Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

2022.04.19                                    2022/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0097/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                          Ж.Батбаатар

Шүүгдэгч                                        Г.Ганбаяр  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганбаярт холбогдох 2239000630068 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Ганбаярыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Мөрөн сумын төвийн 4 дүгээр баг сумын төвд нийтийн байрны гадаа “хаалга үүд тогшоод амраахгүй байна ” гэх шалтгаанаар Ш.Бум-Эрдэнийн баруун хөмсөг орчим гараараар цохиж баруун хөмсөгт язарсан шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ш.Бум-Эрдэний өгсөн:...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой ажил тараад өөрийн гэртээ хамт ажилладаг багш Баяр-Энхтэй ирээд 0.75 л соёрхол *******тэй архи 1 шилийг уусан. Ингээд архи дууссаны дараа хамт ажилладаг Баяр-Энх багш гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ байж байгаад сумын тамхи зардаг дэлгүүр рүү явж тамхи авах санаатай очсон чинь дэлгүүр хаалттай байхаар нь эргээд гэр рүүгээ ганцаараа явж байх замдаа сумын төвд байдаг түрээсний байранд амьдардаг багш Золбоосүрэн, Жанбото нарын гэр рүү орох гээд эхлээд Золбоосүрэнгийн гэрийн хаалгыг тогшсон боловч хаалгаа тайлахгүй гадаах цонх нь гэрэлтэй байхаар нь цонхыг нь тогшиж байхад үл таних залуу Золбоосүрэнгийн гэрээс гарч ирээд яагаад хаалга үүд тогшоод амраахгүй байна гээд баруун гараараа миний нүүрний баруун нүд хөмсөгний орчимд цохиж гэмтэл учруулсан. Ерөнхийдөө ийм л асуудал болсон....Би дээрх залууг танихгүй. Манай сургуулийн багш Золбоосүрэнгийн найз залуу нь юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Гэрч Д.Золбоосүрэнгийн өгсөн:...Би тухайн үед болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа яваад орой найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд цуг уусан хүмүүс маань намайг гэрт хүргэж ирсэн  юм л даа. Ингээд маргааш өглөө нь манай найз залуу Ганбаяр надад хэлэхдээ: Чамайг өчигдөр орой ирснээс хойш 30-40 минутын дараа гэрийн хаалга болон цонхыг нэг согтуу хүн тогшоод амраахгүй болохоор нь  гарч очоод уулзсан чинь тэр хүн намайг хэл амаар доромжлоод байхаар гараараа цохьчихсон гэж хэлсэн. Ингээд би найз залуугаа ямар хүнтэй тухайн шөнө муудалцсан талаар асуухад  манай ажлын биеийн тамирын багш Ш.Бум-Эрдэнэ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны   өдрийн 79  дугаартай дүгнэлт:

1. Ш.Бум-Эрдэний биед баруун хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт  / хх-ийн 22-23 хуу /

 

Яллагдагч Г.Ганбаярын өгсөн:.. Тухайн үед Бум-Эрдэнэ гэх хүн миний амгалан тайван байдлыг алдагдуулж найз охин Золбоосүрэнгийн гэрт байхад гаднаас согтуу гэрийн хаалга тогшоод Золбоосүрэн унтаж байна та хариад амарчих гэх үед тэр хүн надад агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэж өөрөө эхэлж намайг хэл амаар доромжилж эхэлж цохьсон. Ерөнхийдөө ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/

 

Г.Ганбаяр нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуу/

Г.Ганбаярын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 33 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ганбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын төвийн 4 дүгээр багт байх нийтийн байрны гадаа хохирогч Ш.Бум-Эрдэнэтэй “шөнийн цагаар хаалга тогшоод амраахгүй байна” гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь гараараа цохиж баруун хөмсөгт язарсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Ганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Бум-Эрдэнэ, гэрч Д.Золбоосүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч  Г.Ганбаяр  нь хохирогч Ш.Бум-Эрдэнийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун хөмсөгт язарсан шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Ганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Бум-Эрдэнэ  нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял  оногдуулах дүгнэлтүүдийг гаргасан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Савга овгийн Гантөмөрийн Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Ганбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Ганбаяр нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ