аваад хэвлэж гаргангуутаа энд гарын үсгээ зур гэж 2 газрыг заасны дагуу би гарын үсгээ зурсан. Ингэж шаардсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Мөн Үндсэн хуулиар олгосон язгуур эрхүүдийг эдлэх боломжийг хязгаарлаж хэт 1 талыг баримталсан шийдвэр гаргасан.

Анхнаасаа Эрдэнэтуяа надад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхийг маань танилцуулаагүйгээс гадна 0005555 дугаартай шийтгэлийн хуудасны 10 дугаар зүйлд “Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болохыг” дурдсаны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.

Миний гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө
газар нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1525 дугаартай албан бичгээр хариуг ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 55 минутад Монгол шуудангаар дамжуулан хүлээн авсан.

Тус албан бичигт “...Улсын байцаагчийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагааны хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлыг та гаргасан тул шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл аливаа дүгнэлт гаргах боломжгүй байна. Таны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдлын дагуу агентлагийн дотоод хяналт шалгалтын ажиллагааг явуулж улсын байцаагчийн буруутай үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч ажилласан, ...Иймд иргэн та энэхүү нөхцөл байдлыг эс зөвшөөрсөн тохиолдолд хууль тогтоомж, зохих журмын дагуу холбогдох байгууллагад нь хянан шалгуулах бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэсэн боловч тус газраас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/1596 тоот албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улсын байцаагч Х.О нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш давж заалдах журмаар гомдол гаргасны мэдсээр байж дээрх албан бичигт уг зөрчлийн хэргийн шийтгэлд давж заалдах журмаар гомдол гаргасан талаар дурдаагүй байхад тус шүүхийн шүүгч Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **/******/***/* дугаартай захирамж гаргаж, мөн өдрийн ***/*****/***/* дугаартай гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1525 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь /Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө/ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх /Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ/ хэсгүүдийг зөрчсөн байна.

Мөн тус газрын энэ буруутай /ойлгомжгүй/ албан бичгүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь /Оролцогч энэ хуулийн 1.8
дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23,  6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ./, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх /Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй./, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх /Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх /Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана/ хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол гаргах эрхээ эдлэх мөн гомдлоо шийдвэрлүүлэх боломжгүй болгож дахиад л Үндсэн хуульд заасан эрхийг маань эдлүүлэх боломж олгохгүй шүүхээр шийдвэр гаргуулан өвчинтэйгээ тэмцэж ядаж байгаа миний сэтгэл санаад ихээр нөлөөлж байна.

О байцаагч нь хуулийн мэдлэг дутмаг байдлыг ашиглан олон зөрчил гаргаж, Монгол улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн хэргийн дагуу шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь /Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах/ хэсгийг ноцтой зөрчсөн төдийгүй миний эрхийг зөрчөөд байх тул энэхүү зөрчлийн хэргийн материалыг шалгаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.Оы 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0005555 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Э-гаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0005555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “ДЖБ” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “Манай компани нь Япон-Солонгосын хамтарсан үйлдвэрийн “*******” хүний эхэсийн тарилгыг 2014 онд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн одоог хүртэл албан ёсны эрхтэйгээр зах зээлд нийлүүлж байна.

Гэвч 99******* дугаартай иргэн D.E нэртэй фэйсбүүк хаягаар чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг албан ёсны бүртгэлтэй эмийн бүтээгдэхүүнтэй сав баглаа боодол төстэй хуурамч бүтээгдэхүүнийг хууль бусаар сурталчлан, борлуулж байгаа асуудлыг хянан шалгаж өгнө үү.” гэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг Нийслэлийн Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1902000429 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчлийн хэргийн холбогдогч
Д.Э нь D.Eгэх нэртэй фэйсбүүк хаягаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 1 жил 6 сарын хугацаанд “*******” хүний эхэсийн тарилгыг хууль бусаар сурталчилж, дүү Д.Э-ийн ******** дугаараар хүргэлт хийсэн болох нь гомдол, мэдээлэл гаргагчийн бичгээр ирүүлсэн гомдолд хавсаргасан материалууд, холбогдогч Д.Э-ийн мэдүүлэг болон дүү Д.Э-ийн бичгээр гаргасан тайлбар, өөрийн фэйсбүүк хаягаар удаа дараа сурталчилсан, иргэдтэй харилцсан комментууд зэрэг баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн гэх зөрчилд хүнийг 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан:

1. Хүндэтгэн үзэх /өвчтэй/ шалтгаантай байхад минь БНСУ-аас албадан
ирүүлж, мэдүүлэг авч, торгууль ногдуулсан нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно....”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй” гэснийг ноцтой зөрчиж хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн гэсэн тухайд:

Зөрчлийн хэргийн холбогдогч Д.Э нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирж мэдүүлэг өгөхдөө өөрийгөө ямар нэгэн хүнд өвчтэй эсэх талаар яриагүй, өвчний онош, эмнэлгийн баримт нотолгоо гэх зүйл үзүүлээгүй нь Д.Э-ийн өгсөн мэдүүлгээр нотлогдоно.

Холбогдогчийн төрсөн дүү Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирэхдээ эгч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 11-нд Монголд ирнэ гэдгийг хэлсэн бөгөөд эгч БНСУ-руу зээ охиноо харах зорилгоор явдаг гэж бичгээр гаргасан тайлбартаа дурдсан нь холбогдогч Д.ЭМонгол-Солонгос 2 улсын хооронд ирж очих зорилго нь тодорхой гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг прокурор,
шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ гэж заасан байдаг тул холбогдогч
Д.Э-г БНСУ-аас албадан ирүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрөхгүй байна.

Холбогдогч Д.Э-тай D E гэх мессенжерээр холбогдоод ирэх боломжгүй бол хууль ёсны төлөөлөгчөөр дүү Д.Э*******г ирүүлж мэдүүлэг өгч болох талаар хэлэхэд миний дүү ямар ч хамаагүй би өөрөө очно гэж хэлж байсан нь Улсын байцаагчтай мессенжерээр харилцсан комментод байгаагаар нотлогдоно.

2. Хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээж байхдаа хуулиар хориглосон гэдгийг мэдээгүй бөгөөд зөрчил гаргаж байгаагаа мэдээгүй тухайд:

Холбогдогч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж өгсөн мэдүүлэгтээ “*******” эхэсийн бэлдмэлийг Монгол Улсын зах зээлд албан ёсоор сурталчлан борлуулдаг нэг л компани байдаг гэдгийг мэднэ. Албан ёсны зөвшөөрлийг хөөцөлдөж байсан” гэж бичсэн нь эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хууль бусаар сурталчлан, борлуулах нь хууль бус үйлдэл гэдгийг иргэн Д.Э мэдэж байсан гэдгийг нотолж байна.

3. О байцаагч дүүд маань 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр уулзахдаа эгч рүү гээ холбогдоод 500 000 /таван зуун мянган/ төгрөг шилжүүлчих гээд хэлчих гэж хүртэл хэлсэн тухайд:

Зөрчлийн хэргийн холбогдогч Д.Э нь Улсын байцаагч Х.О нь
манай дүүд “эгчийгээ 500 000 /таван зуун мянган/ төгрөг шилжүүлчих гээд хэл” гэж нэхсэн мэтээр Улсын байцаагчийг үндэслэлгүй, баримт нотолгоогүйгээр гүтгэн доромжилж, нэр хүндэд халдаж байгаа явдал гэж үзэж байна.

4. О байцаагчийг мэдүүлэг авч байхад өмгөөлөгч авмаар байна гэж хүсэлт гаргаад байхад хүсэлтийг минь хүлээн аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...” Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.8-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх”, 3.1 дүгээр зүйлийн 2.2-т “Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” гэж тус тус заасныг зөрчсөн тухайд:

Миний бие 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн хэргийн холбогдогч Д.Э-г Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байранд дуудан ирүүлж, мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх, үүргийг тус тус танилцуулснаар мэдүүлэг авах ажиллагааг эхлүүлсэн. Мэдүүлэг авахаас өмнө холбогдогч нь “Би хувийн өмгөөлөгчтэйгээ уулзаж зөвлөгөө авна” гэж хэлсэн ба миний бие “өмгөөлөгчтэйгээ ирж хэргийн материалтай танилцуулж болно” гэж холбогдогч Д.Э-д хэлсэн.

5. О байцаагч Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа надад хэргийн материалыг танилцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.9-д “Зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхийг минь зөрчсөн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана.” гэж заасныг тус тус зөрчсөн тухайд:

Холбогдогч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15:30 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 906 тоот өрөөнд ирж, Зөрчлийн хэргийн материалтай танилцаад зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гардан авсан боловч, шийтгэлийн хуудас, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Зөрчлийн хэргийн материалтай танилцуулах хуудас зэрэгт гарын үсэг зурахаас татгалзсан тул энэ талаар холбогдогч Д.Э-гаар бичгээр бичүүлж хэргийн материалд хавсаргасан. Зөрчлийн хэргийн материалтай ирж танилцана уу гэх он, сар, хугацааг тодорхой дурдсан мессежийг D E нэртэй мессенжерийн хаягаар 2019 оны 07 дугаар сарын 22, 23, 30-ны өдрүүдэд илгээсэн ба 90 хуудас бүхий 1 хавтаст хэрэгтэй холбогдогч Д.Э танилцсан нь үүгээр нотлогдоно.

6. О байцаагч мэдүүлэг авахдаа надад эрх, үүргийг тайлбарлаж танилцуулаагүй шууд л мэдүүлэг аваад хэвлэж гаргангуутаа энд гарын үсгээ зур гэж 2 газрыг заасны дагуу би гарын үсгээ зурсан. Ингэж шаардсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй бөгөөд Үндсэн хуулиар олгосон язгуур эрхүүдийг эдлэх боломжийг хязгаарлаж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхийг маань танилцуулаагүй тухайд:

Зөрчлийн хэргийн холбогдогч Д.Э-г Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдүүлгийн өрөөнд ирүүлж, мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх, үүргийг тус тус танилцуулснаар мэдүүлэг авах ажиллагааг 15:35 цагт эхлүүлж, 16:35 цагт дуусган холбогдогчид танилцуулж, нэмэлт засвар оруулах эрхтэй талаар хэлж, холбогдогч өөрийн мэдүүлэгтэй танилцан гарын үсгээ зурсан байдаг.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсгийн 2.6-д “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан
тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;” гэж холбогдогчийн гомдол гаргах эрхийн талаар тодорхой заасан байдаг.

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1902000429 дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусган Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд хяналтын прокурор 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэргийн материалыг хянасан.

Холбогдогч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Э-д гомдол гаргасан байх бөгөөд зөрчлийн хэргийн хяналтын прокурор Д.Э-гийн гомдлыг шийдвэрлэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар хариу өгсөн байна. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэж тус газраас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1525 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.

Түүнээс хойш 13 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/1596 дугаартай албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0005555 дугаартай шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус шүүхийн шүүгч Д.О-гийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ********** дугаартай захирамж, ********* дугаартай гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Зөрчлийн хэргийн холбогдогч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0005555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч иргэн Д.Э нь тус нэхэмжлэлд Зөрчлийн хэргийн мөн чанар, агуулгыг огт дурдаагүй байх бөгөөд харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа гаргасан мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл болж байгаа тул иргэн Д-ын Э-гийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.О нь *** ХХК-иас гаргасан өргөдлийн дагуу иргэн Д.Э-гийн үйлдэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн” зөрчил илэрсэн гэж дүгнэн, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ****** дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгчээс “...өмгөөлөгч авах хүсэлт гаргаад байхад шийдвэрлээгүй, эрх үүргийг маань тайлбарлаж өгөөгүй, ийм төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон гэдгийг мэдээгүй...” гэж, хариуцагч Х.О нь “...холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хэргийн материал танилцуулсан, зөрчил гаргаснаа Д.Э өөрөө мэдэж байсан...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 3.1.2-т “зар сурталчилгаа захиалагч” гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг”, 3.1.4-д “зар сурталчилгаа түгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг”, 3.1.5-д “”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг” гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч Д.Энь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Анх ***** ХХК-иас L******* /цаашид Л******* гэх/ хүний эхэсийн бэлдмэлийг 2 сая төгрөгөөр худалдан авч байсан...тэр үед уг тарилгыг БНСУ-д үйлдвэрлэдэг болохыг мэдсэн...тэгээд хамгийн хямд үнээр иргэддээ нийлүүлж болох юм байна гэж бодоод тандалт судалгаа хийх зорилгоор өөрийн фейсбүүк хаягаар болон фейсбүүк дэх C******* ******* группээр сурталчилсан...ийм сурталчилгаа хийх нь хуулиар хориглосон гэдгийг мэдээгүй бөгөөд зөрчил гаргаж байгаагаа мэдээгүй” гэснээс үзэхэд Л******* хүний эхэсийн бэлдмэлийг өөрийн фейсбүүк хаягаар сурталчлан зар сурталчилгааг түгээсэн, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн ********** дүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...фейсбүүк дэх C******* ******* группт 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлж 1 удаа сурталчилсан...” гэснээс үзэхэд зар сурталчилгааг захиалан түгээсэн гэж үзэхээр байна.

Мөн зөрчлийн 1902000429 дүгээр хавтаст хэрэгт гомдол гаргагч Д.Э-гийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн сурталчилгаа, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн сурталчилгаа тус тус авагдсан байх бөгөөд Хил хамгаалах ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-5а/12867 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Э-ийн хилээр нэвтэрсэн лавлагаанаас үзэхэд гомдол гаргагч нь тухайн зар сурталчилгааг Монгол улсын нутаг дэвсгэрт байхдаа сурталчилсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана”, 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасанд нийцэж байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ”, 24.2-т “Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зар сурталчилгаанд тавих хяналттай холбогдуулан дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: 24.2.1.зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; 24.2.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг тогтоож, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 24.2.3.хууль бус зар сурталчилгаанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл…”, хариуцагчийн ажлын байрны тодорхойлолт зэргээс дүгнэхэд хариуцагчид Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх олгогдсон байна.

Эрүүл мэндийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/23 дугаар албан бичигт “...БНСУ-ын Green cross Wellbeing corporation үйлдвэрийн “Хүний эхэсийн гидролизат /Л*******/” тарилгын уусмал нь Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар жороор олгох нөхцөлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн...”, уг зөвлөлийн хурлын мөн өдрийн 03 дугаар тэмдэглэлийн хавсралтын 12-т “бүртгэх, жороор” гэснээс үзвэл уг бэлдмэлийг жороор олгох ёстой байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Жоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг мэргэжлийн хэвлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж болно”, 27.4.3-д “Эмийн зар сурталчилгаанд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараахь зүйлийг хориглоно: жороор олгох эмийг сурталчлах”, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно”, 13.2-д “Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна”  гэж зааснаас үзэхэд Л******* хүний эхэсийн бэлдмэлийг олон нийтэд нээлттэй сурталчлах нь хориотой байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Д.Э нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон сурталчилгааг өөрийн фейсбүүк хаягаар түгээсэн зөрчил гаргасан байна.

Зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан материал, шүүхээс гомдол гаргагчийн утсанд хийсэн үзлэг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн холбогдогчийн мэдүүлэг, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан, Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргаж, хариуг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3/1654 дүгээр албан бичгээр авсан зэргээс үзэхэд хариуцагч нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э-ийн эрх, үүргийг тайлбарласан байх тул өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн бичигдсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0005555 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 3.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4.3-д заасныг тус тус баримтлан Д.Э-с Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.Од холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Х.Оы 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0005555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА