Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

2022.04.28                                   2022/ШЦТ/93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0098

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                   О.Ууганбаяр /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ууганбаярт холбогдох 2239000000082  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Ууганбаярыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Маргад зочид буудлын гадна хэсэгт 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Отгонжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун гараараа уруул хэсэгт нь нэг удаа цохиж З.Отгонжаргалын биед  доод уруулын дотор  салстын  язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний  сулрал бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

`ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч З.Отгонжаргалын өгсөн:.. Өнөөдөр Маргад пабад танил Ууганаа, Ааяа нартай архи уугаад сууж байснаа санаж байна. Яг юу болсоныг огт санахгүй байна...00 цагийн үед паб хаалгаад буудлаас гарахад үүдэнд хэдэн хүүхнүүд зогсож байх шиг байсан, би ч тэгээд салхинд цохиулаад нэг мэдсэн тасраад ухаанаа алдсан байсан. Юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн эмнэлгийн хүлээлгийн сандал дээр сууж байхдаа ухаан орсон...Тэгээд эмнэлгийн хүлээн авахын эмчээр урууландаа оёдол тавиулчихаад цагдаа дээр ирсэн. Тухайн үед манай найз охин Мөнхгэрэл цагдаа дуудсан гэсэн ухаан орсны дараа сонсох нь ээ Ууганбаяр бид хоёр буудлын гадаа маргалдаад Ууганбаяр миний уруул руу цохьсон гэж өөрөө хэлсэн... Бид хоёр найзууд гэж явдаг...Бид хоёр өөр өөр сургуульд 2017 онд 10 жилээ төгсөж байсан.  10 жилдээ танилцаж байсан. Бид хоёр хоорондоо муудаж сайндаад байдаггүй байсан. Хааяа уулзахаараа ганц нэг архи уучихдаг юм. Ууганбаярыг би элдэвийн ааш зангүй л юм болов уу гэж боддог... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/

Гэрч Ж.Алтангэрэлийн өгсөн:... Отгонжаргал, Ууганбаяр тэр хоёр машинтай манай гадаа ирсэн. Тэгээд тэр хоёртой уулзаад бид гурав Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Маргад” зочид буудлын пабад орж 0.75 граммын Чингис архи 2 шилийг, 0.5 граммын Соёрхол *******тэй 1 шил архи хувааж ууцгаасан.  Тэгээд 00 цагийн үед паб хаах цаг нь болоход бид гурав ч нэлээн согтсон нөгөө хоёр түрүүлж гараад тамхи татаж байя гээд гарсан. Би үлдээд тооцоогоо хийх гэсэн карт уншихгүй хэсэг удсан. Тэгээд тооцоогоо хийчихээд тэр хоёрын араас гарахад пабын үүдэнд тэр хоёр тамхилаад зогсож байсан. Тэгэхэд Отгонжаргал цустай шүлс хаяаад байхаар нь хальт уруул руу нь харахад доод уруул нь язарчихсан юм шиг харагдсан. Бид гурав тухайн үед нэлээн согтуу байсан болохоор бид гурав зам дээрээс такси бариад Ууганбаяр бид хоёр Отгонжаргалыг хүргэж өгчихөөд би шууд гэртээ буусан. Ууганбаяр болохоор такситайгаа харьлаа гээд явсан. Тэгсэн маргааш нь Отгонжаргал над руу чатаар өчигдөр Ууганбаяр бид хоёр муудсан юм шиг байна лээ, эмнэлэгт оёдол тавиулаад гэж хэлж байсан, би тэр хоёрыг муудахад байгаагүй яг юу болсныг мэдээгүй болохоор тэр өдрөө шууд хөдөө яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дүгээр сарын 17-ны   өдрийн 148 дугаартай дүгнэлт:

 

1. З.Отгонжаргалын биед доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.  Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 23-24 хуу /

 

О.Ууганбаярын яллагдагчаар өгсөн:... Тэр өдөр найзууд болох Отгонжаргал, Алтангэрэл нартай “Маргад” буудлын дотор нь байдаг пабад орж бид гурав 0.75 граммын Чингис архи 2 шилийг, 0.5 граммын Соёрхол 1 шилийг хувааж уугаад паб хаалгаад гарсан.  Харин Алтангэрэл тооцоо хийнэ гээд үпдсэн юм. Тэгсэн Отгонжаргал машинаа барьж явна гээд байхаар нь хэдүүлээ уучихсан юм чинь такси бариад харьчихая гэхэд Отгонжаргал намайг цохиж авснаа боогоод тавихгүй болохоор нь би уруул руу нь нэг удаа цохьчихсон. Тэгээд бид хоёр маргалдахаа болиод тамхи татаад зогсож байхад Алтангэрэл тооцоогоо хийчихлээ гээд гарч ирсэн. Тэгээд бид гурав такси бариад Отгонжаргалыг буулгаж өгчихөөд Алтангэрэлийнх рүү явж байхад Отгонжаргалын найз эмэгтэй над руу утасдаад  чи яагаад хүний уруул цохиж байгаа юм эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход Отгонжаргал урууландаа оёдол тавиулж байсан...Отгонжаргалыг согтуу машин бариулахгүй гээд маргалдсан энэ асуудлаас болж уруулыг нь цохьсон юм...Бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36  хуу/

 

О.Ууганбаяр нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуу/

О.Ууганбаярын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 39 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Ууганбаяр нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 00 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Маргад зочид буудлын гадна согтуурсан үедээ хохирогч З.Отгонжаргалтай  маргалдан нүүрэнд нь гараараа цохиж доод уруулын дотор  салстын  язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний  сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Ууганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч З.Отгонжаргал гэрч Ж.Алтангэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч  О.Ууганбаяр нь хохирогч З.Отгонжаргалыг нүүрэнд цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.Ууганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч З. Отгонжаргал нь мөрдөн байцаалтын үед “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг /хх-ийн 9 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг  гаргасан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Имт овгийн Отгонбаярын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярыг 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Ууганбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Ууганбаяр нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ