Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

2022.04.18                                    2022/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0099

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Ж.Батбаатар,

Хохирогч                                    З.Мөнхбаяр /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                   Ч.Баатарсүрэн  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Баатарсүрэнд холбогдох 2239000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Баатарсүрэнг 2022 оны 01 дүгээр сарын 31-ээс 2022 оны 02 дугаар сарым 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Мэхээрч гэх газар оршин суух Д.Зоригообаатарын гэрт хэрүүл маргаан үүсгэн З.Мөнхбаярыг араас нь татсан гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж З.Мөнхбаярын эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

`ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Хохирогч З.Мөнхбаяр нь: “эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд тооцож, 4.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч З.Мөнхбаярын өгсөн:..Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 01-ний өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд ээж Чиннараагийн хамтаар гэртээ амарч байсан чинь гаднаас манай аав Зоригообаатар, Баатарсүрэнгийн хамтаар архи уучихсан бололтой халамцуу орж ирсэн. Тэгээд аав Зоригообаатар гэртээ Баатарсүрэн ахын хамтаар 1 шил архи уугаад сууцгааж байснаа Баатарсүрэн дахин архи ууя гэсэн чинь манай ээж одоо боль гээд Баатарсүрэнг харьж амар гэсэн чинь манай аав Зоригообаатар за тэгье гэсэн чинь Баатарсүрэн нь нэлээн уурламдаг эхнэртэй толгойгоо мэдүүлчихжээ, би бөх хүн цагтаа бяртай байсан үе байгаа шүү гээд манай аавтай маргалдаад орон дээр дараад унахаар нь би ардаас нь болиоч ээ гээд Баатарсүрэн ахыг татсан чинь Баатарсүрэн ах намайг эргэж хараад баруун гараараа миний хамар хэсэгт цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гараад янгинаад байхаар нь би гэрийнхээ толинд харсан чинь мурийчихсан байсан. Тэгээд Баатарсүрэн ах агсараад дийлдэхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудпага өгсөн...Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал 4 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

Гэрч Д.Зоригообаатарын өгсөн:..Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор тухайн айлаас гараад Баатарсүрэнгийн машинд ороод унтчихсан байсан чинь Баатарсүрэн намайг сэрээгээд таныг хүргэж өгье гээд манай гэр рүү явсан. Баатарсүрэн нь 2022 оны 01 дүгээр сарын 31-с 02 дугаар сарын 01-ний өдрийг шилжих шөнө буюу-01 цагийн үед намайг гэрт минь хүргэж ирэхээр нь би авдарнаасаа “хар экс” нэртэй 0.5 грамын архи гаргаж ирээд Баатарсүрэнтэй хуваагаад ууж байсан чинь манай эх*******Чиннараа одоо амарцгаа гэхээр нь би -за одоо амарлаа гэсэн чинь Баатарсүрэн нь намайг гэрээсээ хөөлөө, эхнэртээ толгойгоо мэдүүлчихжээ, би цагтаа цалгиж явсан бөх хүн шүү гээд намайг заамдаж орон дээр унагаагаад 1 цохисон. Тэгсэн чинь Баатарсүрэнгийн ардаас нь манай хүү Мөнхбаяр болиоч ээ гээд татсан чинь эргэж хараад манай хүү Мөнхбаярын хамар хэсэгт цохисон. Тухайн үед Мөнхбаярын хамраас их цус гарсан мөн мурийсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

 

Гэрч Д.Чиннараагийн өгсөн:... 2022 оны 02 дугаар сарын 01-ний 00 цаг 30 минутын орчимд манай нөхөр Баатарсүрэнгийн хамт согтуу гэртэй ирсэн. Тэгээд би хоол унд хийж өгөөд гэрээс гараад аргал аваад гэрт орж ирсэн чинь манай нөхөр Зоригообаатар хөргөгчинд байсан архинаас нэг шилийг гаргаад задалж байсан. Тэгэхээр нь би одоо болно сар шинэ болох гэж байна тэгээд ч орой болсон байна гэж хэлээд нөгөө архийг нь авсан чинь Баатарсүрэн нь манай нөхөрт хандаж та чинь эхнэрийнхээ мэдэлд орчихсон дууссан эр байна гэж хэлэн хэрүүл эхэлсэн. Тэгээд манай нөхөр ширээний хажуунаас босоод зүүн оронд дээр очин бүхлээрээ хэвтсэн чинь Баатарсүрэн араас нь босож ирээд манай нөхрийг татаад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгэхээр нь манай хүү баруун орон дээрээс унтаж байснаа босож ирээд тэр хоёрыг салгах гээд Баатарсүрэнгийн мөрөн дээрээс нь татсан чинь Баатарсүрэн эргэж хараад шууд манай хүү Мөнхбаярын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон чинь манай хүү Мөнхбаярын хамар нь мурийгаад хамраас нь цус нэлээн их хэмжээгээр гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дүгээр сарын 10-ны   өдрийн 127 дугаартай дүгнэлт:

 

1. З.Мөнхбаярын биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэп' хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 19-20 хуу /

Д.Зоригообаатарын биед тогтоогдсон баруун нүдний хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд хэсэг, зүүн шанаа хэсгүүдийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дүгээр сарын 14-ний   өдрийн 156 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/

 

Ч.Баатарсүрэнгийн яллагдагчаар өгсөн:...Зоригообаатар бид 2 Энхбаатарын гэрээс гараад Мөөжиг гэх айлын гэр рүү очиж 1 шил 0.75 граммын архи уугаад шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р баг Мэхээрч гэх газрын зүүн хэсгээр нутаглах Зоригообаатарын гэрт очиж Зоригообаатарыг за ирчихлээ гэртээ орж амар гэсэн чинь Зоригообаатар авдарнаасаа 1 шил 0.5 граммын архи гаргаж ирээд цуг ууя гэхээр нь би зөвшөөрөөд гэрт нь цугтаа архиа задлаад 2 хундага уугаад байж байсан чинь Зоригообаатар эхнэртэйгээ нийлээд гэнэтхэн хөөж туугаад гуйлгачинтай харьцаж байгаа юм шиг зан гаргаад байхаар нь би намайг хөөлөө гэж хэлээд Зоригообаатарыг заамдаад баруун гараа хагас атгаад гарын алганы дотор талаар баруун нүдний орчимд 1 удаа цохисон чинь Зоригообаатарын хүү Мөнхбаяр ардаас татахаар нь би эргэж хараад хамар хэсэгт нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьчихсон...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

Хохирогч З.Мөнхбаяр нь хамар заслын төлбөр болон үзлэгийн төлбөрт 650.000 төгрөг төлсөн тухай орлогын баримт /хх-ийн 27 хуу/

Ч.Баатарсүрэн нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуу/

Ч.Баатарсүрэнгийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 42 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/

Ч.Баатарүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч З.Мөнхбаярын ХААН банкин дахь дансанд 650.000 төгрөгийг “хохирлын төлбөр” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 103 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ээс 2022 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Мэхээрч гэх газар оршин суух Д.Зоригообаатартай “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдах үедээ хохирогч З.Мөнхбаярыг нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж  хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч З.Мөнхбаяр, гэрч Д.Зоригообаатар, Д.Чиннараа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч  Ч.Баатарсүрэн нь хохирогч З.Мөнхбаярын нүүрэнд цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Баатарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч З.Мөнхбаяр нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд тооцож 4.000.000 төгрөг нэхэмжилснээс хамар заслын төлбөр болон үзлэгийн төлбөрт 650.000 төгрөг төлсөнөөс бусад нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул нэхэмжлэлээс 3.350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүхээс тогтоосон 650.000 төгрөгийн хохирлыг төлөх хүсэлт гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч З.Мөнхбаярын ХААН банкин дахь 5421314989 тоот дансанд 650.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 103 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох хийлгэх ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Сэнгэ овгийн Чулуунбатын Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баатарсүрэнг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч З.Мөнхбаярын эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд тооцож нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Баатарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баатарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ