Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89        

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр                              2022/ШЦТ/89                      Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0102/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Батбаатар,  

Шүүгдэгч  нарын өмгөөлөгч                                Б.Жавхлан,

Шүүгдэгч                                              М.Балдангомбо, Н.Доржзовд нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Балдангомбо, Н.Доржзовд нарт холбогдох 2139000000349 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Балдангомбо, Н.Доржзовд нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг Устын ам гэх газарт Л.Дамдиндоржийн орхиж явсан 74-78 УАН улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд хойд гэрлүүдийг хосоор нь  аккумулятор, ком баттарей зэрэг эд ангиудыг нууц далд аргаар хулгайлж, уналга морь ашиглан зөөвөрлөж Л.Дамдиндоржид 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч М.Балдангомбын өгсөн “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эзэнгүй машин байхаар нь Багануур дүүрэг рүү найз Доржзовд руу ярьж дуудаад хамт морьтой очиж эд ангиудыг нь хулгайлж авсан, эд ангиудыг зарж мөнгийг нь хувааж авсан, гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан 2 морь миний морьд байсан, хохирлоо төлөх гээд зарчихсан” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Н.Доржзовдын өгсөн “найз Балдангомбыг дуудахаар нь очиж хамт машины эд зүйл хулгайлсан, эд ангиудыг зарсан мөнгөнөөс нь авсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Л.Дамдиндоржийн өгсөн:... Миний бие өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 74-87 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сард Багануур дүүрэг орох замд замаас гаргаж түр үлдээгээд явсан юм. Тэгээд 2 хоногийн дараа ирээд машинаа хартал эд ангиудын тоносон байсан. Урд гэрэл хосоороо, ард гэрэл хосоороо, аккумлятор, ком баттерей гэх мэт зүйлүүд алга болсон байсан. Би орхиж явдаг өдөр бүх хаалгыг түгжиж явсан байсан. Харин дараа нь ирээд хартал жолооч талын хаалганы жижиг гурвалжин шил хагарсан, бүх хаалга онгорхой байсан...Би жолоодож яваад миний дугуй хагараад хагарсан дугуйгаа засуулах гээд Багануур дүүрэг рүү явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Гэрч М.Галмандахын өгсөн:..Би Балдангомбыг танина. Харин Н.Доржзовдыг танихгүй...2021 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна харуй бүрий болж байсан юм даг намайг үхрээ хураагаад явж байхад надаас 500 орчим метр зайтай М.Балдангомбо нь морьтой бас нэг морьтой хүнтэй хоёулаа морин дээр машины сэлбэг бололтой эд зүйлс ачаад гэр рүүгээ явж байсан. Тухайн үед надаас тэр 2 морьтой хүн зайтай байсан явж байсан учраас хэрэгт дурлаж очиж хараагүй. Тэгэхдээ морин дээрээ машины сэлбэг бололтой ачсан байсан. Тэр дунд нь машины гэрэл байх шиг байсан. Би тухайн үед М.Балдангомбыг машинтай гэдгийг нь мэдэж байсан учраас өөрийнхөө машины сэлбэгийг аваад явж байгаа юм болов уу л гэж бодсон...М.Балдангомбо нь өөрийнхөө морьтой явж байсан. Нөгөө хүн бас М.Балдангомбын малдаа явдаг морийг унасан байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ 

 

Тоёото Приус-30 маркийн автомашины батерей, аккумлятор, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг хойд гэрлийн үнэлгээг нийтэд нь 4.980.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны  өдрийн 2021/ШД-437 дугаартай  дүгнэлт /хх-ийн  50-51 хуу/

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан насны 2 тооны адууны үнэлээг нийтэд нь 2.000.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 сарын 10-ны  өдрийн 2021/ШД-105 дугаартай  дүгнэлт /хх-ийн  57 хуу/

 

М.Балдангомбын яллагдагчаар өгсөн:... Би болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн...би хүлээн зөвшөөрч байна...хохирлоо  барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуу/

Н.Доржзовдын яллагдагчаар өгсөн:... Би болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...би хохирлоо барагдуулсан хохирогч маань надад гомдол саналгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/

М.Балдангомбын  иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн  76 хуу/

М.Балдангомбо нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуу/

Н.Доржзовдын  иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн  85 хуу/

Н.Доржзовд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 122-124 хуу/

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирол төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 141-155 хуу/

Хохирогч Л.Дамдиндоржийн гаргасан “М.Балдангомбоос гэмт хэргийн хохиролд тооцож 5.000.000 төгрөг авсан тул гомдолгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хохирогч Л.Дамдиндоржийн гаргасан “Н.Доржзовдоос гэмт хэргийн хохиролд тооцож 4.500.000 төгрөг авсан тул гомдолгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,   /хх-ийн 142, 143 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  М.Балдангомбо, Н.Доржзовд нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг Устын ам гэх газарт хохирогч Л.Дамдиндорж нь жолоодож яваад эвдрэлийн улмаас орхиж явсан 74-78 УАН улсын дугаартай Приус-30 маркийн автомашины урд, хойд гэрэл,  аккумулятор, баттарей зэрэг эд ангиудыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  морь ашиглан зөөвөрлөж Л.Дамдиндоржид 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нар нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Дамдиндорж, гэрч М.Галмандах нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг хэрэг үйлдэхдээ морь ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэргийн газарт түргэн очих, буцах, хулгайлсан эд зүйлийг зөөж хэргийн газраас холдуулах зэргээр үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дамдиндоржид 4.980.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Л.Дамдиндорж нь “хохирлоо төлүүлсэн, гомдолгүй тухай” нотариатороор батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 142-144 хуу/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч М.Балдангомбод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Н.Доржзовдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Балдангомбод хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Н.Доржзовдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ  хэрэглэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морины үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус тус 1.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхад овгийн Мөнхжаргалын Балдангомбо, Зана овгийн Нямзавын Доржзовд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  нарт хорих ял оногдуулахгүйгээр М.Балдангомбыг  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Н.Доржзовдыг 1 /нэг/  жил / гурав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу морины үнэ 2.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус 1.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нар нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Балдангомбо, Н.Доржзовд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ