Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч ************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************холбогдох эрүүгийн 2238000000040 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 2-14 тоотод байрлах дугуй засварын газарт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн мөрний тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 2-14 тоотод байрлах дугуй засварын газарт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн мөрний тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000040 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хутганы ирмэг хэсэг Цэрэндоржийн хүзүүн тус газарт орсныг мэдээгүй...Би хохирогчид нэг сая төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна...Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-17-р хуудас),

      Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хх-ийн18-19-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн санал, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 20-23-р хуудас),

Хохирогч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний 16 цаг 30 минутын үед сумын төв болох 5-р багт дугуй засварт машины дугуй засуулж байхад дугуй засварын гадна миний машины хажууд Нармандах, Одгэрэл гэх 2 хүн согтуу маргалдаад байхаар нь та 2 маргалдаад яах вэ би таныг хүргээд өгье гээд Одгэрэл ахыг машиндаа суулгаад Нармандахыг бас хүргээд өгье суучих гэсэн Нармандах чам шиг гуйлгачнаар хүргүүлэхгүй. Намайг одоо машин ирээд авчихна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал эхнэр нь машинтай ирсэн. Нармандах намайг нохойн гөлөг, ах нь дарга хийдэг, та нарыг бүгдийг ална чамайг одоо шорлоно, заавал шорлож байж явна. Одоо чадахгүй бол унтаж байхад чинь очиж ална, би бол дүрдэг хүн гэх мэт үг хэллэгээр над руу дайраад байхаар нь би дугуй засвар луу орсон чинь ширээн дээр хутга байхаар нь холдуулах санаатай онгорхой байсан хаалгаар гаргаад шидчихсэн. Тэгсэн миний гаргаж хаясан хутгыг яаж олсныг нь мэдэхгүй барьчихсан орж ирээд над руу 2-3 удаа чичилж ширвэхэд хутга нь хүрээгүй эхнэр нь боль гээд урд нь хориод байсан. Тэгээд би дүрдэг хүн гээд над руу дахиад дайраад ирэхээр нь би хойшоо ухраад зугтах гэсэн дугуйнд тээглээд унаад босож ирэхэд шууд хутгаа даллаж ирээд хатгачихсан. Миний хүзүү рүү жирвэлзээд сонин болоод буцаад уначихсан...Би гомдолтой байна. Би эмчилгээ наашаа цаашаа явсан зардал гээд 2 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-33-р хуудас),

Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тэр залуу сумын Засаг дарга Бямбажав руу 2 удаа залгаад Нармандах хутгалчихлаа гэж хэлээд цадаагаа явуул гэж хэлж байсан...Тэгээд удалгүй Бямбажав дарга цагдаагийн хамт ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),

Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш Тэгээд удаа ч үгүй дахиж залгаад намайг хутгалчихлаа гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд дугуй засварын газарт цагдаатай зэрэг очицгоосон. Яваад очиход миний дүү Цэрэндоржийн нүүр ам цус болсон Нармандах гараас барьсан зогсож байсан. Би Нармандахыг араас чи юунд зуураад байгаа юм  гээд араас татсан. Чи яаж байгаа юм дүүг хутгалж байснаас надтай юм ярина биз намайг хутгалчихад яадгийн гэхэд цагдаа Нармандахыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),

Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************орж ирснээ миний мөрийг хардаа яачиж гээд асуухаар нь харсан чинь мөрнөөс нь цус гарч байсан. Тэгээд Бямбажав ах руугаа ************утсаар залгаад цагдаа дуудаад хамт эмнэлэг явцгаасан. ...************эрүүл байсан надаар дугуйгаа засуулж байсан. ...Цэрэндорж орж ирээд хутга асуухаар юм бодолгүй багаж дунд байгаа хутгыг хэлэхэд аваад хаалгаар гарч явахдаа “хутгыг шидэхийг яг харсан” би дотроо бодохдоо хутгыг хүнд өгч байгаа юм байна гэж бодсон. ...Ухаантай хүн хутган дээр унана гэж байхгүй. Тэгээд ч уналаа гэхэд хүзүү тус газар дайрна гэж байхгүй. Хүн хутгалж байж л гэмтэл авна...Яасан юм гэхэд Нармандах намайг хутгаар шаачлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44, 46-47-р хуудас),

Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үдэш Цэрэндорж манай хүүгийнд ирээд “дүүг нь Нармандах хутгалчлаа хүзүү тус газарт” гэхээр нь гайгүй юу гэсэн чинь одоо Мөрөн явах гэж байна. Цэрэндорж надаас та юу болсныг санаж байна уу гэхэд би санахгүй байна гэхэд та ч санахгүй байх, машин дотор...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас),

Шинжээч эмч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч ************биед учирсан гэмтэл нь хохирогч өөрөө өөртөө болон унах үед үүсэх боломжгүй юм. Энэ гэмтэл нь гадны нөлөөллийн улмаас үүсгэгдэнэ. Хүн өөрөө өөртөө зүүн мөрний дээд гадаргуу хэсэгт хутгалагдсан гэмтлийг учруулах боломжгүй. Ир үзүүртэй зүйл дээр унаад зүүн мөрний дээд гадаргуу хэсэгт хутгалагдсан шархыг учруулах бүр ч боломжгүй юм. ************биед үүссэн гэмтэл нь зүүн мөрний дээд хэсэгт ир үзүүртэй зүйлээр нэг удаа хатгах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Би дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт ир үзүүртэй зүйлээр гэдгийг дүрслэн бичсэн. Хутга байгаа гэхдээ дүгнэлт хэсэг дээр бичихдээ мохоо зүйл гэж бичиглэлийн механик алдаа гаргаж бичсэн байна. Энэ гэмтэл мохоо зүйлээр үүсгэгдээгүй, ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай

  1. ************биед зүүн мөрний булчин, зөөлөн мэдрэлийн судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3.  ************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 58-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 79, 81-108-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000040 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 2-14 тоотод байрлах дугуй засварын газарт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн мөрний тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-17-р хуудас),

      Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хх-ийн18-19-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн санал, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 20-23-р хуудас),

Хохирогч ************(хх-ийн 28-33-р хуудас), гэрч ************(хх-ийн 38-р хуудас), гэрч ************(хх-ийн 42-р хуудас), гэрч ************(хх-ийн 44, 46-47-р хуудас), гэрч ************ (хх-ийн 53-54-р хуудас), шинжээч эмч ************(хх-ийн 66-67-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт (хх-ийн 58-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************нь хохирогч ************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч ************нь эмчилгээний болон замын зардал 2,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба шүүгдэгч ************нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ************олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч ************нь үлдэх 1,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************нь урьд 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар, 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 79, 87-108-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ************эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ************нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 13 см хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйлтэй байна.

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ************1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч ************олгосугай.

      5. Эрүүгийн 2238000000040  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч ************нь эмчилгээний болон замын зардал 1,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн 2238000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 13 см хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР