Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2022/0103/Э |
Дугаар | 2022/ШЦТ/88 |
Огноо | 2022-04-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/88
2022.04.27 2022/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0103/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Хохирогч Д.Ганчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Б.Гантүвшин нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гантүвшинд холбогдох 2139001630095 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Гантүвшинг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19-20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Зүрхний нуур гэх газарт байрлах Т.Алтан-Одын гэрт хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас хохирогч Д.Ганчимэгтэй маргалдаж улмаар толгой хэсэгт нь цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, духны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүний булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч Д.Ганчимэг нь “гомдолтой байна, эмчилгээний зардалд 6.745.753 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.
Шүүгдэгч Б.Гантүвшин нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Ганчимэгийн өгсөн:...2021 оны 05 дугаар сарын 03-ны орой 05 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг Зүрхийн нуурын зүүн талд байдаг найз Ариунаагийнд очсон. Тэгээд Ариунаа бид 2 ярьж суунгаа 0.75-н соёрхол хувааж уугаад дундаа ороогүй байтал Ариунаагийн нөхөр Алтан-Од, Гантүвшин гээд залуу эх*******тэйгээ хамт 3-лаа ирсэн. Тэгээд Ариунаагийнд бөөнөөрөө сууж байтал Гантүвшин гээд залуугийн эх******* над руу хандаж танай нөхөр манай 100 хонийг авсан гэтэл Гантүвшин эх*******ийнхээ үгийг өлгөж аваад танай нөхөр надтай уулын орой дээр таараад миний нүд рүү эгцэлж харж чадахгүй байна лээ. Манай 100 хонийг авчихсан л юм байна лээ шүү дээ гэхээр нь би Гантүвшинд чи тухайн үед цагдаа шүүхээрээ явж шалгуулахгүй яасан юм бэ? гэж хэлээд уур хүрээд тэгэж ярьвал танай ах чинь шоронд насаараа хулгай хийж явсаар байгаад үхсэн юм байна лээ шүү дээ гэтэл Гантүвшин эх*******тэйгээ элбээд намайг зодож хамраас цус гаргаад байхаар нь би гадаа гарж цусаа арчаад байж байтал Гантүвшин эх*******тэйгээ хамт араас гарч ирээд мөнгө өгъе чи муу өглөө аваарай энэ мууг бүүр алчихъя гээд миний дээрээс дэвсэж толгой руу өшиглөж байсан. Тэгээд гэрт байсан хүмүүс гарч ирээд тэр 2-г надаас салгасан...Анх зодуулсны дараа Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлээд толгойны зураг авхуулаад орой гэртээ хариад байж байтал эмнэлгээс залгаад та яаралтай ирж хэвт гэхээр нь өглөө очиж хэвтэнэ гээд өглөө очтол та толгойны хүчтэй доргилт авсан байна гэсэн оноштойгоор Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу түргэний машинаар очоод Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлэх гэтэл Корона вирус гарсан учраас үзлэг хийхгүй байна гэхээр нь Цуу эрдэнэ гээд хувийн эмнэлэгт хэвтэж байтал маргааш нь эмнэлэг хоорондын шинжилгээгээр 3 дугаар эмнэлэг рүү очиж хэвтэн 05 дугаар сарын 17-ны өдөр тархины хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд орж гарч ирээд эмчилгээ хийлгээд 06 дугаар сарын 02-нд эмнэлгээс гараад 04-нд Хэнтий аймагт ирсэн... би зодуулахаасаа өмнө ямар нэг архаг хууч өвчингүй, толгой тархи бол өвддөггүй байсан. Одоо зодуулснаас хойш миний толгой огцом ихээр өвдөлт өгч бөөлжөөд байдаг болсон. Би одоо энэ явдлаас болж хөдөлмөрийн чадвараа алдаж группэт орох болчихоод байна... Би эрүүл саруул байж байгаад ийм байдалтай болчихсон байна. Маш их гомдолтой байна. Тэр хүмүүс намайг ийм болгож зодчихоод одоог хүртэл дайрч давшилж байгаа нь хэцүү байна...Батцэцэг намайг үсдэснээс өөр цохиж зодсон асуудал байхгүй ээ. Хэл амаар бол доромжлоод гүтгээд байсан...Тэгээд би тэр хүмүүсээс 10 сая төгрөгөө авах хүсэлтэй байгаа. Гомдолтой байна...Гантүвшин нь миний биед гэмтэл учруулчихаад надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-36 хуу/
Гэрч Б.Батцэцэгийн өгсөн:... Манай саахалт айлын залуучууд бопох Алтан-Од, Жамбалдорж нар 05 дугаар сарын 03-ны өдөр орой 20 цагийн орчимд манай гэрт Жамбалдоржийн машинтай ирсэн. Жамбалдорж эх******* 2 хүүхдийн хамт ирсэн. Алтан-Од манай гэрт орж ирэхдээ Отгонбаяр, Ганчимэг хоёрыг гэрт нь хүргэж өгөөд явж байна. Манай гэрт ирээд архи ууж байхад хоорондоо маргалдаад байхаар нь хүргэж өгөөд явж байна, танайхаар ойрд хэссэнгүй гэж хэлээд ганц шил архи хувааж уухаар ирлээ гэж хэлсэн. Алтан-Од 0.75 граммын Соёрхол *******тэй архи гаргаж ирээд задлахад Жамбалдорж эх******* хүүхдүүдийнхээ хамт гэрт хүнгүй байгаа харихгүй бол болохгүй гэж хэгээд Алтан-Одыг үлдээгээд явсан. Манай нөхөр Алтан-Од хоёр архиа хувааж уугаад дуусахад нь би машинаа бариад нөхөр бага хүүгийн хамт Алтан-Одыг хүргэж өгөхөөр гэрт нь очсон. Тухайн үед 21 цаг болж байсан. Биднийг Алтан-Одын гэрт очиход Ганчимэг, Алтан-Одын эх******* Ариунсувд хоёр архи уугаад сууж байсан. Алтан-Од өөрөө алхаж ороод гэрийнхээ хойд талын орон дээр хэвтээд өгсөн. Алтан-Од архи их уусан болохоор согтсон байсан юм. Би нөхөр хүүхдийн хамт ороод гэрийн зүүн талын орон дээр суухад манай нөхөр гутлаа тайлаад хэвтсэн. Тэр үед Ганчимэг хэрүүл өдөөд манай нөхрийг та нар манай нөхрийг хулгайч гэж ярьдаг гэсэн, хулгайд алдсан малаа манай нөхрийг авсан гэж ярьж явдаг, танай ах чинь бас хулгайч байсан гэсэн гэх зэргээр дайрч давшлаад зүүн орны толгой хэсэгт буюу манай нөхрийн хажууд очиж суусан. Тэр үед би хүүхдээ аваад баруун орон дээр зөрж очоод суух үед манай нөхөр уурлаж босож ирээд баруун гараараа Ганчимэгийн зүүн хацар руу нь алгадахаар нь би очиж дунд нь орж суусан. Тэгэхэд Ганчимэг миний үснээс зулгаагаад дарахаар нь би бас үсдсэн. Биднийг манай нөхөр салгасан байх намайг доош нь дарсан байсан болохоор хэн салгасныг хараагүй. Түүний дараа Ариунсувд Ганчимэгийг хүргэж өгъе гэж хэлээд гэрээс гарсан. Ариунсувд Ганчимэгийн машиныг жолоодож гэрт хүргэж өгөхөд би өөрийнхөө машинтай дагаж очоод Ариунсувдыг буцааж гэрт нь авч ирсэн...Ганчимэг манай нөхөртэй маргалдаж муудалцаад байхаар нь дунд нь ороод суухад намайг удам муутай удмаа нууж явдаг гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь босоод холдох гэтэл үснээс зулгаагаад авсан. Тэгэхээр нь би тавь гэж хэлэхэд хэл амаар доромжлоод тавихгүй байхаар нь би өөрийг нь үсдвэл тавих байх гэж бодоод үснээс нь зулгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Гэрч Т.Алтан-Одын өгсөн:...Тухайн өдөр би өөрийнхөө гэрт буюу Хэрлэн сумын 8-р баг Зүрхийн нуур гэх газарт байж байтал өдөр нутгийн найзууд болох Отгонбаяр, Жамбалдорж Ганчимэг нар нь манай гэрт уучихсан ирсэн. Тэгээд бид нар нийт 1 шил архи хувааж уугаад байж байтал Отгонбаяр Ганчимэг 2 нь зодолдоод маргалдаад байсан. Тэгээд би болон Жамбалдорж салгаад тэр 2-г гэрт нь хүргэж өгөхөөр гараад гэрт нь буулгаад Жамбалдорж өөрийнхөө гэр рүү харин би Гантүвшингийнд очсон. Тэгээд тэнд 1 шил архи нэмж уугаад би тасарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд зодуулсан цохиулсан асуудал болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/
Гэрч Д.Алтансувдын өгсөн:...2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед би Хэрлэн сумын 8 дугаар баг Зүрхийн нуур гэх газарт өөрийнхөө гэрт байж байтал манай нутгийн танил найз болох Ганчимэг нь Соёрхол *******тэй 0.75-н архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид 2 тэр архинаас нь уугаад / нээх их бол биш/ байж байтал оройхон мөн нутгийн найзууд болох Гантүвшин Батцэцэг 2 нь манай нөхөр Алтан-Одын хамтаар ирсэн. Тэгэхэд Гантүвшин, Батцэцэг 2 гайгүй харин манай нөхөр Алтан-Од согтчихсон орж ирсэн. Тэгээд нөхрийг хойд орон дээр унтуулаад Гантүвшин манай баруун орон дээр хэвтэж байсан. Ганчимэг согтуу Гантүвшин рүү ойртож үг хаяаад “манай нөхрийг хонь авсан гэж гүтгэсэн” гээд л байсан. Тэгтэл Гантүвшин уурлаж босож ирээд баруун гараараа Ганчимэгийг нүүрэнд 1 удаа цохиж байсан. Тэгэхэд Ганчимэг нүүрээ дараад хамраас цус гараад байна гэхээр нь би гүйж очиж цусыг нь арчиж өгөхөд Ганчимэг Ганаа руу цохиж дайраад “дахиад зод гээд би чамаас мөнгө авна хараарай” гээд дайраад байсан. Тухайн үед Батцэцэг бид хоёр тэр 2-г салгах гээд дундуур нь ороод арай гэж салгасан. Тэгээд би бушуухан Ганчимэгийг машинд суулгаж шууд гэрт нь хүргэж өгсөн... Эхлээд тэр өдрийхөө өдөр нь Отгонбаяр нь эх******* Ганчимэгийн хамт манай гэрт ирсэн. Тэгэхдээ 2 лаа согтуу байсан. Тэгээд манайд байж байхдаа Отгонбаяр, Ганчимэг 2 хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Тэгэхээр нь мөн л болиулаад манай нөхөр Алтан-Од нь тэр 2-г гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд хүргэж өгчихөөд Гантүвшингийн гэр рүү явж уусан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 216 дугаартай дүгнэлт:
1.2. Д.Ганчимэгийн биед тархи доргилт, духны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүний булчингийн чангарал, баруун талын ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх тархи доргилт, духны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүний булчингийн чангарал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, баруун талын ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэдгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 95-96 хуу /
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт:
1. Д.Ганчимэгийн биед тархи доргилт, духны баруун хэсэг, зүүн дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, дээд, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр 2021 оны 05 сарын 03-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Д.Ганчимэгийн тархины баруун зулай хэсгийн хоргүй хавдарын шалтгаан, үе шатыг нарийвчлан тоггоох боломжгүй. Гэмтлийн улмаас үүсэхгүй, гэмтлээс болж сэдрээгүй байна.
4. ШШҮХүрээлэнгийн 2021.07.24-ны өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 138-143 хуу/
Яллагдагч Б.Гантүвшингийн өгсөн:..Тухайн хэрэг болдог өдөр би эх*******ийн хамтаар найз Алтан-Одыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Алтан-Одын гэрт ирэхэд тэднийд эх******* Ариунсувд болон охин Дэлгэрмаа, Ганчимэг мөн Алтан-Одын бага насны хүүхдүүд нь байсан. Бид нарыг Алтан-Одтой хамт гэрт нь очиход ойролцоогоор 20-21 цаг болж байсан. Би тэдний гэрт ороод зүүн орон дээр нь хэвтэж байтал Ганчимэг согтуу над дээр ирээд хэрүүл хийгээд, элдвээр хэлээд байхаар нь би уур хүрээд Ганчимэгийн нүүр хэсэг рүү нь 1 удаа гарынхаа ар хэсгээр цохиход хамраас нь цус гарч газар сууж байсан. Тэгээд Ганчимэг эргэж босож ирээд намайг зод би чамаас мөнгө авна гээд дайраад байхаар нь манай эх******* Батцэцэг бид 2-г салгаад Ариунсувд Ганчимэгийг аваад гарсан....Би Ганчимэгийн биед баруун гарныхаа ар хэсгээр нэг удаа нүүр хэсэг рүү нь цохиж гэмтэл учруулсан... Би Д.Ганчимэгтэй маргалдаж муудалцахдаа Алтан-Одын гэр дотор нь л маргалдаж 1 удаа нуүрэнд нь цохьсон...Би Д.Ганчимэгт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би өөрөө болон эх*******ээрээ дамжуулан Д.Ганчимэгийн хөдөө гэрт нь хэд хэдэн удаа очиж уулзахад Д.Ганчимэг нь 10 сая төгрөг авна тэрнээс өөр тохиролцохгүй гэж хэлж байсан. Иймд би шүүхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна...Би тухайн үед хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 хуу/
Хохирогч Д.Ганчимэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 107-132 хуу/
Б.Гантүвшин нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155 хуу/
Б.Гантүвшингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 158 хуу/
Мөрдөн байцаалтын үед хохирогч Д.Ганчимэгийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нийт 6.745.753 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлын баримт /хх-ийн 178-197 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 218-219 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гантүвшинд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Гантүвшин нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19-20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Зүрхийн нуур гэх газарт хохирогч Д.Ганчимэгтэй согтуугаар маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж тархи доргилт, духны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүний булчингийн чангарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Гантүвшин нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол нь хэрэгт авагдсан хохирогч Д.Ганчимэг, гэрч Г.Батцэцэг, Т.Алтан-Од, Д.Алтансувд, А.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Гантүвшин нь хохирогч Д.Ганчимэгийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, духны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүний булчингийн чангарал бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Гантүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Д.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд тооцож нийт 6.745.753 төгрөгийн нэхэмжилжээ.
Хохирогч Д.Ганчимэг нь Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын тасагт 2021 оны 05 дугаар сарын 10-21-ний өдрийг хүртэл хугацаанд тархи ба төв мэдрэлийн тогтолцооны бусад хэсгийн хоргүй хавдар /D33/ оношоор хэвтэн эмчлүүлсэн болох нь тус эмнэлэгийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/692 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 107 хуу/ Д.Ганчимэгийн өвчний түүхийн хуулбар зэргээр тогтоогджээ.
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтэнд “Д.Ганчимэгт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр их тархины зулай хэсгийн уйланхайлаг хавдар /2.0х3.0 см хэмжээтэй/ авах мэс засал хийгдсэн” талаар тусгаж, уг хоргүй хавдарын шалтгаан, үе шатыг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн улмаас үүсэхгүй, гэмтлээс болж сэдрээгүй тухай дүгнэлт гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нийт 6.745.753 төгрөгийн хохирлын баримтуудаас үзэхэд 187.250 төгрөгийн баримт нь шүүгдэгч Б.Гантүвшингийн учруулсан хөнгөн зэргийн гэмтэлтэй холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй буюу цаг хугацааны хувьд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гарсан буюу Д.Ганчимэг нь тархины хавдар авахуулах мэс засалд орохоос өмнөх зардлын баримтууд байна. Харин үлдэх 6.558.503 төгрөгийн зардлын баримтууд нь хэрэгт хамааралгүй буюу хохирогч нь Д.Ганчимэг нь тархины хавдар авахуулах мэс засалтай холбоотой гарсан зардлын баримтууд буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи баримтууд байна. Шинжээчийн дүгнэлтэнд Д.Ганчимэгийн биед тогтоогдсон тархины хоргүй хавдарын шалтгаан, үе шатыг нарийвчлан тогтоох боломжгүй, гэмтлийн улмаас үүсэхгүй, гэмтлээс болж сэдрээгүй тухай тусгагдсан байх тул уг хавдар үүссэн шалтгаан болон уг хавдарын эмчилгээтэй холбоотой гарсан зардал нь шүүгдэгч Б.Гантүвшингийн үйлдэлтэй хамааралгүй гэж дүгнэв.
Иймд хохирогчийн нэхэмжилсэн 6.745.753 төгрөгийн баримтаас 6.558.503 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, 187.250 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Гантүвшинг хохирогч Д.Ганчимэгт 187.250 төгрөгийн төлбөртэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нь энэ хохирлыг төлөх талаар хүсэлт гаргахад хохирогч нь хэмжээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр уг мөнгийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Гантүвшин нь 2021 оны 5 сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгчид оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 187.250 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ганчимэгт олгуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Балгансүрэнгийн Гантүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантүвшинг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Гантүвшин нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Гантүвшин нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогчийн нэхэмжилсэн 6.745.753 төгрөгийн нэхэмжлэлээс 187.250 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогч Д.Ганчимэгт олгож, үлдэх 6.558.503 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Гантүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон 187.250 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Гантүвшинд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гантүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ