Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

 

2022.04.27                                    2022/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0109

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Ж.Батбаатар,

Шүүгдэгч                              Н.Нандин-Эрдэнэ, Д.Сарансүх  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нарт холбогдох 2239000000093  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Сарансүхийг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 05-06 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Модон гэх газарт байрлах М.Мөнгөн-Уяагийн гэр дотор Н.Нандин-Эрдэнийг эх******* рүү нь салаавч гаргалаа гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиж Н.Нандин-Эрдэний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Н.Нандин-Эрдэнийг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 05-06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Модон гэх газарт байрлах Г.Нэргүйбаатарын гэр дотор Д.Сарансүхийг нүүр рүү нь цохисон гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт нэг удаа хутгалж Д.Сарансүхийн эрүүл мэндэд толгойн зүүн хэсгийн хуйхны зүсэгдэж ярагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-22 хуу/

Хохирогч Д.Сарансүхийн  өгсөн:.. би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7-01 тоотод байх гэртээ эх*******, хоёр хүүхдийнхээ хамт байж байхад ойролцоогоор 18-19 цагийн үед л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Манай найз Мөнгөн-Уяа нь эх*******, хүүхдүүдийнхээ хамт гэрт маань ирсэн. Тэгээд манай найз Мөнгөн-Уяа нь эх*******, хүүхдүүдийнхээ хамт гэрт маань орж ирээд цай унд уусан бөгөөд эх******* бид хоёр, 2 хүүхдийнхээ хамт Мөнгөн-Уяагийн гэр рүү нь явж сар шинээ тэмдэглэхээр болсон... Тэгээд бид хэд Мөнгөн-Уяагийнхтай зэргэлдээ айл байдаг Нэргүйбаатар гэх манай бас нэг найзын гэр рүү нь эхэлж орцгоосон. Тэгээд бид хэд хоол унд идэж ууцгаахад Нэргүйбаатар архи задлаад бид хэд уг архинаас нь ууцгаасан...Тэгээд намайг унтаж амраад байж байхад үед буюу 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн ойролцоогоор 04 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь тодорхой сайн санахгүй байна, манай бас нэг найз болох Нандин-Эрдэнэ нь Мөнгөн-Уяа, Нэргүйбаатар нарын гэрт ирчихсэн намайг татаад сэрээсэн. Тэгээд намайг дөнгөж сэрэхэд Нандин-Эрдэнэ нь манай эх******* рүү салаавч гаргаад, охиныг маань уйлуулаад байсан. Тэгэхэд манай эх******* Пүрэвжав нь надад хандан Нандин-Эрдэнэ над руу салаавч гаргаад байна, чи намайг өмөөрөхгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нандин-Эрдэнэд хандан чи яагаад байгаа юм бэ гэхэд Нандин-Эрдэнэ нь архиндаа согтчихсон бололтой, согтуурахаад надад хандан би яасан юм, чи тэгээд намайг цохих гээд байгаа юм уу, тэгээд цохивол цохь л доо гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед бага зэрэг бухимдаад Нандин-Эрдэний нүүр рүү нь нэг удаа гараараа цохьчихсон. Тэгэхэд Нандин-Эрдэнэ нь уурлаад над руу дайрч давшилаад намайг цохих гэхэд тэнд байсан хүмүүс Нандин-Эрдэнийг болиулсан. Тэгээд байж байхад манай эх******* Пүрэвжав нь надад хандан чи ер нь гадаа гараад нэг машин тэргэнд ороод унтаж амрах юм уу, наад Нандин-Эрдэнэ чинь чамтай муудах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Мөнгөн-Уяагийн гэрээс нь гарсан. Тэгээд би гадаа гараад гадаа байсан нэг машин тэрэг рүү ороод унтаж амаръя гэхэд машинууд бүгд цоожтой байсан. Тэгэхээр нь би ер нь Нэргүйбаатарын гэр рүү нь орж унтаж амаръя гэж бодоод Нэргүйбаатарын гэр лүү ганцаараа ороод гэрийнх нь зүүн талын орон дээр нь суугаад байж байхад миний араас гаднаас Нандин-Эрдэнэ нь Нэргүйбаатарын гэр дотор орж ирэнгүүтээ битүүлэгний өвчүүний махан дээр тавиатай байсан хутгыг авсан. Тэгэхээр нь би Нандин-Эрдэнэд хандан чи найз нөхөд байж яах гэж хутга аваад байгаа юм, хутгаа тавиач гэж хэлсэн. Тэгэхэд л Нандин-Эрдэнэ нь над дээр хүрч ирэнгүүтээ гартаа барьж байсан хутгаараа шууд миний толгойны зүүн хажуу хэсгийн орчимд нэг удаа хутгалсан, тэгээд л би цаашхи үйл явдлаа сайн санахгүй байгаа юм. Тухайн үед нэг ийм л асуудал болсон... би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ. Би биеэ эрүүл саруул болгож, эмчилгээгээ сайн хийлгүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Хохирогч Н.Нандин-Эрдэний өгсөн:... Нэргүйбаатар, Мөнгөн-Уяа нарын хөдөө гэрт нь ирэхэд Нэргүйбаатар, Мөнгөн-Уяа нарын хөдөө гэрт нь манай бас нэг найз болох Сарансүх нь эх*******ийнхээ хамт ирчихсэн байж байсан. Тэгээд бид хэд бөөнөөрөө Мөнгөн-Уяагийн гэрт нь шинэлж, цай унд идэж ууцгаан, 2 шил архи уусан. Тэгээд би хэт их баярлаж хөөрсөн учир архиндаа дорхоноо согтоод тасарчихсан байна. Би Мөнгөн-Уяагийнд архи ууж байснаа л санаж байна. Энэнээс хойшхи бүх асуудлаа огт санахгүй байна. Тэгээд харин би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөөгүүр яг хэдэн цагийн үе байсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна Нэргүйбаатараас Сарансүхийн толгойн хажуу хэсгийн орчимд нь хутгалснаа сонсож дуулж мэдсэн. Миний мэдэх зүйл ийм л байна...надад гомдол санал, нэмэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/

Гэрч Н.Пүрэвжавын өгсөн:... манай нөхөр Сарансүх гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан. Нандин- Эрдэнэ архи ууж байхдаа манай нөхрийг босгох гээд очиж толгойноос нь түлхээд, хөөе сэрээч ээ гэж хэлээд байсан. Манай нөхөр сэрээд Нандин-Эрдэнийг чи яагаад байгаа юм гээд арагш түлхсэн. Нандин -Эрдэнэ би чамайг яасан юм пизда минь гэж хэлсэн. Энэ үед би нөхрөө өмөөрөөд Нандин-Эрдэнэд хандаж чи унтаж байсан хүнийг яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь Нандин-Эрдэнэ чи нөхрөө өмөөрлөө гээд над руу салаавч гаргаад байсан. Нандин-Эрдэнэ над руу салаавч гаргахыг бүгд харсан. Би нөхөр Сарансүхэд уурлаад найз чинь над руу салаавч гаргаад байхад чи эх*******ээ өмөөрч мэддэггүй юм уу гээд орон дээр сууж байхад нь хөл рүү нь өшиглөсөн юм. Манай нөхөр Сарансүх намайг дагуулаад Мөнгөн-Уяагийн гэрээс гараад чи яагаад байгаа юм согтуу хүнтэй юу ярих гээд байгаа юм гэж хэлээд Мөнгөн-Уяагийн гэр рүү эргээд орсон. Би гэрээс зайдуухан бие засаад сууж байхад Сарансүх Нандин-Эрдэнийг дагуулж гарч ирээд чи манай эх*******т яагаад салаавч гаргаад байгаа юм, уучлаарай гээд хэлчихээч гэхэд Нандин-Эрдэнэ чи цохих гээд байгаа юм уу гээд дайраад байсан. Би бие засчихаад тэр хоёр руу очиж байхад Сарансүх гараараа Нандин-Эрдэнийг түлхсэн чинь Нандин-Эрдэнэ чи намайг цохилоо гээд манай нөхөр рүү дайрч эхэлсэн. Энэ үед гэрээс Мөнгөн-Уяа, Нэргүйбаатар, Жовдсүрэн, Оюун-Эрдэнэ, Цэвэгмаа нар гарч ирээд боль боль гээд бүгдээрээ гэрт орсон...Оюун-Эрдэнэ түлээ оруулж ирэх гэж гэрээсээ гараад эргэж орж ирээд Нандин-Эрдэнэ, Сарансүхийг хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрээс гарахад Нэргүйбаатарын гэрийн үүдний урд талд гадаа Нандин-Эрдэнийг Нэргүйбаатар, Мөнгөн-Уяа хоёр дарчихсан байж байсан. Би Сарансүх хаана байна гэхэд дотор байна гэж хэлсэн. Нэргүйбаатарынх 2 ширхэг монгол гэрийг залгаж барьсан байсан юм. Нэргүйбаатарын гэрт ороход 2 дахь гэр рүү орох залгааны наад талд манай нөхөр Сарансүх дээшээ харчихсан, хувцас нь их цус болсон байдалтай байж байсан. Би очоод хутгалсан газрыг нь олох гээд биеийг нь тэмтэрсэн. Тэгээд толгойг нь хөдөлгөсөн чинь толгойн зүүн хажуу тал нь ярагдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Гэрч Б.Жовдсүрэнгийн өгсөн.... Архи уугаад сууж байхад Сарансүх зүүн орон дээр унтаж байсан. Сарансүхийг Нандин-Эрдэнэ сэрээх гээд очоод татаж, чангаагаад байсан. Тэгээд Пүрэвжав, Нандин-Эрдэнэ, Сарансүх нар хоорондоо маргалдаад муудаад, Мөнгөн-Уяагийн гэрээс орж гараад байсан. Нандин-Эрдэний зүүн нүд хавдчихсан явж байсан хэн цохисоныг нь хараагүй...Мөнгөн-Уяагийн гэрт 2022 он 02 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн орчим Пүрэвжав, Цэвэгээ бид гурав байж байхад гаднаас Оюун- Эрдэнэ орж ирээд Нандин-Эрдэнэ Сарансүхийг хутгалчихлаа гэж хэлсэн. Бид нар гэрээс бөөндөө гарахад манай гэрийн үүдэнд гэрийн гадаа манай нөхөр Нэргүйбаатар, Мөнгөн-Уяа  хоёр Нандин-Эрдэнийг дарчихсан Нандин-Эрдэнэ доошоо хараад газар хэвтэж байсан. Манай гэр рүү Оюун-Эрдэнэ, Цэвэгээ, Пүрэвжав бид дөрөв ороход манай залгаа барьсан 2 гэрийн хойд талын гэрийн үүдэнд Сарансүх дээшээ харчихсан хувцас нь цус болчихсон ухаангүй хэвтэж байсан. Сарансүхийн толгойн зүүн хажуу хэсэгт нь ярагдсан шарх үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

Гэрч М.Мөнгөн-Уяагийн өгсөн:... Нандин-Эрдэнэ нь Сарансүхийн эх******* болох Пүүжээтэй маргалдаж муудалцсан бололтой Пүүжээ рүү салаавч гаргасан. Тэгэхэд Пүүжээ уурлаад нөхөр Сарансүхэд хандан танай найз чинь над руу салаавч гаргаад байна, чи ямар нэгэн юм хийхгүй юм уу гэж хэлээд Сарансүхийн хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхэд Сарансүх орон дээр сууж байснаа босож ирэнгүүтээ шууд Нандин- Эрдэний нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгэхэд Нандин-Эрдэнэ нь уурлаад босож ирээд Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёр хоорондоо барьцалдаж аваад зууралдаад ширээтэй идээг маань нурааж, тэнд байсан хүүхдүүдийг айлгаж ичээгээд байсан учир би Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёрт хандан та хоёр гадаа гараад учир зүгээ ололц гэж хэлээд Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгээд араас нь Нэргүйбаатар бид хоёр ар, араасаа цувраад гадаа гарахад Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёр хоорондоо барьцалдаж зууралдсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь Нэргүйбаатар бид хоёр Сарансүх, Нандин- Эрдэнэ хоёрыг салгаад болиулсан. Тэгээд хонь майлаад байсан учир би хонио нэг харчихъя гэж бодоод хониныхоо хашаа руу явсан бөгөөд гэрийн гадаа Нэргүйбаатар, Сарансүх, Нандин-Эрдэнэ гурав үлдсэн. Тэгээд намайг хониныхоо хашааг эргээд явж байтал Нэргүйбаатар нь Уяа гээд чангаар хашгирсан. Тэгэхээр нь би яав аа гээд орилоход Нэргүйбаатар нь Нандиа Сүхээг хутгалчихлаа шүү дээ гээд орилсон. Тэгэхээр нь би хониныхоо хашаан дээрээс гүйгээд очиход Нэргүйбаатар нь өөрийн гэрийнхээ үүдэн дээрээ Нандин-Эрдэнийг газар унагаачихсан дээрээс нь биеэрээ дараад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

Гэрч Г.Нэргүйбаатарын өгсөн:... намайг гадаа гараад бие засчихаад буцаад Мөнгөн-Уяагийн гэрт орж ирэхэд Нандин-Эрдэнэ нь Сарансүхийн эх******* болох Пүүжээ рүү салаавч гаргасан. Энэ тэр гээд тэр хэд хоорондоо маргалдаж муудалцсан байдалтай байж байсан. Тэгээд байж байхад Сарансүх нь манай эх******* рүү салаавч гаргалаа гээд Нандин-Эрдэний нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгэхэд Нандин-Эрдэнэ уурлаад Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёр барьцалдаж зууралдаад авсан. Тэгэхээр нь Мөнгөн-Уяа бид хоёр Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёрыг болиулаад салгасан. Тэгээд маргаан хэсэг намжаад байж байхад Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёр Мөнгөн-Уяагийн гэрээс гарцгаасан. Тэгэхээр нь Мөнгөн-Уяа бид хоёр Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёрын араас нь цувраад гадаа гарахад Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёр дахиад хоорондоо маргалдаж муудалцах гээд байхаар нь Мөнгөн-Уяа бид хоёр болиулсан. Тэгээд Сарансүх нь унтаж амарлаа гээд манай гэр рүү маань орсон бөгөөд араас нь Нандин-Эрдэнэ манай гэр рүү яваад орохоор нь би Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёрыг ахиад хоорондоо маргалдаж муудалцаж магадгүй гэж бодоод Сарансүх, Нандин-Эрдэнэ хоёрын араас өөрийнхөө гэр рүү ороход гэрийн маань зүүн талын орон дээр Нандин-Эрдэнэ нь Сарансүхийн дээр нь гараад суучихсан, Сарансүх доор нь ороод хэвтчихсэн байдалтай байж байсан бөгөөд Нандин-Эрдэнэ нь баруун гартаа манай ширээн дээр чанаад тавьсан байсан өвчүүний махан дээр байсан улаан хүрэн өнгийн бариултай хутгыг маань гартаа барьчихсан, Сарансүхийг хутгалчихсан, ахиад хутгалах гээд байж байхаар нь би Нандин- Эрдэний араас нь тэвэрч аван болиулаад Нандин-Эрдэнийг аваад гэрээсээ гараад Мөнгөн-Уяаг дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны   өдрийн 120 дугаартай дүгнэлт:

 

1. Н.Нандин-Эрдэнийн биед зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 74-75 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны   өдрийн 98 дугаартай дүгнэлт:

 

1.  Д.Сарансүхийн биед толгойн зүүн хэсгийн хуйхны зүсэгдэж ярагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийи чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 82-83 хуу /

 

Д.Сарансүхийн яллагдагчаар өгсөн:...тухайн үед Нандин-Эрдэнэ нь согтуурахаад эх******* рүү маань салаавч гаргаад охиныг маань уйлуулсан. Тэгэхээр нь миний уур хүрээд л Нандин-Эрдэний нүүр рүү нь 1 удаа гараараа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/

 

Н.Нандин-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:...би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө ойролцоогоор 05-06 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Модон гэх газарт Сарансүхийн толгой хэсэгт нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл шарх учруулсан... Би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан учир энэ талаар бол санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/

 

Улаан хүрэн өнгийн бариултай, бариул нь 10.8 см, ажлын хэсэг нь 11.9 см нийтдээ 22.7 см урттай хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 хуу/

Д.Сарансүх нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 хуу/

Д.Сарансүхийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 133 хуу/

Н.Нандин-Эрдэнэ нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 хуу/

Н.Нандин-Эрдэнийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 141 хуу/

 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 145-146 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Сарансүх нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 05 цагийн орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Модон гэх газарт хохирогч Н.Нандин-Эрдэнэтэй  “эх******* рүү  салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нэг удаа гараараа цохиж зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 05 цагийн орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Модон гэх газарт хохирогч Д.Сарансүхтэй “нүүр рүү нь цохисон” гэх шалтгаанаар маргалдан толгой хэсэгт нь нэг удаа хутгалж толгойн зүүн хэсгийн хуйхны зүсэгдэж ярагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Н.Пүрэвжав, Б.Жовдсүрэн, М.Мөнгөн-Уяа, Г.Нэргүйбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Сарансүх нь хохирогч Н.Нандин-Эрдэний нүүрэн хэсэгт гараараа цохьсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл, шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь хохирогч Д.Сарансүхийн толгой хэсэгт нэг удаа хутгалсны улмаас  хохирогчийн эрүүл мэндэд учирсан толгойн зүүн хэсгийн хуйхны зүсэгдэж ярагдсан  шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны үед хохирогч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нар  нь “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацааагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Д.Сарансүхэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч Д.Сарансүхийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэний хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу өмнө 4 удаа ял шийтгүүлж байснаас 2 нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн бариултай, бариул нь 10.8 см, ажлын хэсэг нь 11.9 см нийтдээ 22.7 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Цагаан адуут овгийн Наранцэцэгийн Нандин-Эрдэнэ, Оровгод овгийн Доржготовын Сарансүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийг  700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Сарансүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Сарансүх нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нар  нь нийтэд тустай ажил хийлгэх ял  болон торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн бариултай, бариул нь 10.8 см, ажлын хэсэг нь 11.9 см нийтдээ 22.7 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сарансүх, Н.Нандин-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ