Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86   

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр                     2022/ШЦТ/86                                Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 180/2022/0100

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Бадамгэрэл

            Шүүгдэгч                                                       М.Ганчимэг нарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ганчимэгт холбогдох 2039004920287 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч Л.Нямдорж, өсвөр насны шүүгдэгч О.Отгонбаяр нарт холбогдох хэргээс тусгаарлаж түдгэлзүүлсэн байсныг сэргээж  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Ганчимэгийг  яллагдагч Л.Нямдоржийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Нарийн хөндий” гэх газраас хулгайлсан иргэн Л.Ганпүрэвийн 4 тооны үхрийг гэмт хэргийн улмаас  олсон гэдгийг мэдсээр байж эзэмшсэн,

 Яллагдагч Л.Нямдорж өсвөр насны яллагдагч О.Отгонбаяр нарын бүлэглэн 2020 оны 10 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг, “Халзангийн ар” гэх газраас хулгайлсан иргэн Д.Нямсүрэнгийн 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж ашиглаж, худалдан борлуулсан гэх гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Мөрдөн байцаалтын үед:

  1. Хохирогч Д.Нямсүрэнгийн өгсөн:...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг  “Адгийн худаг” гэх газарт нутаглаж байна. 2020 оны 10  дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө өөрийнхөө үхрээс 1 тооны үхэр алдсан. Манай үхэр тухайн үед гэрээс баруун урд “Халзан” гэх уулын урд байсан, цагаан эрээн нүүртэй хар үнээ байсан. Манай үхэр 2 чих нь цуулбар имтэй, 11 настай...Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 хуу/

Гэрч Э.Мөнгөнсаруулын өгсөн:...2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчим Малчдын хороонд байдаг манай эмэгтэй дүү фейсбүүк чатаар над руу манай малчдын хашаан дотор байдаг хашаан дотуур цагдаа нар яваад байна үхрийн толгой байна гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би Отгонбаяр гэдэг 17 настай эрэгтэй дүү рүүгээ утсаар холбогдоод малчдын хорооны хашаа руу явчихаад ирье гэж хэлээд дүүтэйгээ хамт такси хөлслөөд явсан. Тэгээд малчдын хороо явж байх замдаа би Отгонбаяр гэдэг дүүгээ чи  хүнтэй ирж мал нядалсан юм биш биз дээ гэхэд эхэндээ үгүй гэж байгаад  сүүлдээ өөрөө Нямдорж гэдэг хүнтэй өглөө үүрээр 1 үхэр нядалсан гэж хэлсэн... Нямдоржийн эх******* Ганчимэг намайг утсаар залгаад “Төгөлдөр” ресторанд намайг хүрээд ир гэж дуудсан. Ингээд би дуудахаар нь очиход М.Ганчимэг нь Төгөлдөр рестораны гадаа намайг хүлээж байгаад хамт хоолны зааланд нь орж хойд идсэн. Тэгээд хоол идэж байх зуур О.Отгонбаярыг цагдаад мэдүүлэг өгөх үед Л.Нямдорж ах өөрийнхөө үхрээс авсан тэгээд үхэр нядлах үед нь оролцоогүй, хутга шанага хоёроо хэрэглүүлсэн гэж хэлээрэй гэж үг зааж өгч байсан... Манай дүүг Осгонбаатарын Отгонбаяр гэдэг...2019 оны зун 6 дугаар сард Л.Нямдорж гэх айлын туслах малчнаар очсон...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 15-18-р хуу/

Гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн:..би иргэдээс мал мах худалдан авч тэрийгээ Улаанбаатар хотод очиж борлуулдаг ажилтай юм. М.Ганчимэг гэх хүнийг 2020 оны 08 дугаар сарын дундуур 15 хонь ямаа өгөхөөс нь эхлээд таньдаг болсон...9 сарын дундуур 1 тооны үхэр,  2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө эрт нэг тооны үхэр өгсөн...сүүлд өгсөн 1 тооны үхрийн мах нь 1.100.000 гаруй төгрөг болсон ба мөн гарал үүслийн бичигтэй байсан, үүнээс өмнө 200 мянган төгрөг надаас зээлсэн байсан ба тэрийгээ суутгаад 952.500 төгрөгийг өөрийнхөө 5956013904 дугаарын тоот данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 41 хуу/

Хохирогч Д.Нямсүрэнгийн алдсан нэг тооны үхрийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 44-46 хуу/

Өсвөр насны яллагдагч О.Отгонбаярын өгсөн:.. Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн төвд гэртээ байсан. Тэгээд Нямдорж ахын Хэнтий аймгийн төвд байдаг гэрт очсон. Намайг бол дуудаагүй би өөрөө хэсэж очсон юм. Нямдорж ах гэртээ эх*******ийн хамт байсан. Нямдорж ах намайг хоёулаа манай ээжийнд оччихоод ирье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Нямдорж ах бид хоёр орой 20 цагийн орчимд Нямдорж ахын машинтай Хэнтий аймгийн төвөөс хойд зүгт явсан. Тэгээд шөнө болсон уулын дундуур орсон. Хэсэг үхэр байсан Нямдорж ах машинаа зогсоогоод буугаад бугуйлаар 1 тооны эрээн нүүртэй хар үнээ барьж авсан. Тэгээд машиндаа үхрийг  ачсан. Үхэр ачихад би тусалсан. Тэгээд буцаад Хэнтий аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт 00 цагийн орчим ирсэн. Үхрийг Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг манай хашаанд буулгаж Нямдорж ах бид хоёр нядалсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 63 хуу/

  1. Хохирогч Л.Ганпүрэвийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх газарт оршин суудаг. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх газраас 2020 оны 07 дугаар сарын дундуур байх сайн санахгүй байна тухайн үед манай эх******* бурхан болоод 49 хоног нь дуусаагүй бид нар буян номын ажил хийгээд явж байх үед манай өөрийн үхэр сүргээс ухаа халзан үнээ, бугалга цагаан хүрэн үнээ, улаан эр бяруу, улаан халзан эр бяруу гэх 4 тооны үхэр алдсан юм...манай гэрийн ойролцоо байдаг Нямдорж гэх залуу өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн 93-09 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачиж аймгийн төвд авчирсан гэдгийг мэдээд тэгээд бид нар Нямдоржоос 4 тооны үхрээ авсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76, 185-186 хуу/

Гэрч Г.Мөнгөнсүхийн өгсөн:... би өөрийн ах, Мөнгөнхонхын хамтаар тэр хавиар байдаг айлын малаар хайсан боловч олдоогүй ээ...манай гэрийн ойролцоо байдаг Нямдорж гэх залуу өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн 93-09 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачиж аймгийн төвд авчирсан гэдгийг мэдээд тэгээд бид нар Нямдоржоос 4 тооны үхрээ авсан юм...гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80 хуу, 2 хх-ийн 3-4 хуу/

Гэрч Г.Мөнгөнхонхын өгсөн:...Тэгээд бид нар Нямдоржийн ачиж ирсэн гэх үхрийг хаана байгааг асууж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг хамгийн арын эгнээнд айлын хашаанд очиж үзэхэд манай 4 тооны үхэр байсан. Тэгээд би Нямдоржид уурлаж бид нар өвчин зовлонтой байхад би манай малыг хулгайллаа гэж хэлж уурлахад Нямдорж цагдаад битгий хэлээрэй би дахин танай малаас авахгүй гээд гуйгаад байхаар нь  дүү бид хоёр цагдаад хэлээгүй юм. Тэгээд Нямдорж буцааж манай үхрийг хөдөө гэрт аваачиж өгсөн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 хуу/

Гэрч Б.Ууганбаярын өгсөн:...Ганчимэг над руу залгаад машин эвдрээд байна ирээд засвар хүртэл чирээд өгөөч гэсэн. Би өөрийн эзэмшлийн стана маркийн автомашинтай тэр хоёрын байгаа газрыг заалгаад очсон. Би Хэрлэн сумын 5 дугаар багийн хамгийн хойд талын гэр хорооллын гудамжны хойд талд очсон. Ганчимэг, Нямдорж хоёр өөрсдийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Би  тэгээд машиныг нь чирч засварын газар хүргэж өгсөн. Би тэгээд явсан. Тэр өдөр дахиж Ганчимэг залгаад үхэр ачаад гэр лүү хүргэж өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрсөн хүний портер машин гуйгаад Ганчимэгийн хэлсэн хаяг дээр очсон Хэрлэн сумын 5 дугаар багт байх айлын хашаанд уяатай байсан 4 тооны үхрийг ачаад зүүн зүгт 50 орчим км газар яваад Хэрлэн голын хойд талд буулгасан. Ганчимэг Нямдорж хоёр надтай хамт явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94 хуу/

Хохирогч Л.Ганпүрэвийн  алдсан дөрвөн тооны үхрийн үнэлгээг нийтэд нь 3.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 104-106 хуу/

М.Ганчимэгийн яллагдагчаар өгсөн:...2020 оны 07 дугаар сарын 19-ний шөнө байсан би хөдөө гэртээ байсан. Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сум 1 дүгээр баг Цагаан овооны ар гэх газарт байсан. Тухайн үед манай хүүхэд Сод-Эрдэнэ халуураад Хэнтий аймаг явах гэж байсан Орой манай нөхөр тугал хашихдаа машины тэвшин дээрээ 4 тооны үхэр ачсан байсан. Би нөхөр Нямдоржоос юун үхэр вэ гэж асуухад Ганпүрэв ахаас тугалтай үхрээр сольж үхэр авч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид Хэнтий аймаг явсан замд машин саатаад шөнө 1 цаг өнгөрч байхад Хэнтий аймагт ирсэн. Шөнө байсан болохоор би хүүхдүүдийн хамт машинд дотроо хоносон. Манай нөхөр машины сэлбэг олж ирнэ гээд явсан. Үхрүүд машин дээр байсан. Манай нөхөр өглөөгүүр машины сэлбэг авч ирээд машинаа засаад таньдаг айлын хашаанд үхрийг буулгасан. Би тэр үхэр буулгасан хүний *******ийг нь мэдэхгүй байна. Үхэр буулгасан байхад Мөнгөнсүх над руу залгаад Нямдоржтой яръя гэсэн тэгээд Мөнгөнсүх Нямдорж хоёр уулзсан. Би Мөнгөнсүхийг утсаар ярихад ачиж ирсэн 4 үхэр Мөнгөнсүхийн үхэр гэдгийг мэдсэн...Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Нямдорж надад хэлэхдээ Ганпүрэвийн үхэр гэж надад хэлсэн. Ганпүрэв нь Нямдоржийн аавынх нь төрсөн дүү байгаа юм...гэх мэдүүлэг /1-хх-ийн 129 хуу/

М.Ганчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 хх-ийн 192 хуу /

М.Ганчимэг нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 194 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / 4 хх-ийн 54-56 хуу  /

Хохирогч Л.Ганпүрэв, Д.Нямсүрэн нараас гаргасан Л.Нямдорж нь хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолтууд /4 хх-ийн  03-06 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Ганчимэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Ганчимэг нь Л.Нямдоржийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Нарийн хөндий” гэх газраас хулгайлсан иргэн Л.Ганпүрэвийн 4 тооны үхрийг гэмт хэргийн улмаас  олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эзэмшсэн,  Л.Нямдорж О.Отгонбаяр нарын бүлэглэн 2020 оны 10 сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг, “Халзангийн ар” гэх газраас хулгайлсан иргэн Д.Нямсүрэнгийн 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж  махыг нь 2020 оны 10 дугар сарын 17-ны өдөр бусдад зарсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед яллах дүгнэлтэнд тусгагдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Нямсүрэн, Л.Ганпүрэв, гэрч Б.Ууганбаяр, Э.Эрдэнэбаяр, Г.Мөнгөнхонх, Э.Мөнгөнсаруул нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон үхэр гэдгийг мэдсээр байж эзэмшилдээ байлгасан, махыг нь бусдад зарсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг  эзэмшсэн, ашигласан  буюу мөнгө угаах  гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мөнгө угаах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нямсүрэнд 1.000.000 төгрөгийн, хохирогч Л.Ганпүрэвт 3.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Хохирогч Л.Ганпүрэвийн хувьд 4 тооны үхрээ амьдаар нь буцааж авсан талаараа мэдүүлэг өгсөн,  хохирогч Д.Нямсүрэн  нь “хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай тодорхойлолт /4 хх-ийн 06 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж,  зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Ганчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ганчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрхэд овгийн Манханы Ганчимэгийг  мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ганчимэгт хорих  ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2  заалтад  зааснаар шүүгдэгч М.Ганчимэгт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч М.Ганчимэг нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Ганчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7 Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ