Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2022/0105/Э |
Дугаар | 2022/ШЦТ/92 |
Огноо | 2022-04-28 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/92
2022 оны 04 сарын 28 өдөр 2022/ШЦТ/92 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0105/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг
Хохирогч Л.Пүрэвсүх
Шүүгдэгч Э.Баярцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Баярцогтод холбогдох 2239000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Баярцогт нь 2021 оны 03 сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Цагаан толгой гэх газарт байрлах хохирогч Л.Пүрэвсүхийн өвөлжөөнд байсан 00-31 УНЧ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл дотроос түүний эзэмшлийн 560.000 төгрөгийн үнэ бүхий замаггүй ТОЗ-8 маркийн галт зэвсэг, 600.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн сэгсүүргэн дотортой дээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед хохирогч Л.Пүрэвсүх нь “алдсан эд зүйлээ хүлээж аваагүй, мөрдөгч эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд надаар гарын үсэг зуруулсан боловч гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр эд зүйлсийг минь надад өгөөгүй, эд зүйлсээ нэхэмжилнэ” гэжээ.
Шүүгдэгч Э.Баярцогт нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Э.Баяртуяагийн илүү гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 7-9, 12-14 хуу/
Хохирогч Л.Пүрэвсүхийн өгсөн:... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эх******* хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эзэмшлийн 00-31 УНЧ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслээ Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Цагаан толгой гэх газарт орхиод хаваржаа руугаа нүүсэн юм. Тухайн үед би тээврийн хэрэгслийнхээ багажинд 3628 гэсэн гол төмөрний дугаартай тоз-8 маркийн замаггүй галт зэвсэг болон сэгсүүргэн дотортой ягаан өнгийн дээлээ үлдээсэн байсан юм. Тэгээд сарын дараа буюу 04 дүгээр сарын 01-ний өдөр машин дээрээ очиход дотор нь байсан буу болон дээл алга болсон байсан... Миний машинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй байсан... 00-31 УНЧ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслийн хроп нь эвдэрхээр нь хэрэг болсон гэх газарт орхисон байсан...Би тээврийн хэрэгслээ агуулахын зориулалтаар ашигладаггүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 25 хуу/
Гэрч Э.Баяртуяагийн өгсөн:...Манай төрсөн дүү болох Э.Баярцогт намайг цагдаа нар дуудаад байна гэж манай гэрт ирээд нэг ягаан өнгийн дотортой дээл буутай хамт гаргаж ирээд ягаан өнгийн дээлний гадна өнгийн хуулж шатаагаад буу болон дээлний дотрыг манай гэрт үлдээгээд хоол идээд Дэлгэрхаан сум руу явсан...Э.Баярцогт тухайн дээл болон бууг хэний эзэмшлийн ямар учиртай гэдгийг хэлээгүй. 1 ширхэг ягаан өнгийн дээл, ямар марк загварын гэдгийг нь мэдэхгүй 1 буу авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/
Тоз-8 маркийн замаггүй буу, дээлний дотор, дээлний торго зэргийн үнэлгээг нийтэд нь 1.160.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШД-85 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 хуу/
Э.Баярцогтын яллагдагчаар өгсөн:... Би 2021 оны 03 дугаар сард хавар шиг санаж байна Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан 1 дүгээр баг хөдөө хэсэгт мал хайгаад өөрийн шар хээр зүсмийн морьтой явж байхад айлын эзэнгүй өвөлжөөн дээр соната-5 маркийн машин байхаар нь очоод хаалгуудыг нь татаж үзэхэд жолоочийн хойд талын хаалга нь онгойсон. Тэгэхээр нь сонирхоод машин дотор юу байгааг нь үзэхэд замаггүй ТОЗ-8 маркийн буу, ягаан өнгийн үстэй дээл зэрэг байхаар нь хулгайлж унаж явсан морин дээрээ ачаад гэр рүүгээ авч явж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
Тоз-8 маркийн замаггүй галт зэвсэг-1 ширхэг, сэгсүүргэн дотор 1 ширхэг зэргийг хохирогч Л.Пүрэвсүхэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18 хуу/
Э.Баярцогтын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 68 хуу/
Э.Баярцогт нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-81 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Баярцогт нь 2021 оны 03-04 сарын үед Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Цагаан толгой гэх газарт байсан 00-31 УНЧ улсын дугаартай Соната-5 маркийн автомашин дотроос замаггүй ТОЗ-8 маркийн замаггүй галт зэвсэг, ягаан өнгийн сэгсүүргэн дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Пүрэвсүхэд нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Баярцогт нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Пүрэвсүх, гэрч Э.Баяртуяа нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Баярцогтыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Пүрэвсүх нь шүүх хуралдааны үед алдсан эд зүйлсээ мөрдөгчөөс хүлээж аваагүй талаар мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөгч нь Тоз-8 маркийн замаггүй галт зэвсэг-1 ширхэг, сэгсүүргэн дотор 1 ширхэг зэргийг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э.Баяртуяагийн гэрээс хураан /хх-ийн 07-08, 12-13 хуу/ авч 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Л.Пүрэвсүхэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 хуу/ үйлджээ. Үүнээс үзэхэд хохирогчид алдсан эд зүйлсийг нь хүлээлгэн өгөөгүй асуудал нь шүүгдэгч Э.Баярцогттой хамааралгүй байна.
Гэрч Э.Баяртуяа нь “Э.Баярцогт нь ягаан өнгийн дээлний гадна өнгийг хуулж шатаасан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Э.Баярцогт нь дээлний торгоны үнэ болох 90.000 төгрөгийг шүүх хуралдаан үед хохирогчид төлж холбогдох баримтыг /хх-ийн 99 хуу/ гарган өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Баярцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байгаагүй болох нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Баярцогтод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвийн хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Баярцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхад овгийн Энхбаярын Баярцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярцогтыг 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Баярцогтод оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Баярцогтод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Шүүгдэгч Э.Баярцогтод зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвийн хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
6. Шүүгдэгч Э.Баярцогт нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Э.Баярцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баярцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОДХҮҮ