Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

2022          04            11                                        2022/ШЦТ/333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дөлгөөнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан эрүүгийн 2211000000832 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э, 1993 оны 12 дугаар сарын 12-ний өдөр, Өвөрхангай аймагт төрсөн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум 4 дүгээр баг 3-5 тоотод оршин суух, барилгын туслах ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хүрээ хотхоны 23 дугаар байранд хохирогч Б.Батчимэгээс Хуавей Ви-6 /Huawei V-6/ загварын гар утсыг утсаар нь яриад өгье гэж хэлж хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Б-н мэдүүлэг, гэрч Н.М мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Э-н мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Б.Э:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.Э нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ хотхоны 23 дугаар байранд хохирогч Б.Б-т “...гар утсаараа нэг яриулаач эгчтэйгээ ярих гэсэн юм. Би өөрийнхөө гар утсыг автобусанд алдчихлаа” гэж хэлж хохирогчид түүний эзэмшлийн гар утсыг утсаар ярих зорилгоор ашиглаад эргүүлж өгнө гэх итгэлийг төрүүлэн хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Б.Б мэдүүлсэн “...2022 оны 3 дугаар сарын 10-ны 17 цагийн орчимд намайг гэртээ хүү Билгүүнтэй хамт байж байтал манай хаалгийг хүн тогшихоор нь нээтэл өөрийгөө 9 давхарын 47 тоотын эгчийнхээ гэрт амьдардаг байсан гэж танилцуулсан 30 орчим насны залуу надаас эгчээ гар утсаараа нэг яриулаач эгчтэйгээ ярих гэсэн юм. Би өөрийнхөө гар утсыг автобусанд алдчихлаа гэж хэлэхээр нь би өөрийн Huawei V-6 загварын гар утсыг өгөөд үүдэн дээрээ зогсож байтал нөгөө залуу нэг дугаарлуу залгаад яриад байсан. Би тухайн хүнд миний утсанд нэгж бага байгаа гэж хэлэхэд санаа зоволтгүй ээ би өөрөө залгуулчихъя гэж хэлээд нэг хүнтэй “хайраа” гэж яриад байхаар нь хэрэгт дурлаад байгаа юм шиг санагдаад санаа зовоод хаалгаа хаагаад гэртээ орчихсон. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө залуугийн дуу нь гарахаа больчихоор нь хүүгээ яачихав гэж асуутал утсыг чинь аваад явчихаж байгаа юм биш үү гараач ээ гэхээр нь гартал байхгүй байсан. Тэгээд 9 давхарын 47 тоотын хаалгийг нүдтэл хүн гарч ирэхгүй болохоор нь шатан дээр байгаа байх гэж бодоод шатаар буутал байхгүй болохоор нь хажуу талын дэлгүүр лүү орж худалдагчийн утсаар өөрийнхөө 99523024 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал), гэрч Н.М мэдүүлсэн “...2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр над руу 99523024 гэх дугаараас миний 88026574 гэсэн дугаар луу залгаад “Би гар утсаа алдчихлаа манай эгчийн байрны жижүүр эгчийн утсаар ярьж байна. Би утасгүй байгаа гэх зэрэг ойр зуурын юм ярьж байгаад заза жижүүр эгч утсаа авах гээд байна гар утсыг өглөө” гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №ЧД1-21-319 хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээний дүн 140.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дахь тал), шүүгдэгч Б.Э яллагдагчаар мэдүүлсэн “...би тухайн өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эгч Дуламсүрэн эгчийн гэрт иртэл хаалгаа тайлахгүй байсан юм. Тэгэхээр нь доош бууж жижүүрийн эгчийн гар утсыг нь гуйж байгаад ээж болон танил эмэгтэй Мөнхдалай утсаар ярьж байгаад жижүүр эгчийн гар утсыг нь өөрт нь утсыг чинь түр зуур авч яваад эргээд аваад ирье гэж хэлээд утсыг нь хулгайд алдсан юм. Жижүүр эгч миний хэлснийг сонсоогүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар  хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 3. Шүүгдэгч Б.Э өөрийн хууль зөрчиж, хүний өмчлөх эрхэд халдаж халдаж, бусдын эд хөрөнгө болох гар утсыг түр ашиглаад эргүүлж өгнө гэх итгэлийг төрүүлэн хуурч, буцааж өгөлгүйгээр өөртөө бүр мөсөн авсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 43 дахь тал), хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 42 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.

 5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-г гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

6. Хохирогч Б.Б нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...гомдол саналгүй” (хавтаст хэргийн 38 дахь тал), “...хохирлоо бүрэн авсан гомдол санал байхгүй” (хавтаст хэргийн 36 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялын төрөл, хэмжээг тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналын дотор шүүгдэгч Б.Э-т оногдуулах торгох ялын хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

8. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э нь шүүхийн зөвшөөрөлгүй хоёр хоног баривчилагдсан (хавтаст хэргийн 13 дахь тал) байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар баривчилагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүү байхаар тогтоож нийт 30.000 /гучин мянга/ төгрөгийг биечлэн эдлэх ялаас хасан тооцож,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчилагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүү байхаар тогтоож нийт 30.000 /гучин мянга/ төгрөгийг биечлэн эдлэх торгуулийн ялаас хасаж тооцсугай.  

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ГАЛБАДАР