Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар  2022/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

2022.04.19                                    2022/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0095

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                   Г.Галсан  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Галсанд холбогдох 2239000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Галсан нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Дожирын ар” гэх газарт байх Эрдэнэбатын гэр дотор Б.Гандугарыг “хулгайч минь чи миний гүүг хулгайлсан, танай урд нүүж ирнэ” гэж хэлснээс үүдэн уурлаж Б.Гандугар руу сэнжтэй аяга шидэж түүний эрүүл мэндэд зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Гандугарын өгсөн:.. 2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна одоо яг хэдний өдрийг нь хэлж мэдэхгүй байна, намайг гэртээ байж байхад хуц ухна авдаг Мөнх-Оргил гэх залуу манай урдхан нутагладаг Пагамжав тэр хоёр манайд ирсэн юм.  Тэгээд би гэртээ байсан Соёрхол *******тэй 1 шил архи, нэг том пиво гаргаад тойруулж ууцгаасан, архинаас нь Пагамжав уугаагүй, Мөнх-Оргил бид хоёр хувааж ууцгаагаад бид гурав манайд хоносон. Тэгээд маргааш өглөө Пагамжав, Мөнх-Оргил бид гурав манайхаас урагшаа нутагалдаг Норовоо гэх ахынх руу хуц ухна асуухаар очсон. Тэгсэн Норовоо ах 1 шил архи гаргаж бид хэдэд тойруулж өгсөн. Тэгээд Норовоо ахын гаргаж өгсөн архийг уучихаад Мөнх-Оргил, Пагамжав, Норовоо ах бид хэд Норовоо ахын гаднаас Галсан гэх айл руу Пагамжавын машинтай очсон. Галсан гэх айл руу ороход гэрт нь гэрийн эзэн Галсан эх******* хүүхдүүдтэйгээ байж байсан. Бид хэдийг ороход Галсан 1 шил архи гаргаж ирээд тойруулж байсан. Би тухайн үед нэлээн согтуу ухаан орж гараад байсан юм. Тэгээд нэг мэдсэн Эрдэнэбат ахынд ирчихсэн миний толгойноос цус гарч байсан. Тэгэхэд Эрдэнэбат ах миний дүү тайван бай Галсан чиний толгойг аягаар цохьчихлоо, хөдөлж болохгүй шүү гээд намайг тайвшируулаад суулгасан...Галсан гэх хүн юунаас бол миний толгой руу аягаар цохьсныг нь мэдэхгүй байна....Галсан гэх хүн миний толгойг аягаар цохьсныг нь бол би мэдээгүй, Эрдэнэбат ах л Галсан чиний толгойг аягаар цохьчихлоо гээд намайг газар суулгаж байсныг санаад байгаа юм... Зүүн духны хуйханд яазарсан шархтай байсан. Тухайн үед гэртээ ирээд байж байхад манай эх******* түргэний эмч дагуулж ирээд үзүүлсэн. Тэгээд эмч нь оёдол тавьж өгье гэхэд нь манай эх******* оёдол тавиулаад цаагуураа бугалчихдаг юм гээд оёдол тавиулахгүй эдгээчихсэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

 

Гэрч Р.Пагамжавын өгсөн:....би өөрийн цагаан өнгийн X-трайл маркийн тээврийн хэрэгслийнхээ цонхийг янзлах гээд гэрээс нь гарсан байсан. Төд удалгүй намайг Эрдэнэбатын гэрт ороход Гандугарын зүүн чамархайнаас цус гарчихсан байхаар нь юу болсон юм бэ гэтэл Галсан над руу аяга шидээд ийм болгочихлоо гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Гэрч П.Мөнх-Оргилын өгсөн:... Тухайн үед би нэлээн согтоод унтаад өгсөн.  Харин маргааш өглөө нь би сэрээд байж байхдаа Гандугарыг харсан чинь Гандугарын зүүн хацарны дээр шалбарчихсан бололтой цус гараад хатчихсан байхаар нь наадах чинь яачихсан юм бэ гээд Гандугараас асуухад Гандугар надад юм хэлээгүй. Тэгсэн чинь Эрдэнэбат хэлэхдээ Галсан нь Гандугарыг аягаар шидчихсэн юм аа гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

 

Гэрч Б.Аззаяагийн өгсөн:.... манай нутгийн хүмүүс болох Гандугар, Мөнх-Оргил, Пагамжав, Норовсамбуу, Галсан нар манайд ирчихсэн зарим нь гадаа машин дотроо сууж байсан. Харин Мөнх-Оргил болохоор манайд унтаж байсан. Тэр хэд болохоор архи уусан байдалтай байсан тэр хэдээс Пагамжав нь эрүүл байх шиг байсан. Тэгээд тэр хэдийг манайхаар нэг их ирээд байдаггүй болохоор би гэрт байсан “Талын хар” *******тэй Хятад архийг гаргаж ирээд Норовсамбуу ахад та наад хэдтэйгээ тойруулаад уучих аа гээд өгсөн. Тэгээд би гарч ойр зуурын юм хийж байгаад гэрт орж ирэхэд нөгөө хэд хоорондоо юм яриад архиа тойруулж байсан. Тэгэхэд Мөнх-Оргил бол тэр архинаас уугаагүй унтаж байсан. Тэгээд гэрээс буцаж гараад үхрийнхээ баасыг аваад байж байхад Галсан аахилж уухичсан байдалтай гэрээс гарч ирсэн. Тэгэхээр нь юу болов гээд гэрийн гадаа очиход Эрдэнэбат гэртээ ирчихсэн гэрээс гарч ирснээ би Галсанг хүргээд өгчихъе гэхээр нь чи гэртээ байж бай наад Галсанг чинь хүргэж өгөхгүй бол дөвчигнөөд хамт байгаа хүмүүсээ хэл амаар идээд ядаргаатай байдаг юм би гэрт нь хүргээд өгчихъе гээд Галсанг машиндаа суулгаад шууд гэрт нь буулгаж өгчихөөд харихад манай хүн Галсан, Гандугарыг сэнжтэй аягаар цохьчихсон гэж хэлсэн. Тэгэхэд Гандугарын толгой нь хагарчихсан манай орны бүтээлэг энэ тэр цус болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

 

Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн:.. гэртээ ороход манайд Гандугар, Мөнх-Оргил, Пагамжав, Норовсамбуу, Галсан нар ирчихсэн. Мөнх-Оргил болохоор манай баруун орон дээр унтаж байсан. Гандугар, Галсан, Пагамжав, Норовсамбуу нар 1 шил талын хар *******тэй архи тойруулаад дуусаж байсан. Тэгээд би хувцсаа тайлаад тэр хэдийн хажууханд суугаад мэнд усаа мэдэлцээд сууж байхад Гандугар, Галсан хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн, баруун орон дээр болохоор Мөнх-Оргил унтаж байсан наад талд нь Галсан, Гандугар хоёр сууж байсан, Норовсамбуу, Пагамжав хоёр болохоор ширээний хойд талд миний хажууханд сууж байсан. Тэгсэн Галсан барьж байсан сэнжтэй аягаараа гэнэт Гандугарын толгой руу цохиод авсан. Тэгэхэд Гандугарын толгойноос цус гоожоод ирэхээр нь би Галсанг чи яаж байгаа юм хүний толгой хагалчихлаа шүү дээ гээд Галсанг аваад гэрээс гарсан...Намайг сууж байхад тэр хоёр баруун орон дээр зэрэгцээд суучихсан, бие биенээ үгээр идээд, хоёр биенээ хулгайч энэ тэр гэж байснаа л Галсан нь бариад сууж байсан аягаараа толгой руу нь цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 18-ны   өдрийн 42 дугаартай дүгнэлт:

 

1.2.  Б.Гандугарын биед толгойн зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуу /

 

Г.Галсангийн яллагдагчаар өгсөн:...2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна одоо яг хэдний өдрийг нь хэлж мэдэхгүй тэр өдөр дөнгөж босоод байж байхад 10 цагийн үед Пагамжав, Гандугар, Оргил, Норовсамбуу нар манай гадаа машинтай ирж зогсоод манайд орж ирээд бүгд манайд тарж сууцгаасан. Тэгээд би ч хүн орж ирж байгаа юм чинь яаж зүгээр байх вэ гээд гэрт байсан хугас шилтэй Чингис архи гаргаж ирж нөгөө хэдэд тойруулж өгсөн. Намайг хойд талын орон дээр сууж байхад Пагамжав гэх залуу нь миний хажууд сууж байснаа миний ханцуйнаас барьж авснаа чи хуц нийлүүлдэг хэн бэ гэж хэлсэн. Тэгсэн Оргил гэх залуу нь зуухны хажууд дээгүүрх дээлээ тайлж байснаа шууд харин тиймээ чи хуц нийлүүлээ биз дээ гэж хэлснээ шууд миний баруун мөр рүү мөргөөд авсан. Тэр үед нь би орон дээр арагшаа саваад савахдаа гэрийн хананд толгойгоо хальт цохьсон. Тэгэхдээ гэмтэл учирахаар цохиогүй. Тэгсэн Гандугар гэх залуу нь шүүгээний хажууд байсан сүүг асгачихсан манай эх*******тэй хэрэлдээд байхаар нь та нар согтсон байна  бүгдээрэй гэрээс гаръя гээд гарцгаасан. Тэгсэн нөгөө хэд Баян-Овоо сум орж архидна гэснээ намайг машинд бараг хүчээр түлхэж оруулснаа Баян-Овоо сум руу хөдлөөд явцгаасан. Тэгэхээр нь та нарыг би дагаж яваад хөлд чинь чирэгдэнэ шүү дээ, Эрдэнэбатынхаар оръё гэж хэлсэн, тэгсэн нөгөө хэд ч мөн Эрдэнэбатынхруу оръя гээд гэрийнх нь гадаа ирсэн, тэгээд Эрдэнэбатын гэрт ороход Эрдэнэбат гэртээ байгаагүй, гэрт нь Эрдэнбатынд хүргэн нь, мөн нэг настай эмэгтэй байсан, тэгээд хэсэг байж байхад Эрдэнэбат гэртээ ирээд бид хэдэд Талын хар *******тэй архи гаргаж ирээд тойруулсан, би тэр архинаас нь уугаагүй, тэгсэн Гандугар гэх залуу намайг хулгайч энэ тэр гээд босож ирээд намайг заамдаад авахаар нь би заамдсан гарыг нь угзарч тавиулаад ширээн дээр байсан шинжтэй аягыг Гандугар луу чулуудчихаад шууд гэрээс нь гарсан, тэгсэн Эрдэнэбат гарч ирээд намайг гэрт маань хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

Г.Галсан нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/

Г.Галсаны иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 77 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 84-85 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Галсанд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Галсан нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Дожирын ар” гэх газарт байх Б.Эрдэнэбатын гэрт хохирогч Б.Гандугартай согтуугаар маргалдан аягаар толгойд нь цохиж зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Галсан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Гандугар, гэрч Б.Эрдэнэбат, Р.Пагамжав, П.Мөнх-Оргил,  Б.Аззаяа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч  Г.Галсан  нь хохирогч Б.Гандугарын толгойд  аягаар цохьсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Галсанг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Гандугар нь мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх-ийн 16, 84 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох хийлгэх ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Галсан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Тайж овгийн Гүржавын Галсанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Галсанг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Галсан нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Галсан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Галсан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Галсанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ