Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 85

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                    

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч Ш.Хосбаяр

Иргэдийн төлөөлөгч:Э.Мөнгөндолгио

Шүүгдэгч Д.Батбаатар, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525030552 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 51 дүгээр гудамж, 4 тоотод оршин суудаг, Шарнууд овогт Дашцэрэнгийн Батбаатар нь: /регистрийн дугаар ХМ62091572/

 

Согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамжны 4 тоотод нагац дүү болох Ц.Батжаргал, түүний найз Р.Ганболд нартай архидан согтуурлаа гэж маргалдан, улмаар хохирогч Ц.Батжаргалын цээжин хэсэг, баруун гарын алга, хэвлий болон нуруу хэсэгт хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж буюу онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл санаатай учруулсан, хохирогч Р.Ганболдын зүүн даланд нь хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Д.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр цэргийн баяр байсан учир би найзуудтай жаахан ууж байгаад гэртээ ирсэн. Тэгтэл дүү маань нэг танихгүй найзтайгаа цуг манай урд байшинд архи ууж байсан. Манай урд байшинд дүү маань дандаа янз бүрийн хүн дагуулж ирээд архи уудаг байсан учир түүнээс болж маргалдсан. Миний өөдөөс элдвийн юм яриад байхаар нь би дагуулж гараад Ганболдыг “цаашаа бай” гээд түлхтэл миний хутганд орсон байсан. Батжаргалыг би айлгая гэж бодоод хутга барьсан байсан. Нэг мэдэхэд хутга түүний цээжинд орсон байсан. Дараа нь хутгыг булаацалдах үед дараагийн шархууд нь учирсан байх. Тэрнээс биш дүүгээ хутгалъя гэж бодоогүй. Дүү маань сүүлийн үед их архи уугаад байсан гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,

Хохирогч Р.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тухайн өдөр 2016 оны 03 сарын 18-ны өдөр Би өөрийн найз Батжаргалтай хамт Батжаргалын ах Батбаатарын хашаанд байрлах урд байшинд нь архи уугаад байж байтал ах Батбаатар нь орж ирсэн. Тэгээд Батжаргалыг загнаж байгаад миний далан дээр цохьчихоод Батжаргалыг дагуулаад гарсан тэгээд Батжаргал орилох шиг болоод би гарахад Батжаргалыг хутгалсан байсан би очоод хутгыг нь булааж аваад зууралдаж байгаад салсан удалгүй цагдаа, эмнэлэг хүрээд ирсэн ийм л юм болсон. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэний дараа миний далан дээр хутгалсан гэдгийг мэдсэн. ... Батжаргалын ах Батбаатар нь дүүгээ гэрт гадны хүнтэй архи уулаа гэж загнасан тэгээд дагуулаад гарсан хутгалчисан байсан би яагаад хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг ч гэсэн яагаад хутгалсан гэдгийг нь мэдэхгүй би өөрөө хутгалуулсан ч гэж бодоогүй цагдаа нар ирсэний дараа л мэдсэн. Урьд өр авлага өс хонзонтой талаар надад юу ч ярьж байгаагүй. ... Би яг хаана нь хутгалых нь нүдээрээ хараагүй гарахад Батжаргалын гэдэс орчимд нь цус болчихсон Батбаатар хутга барьчихсан зогсож байсан тэгээд хутгатай гарнаас нь гараараа атгаад тэврээд дараад унасан юм. ... Надад гомдол санал байхгүй. Уг асуудал нь Батжаргал бид хоёрын айлд архи уусан нь буруу тэгээд ах нь шаардлага тавьсаны улмаас уг асуудал болсон тиймээс би шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би өөрийн төрсөн ах Батбаатарын хашаанд урд талын байшинд амьдардаг юм. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Ганболдтой гадуур архи ууж яваад орой 19 цагийн орчимд гэртээ архи уугаад сууж байтал манай ах Батбаатар орж ирээд наад архи дарсаа болиочээ та нарын архиддаг газар биш шүү гэж хэлэхээр нь ганц баярын өдөр та дуугай байж чадахгүй байна уу, найзын хажууд эвгүй байдалд оруулаад гэж уурлатал, чи сүүлийн үед архи уугаад байгаа шүү аятайхан байгаарай гэж хэлэхэд нь юун сүртэй юм гэх зэргээр дургүй нь хүргэсэн тэгтэл Батбаатар ах намайг болон Ганболдыг цохиод авах шиг болсон тэгээд сууж байтал миний хөл дагаад цус урсахаар нь хутгалсан байна гэж бодсон. Тэр үед Ганболд салгасан би нилээд согтуу байсан болохоор бүрэн гүйцэт санахгүй байна зарим зүйлийг зөрүүтэй ярьсан байж магадгүй. Тэгээд би согтуудаа цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байсан тэгээд нэг мэдэхэд л цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. ... Тухайн үед яагаад хутгалсан гэдгийг мэдэхгүй, тухайн үед Батбаатар ах өөрөө согтуу ирсэн тэгээд би шарийг нь малтаад байсан болохоор л хутгалчихсан юм байх гэж бодож байна. ... Би тухайн үедээ хутгалсан ч гэж мэдээгүй сүүлд эмнэлэгт хэвтсэн хойно уушигны доод хэсэгт, нуруу, гар орчимд хутгалсан байна гэж байсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайх хашаанд 2 байшин байдаг бөгөөд урд талын байшинд нөхөр Батбаатарын үеэл дүү Батжаргал амьдардаг юм. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орой харанхуй болсон байсан би гэртээ ганцаараа Батжаргал манай нэг таньдаг ах ирсэн гэж байсан. Тэгээд би дэлгүүр орж хүнсний зүйл аваад гэртээ орж ирээд байж байтал Батжаргал гэдсээ тэврээд Оюунаа эгчээ гээд ороод ирсэн хувцас нь цус болсон байсан тэгээл удалгүй араас нь түргэний эмч, цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд би тухайн үедээ шоконд ороод юу ч болсон ойлгож чадаагүй дараа нь Батбаатараас сонсоход гэртээ хүн авчирч архи дарс уулаа гэж хэлэхэд нь урдаас нь уурласан тэгээл хутгалчихсан юм шиг ээ гэж ярьсан тэрнээс нарийн ширийн асуудлын талаар яриагүй. ... Батжаргал нь манай нөхөр Батбаатарын төрсөн эгч Дүүрэнхандыг хүүхэд байгаа юм. Тухайн үед би эгчийн дүүгийн хүүхэд үеэл шиг санаад л тэгээд хэлчихсэн юм  гэх мэдүүлэг,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тухайн өдөр 2016 оны 03 сарын 18-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байсан бөгөөд 19 цагийн орчимд хашаанд хүмүүс шуугилдаад байсан гараад харахад уг хашааны урд хэсэгт байрлах байшингийн үүдэнд Батбаатар газар унасан дээрээс нь нэг залуу дарсан байдалтай байсан би тэгээд гэрийнхээ үүднээс юу болов яав гэж асуухад тэр цаанаас нэг нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн бүрэнхий байсан. Би Батбаатарын дүү нь л тэгж хэлсэн байх гэж бодож байсан, хажуу хаалганаас Батбаатарын эхнэр Оюунчимэг цонхоороо хараад Пүүжээ эгчээ зүгээр байлгүйдээ гэж хэлэхээр нь согтуурхаж л байгаа юм байх гэж бодоод гэрлүүгээ орчихсон юм. Тэгээд бүр орой цагдаагаас гээд нэг эмэгтэй ирж байцаалт авахад л юу болсон талаар мэдсэн. ... Би урьд тайлбарт сая ярьсан зуйлээ л ярьсан ерөнхийдөө бүгд coгтуу байсан учраас хамт ууцгаасан л юм байх гэж бодож тэд нар уусан байдалтай гэж хэлсэн Оюунаа хамт уусан гэдгийг мэдхгүй ямар ч байсан намайг гарч ирсэний дараа цонхоороо харж байсан, тэрнээс энэ асуудал байшингийн гадна болсон. Би гэрийнхээ үүднээс яав юу болов гэж асуусан тэрнээс цаад өрөөрүү орсон гэж огт хэлээгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн өвчний түүхээр дүгнэлт гаргасан акт 834 дугаар шинжээчийн дүгнэлт:

Ганболдын биед зүүн даланд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь 2016.03.18-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өвчний түүхээр шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргасан акт 4181 дугаар шинжээчийн дүгнэлт:... Батжаргалын биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, баруун гарын алга, хэвлий, нурууны хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн дэх цус хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна  гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 559 тоот шинжээчийн дүгнэлт:  

2016.03.29-ний өдрийн 4181 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн өвчний түүх зэрэг нь шаардлага хангасан байна. Ц.Батжаргалын биед учирсан гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна гэх,

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн өвчний түүхийн хуулбар,

ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас, захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Д.Батбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамжны 4 тоотод нагац дүү болох Ц.Батжаргал, түүний найз Р.Ганболд нартай архидан согтуурлаа гэж маргалдан, улмаар хохирогч Ц.Батжаргалын цээжин хэсэг, баруун гарын алга, хэвлий болон нуруу хэсэгт хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулсан, хохирогч Р.Ганболдын зүүн даланд нь хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Р.Ганболдын ... Би яг хаана нь хутгалых нь нүдээрээ хараагүй гарахад Батжаргалын гэдэс орчимд нь цус болчихсон Батбаатар хутга барьчихсан зогсож байсан тэгээд хутгатай гарнаас нь гараараа атгаад тэврээд дараад унасан юм. ... Надад гомдол санал байхгүй. Уг асуудал нь Батжаргал бид хоёрын айлд архи уусан нь буруу тэгээд ах нь шаардлага тавьсаны улмаас уг асуудал болсон тиймээс би шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Батжаргалын ... Би өөрийн төрсөн ах Батбаатарын хашаанд урд талын байшинд амьдардаг юм. ... Би тухайн үедээ хутгалсан ч гэж мэдээгүй сүүлд эмнэлэгт хэвтсэн хойно уушигны доод хэсэгт, нуруу, гар орчимд хутгалсан байна гэж байсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Оюунчимэгийн... Тэгээд би тухайн үедээ шоконд ороод юу ч болсон ойлгож чадаагүй дараа нь Батбаатараас сонсоход гэртээ хүн авчирч архи дарс уулаа гэж хэлэхэд нь урдаас нь уурласан тэгээл хутгалчихсан юм шиг ээ гэж ярьсан тэрнээс нарийн ширийн асуудлын талаар яриагүй. ... Батжаргал нь манай нөхөр Батбаатарын төрсөн эгч Дүүрэнхандыг хүүхэд байгаа юм. Тухайн үед би эгчийн дүүгийн хүүхэд үеэл шиг санаад л тэгээд хэлчихсэн юм  гэх мэдүүлэг,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн... Тухайн өдөр 2016 оны 03 сарын 18-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байсан бөгөөд 19 цагийн орчимд хашаанд хүмүүс шуугилдаад байсан гараад харахад уг хашааны урд хэсэгт байрлах байшингийн үүдэнд Батбаатар газар унасан дээрээс нь нэг залуу дарсан байдалтай байсан би тэгээд гэрийнхээ үүднээс юу болов яав гэж асуухад тэр цаанаас нэг нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн бүрэнхий байсан...гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн өвчний түүхээр дүгнэлт гаргасан акт 834 дугаар шинжээчийн дүгнэлт:

Ганболдын биед зүүн даланд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өвчний түүхээр шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргасан акт 4181 дугаар шинжээчийн дүгнэлт: ... Батжаргалын биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, баруун гарын алга, хэвлий, нурууны хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна  гэх дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Батбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар өөрөөр хэлбэл хохирогч Ц.Батжаргалын биед олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн явдал нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Д.Батбаатар нь өөрийн үеэл дүү болох Ц.Батжаргалыг архи дарс уухаа боль, та нарын архидан согтуурдаг газар биш гэж зүй ёсны шаардлага тавихад нь хохирогч дургүйцэж эсэргүүцсэн явдал нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэстэй, нөгөө талаар хохирогчийн зүгээс шүүгдэгч Д.Батбаатараас хутгыг салгаж авах гэж булаалдах үедээ гар хуруу биеийн хэсгээ эсгэсэн байх боломжтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх бүрэлдэхүүний шинж тэмдэг шүүгдэгч Д.Батбаатарын үйлдэлд байхгүй байх тул дээрх заалтыг хэрэглэхэд эргэлзээ гарсан учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

Шүүгдэгч Д.Батбаатар нь хохирогч Р.Ганболдын зүүн даланд хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан боловч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь 54 настай бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж, оноосон хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Д.Батбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Шарнууд овогт Дашцэрэнгийн Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй. 

 

3. Шүүгдэгч Д.Батбаатарыг иргэн Ц.Батжаргалын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Д.Батбаатарт 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаатарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаатарын цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 7. Шүүгдэгч Д.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 122 мм ажлын хэсэгтэй, 110 мм урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгасугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Батбаатарыг урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ё.ЦОГТЗАНДАН

 

                                           ШҮҮГЧИД                 С.БАТГЭРЭЛ

                                                                                                                                                    

                                                                             Б.ХАЛИУН