Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0271

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Б.Б нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н, Г.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь 2012 онд Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан тендерт шалгарч Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дадлагын газрын халаалтын шугамын засварын ажил гүйцэтгэхээр болж... бараа материалыг “Ц” ХХК-ийн борлуулагчаас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авсан...

Аймгийн Татварын албанаас 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийж “Ц” ХХК-ийн падаан хуурамч байсан гэж төлбөрийн акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, манай компани тухайн падааныг зөрчилтэй эсэхийг мэдээгүй, анхан шатны баримтуудаа зохих ёсоор нь бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж, бараа материал худалдан авсан нь баримтаар тогтоогдож байгаа. Иймд татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 040663 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Н, Г.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Татварын ерөнхий газраас 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичиж өгсөн “Ц” ХХК, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авсан “Д” ХХК-ийг шалгах шийдвэр ирүүлсний дагуу шалгалт хийж, акт бичигдсэн. “Д” ХХК нь “Ц” ХХК-с бараа материал аваагүй мөртөө худалдан авсан мэт бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах худалдан авалт гэж тайлагнасан нь татвар төлөөгүй, татвараас зугтсан хэрэг... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр Татварын албанаас дахин шинэ акт гарах хүртэл Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 040663 тоот актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Н, Г.Н нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Д” ХХК нь “Ц” ХХК-с 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0012343623 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 82264300 төгрөгийн материал худалдан авсан гэж хуурамчаар хий бичүүлсэн баримт бүрдүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоод зах зээлээс худалдан авсан бараа гэсэн хэсэгт тусган татвар ногдох орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус зөрчсөнийг авч үзээгүй. “...Эрүүгийн хэргийн шийдвэрлэлт Захиргааны хэрэгт нөлөөлөхгүй, харин нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, НӨАТ-ын баримтыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарласан тул өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй...” байсан.

Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/130 тоот албан бичгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.4 дэх заалтыг үндэслэн бараа материал худалдан борлуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн иргэн н.Н-с гэрчийн мэдүүлэг авч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хавсаргах, мөн Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10/5-2268 тоот албан бичгээр “Тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 201201000553 тоот хэрэгт...“Ц” ХХК-с хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй тул татварын хяналт шалгалт хийж захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэн хариуг мэдэгдэх, мөн хавтаст хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын “Ц” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалт, хий бичилттэй борлуулалтад нь татварын улсын байцаагчийн дүгнэлт бичсэн зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийг нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Тус шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй”, 46.1.2-т “Иргэн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай акт” гэж заасныг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н, Г.Н нар нь татвар төлөгч “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 11-с 15-ны өдрүүдэд хийж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр 040663 тоот актыг гаргаж, нийт 11.127.300 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-с барилгын материал худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварыг 0012343623 дугаарын падаанаар төлж, улмаар энэхүү төлсөн татвараа хуулийн дагуу хасалт хийлгэсэн, энэ нь бараа материалын зарлагын баримт, кассын орлогын ордер, мөнгөн шилжүүлгийн баримт, татварын албанд гаргасан тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байгаа” гэж, хариуцагч “Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падаан ашигласныг Улсын мөрдөн байцаах газраас тогтоосон, “Ц” ХХК бараа материал борлуулаагүй байж нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан өгсөн, “100 айл” зах дээрээс бараа материал худалдан авахад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-д хамаагүй” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Хэдийгээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зорилт нь “...нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад орших" боловч энэхүү хуулийг татварын улсын байцаагч хэрэгжүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан ажиллах ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн “...“Ц” ХХК нь борлуулалт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Д” ХХК-д өгсөн гэдгээ Улсын мөрдөн байцаах газарт хүлээн зөвшөөрсөн гэдэг” гэсэн тайлбар, Улсын мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн 10/5-2267 албан бичигт “Булган аймгийн гурван аж ахуйн нэгжийг шалгаж ирүүл гэсний дагуу манай байгууллага гурван аж ахуйн нэгжийг шалган татварын улсын байцаагчийн акт үйлдсэн” гэсэн тайлбараас дүгнэхэд тухайн хяналт шалгалтыг иж бүрэн хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд эрүүгийн хэрэг хянан шалгах явцад цугларсан мэдээлэл, баримтад үндэслэж хяналт шалгалтыг хийх болсон байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь санхүүгийн баримтаа бүрдүүлэхдээ зарим нэг дутагдал гаргасан нь тухайн компанийг ямар ч худалдан авалт хийгээгүй, 2012 онд Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан тендерт шалгарч Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дадлагын газрын халаалтын шугамын засварын ажил гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ч ямар ч худалдан авалт хийгээгүйгээр уг засварын ажлыг хийсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Дээрх байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж “Нэмэгдсэн өртгийн албан татварын маргаан бүхий 0012343623 дугаарын падаантай худалдан авалтад нэхэмжлэгчээс төлсөн гэх 90490775 төгрөгийн орлого нь худалдагч тал болох “Ц” ХХК-ийн санхүүгийн тайланд орлогоор тусгагдсан эсэх, уг бараа худалдагч талын хөрөнгөд бүртгэлтэй байсан эсэх, эсхүл өөрөө үйлдвэрлэсэн болон импортолсон эсэх талаар санхүүгийн тайланг харьцуулан шалгах зайлшгүй шаардлагатай” гэж үзээд хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд “шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалт нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд уг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй гэсэн агуулгатай юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн
  1. дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР