Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 19

 

“Алтайн хар азарга групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 801 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0742 дугаар магадлалтай, “Алтайн хар азарга групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 801 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Алтайн хар азарга групп” ХХК-ийн Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг тус бүрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудын “Алтайн хар азарга групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0742 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан. Уг тендерт оролцсон “Геосан” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Геомин” ХХК, “Найманбат” ХХК, “Гео-Эрин” ХХК, “Жинст-Уул” ХХК, “Литолог” ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд хуулийн 52.1.7 дахь хэсэгт энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болохыг анхан шатны шүүх харгалзан үзэх боломжтой байсан. Сангийн яам дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэж хуулийн 55.3.1 дэх хэсэгт энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр хүчингүй болгосон нь хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна. Дээрх хууль нь тухайлсан зохицуулалттай, онцгой харилцааг зохицуулдаг хууль юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 825 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичгүүдийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийн хүчингүй болгосон. Дээрх тендер шалгаруулалтын хүчингүй болгосон шийдвэр нь хуулийг зөв ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан нь Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тухайлсан харилцааг нарийвчлан зохицуулсан байдгийг давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Захиалагч Уул уурхайн яам дээрх тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч болох нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр буюу мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоног дуусаагүй байхад байгуулсан нь хууль зөрчсөн. Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичигт дээрх гэрээ байгуулсан үйлдэл хуулийн 42.1.2 дахь хэсэгт захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр хуулийн зохицуулалтыг зөрчиж гэрээ байгуулсан болохыг мэдэгдсэн албан бичиг байсан. Давж заалдах шатны шүүх дээрх хуульд заасан хуулийн заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан боловч давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь буруу байх байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын тухайд: Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандсан мэт боловч түүний үр дагавар нь чиглэсэн этгээдийн хувьд шууд нөлөөлж эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тул захиргааны акт мөн байна. Харин энэхүү актыг хууль ёсны хэмээн маргаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд түүний дагуу Сангийн яам нь тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хүлээн авсан нь хууль ёсны байна. Учир нь тендерт оролцогчид нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр буюу гэрээ байгуулахаас өмнө гомдол гаргасан тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх ...” гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэжээ.

Дээрх заалтын дагуу Сангийн яам нь гомдлыг хүлээн авах эрхтэй ч шийдвэр гаргах ажиллагаа нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгээр зохицуулагдахаар байна. Уг зүйлд “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” гэснээс үзвэл захиргаа шийдвэр гаргахын тулд “гомдлыг авч хэлэлцэх”, улмаар захиалагч хууль зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагаа зайлшгүй явуулах ёстой байна.

“Гомдлыг авч хэлэлцэх” ажиллагаа нь захиалагч хууль зөрчсөн эсэхийг тогтоохын тулд гомдолд дурдсан үндэслэл бодитой эсэхийг холбогдох нотлох баримтыг үндэслэн хянан хэлэлцэхэд чиглэгдэнэ. Гэтэл хариуцагч албан бичигтээ “... өнөөдрийг хүртэл холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэснээс үзвэл хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй буюу “гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй” байтал “шийдвэрлэжээ”. Энэ нь хариуцагч “шийдвэр гаргах ажиллагааны алдаа” гаргасныг харуулж байна. Үүний улмаас гарсан шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгчийн хувьд сөргөөр нөлөөлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой хөндөж буй тул уг алдааг “хэлбэрийн төдий” гэж үзэхгүй. Иймд энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь захиргааны худалдан авах ажиллагааг тусгайлан зохицуулсан хэдий ч уг хуулиар захиргааны акт гаргахад сонсох болон мэдэгдэх ажиллагааг зохицуулаагүй /эсхүл өөрөөр зохицуулаагүй/ бөгөөд хориглоогүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсний дагуу хариуцагч тендерийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа уг хуулийг хэрэгжүүлэх ёстой байсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримталсан шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дахь хэсгийг үндэслэсэн тул шүүхийн зүгээс захиргаа уг зүйл, заалтыг зөв хэрэглэсэн эсэхэд л дүгнэлт өгнө. Иймд хариуцагчийн гомдолд дурдсанчлан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасны дагуу 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан” гэх гомдолыг хүлээн авах боломжгүй, маргаан бүхий актад гомдолд дурдсан хуулийн үндэслэлийг заагаагүй тул шүүх захиргааны өмнөөс түүний гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөн тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

Иймд, Сангийн яамны 2016 оны 5/4708 тоот албан бичиг нь хууль бус захиргааны акт бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тул хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот мэдэгдэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 4/63 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны “Тендер шалгаруулалтын тухай” 5/4708 дугаар албан бичигт шууд үндэслэсэн, өөрөөр хэлбэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь бие даан тендерийг хүчингүй болгоогүй, харин Сангийн яамны шийдвэрийг түүний үр дагавар нь чиглэсэн этгээдэд /нэхэмжлэгч болон тендерт оролцсон бусад этгээдэд/ “дамжуулан мэдэгдсэн” шинжтэй юм. Иймээс уг мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар ..., эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ...” гэх шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэгдлийг захиргааны акт мөн эсэхийг эхэлж шалгалгүйгээр хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн буруу байна. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 4/63 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0742 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55 дугаар зүйлийн 55.4...” гэснийг “... 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1...” гэж өөрчилж, “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” ... тус бүрийн ... бүхэлд нь ...” гэснийг хасч, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Алтайн хар азарга групп” ХХК-ийн гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                 Г.БАНЗРАГЧ