Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
Хэргийн индекс | 186/2022/0107/Э |
Дугаар | 2022/ШЦТ/136 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
2022 02 15 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан эрүүгийн 2111008040123 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Б, Улаанбаатар хотод, 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, мэргэжилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт амьдардаг гэх, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 381 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-511 тоотод төрсөн ах Т.Б-тэй маргалдан банзаар толгойн тус газар нь цохиж улмаар биед нь зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, цус хуралт, зүүн зулайд шарх, зүүн зулай чамархай, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Т.Б-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй, прокуророос яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохиролцохдоо Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүхээс хянавал зохих байдлыг бүрэн хянаж шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч Т.Б
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-тэй маргалдаж улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийг банз модоор цохиж зодон хүний биед зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, цус хуралт, зүүн зулайд шарх, зүүн зулай, чамархай, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Б мэдүүлсэн “...2021 оны 7 дугаар сарын 10-ны орой архи уучихаад гэртээ хоноод өглөө нь буюу 2021 оны 7 дугаар сарын 11-нд манай охин намайг эмээгийнхээ гэр рүү явна гээд сэрээсэн. Тэгтэл манай дүү Т.Б манай гэрт байж байсан. Нэг мэдэхэд хашааны үүдэнд дүүтэйгээ маргаж байсан ба манай дүү хашааны хугархай хадаастай банз аваад намайг цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 7060 тоот дүгнэлт “...Т.Б-н биед зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, цус хуралт, зүүн зулайд шарх, зүүн зулай, чамархай, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...миний бие Т.Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байх өөрийн төрсөн ах Болдмөнхийнд байсан. Тэгээд 10 цагийн үед би Болдмөнх ахыг ээжийнх руу явъя очиж баяр тэмдэглье гэж хэлсэн чинь явахгүй чи ээж дээрээ оч гээд байсан. Үүнээс болоод маргаан үүсээд миний уур хүрээд хашаан дотор байсан хашааны хадаастай банз аваад Болдмөнх ахын толгой руу нь нэг удаа цохьчихоод зугтаагаад явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүгдэгч Т.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдсан, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэгджээ.
Шүүгдэгч Т.Бы үйлдсэн гэмт хэргүүдийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Т.Б нь хохирогчоор мэдүүлэхдээ “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 12 дахь тал), Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан хүсэлтэндээ “...Миний бие дүү Т.Б-тай гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү” (хавтаст хэргийн 80 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокуророос яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар тохиролцож яллагдагчид танилцуулсан талаарх баримт (хавтаст хэргийн 87 дахь тал), улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь хэдийгээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 381 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн бусдын 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн боловч тэнсэгдсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, хохирогч Т.Б-тэй гэмт хэрэг үйлдэгдэн гарах үед маргалдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэдийгээр гэм буруугийн хувьд санаатай гэмт хэрэг боловч гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас төлөвлөсөн, бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурортой тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР