Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар   2022/ШЦТ/87  

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр                     2022/ШЦТ/87                                Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 180/2022/0094/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                         Д.Чулуунпүрэв

Иргэний нэхэмжлэгч                              Х.Нандинбаяр /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ж.Цэцэгээ

Шүүгдэгч                              Л.Энхтүвшин нарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Энхтүвшинд холбогдох 2239000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Энхтүвшин нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Долоодын энгэр” гэх газраас Ц.Чинзоригийн эзэмшлийн үхэр сүргээс сармай халзан, хүрэн, улаан зүсмийн 3 буюу олон тооны бод малыг машин механизм буюу 91-35 УАУ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ганцаараа хулгайлж Ц.Чинзоригт 3.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ

Иргэний нэхэмжлэгч: “91-35 УАУ улсын дугаартай приус-20 маркийн автомашины төлөгдөөгүй үлдсэн  зээлийн төлбөр болох 7.647.300 төгрөгийг нэхэмжилнэ, автомашин нь одоо манай байгууллагын эзэмшилд байгаа” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 хуу/

Хохирогч Ц.Чинзоригтын  өгсөн: ...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг Жалгын ууц гэх газар өвөлжиж байгаа юм аа. Манай үхэр Дэлгэрхаан сумын 2 дугаар баг  Долооды энгэр орчмоор бэлчээрлэдэг. 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 2022  оны 01 дүгээр сарын 10-ны хооронд сарман халзан мухар ногооны соёолон эр үхэр, ногооны хязаалан хүрэн эр үхэр, ногооны шүдлэн мухар сармай халзан улаан шүдлэн зэрэг 3 тооны үхэр алдсан, зүүн чих үзүүрээсээ хулгар, баруун чих урдаас догол имтэй дээрх 3 тооны үхэр бүгд адилхан имтэй, ойролцоох айлын малаар болон үхрээр хайсан боловч олдохгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

Иргэний нэхэмжлэгч Х.Нандинбаярын өгсөн:...Уг 91-5 УАУ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 S маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь  манай Нэткапитал финанс  корпораци банк бус санхүүгийн байгууллага бөгөөд энэ тээврийн хэрэгслийг  2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Л.Энхтүвшин нь урьдчилгаа 40 хувийг өгөөд үлдэгдэл 11.400.000 төгрөг дээр 36 сарын хугацаатай сарын 3.1 хувийн хүүтэй зээл гаргуулж аваад уг машиныг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захаас авч тухайн зээлийн гэрээгээ тэндээ байгуулж авсан. Гэрээнд хамтран зээлдэгчээр Цэрэнбанди овогтой Отгончулуун /ЖЕ78031474/ гэж хүн гарын үсэг зурсан. Зээлийн төлөлтийн хувьд хэвийн байдалтайгаар ямар нэгэн асуудалгүйгээр төлөгдөж байгаа. Харин сая 5 хоног хэтрээд өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлээ төлсөн байна лээ. Одоо төлөгдөөгүй үлдэгдэл 10.703.642 төгрөг байгаа ба сар бүр 526.030 төгрөгөөр төлөлтөө хийдэг байсан...Манай байгууллагын хувьд машинаа буцааж авмаар байна. Учир нь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 10.703.642 төгрөг байгаа болно...Манай байгууллагыг хохиролгүй болгох хэрэгтэй, машин битүүмжлэгдвэл манай байгууллагад хохиролтой болох гээд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

 

Гэрч Х.Мягмардуламын өгсөн:...2022 оны 01 дүгээр сарын эхээр манай дэлгүүрээр танихгүй хөдөөний байрын нэг залуу  орж ирээд мах авах уу  ямар үнэтэй байгаа вэ гэхээр нь би юуны мах юм бэ гэхэд 3 тооны үхрийн мах зарах гэсэн юмаа гэхээр нь үхрийн мах 8.000-аас 9000 төгрөгний ханштай байгаа шүү сайн үхэр бол гэж хэлсэн. Тэгээд байгаа махыг чинь харъя гээд махыг нь харахад мах нь туранхай шулаа үхрүүд байсан. Тэгэхээр нь би хиллээд авъя гэхэд тэр залуу тэг тэг гээд би авсан юм. Тухайн үед арай том үхэр нь 175 кг татсан үхрийг нь нэг кг махыг нь 8000 төгрөгөөр, 130 кг татсан үхрийг нэг кг махыг нь 7700 төгрөгөөр, 112 кг татсан үхрийг нэг кг махыг нь 7000 төгрөгөөр тус тус бодож зах зээлийн ханшаар авсан. Тэгээд махаа хиллэж дуусаад тооцоогоо хийх гээд дансыг авахдаа махны бичгээ гэхэд би танд эргээд авчираад өгъе гэхэд нь тэгээрэй гэж хэлээд өөрийнх нь гар утасны дугаар, машиний дугаар, регистерийн дугаар зэргийг нь цаасан дээр бичиж аваад үлдсэн. Тухайн үед тэр залуу махаа өгөхдөө 2 жаахан хүүхэдтэй эх*******тэй нийт 4-лээ явж байсан бөгөөд 2 хүүхэд нь уйлаад байсан гэр бүлээрээ явж байгаа юм байна бичгээ авчираад өгөх байх гэж бодоод мөнгийг нь дансаар нь нийт 3.170.000 төгрөг хийсэн...өгсөн хүний регистерийн дугаар СЧ97042319, унаж байсан тээврийн хэрэгслийн дугаар буюу 91-35 УАУ, утасны дугаар 91385556 зэргийг бичиж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Гэрч Г.Цогзолмаагийн өгсөн:... Би Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Хуцын булан гэх газар нөхөр Л.Энхтүвшингийн хамт мал маллаж амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэж Хэнтий аймаг явсан манай нөхөр 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүнээс авлага авна гээд гэрээсээ гарч яваад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө гэртээ ганцаараа ирсэн. Тэгээд өглөө эрт Хэнтий аймаг явна гээд өөрийн эзэмшлийн 91-35 уау улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд манай машины ард үхрийн мах ачаатай байсан. Тэгээд би нөхрөөсөө энэ юу юм гэж асуухад 3 бярууны махаа хүнээс авсан юмаа газар дээр нь ажиллаад ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд би нэг их тоолгүй Хэнтий аймаг ороод махаа сангийн аж ахуй гэдэг газар байдаг хүнсний дэлгүүр байсан гадаанаа мах авна гэсэн хаягтай тэр рүү манай нөхөр Л.Энхтүвшин орж мах авах уу гэж асууж гарч ирээд авна гэж байна энд махаа өгчихье ханиа гээд гарч ирсэн. Тэгээд манай нөхөр Л.Энхтүвшин өөрөө махаа хиллэж өгсөн. Би машиндаа хоёр хүүхдийнхээ хамт сууж байсан. Тэгээд махны мөнгийг миний эзэмшлийн 5954270307 дансанд 2.470.000 төгрөг орсон үлдсэн мөнгийг нь манай нөхөр Л.Энхтүвшин өөрийнхөө 5947109278 тоот дансанд 700.000 төгрөгийг нь хийсэн гэж надад хэлсэн... нөхрөөсөө хэний үхрийг хулгайлсан юм бэ гэж асуухад манайхаас урагш байдаг Чинзоригтын гурван үхэр байсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн...Манайх 500 орчим бог, 5 тооны адуу, 4 тооны үхэртэй өөр мал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

 

Л.Энхтүвшингийн яллагдагчаар өгсөн:... би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байх гэрээсээ ганцаараа өөрийн 91-35 УАУ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Дэлгэрхаан сумын Долоод 2 дугаар баг хөдөө хэсэг рүү явсан. Ингээд замдаа газрынх нь *******ийг нь сайн мэдэхгүй байна айлын эзэнгүй саравчин дээр 20 гаран тооны үхэр байхаар нь тэр үхэрүүд рүү очоод бүгдийг нь саравчинд оруулж хашаад 3 тооны үхрийг авч үлдээд бусдыг нь хашаанаас гаргаж машинд байсан олс, хутгыг ашиглаж дээрх 3 тооны үхрийг махалж гэдэс, толгой шийрийг нь тэндээ үлдээгээд махнуудыг нь машиндаа ачаад явсан. Ингээд махнуудыг нь ачиж яваад Хэнтий аймгийн Чингис хотод Мягмарсүрэн гэх ченжид 3 сая гаран төгрөгөөр зарж борлуулсан.. Сармай халзан мухар эр үхэр, хүрэн эр үхэр, сармай халзан мухар үхрүүд байсан... Би тухайн үед хэний үхэр гэдгийг мэдээгүй. Харин сүүлд манай сумын Чинзориг гэх хүний үхэр байсан... Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй...Би дээрх мөнгийг ахуй амьдралынхаа хэрэгцээнд зарцуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

Тухайн эрүүгийн хэрэгт Х.Нандинбаярыг иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон тухай  Нэткапитал финанс корпораци ББСБ-ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийн хуулбар /хх-ийн 37 хуу/

20 см урттай хутга, 10 метр 30 см урттай олс зэрэг эд зүйлсийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоол /хх-ийн 20 хуу/

91-35 УАУ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоол /хх-ийн 23 хуу/

“91-35 уау улсын дугаартай Toyoto prius-20  маркийн автомашины  эзэмшигч нь Нэткапитал финанс корпораци ББСБ” болох тухай  тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 29 хуу/

91-35 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн тээврийн хэрэгслийн  үнэлгээг 16.400.00 төгрөгөөр тогтоосон Фэйр Валуэшн  ХХК-ий шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/ШД-37 дүгнэлт / хх-ийн 69-71 хуу/

 

Хохирогч Ч.Чинзоригтын алдсан 3 тооны үхрийн үнэлгээг 3.960.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн  ХХК-ий шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШД24 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-79 хуу/

 

Л.Энхтүвшингийн   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 хуу/

Л.Энхтүвшин нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 93 хуу/

Хохирогч Ц.Чинзоригтын гаргасан “Чинзоригт намайг хохиролгүй болгосон тул гомдол санал байхгүй ” гэх тодорхойлолт / хх-ийн 138 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Л.Энхтүвшин нь хохирогч Ц.Чинзоригтын  дансанд “орлого Л.Энхтүвшин сч97042319 91350080” гэсэн гүйлгээний утгаар 3.960.000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын мэдүүлгийн  баримт /хх-ийн 144 хуу/

 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 115-118 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Энхтүвшин нь 2022 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Долоодын энгэр” гэх газраас хохирогч Ц.Чинзоригтын эзэмшлийн нийт 3.960.000 төгрөгийн үнэ бүхий 3 тооны үхрийг хулгайлж, үхрийг махыг нь 91-35 уау улсын дугаартай Toyoto prius-20  маркийн автомашинаар хэргийн газраас тээвэрлэж Хэнтий аймгийн Хэрлэн суманд бусдад зарсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Чинзоригт, гэрч Х.Мягмардулам, Г.Цогзолмаа мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч  Л.Энхтүвшин  нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “өөрийн 91-35 УАУ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Дэлгэрхаан сумын Долоод 2 дугаар баг хөдөө хэсэг рүү явсан. Ингээд замдаа газрынх нь *******ийг нь сайн мэдэхгүй байна айлын эзэнгүй саравчин дээр 20 гаран тооны үхэр байхаар нь тэр үхэрүүд рүү очоод бүгдийг нь саравчинд оруулж хашаад 3 тооны үхрийг авч үлдээд бусдыг нь хашаанаас гаргаж машинд байсан олс, хутгыг ашиглаж дээрх 3 тооны үхрийг махалж гэдэс, толгой шийрийг нь тэндээ үлдээгээд махнуудыг нь машиндаа ачаад явсан” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч  нь 9135 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашиныг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор буюу хэргийн газарт түргэн очиж буцах, хулгайн эд зүйлийг тээвэрлэхэд ашигласан  байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Гэж заасан байх тул шүүгдэгч Л.Энхтүвшинг олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн  гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний нэхэмжлэгч Х.Нандинбаяр нь шүүгдэгч Л.Энхтүвшингээс 9135 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 7.647.300 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилсэн ба  Л.Энхтүвшингийн Нэткапитал финанс корпораци ББСБ-тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 36 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэмт хэргийн улмаас тус байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул иргэний  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Чинзоригт нь “Л.Энхтүвшин нь намайг хохиролгүй болгосон тул гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 138 хуу/ гаргасан, Л.Энхтүвшин нь хохирогч Ц.Чинзоригтын дансанд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “орлого Л.Энхтүвшин сч97042319 91350080” гэсэн гүйлгээний утгаар 3.960.000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын мэдүүлгийн  баримт /хх-ийн 144 хуу/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Л.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  хэрэгт битүүмжлэгдсэн 9135 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 30 см урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, 20 см урттай хүрэн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  1 жилийн хорих ял оногдуулах   дүгнэлтийг тус тус гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-ийн 60 хуу/ гэрч Л.Пүрэвсүхийн мэдүүлэг /хх-ийн 64 хуу/  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 хуу/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 хуу/ Л.Энхтүвшин нь 2021 онд 525 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 103 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар үнэлсэн бөгөөд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Энхтүвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хсэгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9135 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашины эзэмшигч нь  Нэткапитал финанс корпораци ББСБ болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар автомашины үнэ болох 16.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт  шилжүүлэх хөрөнгө  орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Энхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 30 см урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, 20 см урттай хүрэн бариултай хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 91-35 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Энхтүвшинг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Лхамсүрэнгийн Энхтүвшинг мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Л.Энхтүвшинг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Энхтүвшинд оногдуулсан 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Энхтүвшинд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 91-35 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашины  үнэ болох 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Иргэний нэхэмжлэгч Х.Нандинбаярын нэхэмжилсэн 7.647.300 /долоон сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзсугай.

 

6. Шүүгдэгч Л.Энхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 30 см урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, 20 см урттай хүрэн бариултай хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 91-35 уау улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.  Шүүгдэгч Л.Энхтүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхтүвшинд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ