Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар  2022/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

 2022          04          19                                         2022/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

27.10

Хэргийн индекс: 180/2022/0096/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Жавхлан

Шүүгдэгч                                                       З.Энхнаст  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Энхнастад холбогдох 2139002950075 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр   өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч З.Энхнастыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хэнтийгээс Дорнодын чиглэлийн асфальтан засмал зам дээр 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед согтуурсан үедээ /драгер багажаар шалгахад 0.51% промиль, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 61-62 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “аксент” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцпог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 23.9 Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, Гурав. Жолоочийн үүрэг 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Ц.Дариймаагийн биед зүүн 2,3,4-р хавирганы хугарал, баруун, зүүн талын олон хавирганы цууралт, хүзүү эрүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвууны 5-р хуруунд мэс заслын оёдол бүхий шарх, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, ослын газрын бүдүүвч зураг  /хх-ийн 6-7, 9-12 хуу/

Хохирогч Ц.Дариймаагийн өгсөн:... Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Нарийн голын 5-6 тоотод байрлах гэртээ байж байхад Н.Лхагва эгч над руу залгаад цуг салхинд гаръя гэхээр нь би цуг явахаар болсон. Тэгээд би Н.Лхагваа эгчийнд очсон чинь Энхнаст ах, Лхагва эгч болон түүний нөхөр Мөнхсүрэн хүүхдүүд нь болох Энхбаасан, Энхбаярмаа, Энх-Өлзий, Яргуй нарын хамтаар байж байсан. Тэгээд бид нар Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг Идэрмэг хөдөө хэсэгт очихоор болоод Энхнаст ах 61-62 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод урд талд буюу жолоочийн хажуу тал би суугаад ард Мөнхсүрэн ах, Лхагва эгч, Энхбаасан, Энхбаярмаа, Энх-Өлзий, Яргуй нарын хамтаар суугаад Батноров сумын 5 дугаар баг Идэрмэг рүү явсан. Тэгээд бид нар Идэрмэгт Гантулгын гэрт очиж хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 09-р сарын 07-ны өглөөний 07 цагийн орчимд Энхнаст ах Базарсад ахын гэр рүү очиж ямаа аваад ирсэн. Тэгээд Гантулгын намаржаан дээр нь Базарсад ахын гэрээс авч ирсэн ямаагаа боож идээд сууж байхад хэн архи гаргаж ирснийг нь хараагүй 1 шил 0.75 граммын “Цагаан архи” *******тэй архи гаргаж ирээд хувааж ууж суугаад ямааныхаа хорхогийг идэцгээсэн. Тэгээд 14 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төв рүү явахаар болоод Энхнаст ах 61-62 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод урд талд буюу жолоочийн хажуу тал би суугаад ард талын суудал дээр Мөнхсүрэн ах, Лхагва эгч, Энхбаасан, Энхбаярмаа, Энх-Өлзий, Яргуй зорчин явсан. Тэгээд 15 цагийн орчимд Янжийн арал гэх газарт очиж зогсоод 1 шил архи задлаад Мөнхсүрэн ах, Лхагва эгч, Энхнаст ах 3 хувааж уусан. Би тэгэхээр нь машиныг чинь баръя би архи уугаагүй юм чинь гэсэн чинь Энхнаст ах зүгээрээ зүгээр би өөрөө барьчихъя гээд Энхнаст ах өөрөө машинаа жолоодоод цааш хөдөлсөн. Тэгээд шороон замаар явж байгаад Хэнтий аймгийн төв рүү явах асфальтан зам руу ороод нэлээд хурдтай яваад байсан. Тэгээд машин нь дайвалзаад 2 тийшээ займчаад байхаар нь би жолоочийг та хэтэрхий яваад байна гэж хэлээд байж байхад л осол болсон. Би яг яаж осолдсон талаар санахгүй байна. Би ухаан орохдоо машин дотор хэвтэж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан...Энхнаст ах тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхдаа шороон зам дээр 60 км орчим харин асфальтан зам дээр 100 км орчим хурдтай явж байсан байх гэж бодож байна....Энхнаст ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энхнаст ах нэлээн согтсон байсан. Гуйваад байхаар нь би Янжин арал дээр машин баръя гэж хэлсэн ч Энхнаст ах жолоо бариад явсан.... Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Х.Энхтайваны өгсөн:... Би 61-62ХЭҮ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зэрийнаагийн Энхнаст гэдэг хүнд зарсан, бүх төлбөр мөнгөө тухайн үед нь авчихсан надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

           

Гэрч Д.Лхагвын өгсөн:... Хэнтий аймгаас зүүн урд байдаг “Янжийн арал” гэх газар зогсоод Энхнаст нь өөрийнхөө машины зүүн хойд талын дугуйг солих зуураа манай нөхөр Мөнхсүрэнтэй, Энхнаст нь 1 шил цагаан гэсэн *******тэй 0,75 граммын архи хуваагаад уусан. Ингээд би Мөнхсүрэн, Энхнаст хоёрыг бүүр тасарчихна гэж бодоод нөгөө архийг нь тал нь байхад нь би булааж аваад машиныхан суудлын ард нь хийсэн юм. Тухайн үед Даариймаа нь Энхнастад хандан “Та согтуу юм чинь түлхүүрээ өгчих би машин баръя” гэж хэлэхэд Энхнас нь “би зүгээрээ” гэж хэлээд өөрөө машинаа барихаар болсон юм. Ингээд уг газраас 15 цагийн орчимд Хэнтий аймаг руу хөдөлсөн тухайн үед тээврийн хэрэгслийг Энхнаст бариад, хажуу талд нь Даариймаа өөрийнхөө охин Энхбаярмаатай урд нь суусан, харин жолоочийн ар талын суудалд Мөнхсүрэн, Энх-Өлзий, Энхбаасан, Яргуй бид нар сууж явсан. Ингээд засмал замтай нийлээд явж байтал тээврийн хэрэгсэл зам дээр хоёр удаа бөгсөө хаяаад замын хойд талын хөвөө рүү шидэгдээд хоёр удаа хөрвөөгөөд кабин хэсэг нь доошоо хараад дугуй нь дээшээ харсан байсан. Ингээд Энхнаст нь тээврийн хэрэгслийнхээ цонхыг хагалаад бид нарыг машинаас гаргасан юм... Уг ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Гэрч О.Баасансүрэнгийн өгсөн:... Би Хэнтий аймгийн Батноров сумаас 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төв эмнэлэгт үзүүлэх санаатай өөрийн бага хүү Яргуй /2 настай/ нь хамт ирсэн юм. Ингээд би Хэнтий аймгийн төвд байх хугацаандаа өөрийн хадам ээж болох Лхагвын гэрт нь хүүгийн хамт байсан юм. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай хадам ээж Лхагва нь Хэнтий аймгаас зүүн зүгт байрлах “Идэрмэг" гэх газар руу явахаар болоод би өөрийн хүү Яргуйг хамт өгөөд явуулсан юм. Ингээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байхад над руу дүү Мөнхбаасан залгаад “Та эмнэлэг дээр хүрээд ир бид нар осолд орчихлоо” гэж хэлэхээр нь би шууд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яваад очтол манай хадам ээж Лхагва надад хандан бид нар зам тээврийн осолд орсон гэж хэлсэн... Миний хүү Яргуйн биед ямар нэгэн шарх учраагүй, би хүү Яргуйг шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

 

Э.Энх-Өлзийгийн биед тогтоогдсон зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 17-ны өдрийн 455 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 хуу/

Э.Энхбаасангийн биед тогтоогдсон духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 17-ны өдрийн 456 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 хуу/

Г.Мөнхсүрэнгийн биед тогтоогдсон зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 17-ны өдрийн 453 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 хуу/

Н.Лхагвын биед тогтоогдсон духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 17-ны өдрийн 454 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/

Э.Энхбаярмаагийн биед тогтоогдсон духанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 17-ны өдрийн 457 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 23-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт:

1. Ц.Дариймаагийн биед зүүн 2,3,4-р хавирганы хугарал, баруун, зүүн талын олон хавирганы цууралт, хүзүү эрүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвууны 5-р хуруунд мэс заслын оёдол бүхий шарх, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

3.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5  Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 70-72 хуу/

2022 оны  01 дүгээр  сарын 21-ний өдрийн мөрдөгчийн магадлагаанд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх З.Энхнаст нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан дараах дүрмүүдийг зөрчсөн байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 23.9.Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; Гурав. Жолоочийн үүрэг .1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна гэжээ  /хх-ийн 75-77 хуу/

З.Энхнастын яллагдагчаар өгсөн:.. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 91 хуу/ 

З.Энхнастыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 21.00 цагт шалгахад амьсгал дахь спиртын агууламж 0.51 байсан тухай тэмдэглэл /хх-ийн 08 хуу/  

З.Энхнастын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 хуу/

З.Энхнаст нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуу/

З.Энхтнаст нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг тодорхойлсон  жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 99 хуу/     

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 128-129 хуу/

Хохирогч Ц.Дариймаагийн гаргасан “З.Энхнаст нь эмчилгээний зардалыг бүрэн төлсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 136 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  З.Энхнаст нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 61-62 ХЭҮ улсын дугаартай Hyundai accent маркийн машин жолоодож явахдаа замын хажуу руу онхолдож зорчигч Ц.Дариймаагийн биед зүүн 2,3,4-р хавирганы хугарал, баруун, зүүн талын олон хавирганы цууралт, хүзүү эрүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух, зүүн чихний дэлбэн, баруун сарвууны 5-р хуруунд мэс заслын оёдол бүхий шарх, духанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З.Энхнаст нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Даариймаа, гэрч Н.Лхагва нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Дээрх зам тээврийн осол нь шүүгдэгч З.Энхнаст нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12.1 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг ослын улмаас хохирогч Ц.Дариймаагийн  биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

 

 Тухайн үед 61-62 ХЭҮ улсын дугаартай  Hyundai accent маркийн автомашиныг З.Энхнаст нь жолоодож явсан болох нь шүүгдэгч З.Энхнаст болон хохирогч, гэрчийн  мэдүүлэгээр тогтоогдсон,  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул З.Энхнастыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч З.Энхнастын дээрх үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Энхнаст нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь  2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн жолоочийн лавлагаагаар /хх-ийн 99 хуу/ тогтоогджээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль () илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх ба З.Энхнастын амьсгал дахь спиртийн агууламж 0.51% илэрсэн байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.

Мөн хохирогч Ц.Дариймаа нь...15 цагийн орчимд Янжийн арал гэх газарт очиж зогсоод 1 шил архи задлаад Мөнхсүрэн ах, Лхагва эгч, Энхнаст ах 3 хувааж уусан... Энхнаст ах нэлээн согтсон байсан, гуйваад байхаар нь би Янжин арал дээр машин баръя гэж хэлсэн ч Энхнаст ах жолоо бариад явсан... гэж мэдүүлэг өгсөн, гэрч Д.Лхагва нь...Энхнаст нь өөрийнхөө машины зүүн хойд талын дугуйг солих зуураа манай нөхөр Мөнхсүрэнтэй, Энхнаст нь 1 шил цагаан гэсэн *******тэй 0.75 граммын архи хуваагаад уусан...гэж  мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээрээс үзэхэд шүүгдэгч З.Энхнастыг хэрэг гарах үед согтуурсан байсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч З.Энхнастыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ц.Дариймаа нь “З.Энхнаст нь эмчилгээний зардалыг бүрэн төлсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 136 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэсэн  дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар  хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Зэрийнаагийн Энхнастыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Энхнастад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч З.Энхнастад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хязгаарлалтыг  зөрчвөл тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож,  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч З.Энхнастад  оногдуулсан  тээврийн  хэрэгсэл жолоодох  эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  тоолсугай.

 

  1. Шүүгдэгч З.Энхнаст нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Энхнастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ОДХҮҮ