Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Болор,       

улсын яллагч Т.Оргил-Очир,

иргэдийн төлөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгч Н.Баяр, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, П.Отгонбаяр, Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох эрүүгийн201525010414 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 36 байрны 5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЕП65070611 регистерийн дугаартай,Тэгш овогт Нацагийн Баяр,

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 85 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЦЖ84021478 регистерийн дугаартай, Жинст овогт Эрдэнэболдын Энхтулга.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Н.Баяр нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргын албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амгалан дулааны цахилгаан станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүн дээр байрлах объектийн нөхөн олговрын үнэлгээг 550.000.000 төгрөгөөр түүнтэй тохирч, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг Г.Түмэнжаргалтай байгуулан, гэрээний А тал болох Н.Баяр нь “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгоно” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газраа чөлөөлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүнийг газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” дээр гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутагт түүнээс 30.000.000 төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд авсан,

шүүгдэгч Э.Энхтулга нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтний албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амгалан дулааны цахилгаан станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүн дээр байрлах обьектийн нөхөн олговрын үнэлгээг 550.000.000 төгрөгөөр түүнтэй тохирч, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг Г.Түмэнжаргалтай байгуулсан гэрээний А тал болох Н.Баярыг “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгоно” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг мэдсээр байж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газраа чөлөөлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүнийг газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” дээр гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүнээс 30.000.000 төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Н.Баяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнөх шүүх хурал дээр мэдүүлэг болон эцсийн үг хэлээгүй. Намайг хясан боогдуулах замаар иргэн Түмэнжаргалаас мөнгө авсан гэж яллаж байна. Би Нийслэлийн өмчийн харилцааны газарт 33 жил ажиллаж байна. Намайг Түмэнжаргалаас 12 дугаар сард хийгдээгүй ажлын төлөө мөнгө авлаа гэж ярьж байна. Энэ УС 15 гэдэг бүтээн байгуулалтын ажилд холбогдуулан газар чөлөөлөх ажил явагдсан. Энэ ажлын үндсэн дээр тухайн айлыг чөлөөлөхөөс өөр аргагүй байсан. Газрын тухай хуулинд 9 дүгээр сарын 15-наас хойш айл нүүлгэдэггүй юм. Тодотголоор мөнгө орж ирээд 550.000.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд 12 дугаар сарын 19-ний өдөр Түмэнжаргал мөнгөө авсан. Надад бол Түмэнжаргалаас мөнгө төгрөг авах ямар ч яриа, санаа, оноо байгаагүй. Би энэ хүний дансанд 12 дугаар сарын 19-ний өдөр 550.000.000 төгрөг орсон гэдгийг л мэдэж байсан. Надад энэ хүнээс мөнгө авах шаардлага байгаагүй. Үүнээс хойш 2 сарын дараа буюу 2015 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр манай гэр бүлийн хүн Канад улсад эмчилгээ хийлгэхээр явах гэсэн боловч мөнгөний асуудал гарсан. Тэгээд хүнээс мөнгө гуйгаад бүтээгүй юм. Тухайн үед Түмэнжаргалыг 550.000.000 төгрөг авсан гэдгийг би мэдэж байсан учраас Түмэнжаргал руу яриад гуйсан. Тэгэхэд Түмэнжаргал 30.000.000 төгрөг 2 сарын хугацаатай хүүгүй надад зээлсэн. Надаас 2 удаа өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд намайг “та битгий хуцаад бай” гэж хэлсэн. Тэгээд би эхний удаа мэдүүлэг өгөөгүй болохоор шууд хоригдчихсон. Түүнээс хойш долоо хоногийн дараа Бат-Олзвой комиссар ирээд надаас мэдүүлэг авна гэхэд нь би “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэхэд “өмгөөлөгч нар чинь луйварчингууд байдаг юм, та надад зүгээр яг болсон үйл явдлаа л хэлчих. Та зээлж авсан биз дээ” гэж Бат-Олзвой комиссар асуусан. Би тэгэхээр нь “тийм ээ, зээлж авсан” гэж хариулахад миний хэлснийг бичиж авсан боловч дараа нь гарын үсэг зурах гэхэд “авсан” гээд биччихсэн байсан. Тэгээд “би зээлж авсан болохоос биш аваагүй” гэхэд “зүгээрээ та гарын үсгээ зурчих, тэгж байгаад л та гарчихна” гэж хэлсэн. Энэ хэргийг үүсгэхээс өмнө АТГ-ын хүмүүс Э.Энхтулгатай уулзаж, энэ тухай асуудлаар ярьсан байдаг юм. Би нийт гурван мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлд Нарантуяа өмгөөлөгчтэй нэг мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаах ажиллагааг хэтэрхий нэг талыг буюу яллах талыг барьж хийсэн. Би Түмэнжаргал руу өмнө нь хэзээ ч мөнгө, төгрөг авъя гэж утасдаж байгааүй, зөвхөн 19-ний, 20-ны өдрүүдэд л утсаар ярьсан. Түмэнжаргал нь өөрөө машинтайгаа манай ажлын гадаа ирж намайг хамт авч яваад циркийн тэнд 30.000.000 төгрөг өгсөн юм. Тэрнээс өмнө би Энхтулгыг ч мөнгө авсан гэдгийг мэдээгүй байсан, тэр өдөр л мэдсэн. Би Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эчнээгээр 2000 онд төгссөн юм. Намайг “та чинь өөрөө эрх зүйч мэргэжилтэй юм байна” гээд мэдүүлэг авах гэхээр нь би “үгүй ээ, би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэхэд “ингэж байгаад болчихдог юм” гэж байгаад надаас мэдүүлэг авсан гэв.

 

Шүүгдэгч Э.Энхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхний мэдүүлгээсээ хойш хэргийн бодит нөхцөл байдлыг мэдүүлсэн. Би өгч байсан мэдүүлгүүдээсээ хэзээ ч буцаж байгаагүй. Намайг улсын яллагч 550.000.000 төгрөгийг иргэн Түмэнжаргалд өгөх тохиролцоог хийсэн гэж байна. Би газар чөлөөлөх нөхөн олговрыг тохиролцох субьект нь биш. Баяр даргын ажлын байрны тодорхойлолт дээр тодорхой заачихсан байдаг. Иргэн Түмэнжаргал болон Баяр даргын хооронд өр зээл, өгч авах юм байгаа гээд тухайн үед Түмэнжаргал нь Баяр даргад өгөөрэй гээд намайг ээжийн гэрт байхад гадаа нь ирээд тортой зүйл өгсөн. Би тор дотор 30.000.000 төгрөг байсан гэдгийг мэдсэн. Тэгээд би 30.000.000 төгрөгийг аваад машиныхаа хойд суудлын урд тавьчихаад ээжийнхээ гэр рүү орж хоол идээд, хүүгээ авчихаад гараад ирэхэд машины гурвалжин жижигхэн шилийг хагалаад тэр тортой зүйлийг авчихсан байсан. Тэгээд би Түмэнжаргалаас надад өгсөн торон дотор хэдэн төгрөг байсан бэ гэдгийг асууж чадаагүй. Тэгээд даргыг асуухаас өмнө алдсан мөнгөө олох ёстой гэж бодсон. Сүүлд нь Түмэнжаргал “би чамд 30.000.000 төгрөг өгсөн шүү дээ. Чи Баяр даргад өгөөгүй юм уу” гэж надаас асуусан. Баяр дарга, Түмэнжаргал бид гурав циркийн хажуу талын автомашин зардаг зогсоол дээр уулзсан. Би тэр хоёртой уулзаад “даргаа би гээчихсэн, ойрын хугацаанд төлье, гэхдээ 30.000.000 төгрөг их мөнгө учраас шууд өгч чадахгүй ээ” гэж хэлсэн. Бид иймэрхүү зүйлийг яриад АТГ-ын урд байрлах Япон хоолны газар орж 4-5 цаг суусан. Тэр хугацаанд Баяр даргад Түмэнжаргал нь мөнгө авчирч өгсөн юм шиг байсан. Тэгээд 10 гаруй хоногийн дараа би Баяр даргад 10.000.000 төгрөг 20 мянгатын мөнгөн дэвсгэрээр 5 боодлыг хар уутанд хийж өгсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол одоо ингээд шүүхийн өмнө зогсож байхгүй байсан гэж бодож байна. Юуны мөнгө алдсан гэдгээ тухайн үед тайлбарлах гэхээр тулгамдаад мөн даргыгаа чирээд ямар нэгэн асуудал үүсгэчих болов уу гэж айгаад юу ч хэлээгүй юм. Манай ах машин зардаг юм. Тэгээд би ахаасаа 10.000.000 төгрөг зээлээд Баяр даргад өгсөн. Үлдсэн мөнгийг нь удаахгүй өгье гэж би хэлж байсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Түмэнжаргалын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулга /1хх-ийн 5-6/, Г.Түмэнжаргалын мэдүүлэг /1хх-ийн 7, 2хх-ийн 113-119/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 101-102, 2хх-ийн 8-9, 20-30/, нийслэлийн өмчийн харилцааны газрын санхүүжилтийн тооцоо /2хх-ийн 13-16/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 98/,/1хх-ийн 99-105/, /1хх-ийн 106/, /1хх-ийн 107-123/, /1хх-ийн 124/, /1хх-ийн 133/, үүрэгт ажилтай холбоотой баримтууд /2хх-ийн 208-250/, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 207, 2хх-ийн 210-212/, Газар чөлөөлөх хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө /2хх-ийн 216-222/, үр дүнгийн гэрээ, Н.Баярын сэжигтнээр мэдүүлсэн  мэдүүлэг /2хх-ийн 64, 122-123/, /2хх-ийн 127-128/, Б.Энхтулгын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 132-135/, сэжигтэн Г.Түмэнжаргалын мэдүүлэг /2хх-ийн 113-114/, /2хх-ийн 118-119/, Г.Түмэнжаргалын өргөдөл /2хх-ийн 4/, газар өмчлүүлэх шийдвэр /2хх-ийн 13/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-32-33/, нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдэгдэл /2хх-ийн 115/, өмчийн харилцааны газрын ажилд томилох тушаалууд /3хх-ийн 1-7/, гэрч Г.Батбилэгийн мэдүүлэг /1хх-ийн 174/, газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай баримт /1хх-ийн 12/, гэрч Р.Отгончимэгийн мэдүүлэг /3хх-ийн 177/, Г.Түмэнжаргалын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 205-206/, гэрч Б.Алтансүхийн мэдүүлэг /3хх-ийн 185-186/, Нийслэлийн өмчийн харилцааны газраас Г.Түмэнжаргалд мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 99/, Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээний хуулбар /1хх-ийн 103/, гэрч Т.Батбилэгийн мэдүүлэг /2хх-ийн 1-2/, гэрч Т.Буянхишигийн мэдүүлэг /1хх-ийн 42/, сэжигтэн Г.Түмэнжаргалын хэргийн материалтай танилцсан баримт /3хх-ийн 52/, Э.Энхтулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 192/, Н.Баярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 194/, Н.Баяраас 30.000.000 төгрөг төлсөн баримт /2хх-ийн 198/, Э.Энхтулгаас 30.000.000 төгрөг төлсөн баримт /2хх-ийн 199/, Н.Баярийн Э.Энхтулгаас авсан 10.000 төгрөгийг Төрийн банкинд тушаасан баримт /2хх-ийн 200/,  Н.Баярын ажлын байрны дүгнэлт /2хх-ийн 214/, менежерийн үр дүнгийн гэрээ /2хх-ийн 227/, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоол /3хх-ийн 14/, Монгол улсын Засгийн газрын тогтоол /3хх-ийн 9/, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /2хх-ийн 5/, үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 9-10/, Нийслэлийн засаг даргын захирамж /2хх-ийн 39/, хөрөнгийн үнэлгээ /3хх-ийн 87-203/, проткол /1хх-ийн 105/, Нийслэлийн Засаг даргын захирамж /1хх-ийн 108/, Г.Түмэнжаргалын эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 131/, гэрч гэрч Н.Болормаагийн мэдүүлэг /хх-7/, гэрч Х.Энхтулгын мэдүүлэг /2хх-ийн 12/, Г.Түмэнжаргалын мэдүүлэг /2хх-ийн 117-119/, Н.Баярын мэдүүлэг /2хх-ийн 127/, Н.Баярын ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 210-211/, Б.Энхтулгын ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 215/, шүүх хуралдааны тэмдэглэл /3хх-ийн 127/ болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Баяр нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргын албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амгалан дулааны цахилгаан станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүн дээр байрлах объектийн нөхөн олговрын үнэлгээг 550.000.000 төгрөгөөр түүнтэй тохирч, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг Г.Түмэнжаргалтай байгуулан, гэрээний А тал болох Н.Баяр нь “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгоно” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газраа чөлөөлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүнийг газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” дээр гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутагт түүнээс 30.000.000 төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд авсан,

шүүгдэгч Э.Энхтулга нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтний албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амгалан дулааны цахилгаан станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүн дээр байрлах обьектийн нөхөн олговрын үнэлгээг 550.000.000 төгрөгөөр түүнтэй тохирч, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг Г.Түмэнжаргалтай байгуулсан гэрээний А тал болох Н.Баярыг “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгоно” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг мэдсээр байж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газраа чөлөөлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүнийг газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” дээр гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүнээс 30.000.000 төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд авсан болох нь:

 

гэрч Т.Батбилэгийн /1хх-174, 2хх-ийн 1-2/: “... 2013 онд юм би яг тодорхой хугацааг санахгүй байна, Түмэнжаргалтай уулзахад л Амгалан дулааны станц баригдах газарт манай хашаа байшин орсон байна, тэгээд тухайн газрыг чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна, энэ ондоо ч манайхыг нүү гэхгүй юм байна, ирэх онд бол хэлэх л байх, одоо яах уу гээд надад ярьсан. Тэгэхлээр нь би танай хашаа байшин үнэхээр трасст орсон юм бол улсын ажил гацааж болохгүй, газраа чөлөөлж өг, үнэ төлбөрөө тохир гээд хэлж байсан... түүнээс хойш 2014 он гарсан байхад Түмэнжаргал Нийслэлийн өмчийн харилцааны газарт бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа, таних хүн байна уу гээд асуусан. Би нэг хүнээс асууж өгье гээд хэлсэн. Ингээд би Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга Баяртай уулзаад “Манай нэг найзын газар хашаа, үл хөдлөх хөрөнгө байгаа юм, танайд материалаа өгөөд олон сар болж байгаа юм гэнэ, шийдвэрлэж өгөхгүй байна” гээд л хэлэхэд Баяр дарга хөрөнгө мөнгө байхгүй дараа жилээс л шийдэх байх гэж хэлсэн. Баяр даргатай ингэж л 2014 оны 5 сард би Түмэнжаргалын асуудлаар уулзалдаж байгаа юм. Тэгээд л энэ асуудлаар хэн хэн нь надтай дахин ярилцаагүй, тэгсэн 2014 оны 11 сард Түмэнжаргал руу Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Энхтулга яриад хөрөнгийн асуудал шийдэгдэх болсон, хөндлөнгийн үнэлгээ үл хөдлөх хөрөнгөндөө хийлгээд аваад ир гэсэн байдаг юм. Түмэнжаргал ч хөндлөнгийн эрх бүхий үнэлгээний байгууллагаар хашаа байшин газартаа хөрөнгийн үнэлгээ хийлгээд НӨХГазарт өгсөн гэдэг юм. Хөндлөнгийн үнэлгээгээр 680 гаран сая төгрөгөөр үнэллээ гээд Түмэнжаргал надад утсаар хэлж байсан. “...Тэгээд удаагүй хэдний өдөр байсныг санахгүй байна, би өрөөнөөсөө гараад доод давхар луу буюу Нийслэлийн өмчийн харилцааны газар руу орж явтал /манай ажил болон НӨХГ нь нэг байранд байрладаг юм/ Түмэнжаргал болон түүний эхнэр Чимгээ хоёртой таарсан, тэгсэн тэд манайхаас гаргаж өгсөн үнэлгээг НӨХГазраас доошоо хийгээд байна, чи таних хүндээ хэлээд тодруулаад өгөөч гэсэн юм, тэгээд би тэр хоёрыг дагуулаад Баяр дарга руу орсон, ингээд Баяр даргад манай энэ найзын асуудлыг нааштайгаар шийдвэрлээд өгөөч, үнэлгээ нь ингэж 2 янз гардаг юм уу ямар учиртай юм гээд үнэлгээнийхээ хүнтэй уулзуулаад тайлбарлуулаад өгөөч гэж хэлж гуйсан юм. Тэгээд би гарсан. “...Үүнээс хойш 2014 оны 11 сарын 20-нд гарсан байхад Түмэнжаргал над руу яриад Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан, тэгсэн Баяр дарга ч над руу утасдаад танай найзын асуудал болохоор болсон шүү гэж хэлж байсан. Үүнээс хойш энэ асуудлаар хэнтэй нь ч уулзалдаагүй юм. 2014 оны 12 сар гарсан байхад би хэдний өдрийг нь санахгүй байна, Түмэнжаргал над руу утасдаад Баяр дарга байнга утасдаад байх юм, тодорхой хэмжээний юм өгөхгүй бол болохгүй байна яах уу гээд хэлэхээр нь би “би яаж мэдэх вэ дээ, та нарын хоорондох асуудлыг” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 1 сар гарсан байхад Түмэнжаргалтай утсаар ярихад Баяр даргад нэхээд байсан мөнгийг нь өгчихлөө гээд хэлж байсан. Ингэж хэлэхдээ тодорхой мөнгөн дүн хэлээгүй тэгээд л би Баяр даргыг Түмэнжаргалаас мөнгө авсан байна гэж ойлгосон Ийм л асуудал болсон юм. “...Баяр даргатай өрөөнд нь уулзалдаж байхад Түмэнжаргал 550 сая төгрөгөөр үнэлүүлэх саналтайгаа хэлж байсан. НӨХГазраас тэднийхийг 400 гаран сая төгрөгөөр үнэлэх юм яриад байсан санагдаж байна. Түмэнжаргал надтай утсаар л энэ асуудлыг ярьсан,  түүнээс би мөнгө төгрөгтэй асуудлыг нүүр тулж уулзалдан ярьж байсангүй. Тэрээр хэлэхдээ Энхтулгад уг нь мөнгийг нь өгсөн юм, тэгсэн Баяр дарга дахин дахин утасдаад нэхээд байнаа гэсэн юм ярьсан. Түүнээс хэдэн төгрөг хэзээ хэнд нь өгсөн талаар юм яриагүй, сүүлд нь 2015 он гарсны дараа Баяр даргад нэхээд байсанг нь өгчихсөн гэж л хэлж байсан...”,  “...Нөхөн олговрын үнэ тохирох үйл ажиллагаанд би оролцоогүй. Мөн Баяр даргад хэдэн төгрөгөөр үнэлээд нөхөн олговор олгоод өгөөч гэж санал тавиагүй. Сүүлд Түмэнжаргал надтай утсаар ярихдаа нөхөн олговрыг 550.000.0000 төгрөгөөр тогтсон гэж хэлсэн. Би Баярын дасгад мөнгө төгрөг амалсан зүйл байхгүй. Миний хувьд Түмэнжаргалаас мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг,Anchor

 

гэрч С.Ариунжаргалын /2хх-ийн 4/: “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 1-1 тоот оршин суух иргэн Г.Түмэнжаргал гэж айлын үнэлгээ 2014 оны 11 сард манайд хэлтэст ирсэн. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 1-1 тоот оршин суух иргэн Г.Түмэнжаргалын үнэлгээг мэргэжилтэн Болормаа хийсэн байна. Миний хувьд ахлах мэргэжилтэн учир хийсэн үнэлгээнд оролцож гарын үсэг зурсан. Энэ айлын хувьд тухайн газартаа 16 өрөө бүхий нийтийн байртай, 2 ширхэг амины орон сууцтай, 3 машины гражтай зэрэг хөрөнгөтэй. Өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардал тооцоод 252,677,113 төгрөгийн үнэлгээг хийж өгсөн байгаа. Болормаа энэхүү үнэлгээгээ хэнд өгсөнийг би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Болормаагийн /2хх-ийн 7/: “...2014 онд иргэн Г.Түмэнжаргалын эд хөрөнгөнд энэ айлын үнэлгээг ахлах мэргэжилтэн Ариунжаргал хийж би туслахаар ажилласан. Иргэн Г.Түмэнжаргалын эд хөрөнгийг үнэлгээ хийлгэх материалыг хэзээ хэнд өгсөн талаар би санахгүй байна. Үнэлгээ хийлгэх материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тусгай бүртгэлийн дэвтэр байдаггүй юм. Хариуцсан мэргэжилтэн л манай хэлтэст оруулан өгдөг. Миний хувьд үнэлгээ хийх тусгай эрх байхгүй ба ахлах мэргэжилтэн Ариунжаргалын хувьд тусгай зөвшөөрөлтэй, мөн мэргэшсэн төсөвчин юм. Би туслах үнэлгээчнээр оролцсон, үнэлгээний сургалтанд хамрагдаж байсан юм. Энэхүү үнэлгээг хийх ажил нь бидний үндсэн ажил биш ажлын хажуугаар нэмэлтээр хийдэг ажил юм.Иргэн Г.Түмэнжаргалын хөрөнгийн үнэлгээг харахад 2014 оны 11 сард манай хэлтэст материал нь ирээд мөн сарынхаа 26-ны өдөр бид үнэлгээг хийж өгсөн байна. “...ахлах мэргэжилтэн Ариунжаргал бид зардлын арга хэрэглэн үнэлгээг хийж 252,677,113 төгрөг гэж үнэлжээ. Энэхүү хийсэн үнэлгээг хариуцсан мэргэжилтэн нь буцаан авдаг...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Энхтунгалагын /2хх-ийн 12-13/: “...Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1038 дугаартай захирамжаар тогтоогдож ирсэн иргэн Ганпүрэвын Түмэнжаргалд 550 сая төгрөгийг 2014 оны 12 сарын 19-ний өдөр Г.Түмэнжаргалын Хаан банкин дахь дансанд шилжүүлэн олгосон байна. Энэхүү гүйлгээг хийхээс өмнө Нийслэлийн засаг даргын захирамжийн төсөл нь газар чөлөөлөх хэлтсээс тухайн хариуцсан мэргэжилтэн нь үйлдээд Нийслэлийн засаг даргын тамгын газарт өгдөг, тэндээсээ тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нар хянаж танилцан гарын үсэг зурагдсаны дараа Нийслэлийн засаг даргын захирамж гардаг. Энэхүү захирамж нь надад ирсний дараа би хариуцсан мэргэжилтэнгээс захирамжинд дурдсан хувь хүн, албан байгууллагын холбогдох бичиг баримт, материалыг шаардан бүрдүүлж авсаны дараа Нийслэлийн төрийн сангийн мэргэжилтэнүүдээр хянуулаад зөвшөөрүүлсний дараа гүйлгээг хийдэг юм.

Эхлээд урьдчилгаа өгөх ёстой. Энэ айлын тохиолдолд нөхөн олговорыг 100 хувь олгох болоод гээд мэргэжилтэн Цэвэлдорж надад хэлсэн, яагаад гээд би асуухад энэ айлын байшинг буулгахгүйгээр станцын барилгын ажил гүйцэтгэгч байгаа талын ажилчдыг байрлуулах болоод гээд хэлж байсан, тэгээд би тэр протокол тэмдэглэл нь хаана байна гээд материалд авч байсан юм. Энхтүлга бол нэг удаа Түмэнжаргалын мөнгө хэзээ орох гэж байна гээд асууж байсан, өөрөөр бол харьцаж байгаагүй. Тэгж асуухад нь би 19-ний өдөр шилжүүлнэ гэсэн байх... ” гэх мэдүүлэг,

гэрч Э.Цэвэлдоржийн /2хх-ийн 20-21/: “...Намайг ажилд орохоос өмнө 2013 онд УС-15 орчмын газарт орох айл өрхүүдийн нөхөн олговрын асуудлыг дийлэхнийг нь шийдвэрлээд дууссан байсан юм, 2014 онд ажилд ороход тухайн газарт 2-3 айлын асуудлыг шийдвэрлээгүй байсан. Энэ айлын нэг нь Г.Түмэнжаргалынх юм. Энэ айлын нөхөн олговор, газар чөлөөлөх асуудлыг 2013 ондоо яагаад шийдвэрлээгүй талаар би тодорхой мэдэхгүй юм, ажиллаж байгаагүй болохоор.2014 оны 4 сард Энхтулга ахлах мэргэжилтэн болоод хариуцаж байсан ажилд нь надад ирсэн. Тэгэхэд энэ айлын асуудал байсан. Би энэ айлд газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хоёр ч удаа өгч байсан. Тэгээд станц барьж байгаа гүйцэтгэгч талын удирдлагатай хамт бас уулзалдаж байсан. Энэ айлаас би үнэлгээнд материалыг нь явуулахын тулд Түмэнжаргалтай уулзалдаж тухайн хашаанд байрлах хөрөнгийнх нь тодорхойлолтыг гарган авч гарын үсэг зуруулаад тэгээд үнэлгээний хэлтэстээ материалыг нь 2014 оны 11 сарын сүүлчээр өгч байсан. ...Ингээд манайхаас гаргасан үнэлгээг 252 сая төгрөгийг иргэн Г.Түмэнжаргал танилцуулахад тэрээр зөвшөөрөхгүй гэсэн. Ингээд Түмэнжаргал өөрөө хувийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж ирсэн байсан ба тэр үнэлгээ нь 600 нилээд гаран сая төгрөг байсан. Газар нь тусдаа үнэлгээтэй юм. Энэ үнэлгээг нь манайхаас зөвшөөрөхгүй байсан өндөр байна гээд. Ахлах мэргэжилтэн Энхтулга, хэлтсийн дарга Баяр нар зөвшөөрөхгүй гэдгээ миний хажууд хэлж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Галсайханы /2хх-ийн 23/: “...2015 оны 1 сард Г.Түмэнжаргал нь Шибуяа япон хоолны газарт ирж хооллож байсан. Хэдний өдөр байсныг би санахгүй байна, би ер нь ажил ихтэй байдаг юм, 16 цагийн үед л юм, Түмэнжаргал над руу залгаад найз нь 2 хүнтэй танайх руу очлоо чи сул ширээ байлгаж байгаарай гэсэн, тэгээд удаагүй Түмэнжаргал 2 эрэгтэй хүний хамт ирсэн. Нэг нь бүдүүндүү настай нүдний шилтэй хүн байсан. Нөгөө нь залуу насны хүн байсан. Тэгээд тэр гурав нэг заалны голын шилэн хана дагуу ширээнд сууцгааж хоол захиалж идэж яриад л сууцгаасан. ...Түмэнжаргал тэр хоёр хүнтэй нилээд удаан суусан бараг оройн 22 цаг болгосон байх, нилээд сүүлд харахад архи ууж сууж байсан, тэр гурав цувраад л хамт гарцгаасан, Түмэнжаргал төлбөр тооцоо хийгээд араас нь гарсан. ...Газрын албаны хүмүүс гэж хэлж байсан өөр тодорхой юм яриагүй...” гэх мэдүүлэг,

гэрч Р.Отгончимэгийн /3хх-ийн 177/: “...сүүлдээ 550 сая төгрөгөөр тохирсон гээд нөхөр Түмэнжаргал надад хэлж байсан, тэгсэн энэ мөнгө манай нөхрийн дансанд 2014 оны 12 сарын сүүлчээр орж ирснээс хойш л Энхтулга гээд л ажилтан нь залгаад байдаг болсон, би эхэндээ мэддэггүй байсан, нөхөр утсаа авахгүй байдаг болохоор нь би хэн залгаад чи авдаггүй юм гээд асуухад Энхтулга ахлах мэргэжилтэн нь мөнгө нэхээд байдаг юм аа гэж хэлж байсан, тэгээд би нэг удаа утсаа аваад чанга дээр нь тавиад ярь даа юу гээд байгаа юм гэж хэлээд нөхрөөрөө утсыг нь авахуулахад тэр хүн төрийн сангийн дарга нь мөнгө нэхээд байна 40 сая төгрөг өг гээд шаардаад байсан. Үүнээс хойш дахин дахин залгадаг байсан гэдэг. Тэгсэн сүүлд нь он гарснаас хойш нөхөр Түмэнжаргал тэр хүнд 30 сая төгрөг өгснийг мэдсэн. Өгөх үед нь би мэдээгүй. Тэгсэн 2015 он гараад 1 сарын эхээр дахиад 30 сая төгрөгийг дарга гэх Баяр гээд хүнд өгсөн гэдгийг Түмэнжаргалаас сонссон юм... ” /2 хавтас, хх32-33/, “...Түмэнжаргалын дансанд мөнгө орсноос хойш Энхтулга гэж хүн байнга залгаж мөнгө нэхэж байсан. Манай нөхөр Түмэнжаргал “Энхтулга, Баяр хоёр мөнгө нэхээд залгаад байна, ёстой дарамттай юм аа” гэж надаа хэлж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч С.Намнансүрэнгийн /2хх-ийн 34/: “...2015 оны 03 сарын 10-ны үед би Түмэнжаргалынд очиход нүүлгээд л байж байсан. Түмэнжаргалынх ингэж хашаа байшин нь газарт ороод нөхөн олговор улсаас мөнгө авсан гэж байсан, гэхдээ хэдэн төгрөг авч байсныг би асууж байсангүй. Намайг Түмэнжаргалтай хамт явж байхад газрын албаны нэг хүн утсаар залгаад Түмэнжаргалтай ярьж байсан. Би хажууд нь суугаад л явж байхад тэгэхэд мөнгөө авъя гээд тэр хүн нь ярьж байсан нь надад сонсогдож байсан. Тэгээд би ярьж дууссаных нь дараа юун мөнгө яриад байгаа юм гэхэд Түмэнжаргал газрын албаны нэг нөхөр мөнгө нэхээд дарамтлаад байх юм, байнга л ярих юм гэхлээр нь би “улсаас газрыг чинь авч байхад тэр хүн яасан гэж мөнгө нэхдэг юм, битгий өг” гээд хэлж байсан. Энэ яриа 2014 оны 12 сарын 20-ны үед л болж өнгөрсөн юм. 2015 он гараад бас Түмэнжаргалтай хамт явж байхад дахиад л газрын албаны хүн нь залгаад ярьж байсан, ярьж дуусчихаад Түмэнжаргал нөгөө нөхөр мөнгө чинь бага байна нэмж 10 сая төгрөг өг гээд нэхээд байна гээд надад хэлж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Алтансүхийн /3хх-ийн 185-186/: “...Тухайн газар дээрх хөрөнгийн үнэлгээг Өмчийн харилцааны газраас хийж тухайн үнэлгээг иргэн өөрөө зөвшөөрөхгүй бол хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хийлгэдэг. Ингээд хоёр өөр үнэлгээ гарчихсан тохиолдолд Газар чөлөөлөх хэлтсээс иргэдтэй тохиролцох ажиллагаа хийнэ. Тохиролцсон тохиолдолд гэрээ байгуулж захирамжийн төсөл боловсруулан холбогдох бүх баримтуудыг хавсарган санал авах хуудсыг Өмчийн харилцааны газрын Санхүү, Захиргаа удирдлага, Хуулийн хэлтэс, орлогч дарга, газрын даргад танилцуулан санал авч гарын үсгийг зуруулан үүний дараа Нийслэлийн засаг даргын тамгын газарт очиж санал авч бүгд зөвшөөрч гарын үсэг зурагдсан тохиолдолд Нийслэлийн засаг даргын захирамж гарч төрийн сангаас манай Өмчийн харилцааны газар руу мөнгө шилжиж манай байгууллагаас тухайн иргэнд мөнгийг шилжүүлдэг. Газрыг чөлөөлөөгүй байхад нөхөн олговрыг 100 хувь өгдөг тохиолдол байхгүй байх. Учир нь газрыг чөлөөлүүлэхийн тулд нөхөн олговрын мөнгийг хувааж өгч түүгээр хөшүүргийн арга болгож ажлыг хурдан явуулдаг. Тусгайлан газрын даргын тушаалаар тохиролцох эрх бүхий субъектийг томилоогүй. Тохиролцох талаар газар чөлөөлөх хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон тус хэлтсийн мэргэжилтэнгүүдийн ажлын байрны тодорхойлолтонд тусгаж өгсний дагуу тухайн субъект энэхүү ажпыг зохион байгуулдаг. Энэхүү ажиллагааг Газар чөлөөлөх хэлтсийн дарга ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж тухайн иргэнтэй тохиролцсон учир манай байгууллага буюу Нийслэлийн өмчийн харилцааны газарт хохирол учирсан гэж үзэх үндэслэл байхгүй...” гэх мэдүүлэг,

Г.Түмэнжаргалын сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 113-114/: “…Манай орц гарцыг хаасан хүмүүс газрын албаны Энхтулгатай ярь гэдэг байсан. Энхтулга нь болохоор Н.Баяр дарга шийднэ гээд энэ хүмүүс хоорондоо намайг гүйлгээд байдаг байсан. … Тэгээд л Н.Баяр даргаас 550.000.000 төгрөг гэдэг санал гарч түүнийг би хүлээн зөвшөөрсөн. Тухайн мөнгө миний дансанд орж ирэхээс өмнө Энхтулга над руу утасдаад “танайх энэ удаа захирамжид төрийн сангаар дамжиж гарын үсэг зуруулна. Би хүн амьтанд мөнгө өгнө. Тийм болохоор чи надад 30.000.000 төгрөг өг” гэж хэлсэн. Би “тийм юм байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл над руу яг мөнгө шилжихээс өмнөхөн Энхтулга над руу “төрийн сан мөнгөө татна гэж байгаа, чи надад мөнгө өгөх юм уу” гэхээр нь би “үгүй” гэсэн. 2014 оны 12 дугаар сарын 22-нд миний Хаан банкны дансаар мөнгө бөөндөө орж ирсэн. Тэгээд удалгүй Энхтулга “мөнгө чинь орсон, би мөнгө авна” гээд над руу дахин дахин утасдаж мөнгө нэхдэг  болсон. Ингээд янз бүрийн юм ярьж намайг дарамтлаад байхаар нь би 30.0000.000 төгрөг аваад “Нарантуул” захын баруун талын уулзвараар төмөр зам гараад баруун гар талд байрлах хорооллын орчим машинтайгаа очиж Энхтулга миний машинд сууж тэндээсээ баруун гар тийш явж байгаад нэг зогсоол дээр зогссон. Энхтулга надаас 30.000.000 төгрөг аваад дахиад 10.000.000 төгрөг өг гэж шаардсан. Би яагаад дахин мөнгө нэхээд байгаа юм бэ гэхэд Энхтулга би хүмүүст мөнгө өгдөг юм гэж хэлсэн. ….2015 он гараад удаагүй байхад Н.Баяр дарга над руу залгаад “ирээд уулз” гэсэн. Би Н.Баяр даргатай уулзахад цирк тийш хөдлөөд явж байтал Н.Баяр дарга “чи надад мөнгө өг” гэсэн. Би “та нар яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм бэ, би өгөхгүй” гэж хэлсэн. Н.Баяр дарга “чи муу новшроод байгаарай” гэхээр нь би “танай Энхтулгад 30.000.000 төгрөг өгсөн шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл Н.Баяр миний урдаас салаавч гаргаад “та нар муусайнууд ингэдэг новшнууд” гээд хараагаад байсан. Тэгээд Энхтулгыг дуудсан. Энхтулга ирээд миний машинд суусан. Н.Баяр дарга Энхтулгаас “чи энэ хүнээс мөнгө авсан юм уу” гэхэд Энхтулга “аваагүй” гэсэн. Баяр нь Энхтулгыг загнаад байсан. Тэр хоёр машинаас буугаад юм яриад байсан. Тэгээд Энхтулга намайг “машинаас буугаад ир” гэсэн. Намайг машинаас буухад Н.Баяр зөрөөд суусан. Энхтулга намайг “чи одоо новшроод” гээд хараагаад байсан. Тэгснээ Энхтулга надад “чи бид хоёрыг нэг газар оруулаадах” гэхээр нь би “Наран” их дэлгүүрийн 3 давхарт байрлах Япон ресторанд  оруулаад хоол идэж байгаад Н.Баяр надад “чи надад мөнгө өг, би шийдвэр гаргасан хүн, зогсоож чадна шүү” гээд загнаад байсан. Энхтулга ч гэсэн хажуунаас хараагаад загнаад байсан. Тэгээд л би энэ мөнгийг нь өгөөд салъя гээд гэрээсээ 30.000.000 төгрөг аваад Н.Баярт авч ирж өгсөн. Тэгэхдээ би хоолны газрын гадаа өөрийн машинд дотор Н.Баярт 30.000.000 төгрөгийг 10.000-ын дэвсгэрт, 20.000-ын дэвсгэрт холиод өгсөн. Тэгээд би хоолны газар руу түрүүлээд орсон. Н.Баяр миний араас орж ирсэн. Тэгэхдээ мөнгөө бариагүй байсан. Мөнгөө хаана үлдээснийг би мэдэхгүй…” гэх мэдүүлэг болон нийслэлийн өмчийн харилцааны газрын санхүүжилтийн тооцоо /2хх-ийн 14-18/, нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдэгдэл /2хх-ийн 115/, Нийслэлийн өмчийн харилцааны газраас Г.Түмэнжаргалд мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 99/, Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээний хуулбар /1хх-ийн 103/, Нийслэлийн Засаг даргын захирамж /1хх-ийн 108/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Баяр, Э.Энхтулга нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “…шүүгдэгч нарын үйлдэлд “хясан боогдуулсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулсан…” зэрэг үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, мөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах талаар санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учрыг тайлбарлавал, Г.Түмэнжаргал нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “бүрэн дунд боловсролтой” гэж биеийн байцаалтаа өгсөн, сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоолууд, байцаалтын тэмдэглэлүүдэд “…уншиж танилцлаа…”, “…уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй…” гэж бичин, гарын үсгээ зурсан /1хх-ийн 7, 2хх-ийн 113-119/. Мөн мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар байцаах болон хэргийн материал танилцуулахдаа өмгөөлөгч Ц.Цэрэннямын хамт оролцуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг биелүүлсэн байх тул түүнийг “Монгол хэл, бичиг мэддэггүй” эсэхийг шалгах шаардлагагүй юм.

Мөн Н.Баяр, Э.Энхтулга нар албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр буюу “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүйг мэдсээр байж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалын “үл хөдлөх хөрөнгийн нөхөн төлбөрийн мөнгийг бүрэн авах” хэрэгцээ шаардлага, ашиг сонирхлынх нь үүднээс газрыг бүрэн чөлөөлсөн мэтээр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” үйлдэн гарын үсэг зурж, улмаар Г.Түмэнжаргалын дансанд үл хөдлөх хөрөнгийн нөхөн төлбөр шилжин орсноос хойш Э.Энхтулга нь удаа дараа мөнгө өгөхийг утсаар шаардаж, Н.Баяр нь биечлэн уулзан шаардаж, Г.Түмэнжаргалаас тус тусдаа 30.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль авсан үйл баримт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл Н.Баяр, Э.Энхтулга нар Г.Түмэнжаргалаас их хэмжээний хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар хээл хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу” гэснийг шүүх хүлээн авч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн гэж үзэж ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин шүүгдэгч нарын хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсныг дурьдаж байна. 

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Н.Баярын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 143056/0081 нэгж талбарын дугаар бүхийн 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 3б-5 тоотод байрлах 3 өрөө 191.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Н.Баярт, Э.Энхтулгын эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шүүгээ, 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг хувцасны шүүгээ, 2.975.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ком гал тогооны тавилга, 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг ор, 2.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг буйдан зэрэг нийт 7.975.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг Э.Энхтулгад тус тус буцаан олгохоор тогтов.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу Авлигатай тэмцэх газрын “Төрийн банк” дахь 900033401 дугаар дансанд байршуулсан 60.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

 

1. Тэгш овогт Нацагийн Баярыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Жинст овогт Эрдэнэболдын Энхтулгыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяраас 1.000.0000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

 шүүгдэгч Э.Энхтулгаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяр, Э.Энхтулга нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяр 78 /далан найм/ хоног, шүүгдэгч Э.Энхтулга 28 /хорин найм/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Н.Баяр, Э.Энхтулга нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Н.Баярын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143056/0081 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 3б-5 тоотод байрлах 3 өрөө 191.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Н.Баярт,

Э.Энхтулгын эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шүүгээ, 650.000 төгрөгийн өмчлөлийн 1 ширхэг хувцасны шүүгээ, 2.975.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ком гал тогооны тавилга, 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг ор, 2.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг буйдан зэрэг нийт 7.975.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг Э.Энхтулгад тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан Авлигатай тэмцэх газрын “Төрийн банк” дахь 900033401 дугаартай дансанд байршуулсан 60.000.000 төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч Н.Баяр, Э.Энхтулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Баяр, Э.Энхтулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                                       ШҮҮГЧИД                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                                                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ