Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00195

 

 “С-И”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00454 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 699 дүгээр магадлалтай,

“С-И”ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Мд холбогдох

125 038 227.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “С-И”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.М Солонгос Улсаас Д.Бруу залгаж 5 автобус байна гэсний дагуу Д.Ббанк бус санхүүгийн байгууллагаас 100 000 000 төгрөгийн зээл авч 98 000 000 төгрөгийг вонн болгоод өөрийн хүү Б.Пүрэвдоржоор явуулсан. “С-И”ХХК нь Дэйвүү /Daewoo/ Би Эс 106 /ВS106/ маркийн 5 ширхэг автобус авах, А.М Солонгос Улсаас уг автобуснуудыг өгч явуулах тохиролцоо тэдний хооронд хийгдсэн байдаг. А.М 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эхний 2 автобусыг явуулсан, түүнээс хойш үлдсэн автобус явуулаагүй болохоор мөнгөө авахаар шаардсан. 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр А.Мтай уулзаж, үлдэгдэл мөнгөө авъя гэхэд 49 395 000 төгрөг, 1 200 ам.долларыг боломжоороо өгч, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно гэсэн. Гарын үсэгтэй бичиг нь хэрэгт байгаа. А.М мөнгийг одоо хүртэл өгөөгүй тул зээл, зээлийн хүүний дарамтад давхар орж, их хэмжээгээр хохирч байна. А.М хариу тайлбартаа өөрөөсөө 500 ам.доллар гаргасан гэж бичсэн. Тээврийн зардал 500 ам.доллар болохгүй. Хэргийн материалын 47-48 хуудаст байгаа Наос ХХК гэдэг тээврийн компанитай гэрээ хийж би бүх тээврийн зардлыг төлсөн. Автобусны үнийн талаар олон төрлийн баримт байгаагаас хамгийн бодит үнэ нь Инчеон хотын захиргаанаас гаргасан 4 500 ам.доллар гэсэн баримт юм. А.М надад баримт өгөөгүй. 46 000 ам.долларыг өгч явуулсан. А.М нэмж 1 200 ам.доллар авсан. Нийт 47 200 ам.доллар болсон. Үүнээс А.Мгийн 1 автобус авахад 4 500 ам.доллар, автобусны тээвэрлэлтийн зардал 100 ам.долларын зардал гаргасан байдаг ба 5 автобусны үнэ 22 500 ам.доллар, нэмэлт зардал 500 ам.доллар нийт 23 000 ам.доллароор худалдан авсан байна. Үлдэх 24 200 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2 636 төгрөгөөр тооцож нийт 63 791 200 төгрөг гаргуулна. 2014 оны 4 дүгээр сард захиалсан автобусаа хүлээлгэн өгч, үлдэх 24 200 ам.долларыг буцааж өгөөгүйгээс 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүгийн хохиролд орсон. Учирсан хохирлыг аудитаар тогтоолгоход нийт 62 954 977 төгрөг болсон тул хариуцагч А.Мгаас нийт 125 038 227.31 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэм транс ХХК-ийн захирал н.Эрдэнэбилэг, НЧБ ХХК-ийн захирал Б.Наянчулуун хоёр Д.Бгэж хүн автобус хайж байна, чи туслаач гэсний дагуу би Д.Болдбаатарт 100 000 000 орчим төгрөгт 5 автобус авч өгөхөөр тохиролцсон. Д.Б9 автобус гэж ярьсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Би автобус санал болгосны дагуу 5 ширхэг автобус авахаар тохиролцож, 46 000 ам.долларыг өөрийн хүү Б.Пүрэвдоржоор өгч явуулсан. БНСУ-ын Үндэсний шүүхийн удирдах газраас ирсэн хавсралтад нэг ширхэг автобус нь ойролцоогоор 13 000 000 вон гэж Вүүрибүс /Wooribus/ ХХК-ийн захирал Мүүн Вүүсүк /Moon Woo-suk/ гарын үсэг зурсан. Би ойролцоо үнээр авч “С-И”ХХК-д худалдсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хохирлыг ямар тохиолдолд нэхэмжилж болох талаар заасан. Тохиолдох ёстой байсан хохирлыг нөгөө тал хариуцахгүй. Зээл нь нэхэмжлэгчтэй холбоотой. Хүүгийн төлбөртэй асуудалд хариуцагчтай холбоотой зүйл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00454 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.Мгаас 23 084 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С-И”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101 953 702.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “С-И”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 024 535 төгрөгөөс 783 141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 241 393 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.Мгаас 273 372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 699 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 372 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа хяналтын гомдолдоо: ...Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгсөн бөгөөд нотлох баримтыг үнэлэх талаар алдаа гаргаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас хэдийгээр уг бичлэгийг гаргаж өгсөн боловч уг бичлэгийг бэхжүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд өөрийн тайлбарыг батлахын тулд нотлох баримтыг гаргаж өгч болох бөгөөд харин шүүхээс уг нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй бол үнэлэхгүй байх нь харин хуульд нийцнэ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт уг бичлэгийн талаар дүгнэлт өгсөн зүйл байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна. Түүнчлэн, нэг талын гаргаж өгсөн нотлох баримтаас нөгөө тал иш татах эрхийн хүрээнд хариуцагчаас мөн энэхүү бичлэгийг бэхжүүлэх, шинжлэн судлуулах эрх бий Гэвч хариуцагч талаас ийм хүсэлт гаргаагүй, шинжлэн судлуулаагүй, энэ бичлэгээс иш татаж тайлбар гаргасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүсэлт, эрхийг хангаагүй зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын хүрээнд талууд хангалттай мэтгэлцсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Хэрэгт ач холбогдолгүй, нотолгооны онцын ач холбогдолгүй мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй олон нотлох баримтууд авагдсан байдаг. Гэтэл яагаад нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй, хариуцагч тал ч бэхжүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс яг энэ баримтын талаар хөндөөд, энэ нь бүр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний үндэслэл гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн энэ сиди бичлэгийг нотлох баримтаас хасах нь энэ баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нөхцөлд яг ямар ач холбогдолтой талаар үндэслэл бүхий тайлбар хийсэнгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “С-И”ХХК нь хариуцагч А.Мд холбогдуулан даалгаврын гэрээний үүрэгт 63 791 200 төгрөг, гэрээний үүргээ зөрчснөөс учруулсан хохиролд 62 954 977 төгрөг нийт 125 038 227 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 23 084 525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд “С-И”ХХК-ийн захирал Д.Б 2014 оны 03 сарын 21-ний өдөр А.Мд нийт 47,200 ам.долларыг өөрийн хүү Б.Пүрэвдоржоор дамжуулан өгсөн, хариуцагч нь БНСУ-аас автобус ачуулсныг нэхэмжлэгч  2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2 ширхэг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3 ширхэг нийт 5 автобус хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

А.М нь “С-И”ХХК-ийн нэрийн өмнөөс түүний зардлаар 5 ширхэг автобусыг БНСУ-аас худалдан авч, тээвэрлүүлэн Монгол Улсад оруулж ирэх үүргийг хүлээсэн талуудын тохиролцоог Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

“С-И”ХХК нь “...Солонгос улсад актлагдсан автобусны үнэ 3000-6000 ам.доллар байдаг бөгөөд 46 000 ам.доллар өгч, автобус захисан, хариуцагч нь 5ш автобус ирүүлсэн, автобус нэг бүрийн үнэ 4500 ам.доллар, тээврийн зардалтай нийлээд 23 000 ам.доллараар авсан тул үлдэх 23 000 ам.доллар, нэмж өгсөн 1200 ам.доллар, зээл авч хүү төлж хохирсон тул хохирол 62 954 977 төгрөгийг тус тус гаргуулна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь автобус нэг бүрийн үнийг 4 500 ам.доллар гэж үзэхдээ ачаа тээврийн бичиг баримт, гаалийн мэдүүлгийг үндэслэсэн байна.

Хариуцагч А.М нэхэмжлэгчээс авсан 46 000 ам.доллараар түүний захисан 5 автобусыг нь худалдан авч, өөрт нь хүлээлгэн өгсөн, ...татвар бага төлөх зорилгоор гаалийн мэдүүлэг дээр үнийг багасгаж бичсэн, ...Солонгос улсын Вүүрибус /Wooribus/ компаниас автобус нэг бүрийг 13 000 000 воноор авсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигч талууд гэрээний дагуу өгсөн заавар буюу хэдэн автобус авах байсан, эдгээр автобусны үнэ хэд болох талаар маргасан байх ба анхан шатны шүүх маргааны зүйлийг үндэслэлтэй тодорхойлж, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 7- 9 ширхэг автобус авахаар тохирсон гэсэн бол хариуцагч нь 5 автобус худалдан авч, ачуулах үүрэг хүлээсэн, үүргээ биелүүлсэн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчид ирүүлсэн 5 автобус ямар үнэтэй болох, хариуцагч буцааж мөнгө шилжүүлэх эсэх асуудал маргааны гол зүйл болсон тул захиалсан автобусны тоог тогтоох нь чухал биш, харин хүлээн авсан автобусны үнийг тогтоож, нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт оновчтой болсон гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх хариуцагчаас хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзэхдээ хариуцагчийн гэм буруу, гэм буруу ба хохирлын шалтгаант холбоо, хохирлын ойлголт зэрэг эрх зүйн асуудлаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хүсэлтээр анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/04326 дугаар шүүгчийн захирамжаар “хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх” ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн хүлээж авсан 5 автобусны арлын дугаарыг тусгаж, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах үеийн үнийн талаарх мэдээлэл ирүүлэхийг БНСУ-ын Бусан хотын даргад, ... тус 5ш автомашиныг худалдсан үнийн талаар мэдээлэл ирүүлэхийг БНСУ-ын Вүүрибус /Wooribus Co.LTD/ компанид тус тус даалгаж шийдвэрлэжээ. Хэрэгт байгаа ачаа тээврийн бичиг баримт, гаалийн мэдүүлэг гэх баримтад сүүлийн 3 автобус тус бүрийн үнийг 4 500 ам.доллар гэж тодорхойлсон байгаа боловч зохигч талууд автобусны үнийг тогтоох зорилгоор нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх ач холбогдолтой гэж үзэж, хүсэлтийг хангасан байна. Захирамжийн дагуу БНСУ-ын Пусан хотын даргаас ирүүлсэн баримтад BS106 KL5UM52PD7U000573 маркийн автобусны үнийг худалдааны нэхэмжлэх, барааны жагсаалтад 10 000 ам.доллар, BS106 KL5UM52PD7U000723 маркийн автобусны худалдааны нэхэмжлэх, барааны жагсаалтад 5 000 ам.доллар гэж тусгагдсан байгааг мэдэгдсэн байх ба энэ нь борлуулалтын бодит үнэ мөн эсэхийг мэдэх боломжгүй гэжээ. /хх-ийн 149-160 дугаар тал/

БНСУ-ын Вүүрибус /Wooribus/ компаниас ирүүлсэн “...BS106 KL5UM52PD7U000573, BS106 KL5UM52PD7U000723, BS106 KL5UM52PD7U000722, BS106 KL5UB52PD7U000744, BS106 KL5UM52PD7P027301 маркийн 5 автобусыг 2014 оноос 2015 оны хооронд борлуулсан, ойролцоогоор ширхэг тутмын үнэ 13 000 000 вон байсан...” гэх баримтыг тус улсын шүүхээс баталгаажуулж ирүүлсэн байна. /хх-ийн 206, 214 дүгээр тал/

Дээрх баримтуудаар автобусны зах зээлийн үнэ зөрүүтэй байдлаар тодорхойлогдсон байх тул шүүх гаалийн баримтад мэдүүлсэн үнийг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Солонгос улсын хуулийн этгээд, эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн үнийн тодорхойлолтууд нь автобусны үнийг илэрхийлсэн болохоос А.М нь хэдээр худалдан авсан гэх үйл баримтыг нотлоогүй байна. Вүүрибус /Wooribus/ компаниас автобус нэг бүрийн үнэ ойролцоогоор 13 000 000 вон байсан гэх мэдээллийг ирүүлсэн хэдий ч А.Мтай байгуулсан хэлцэл, хэлцлийн үнийн дүн, мөнгө шилжүүлсэн үйл баримт тодорхой бус үлджээ.

Үүнээс гадна хариуцагч А.М нь автобусыг худалдан авахдаа хэдэн ам.доллар эсвэл воныг Wooribus компанид шилжүүлснээ шүүхэд ирүүлж, нотлох боломжтой байхад нотлоогүй юм.

2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “А.М миний бие “С-И”автобус компанийн захирал Болдбаатараас 5 автобусны мөнгө хүлээж аваад 2 автобусыг явуулсан болно. Үлдэгдэл мөнгө болох 49 395 080 төгрөгийг 1,200 долларын хамт 2014.9.04-ний дотор төлж барагдуулах болно” гэх баримтыг хариуцагч нэхэмжлэгчид өгсөн байх ба үүнээс хойш нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 3 ширхэг автобусны үнийг хариуцагч А.М нь нэг бүр нь 4 500 ам.доллар гэж ачаа тээврийн баримт, гаалийн баримтад мэдүүлсэн тул 13 500 ам.доллар буюу 26 310 555 төгрөгийг хасч, үлдэх 23 084 525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д зааснаар даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Даалгавар гүйцэтгэхтэй холбоотойгоор А.М нь зардалд 1 200 ам.доллар авсан тул уг мөнгийг “С-И”ХХК шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Даалгавар өгөгч нь гэрээнд заасан бол хөлс төлөх үүрэгтэй байдаг боловч талууд энэ талаар тохиролцсон, “С-И”ХХК хөлс төлөх үүрэг хүлээсэн байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн утасны бичлэг гэх агуулгатай  диск /CD/-г үзлэг хийж бэхжүүлэх ажиллагаа явуулаагүй, уг баримтыг үнэлээгүй, нотлох баримтаас хасах эсэхийг шийдвэрлээгүй алдаа гаргасан байх боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүйгээс гадна, тухайн баримт нь шийдвэрийн үндэслэл болоогүй, маргааны зүйлд нөлөөлөөгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд нийцээгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 699 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА