Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/380

 

 

 

 

 

 

 

 

  2022          04         27                                        2022/ШЦТ/380

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч А.Дэлгэрмөнх /томилолтоор/,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

гэрч Б.Ганзориг, Д.Батгэрэл

хохирогч О.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, О.Мөнхболд, М.Мөнхжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2011014180279 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд хохирогч О.А-г албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг О.А, Ш.Ө нарт өгч улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14:31 цагаас 18 цагийн орчимд хохирогч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэгдэж улмаар уг Эрүүлжүүлэх, саатуулах төвөөс хохирогч О.А суллагдах хүртэлх хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлэг, албан тушаалын тодорхойлолт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл,  баримт бичиг бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тэмдэглэл, эрүүлжүүлэх саатуулах төвд саатуулагдсан бүртгэлийн картын хуулбар, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, эрүүлжүүлэх саатуулах байрны рапортын дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын албан тоотууд, Монгол Улсын Дээд Шүүхийн албан тоот, Авлигатай тэмцэх газрын албан тоотууд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн албан тоотууд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албан тоот, ажлын байрны тодорхойлолт, жижүүрийн бүрэлдэхүүний хуваарь, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/32, А258 тоот тушаалууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг шүүх хуралдаанд проектор төхөөрөмж ашиглан оролцогч нарын хүсэлтээр үзэж судалсан, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Н.С:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг гэм буруугүй, шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон, улсын яллагчаас шүүгдэгчийг яллах байр суурьтайгаар, яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, яллах байр суурьтай оролцсон, хохирогч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

2.Шүүгдэгч Н.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, энэхүү үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Прокуророос шүүгдэгч Н.С-т 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 2011014180279 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...өмгөөлөгч О.А-г ...хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж саатуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж” эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан (1 дэх хавтаст хэргийн 1-3 дахь тал), байна. Энэхүү тогтоолд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 4/01 тоот тогтоолоор “...өмгөөлөгч О.А-г албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.3 дахь заалтыг зөрчин, эрүүлжүүлэх байранд хүргэж халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрх чөлөөг нь хязгаарласан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” (3 дахь хавтаст хэргийн 45-47 дахь тал), гэж прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, гэмт хэргийн шинжийг хэргийн нотлогдож буй үйл баримтын хүрээнд тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж шүүх дүгнэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С-с 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 48 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Н.С-г хохирогч О.А-н халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, эрх чөлөөг нь хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3., 2.9., мөн хуулийн 31.4 дүгээр зүйл, 31.5 дугаар зүйлд хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгчийн тогтоолоор болон хуульд заасан үндэслэлээр шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнийг баривчлах шийдвэр гаргахаар заажээ. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн шийтгэврээр Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэж хуульчилсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар”, 1.2 дахь заалтад “цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар саатуулахаар” хуульчилсан байна. Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхдээ үгийн шууд утгаар тайлбарлан хэрэглэхээс гадна, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан байх тул баривчлах, саатуулах гэх нэр томьёог тайлбарлан хэрэглэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх томьёоллыг хэрэглэх боломжтой байна. Хохирогч О.А-г 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 31 минутад Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 89-94 дэх тал)-ээр тогтоогдсон нөхцөл байдлаар 2 дугаартай буюу сараалжин хаалттай эрүүлжүүлэх өрөөнд 18 цагийн орчимд түүнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвд хүргэх хүртэл хугацаанд байлгаж эрх чөлөөнд нь халдсан байна.

Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах гэх ойлголтууд нь нэг талаас албадлагын арга хэмжээ, мөн Зөрчлийн тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэх шийтгэлийн төрөл, мөн цагдаагийн байгууллагаас иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ болж байна. Албадан эрүүлжүүлэх үндэслэл, журмыг 2003 онд батлагдсан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиар зохицуулж байна. Энэхүү хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд” гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг; 3.1.3 дахь заалтад “эрүүлжүүлэх байр” гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг ойлгохоор тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар эрүүлжүүлэх, саатуулах үйл ажиллагаа болоод эрүүлжүүлэх, саатуулах үндэслэл журам зэрэг нь ялгаатай болох нь гэрч С.О мэдүүлсэн: “...Эрүүлжүүлэх, саатуулах төв нь эрүүлжүүлэх, саатуулах байр нь тус тусдаа байдаг. Миний хувьд эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажилладаг байсан. ...саатуулах байранд саатуулагдсан хүнийг тогтоолд заасан хугацаа дуусмагц гаргадаг бол эрүүлжүүлэх байранд согтуугаар зөрчил гаргасан этгээд 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулдаг ...Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд мөрдөгчтэй маргалдаж согтуугаар танхайрсан зөрчил гаргасан байсан тул хүлээн авсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-629-д заасны дагуу хүлээн авсан. ...Өмгөөлөгч О.А-г эрүүлжүүлэх байранд хүлээн авах үед согтуурлыг шалгах гэхэд шалгуулаагүй, мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал харагдаагүй бөгөөд өөрийн биеэ удирдан хянах чадвартай байсан. Ер нь бол дээрх хууль, журамд заасны дагуу авах ёстой байдаг боловч бодит байдал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зөрчил үйлдсэн хүнийг аваад ирдэг. Ингээд эрүүлжүүлэх байранд авна авахгүй гэх цагдаагийн ажилтан нарын хооронд маргаан болж байсан удаа байгаа. Мөн авчирсан цагдаагийн албан хаагч ёс журмын эргүүлд хүртэл мэдэгдэж байсан. ...Тухайн өдөр эрүүлжүүлэхийн эмчээр Ундрах гарч байсан эмчийн шийдвэрийн дагуу би О.А-г хүлээн авсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал), Гэрч Б.Г мэдүүлсэн: “...Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэх, саатуулах ойлголт нь тусдаа ойлголт юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал), Гэрч Д.Б мэдүүлсэн “...Эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Цагдаагийн үйл ажиллагааны журам код-629-н 7.3 дахь хэсэг “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолт /алкохол/-ын хэмжээ харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэж заасныг үндэслэн 24 цагийн хугацаанд эмчийн хяналтад эрүүлжүүлдэг. Саатуулах байранд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралд орохоос өмнө оргон зайлахаас сэргийлэх зорилгоор 24-48 цагийн хугацаатай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор саатуулсан хүнийг хүлээн авдаг. Эрүүлжүүлэх байрны дэглэмээс өөр байдаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал), Гэрч С.О мэдүүлсэн: “...Эрүүлжүүлэх, саатуулах төв нь эрүүлжүүлэх, саатуулах байр нь тус тусдаа байдаг. Миний хувьд эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажилладаг байсан. ...саатуулах байранд саатуулагдсан хүнийг тогтоолд заасан хугацаа дуусмагц гаргадаг бол эрүүлжүүлэх байранд согтуугаар зөрчил гаргасан этгээд 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулдаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал) болон цагдаагийн байгууллагын албан хаагч нарын мэдүүлгээр тогтоогдоно.

Мөн Саатуулах байрны дэглэм журам нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/185 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар (3 дахь хавтаст хэргийн 104, 105-108 дахь тал), батлагдсан журмаар зохицуулагдаж байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэх үндэслэл гэсний 5.1 дэх хэсэгт Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө гэж заажээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 629. Албадан эрүүлжүүлэх гэсэн журмын 629.7. Эрүүлжүүлэх байранд хүлээн авах гэсний 629.7.3 дэх хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолт /алкохол/-ын хэмжээ харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэж заасан байна.

Мөн хохирогч О.А-н эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлд “...Албадан эрүүлжүүлэх үндэслэл: в. Осол, гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ захиргааны зөрчилд холбогдсон” (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал) гэх үндэслэлээр эрүүлжүүлсэн тэмдэглэл авагджээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 629 гэсний 629.7 дугаар зүйлийн 629.7.3 дахь хэсэг нь  Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.3 дахь заалтуудтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 629 дахь албадан эрүүлжүүлэх үндэслэл нь хуулийн заалттайгаа зөрчилдөж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.1. дэх заалтад заасан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх захиргааны хэм хэмжээний актын шаардлагад нийцээгүй, мөн хууль, захиргааны хэм хэмжээний акт хоорондоо зөрчилдвөл эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын хувьд хуулийг дагаж мөрддөг эрх зүйн зарчимтай юм. Иймд хохирогч О.А-г албадан эрүүлжүүлсэн үйлдэл нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Үндсэн хуулийн хэмжээнд хамгаалсан бол Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасаж болохгүй гэж зааж өгсөн байх  бөгөөд энэхүү эрхийг хэлбэрэлтгүй эдлэх баталгаа нь баривчлах, саатуулах, хүний эрх чөлөөнд халдах, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг хууль тогтоомжоор тодорхойлж хууль заасан үндэслэлээс гадуур иргэний халдашгүй, чөлөөтэй байх суурь эрхэд халдах боломжийг хязгаарлах, хориглох замаар хэрэгжих учиртай.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны  журам №629. 629.4. Эрүүлжүүлэх байрны нөхцөл гэсний 629.4.4 дэх хэсэгт “...цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, дотор нь байгаа этгээд харагдахуйц төмөр сараалжин хаалгатай ...байна”, 629.8. Эрүүлжүүлэх байрнаас гаргах гэсний 629.8.1. “Эрүүлжүүлэх анхан шатны тусламж авсан, өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай болсон, зөрчил гаргаагүй этгээдийг энэ зүйлийн 629.8.3-т зааснаас бусад тохиолдолд эмчийн шийдвэрээр байрнаас өдрийн цагаар гаргана” гэж тус тус заасан байна. Мөн гэрч С.О мэдүүлсэн “эрүүлжүүлэх байранд согтуугаар зөрчил гаргасан этгээд 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулдаг”  (1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал), гэрч Д.Б мэдүүлсэн “...Эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Цагдаагийн үйл ажиллагааны журам код-629-н 7.3 дахь хэсэг “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолт /алкохол/-ын хэмжээ харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэж заасныг үндэслэн 24 цагийн хугацаанд эмчийн хяналтад эрүүлжүүлдэг”  гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 89-94 дэх тал), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 95-100 дахь тал) зэрэг баримтуудаар албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа нь нэг талаас өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон хүнийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор төрөөс буюу цагдаагийн байгууллагаас амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болох боловч мөн 24 цаг хүртэлх хугацаагаар, мөн эрүүлжүүлэгдсэн хүн өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай болсон, зөрчил гаргаагүй бол эмчийн шийдвэрээр байрнаас гаргах арга хэмжээ авдаг, эрүүлжүүлэх байрны нөхцөл, дэглэм журам зэрэг нь тодорхой байдлаар хүний эрх чөлөөнд халдсан шинжтэй байна. Тухайлбал эрүүлжүүлэх байранд орсон хүн өөрийн дураар уг байрыг орхин явах, чөлөөтэй зорчих зэрэг эрхэд хязгаарлалт тогтож байгаа юм. Иймээс ийнхүү эрүүлжүүлж буй үйлдлийг хүний эрх чөлөөнд халдаж буй нөхцөл байдал гэж дүгнэн үзэх үндэслэлтэй бөгөөд албадан эрүүлжүүлэх үндэслэл, журмыг баримталсан эсэхээс хамаарч албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжтой болох юм.

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд хохирогч О.А-г албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг О.А, Ш.Ө нарт өгч улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14:31 цагаас 18 цагийн орчимд хохирогч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэгдэж улмаар уг Эрүүлжүүлэх, саатуулах төвөөс хохирогч О.А суллагдах хүртэлх хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч О.А мэдүүлсэн “...би өмнө нь 2 удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. ...гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж саатуулагдсан гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал), хохирогч О.А гэрчээр мэдүүлсэн “...Би иргэн М нас барсан хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сумъадоржийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм уг хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Н.С мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Ингээд уг хэрэгт өмнө мэдүүлэг өгсөн гэрч нараас дахин мэдүүлэг авах агуулгатай хүсэлтийг бичгээр гаргаж 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрийн туслах Д-р хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед санагдаж байна миний туслах Дөлгөөн миний утас руу залгаад Н.С мөрдөгч ажил дээрээ алга би утас руу нь залгасан чинь утас нь дуудаж байх боловч авахгүй байсан нэлээн хэдэн удаа залгаж байж утсаа авсан тэгэхээр нь хүсэлт өгөх талаар хэлтэл чи хэн бэ юу вэ гэж хэлээд загнасан тэгэхээр нь ЦЕГ-ийн 126 дугаарын утас руу залгаад мөрдөн шалгах ажиллагааны хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр авахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн Нийслэлийн цагдаагийн газрын нэг утас өгсөн тэр утас руу залгаад мөн адил хэлтэл Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүр нь ажлаасаа гарч ирээд та гомдлоо буцаачих бид нар таны хүсэлтийг хүлээгээд авчихъя гэж хэлэхээр нь би хүсэлтээ жижүүрт нь өгчхөөд гараад явж байна гэж ярьсан. Ингээд төд удалгүй Н.С миний утас руу залгаад чи хэн нь мэдэгдэхгүй янз бүрийн хүүхнээр хүсэлт гомдол өгч явууллаа тэр хүн чинь намайг ёс журамд хэлсэн байна одоо намайг нийслэлийн цагдаагаас дуудаад байна мэдүүлэг өг гэж байна тэр хүүхэн дээр чинь би гомдол гаргана би прокуророос ажил дээр орж ирсэн чинь өөрийн чинь хүсэлтийг жижүүрээс надад сая өгөх гэхээр нь аваагүй шүү маргааш чи өөрийн биеэр ирж хүсэлтээ өг эсвэл шууданд хийж өг гэж хэлээд бид хоёрын яриа дууссан. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед ахлах мөрдөгч Н.С-тай уулзаж хүсэлтээ өөрийн биеэр өгөхөөр очсон. Цагдаа руу ороод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрээс танай өчигдрийн ээлж та нарт ямар нэгэн бичиг эсвэл хүсэлт үлдээгээгүй биз гэж хэлсэн чинь ямар нэгэн бичиг эсвэл хүсэлт үлдээгээгүй гэж хэлсэн. Ингээд ахлах мөрдөгч Н.С-н өрөө буюу цагдаагийн хэлтсийн 2 давхарт байрлах өрөөнд нь ороод Н.С мөрдөгчид хандаж “миний өчигдрийн өгсөн хүсэлтийг та аваагүй гэсэн би жижүүрээс чинь асуусан чинь үлдээгээгүй гэж байна хүсэлт маань хаана байна. Би хүсэлтээ шийдүүлмээр байна“ гэтэл Н.С мөрдөгч мэдэхгүй гэж хэлээд бид хоёрын хооронд яриа эхлээд 5 минут орчим болоогүй байсан үл ойлголцол гараад Н.С надад хандаж “Чи одоо гар би мэдэхгүй гээд байгаа юм биш үү” гэж чанга дуугаар орилоод байхаар нь би “дүлий бишээ сонсож байна” гэтэл ширээнийхээ араас босож ирээд намайг 2 гарынхаа алгаар цээж хэсэгт 2-3 удаа түлхсээр байгаад өрөөнөөсөө гаргасан. ...20 гаруй настай болов уу гэмээр мөрдөгч залуу намайг заамдаж багалзуурдаад 2 давхрын коридорын хананд шахаад “чи муу пизда яаж байнаа” гэж хэлээд намайг татаж түлхээд дагзаар минь хана мөргүүлсэн тэгээд миний амны хаалтыг татаж тасдаж авснаа “энэ муу пизда чинь согтуурсан мансуурсан юм биш үү” гэж хэлэх тэр үед хажууд байсан нэг хүн боль гээд салгаад авсан тэр үед би тухайн мөрдөгчийг “чи намайг пизда гэж хэллээ чи миний биед халдлаа” гэж хэлсэн тэгсэн Н.С мөрдөгч надад хандаж “чи согтуурсан, мансуурсан байгаа юм биш үү драгер үлээ, цусаа өг, эм уудаг юм уу чи” гэж хэлсэн тэгсэн дахиад чи эм уудаг юм уу гэхээр нь би үгүй ээ хааяа долоогны ханд уудаг гэж хэлсэн тэгсэн Н.С мөрдөгч жижүүрээ гэж орилсон чинь 2 цагдаа орж ирсэн тэгээд намайг Баянгол дүүргийн саатуулах байранд авчраад 2 цаг орчим эрүүлжүүлэхийн камерт суулгаж саатуулсан, тэгээд цааш нь Дэнжийн 1000-н саатуулах байранд авчрахаар нь би орохоосоо өмнө би эрүүл хүн шүү намайг согтуурал шалгах багажаар шалгачих гэж хэлээд шалгуултал 0.00 хувь зааж байсан. Тэгсэн тэнд байсан цагдаа нар таныг эрүүл учраас энд саатуулахгүй гэж хэлсэн тул би тэндээс явсан. ...намайг яг ямар үндэслэл журмаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсныг би ойлгоогүй надад ямар нэгэн тогтоол шийдвэр танилцуулаагүй ахлах мөрдөгч Н.С-н амаар өгсөн шийдвэрийн дагуу тэр 2 цагдаа намайг саатуулахад аваачиж өгсөн. Н.С өөрөө хэлэхдээ маргааш би зөрчлийн хэрэг нээнэ энэ мууг хуульчдын холбоонд нь хэлнэ гэж байхыг сонссон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал), хохирогч О.А гэрчээр дахин мэдүүлсэн “...Би тухайн өдөр ажлаа хийгээд явж байсан. Тэгээд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С-н нүдэн дээр согтуурлаа шалгуулж доошоо орохгүй гэж бодоод шалгуулаагүй юм. Намайг Н.С ахмад өрөөнөөс гар гээд түлхсэн тэгэхээр нь би эргээд өрөө лүү нь орсон. Эхлээд уурласан хүн нь Н.С ахмад, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн алба хаагч нар өөрсдийгөө өмөөрөөд тэгж мэдүүлж байгаа байх, би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал),

Гэрч Ш.Ө мэдүүлсэн: ”...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад би ажлын байрандаа байж байтал манаж ажлын нярав Т 2 давхарт согтуу хүн танхайраад байна гэж намайг дуудсан. Би яваад очтол нэг костюмтай залуу Н.С ахмадтай маргалдаж байсан. Тэгээд Н.С ахмадын өрөөнд ороод тэр залууг би согтуурал шалгах багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэтэл шалгуулахгүй гэж шаардлага эсэргүүцсэн. Тэгсэн Н.С ахмад заза наад хүнээ эрүүлжүүлчих гэж хэлсэн. Ингээд ахлах ахлагч Н.О.А бид хоёр тэр залууг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн. Тухайн үед төв эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэх ёстой байсан боловч тус өдөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байсан болохоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн юм. Ингээд нөгөө залууг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн юм. Ингээд нөгөө залууг эрүүлжүүлэх саатуулах байр луу оруулаад согтуурлыг дахин шалгах гэтэл бас үлээхгүй гэсэн тул тэнд гарч байсан цагдаа нарт хүлээлгэж өгөөд О.А бид хоёр явсан. ...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг өнгөрч байсан санагдаж байна. Н.С ахмад миний утас руу залгаад нөгөө залууг гаргачих гэж хэлсэн тэгэхээр нь Дэнжийн-1000-н эрүүлжүүлэх саатуулах байранд яваад очтол нөгөө залуугийн эхнэр нь машинтай ирсэн хүлээгээд байж байсан. а/а О.А бид 2 саатуулах байрнаас нөгөө залууг гаргаж аваад эхнэрт нь хүлээлгэж өгсөн. ...өмгөөлөгч О.А-тай ойртохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан харин бие организмд бол ямар нэгэн өөрчлөлт байхгүй хэвийн явж, ярьж хэлж байсан. Цагдаагийн хэлтэс дээр буюу төрийн байгууллага дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрсан үндэслэлээр, ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Н.С-н шийдвэрээр эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн”, “...О.А нь цагдаагийн хэлтэс дээр орилж чарлаад танхайраад байсан тухайн үед өөрөөс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор согтуурал шалгах багажаар шалгах гэтэл шалгуулаагүй, иймээс согтуугаар танхайрсан зөрчил гаргасан үндэслэлээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн” гэх мэдүүлэг (1 дэх  хавтаст хэргийн 173-174, 175-176 дахь тал),

Гэрч Т.У мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 31 минутад манай цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд О.А гэх этгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс буюу төрийн байгууллага дээр танхайрсан зөрчилтэй тус хэлтсийн ахлах ахлагч О.А нэг шинэ дэд ахлагчтай цуг авчирсан. Уг О.А гэх хүнийг хүлээн авах өрөөнд хүлээж аваад эрүүл мэндийн байдлыг нь үзээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь согтуурал шалгах багажаар 2 удаа шалгах гэтэл шалгуулаагүй татгалзсан иймээс эрүүл мэндийн байдлыг үзээд саатуулсан. Ингээд 17 цагийн үед албадан саатуулах төвийн эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан тухайн өдөр албадан саатуулах төвд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байсан тул манай эрүүлжүүлэх саатуулах байранд түр саатуулж байгаад явуулсан. ...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр согтуугаар танхайрсан гэсэн зөрчилтэй ирсэн тухайн ирсэн 2 алба хаагчийн бичиж өгсөн зөрчлийн тэмдэглэл нь албадан саатуулах төвд байгаа байхаа”, “...Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-629-н 629.7.3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдол согтолт /алкохол/-ын хэмжээ харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэж заасныг үндэслэн хүлээн авсан, тухайн үед зөрчлийн тэмдэглэл дээр согтуугаар танхайрсан гэсэн байсан тул хүлээн авсан ....татгалзсан тохиолдолд яах ёстойг хуульчилсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед О.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас татгалзсан тул тэмдэглэлд бичээд эрүүлжүүлсэн, гэхдээ эрүүл мэндийн байдлыг шалгаж байхад өөрөөс нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 177-178, 3 дахь хавтаст хэргийн 85-86 дахь тал),

Гэрч Г.О мэдүүлсэн:”...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс манай эрүүлжүүлэх саатуулах төв шавж устгал хийгдээд дүүргүүдэд хүмүүсээ хуваагаад өгсөн байсан юм ингээд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагаас эрүүлжүүлэгдсэн саатуулагдсан хүмүүсээ авч эхэлсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн О.А гэх хүнийг авчирсан уг хүн нь тус өдрийн 14 цаг 30 минутын орчимд эрүүлжүүлэгдсэн байсан. Тэгээд хүмүүсээ зөөвөрлөөд яг манайд 18-19 цагийн үед ирсэн байх би цагийг нь нарийн санахгүй байна. Ингээд О.А ирэнгүүтээ бие засах өрөөнд орж бие засчхаад эрүүл мэндээ үзүүлээд камерт орсон камерт ороод төд удалгүй 5-10 минут орчим болсон байх тэгснээ би эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаадаа хэлээд гаргаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь согтуурал шалгадаг багажаар шалгуултал 0.00 хувийг зааж байсан. Иймд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тухайн өдрийн жижүүрийн ахлах офицертой холбогдож согтуурал шалгах багажаар шалгахад  0.00 хувийг зааж байна энэ хүн эрүүл байна ирж ав аа гэж хэлсэн тэгсэн цагдаа жолооч ахлах ахлагч О.А гэх хүн ирж авсан. Тэгээд би тэр өмгөөлөгч О.А гэх залуугаас та эрүүл байж яагаад тэндээ үлээгээд явчхаж болоогүй юм бэ гэсэн чинь би мөрдөгчөө унагаах гэж тэгсэн юм гэж хэлсэн сонсоход мөрдөгчтэйгөө ажлаас болж маргалдаж муудалцсан юм шиг байна лээ. ...зөрчлийн тэмдэглэл дээр нь О.Аыг согтуугаар танхайрсан гэж байсан“ гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал),

Гэрч Ө.М мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай эрүүлжүүлэх саатуулах байранд хор цацсан байсан тул тухайн өдөр хүмүүс хүлээж авахгүй байж байгаад 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагт хүмүүсээ хүлээж авсан. ...Баянгол дүүргээс ирсэн О.А-г камерт хийтэл би архи уугаагүй эрүүл гэж хэлсэн тэгэхээр нь би согтуурал шалгах багаж буюу драгераар үлээлгэхэд 0.00 хувь зааж эрүүл байсан. Тэгэхээр нь би архи уугаагүй юм бол тэр Баянгол дүүрэг дээрээ үлээгээд гарахгүй яасан юм гэтэл тэр О.А хэлэхдээ мөрдөгчийгөө унагаах гээд албаар үлээгээгүй юм гэж хэлсэн. Ингээд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мэдэгдсэн удалгүй ирээд О.Аыг аваад явсан. ...би О.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар шалгасан. ...О.А-г үлээлгэж байгаа нь харагдаж байгаа. Согтуурал шалгах багаж 0.00% заасныг тухайн үед эмч Оюунжаргалд харуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал),

Гэрч Э.Т мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр цаг хугацааг нь сайн санахгүй байна цайны цагийн өмнө байхаа би ажлынхаа 2 давхарт ахмад М.М-н өрөөнд шийтгэврийн хуудасны тайланг тулгаж байсан. Тэгсэн коридорт 2 хүн хоорондоо муудалцаад орилоод байхаар нь юу болов гээд гараад хартал Н.С ахмад нэг өмгөөлөгч гэх залуутай хэрэлдээд байсан. ...Н.С ахмад та яагаад ингэдэг юм бэ гээд намайг конторын цагдаа, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдааг дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би конторын цагдаа ахлах, ахлагч Э.Б, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа Ө нарыг дуудаад эргээд ирэхэд манай алба хаагчид коридорт гараад ирсэн нөгөө 2 чинь маргалдаад байж байсан.  ...манай саатуулах байрны алба хаагч Ө танаас архи үнэртээд байна шалгуулна уу гэхэд үгүй гээд шаардлага эсэргүүцээд байсан. Шаардлага биелүүлнэ үү гэхэд та нар ер нь ямар хууль яриад байгаа юм би яагаад наадахыг чинь үлээх ёстой юм битгий инээд хүргээд байгаарай гэж хэлсэн. ...Ингээд согтуурлаа шалгуулахгүй байхаар нь эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явахаар болоод манай цагдаа нар аваад явсан би машинд суух хүртэл нь өөрийн гар утсаар дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлсэн. ...Өмгөөлөгч О.А-н амны хаалтын цаанаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан асуухад зүрхний эм уусан гэж ам дагуулаад яриад байсан. Архи уусан эсэхийг асуухад би уугаагүй хаана уух нь та нарт хамаагүй гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 184-186-р хуудас),

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би тус өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. 13 цаг өнгөрч байсан байх аа ажлын байран дээрээ байхад ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С цагдаа Ө-р дамжуулж өрөөндөө дуудуулсан. Би өрөөнд нь яваад ороход О.А гэх өмгөөлөгч ахлах мөрдөгч ,цагдаагийн ахмад Н.С-тай маргалдаж муудалцсан байдалтай байж байсан. Тэгээд манай нөгөө цагдаа Өлзийжаргал согтуурал шалгах багаж буюу драгераар шалгах гэтэл үлээхгүй маргалдаж эсэргүүцсэн. О.А гэх хүнээс архи үнэртэж байсан. Тэгсэн ахмад Н.С наад хүнээ эрүүлжүүл гэж хэлсний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байр луу Өлзийжаргалын хамт авч явсан. Ингээд Баянголын эрүүлжүүлэх саатуулах байранд оруулахдаа би дахиад согтуурал шалгах багаж буюу драгер үлээчих хэрэв эрүүл байх нь тогтоогдвол буцаж очоод асуудлаа шийдээд явчихаа гэж хэлсэн. Тэгсэн өмгөөлөгч О.А би үлээхгүй ордгоороо оръё би тэр Н.С-т чинь өөрөө гомдол гаргана гэж хэлсэн тул Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөөд явсан. Тус өдрийн 18 цаг өнгөрч байхад Н.С ахмад миний утас руу залгаад өмгөөлөгч О.А-г төв саатуулах байрнаас гаргаад эхнэрт нь хүлээлгээд өг надаас хүн амьтан гуйгаад байна гэж хэлсэн тэгэхээр нь би эхнэртэй нь холбогдоод төв саатуулах байрнаас өмгөөлөгч О.А-г очиж гаргасан. ...өмгөөлөгч О.А-г олон нийтийн газарт хэрүүл маргаан гаргаад байсан болохоор нь өөрт нь хэлж сануулж шаардлага тавихад зүй бус байдлаар хэлж эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн тул согтуурлыг шалгах гэтэл татгалзаж би үлээхгүй гэсэн иймээс О.А-н дээрх үйлдлийг таслан зогсоохын тулд эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан. ...Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн 32.1.1 дэх заалтад “харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах” гэж зааснаар өмгөөлөгч О.Аыг согтуурсан гэж үзэх үндэслэлтэй байсан тул эрүүлжүүлэх байр луу авч явсан юм”, “...Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байр буюу ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сын өрөөнд О.А нь хэрүүл маргаан хийж, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй танхайрсан гэж үзэж эрүүлжүүлсэн. Н.Саас өгсөн үүргийн дагуу эрүүлжүүлсэн. ...О.Аыг ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Саас өгсөн үүргийн дагуу эрүүлжүүлсэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/32 дугаартай “Эрх олгох” тушаалаар Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа жолооч нь согтуугаар зөрчил гаргасан иргэнийг албадан эрүүлжүүлэх эрхтэй. ...Н.Саас өгсөн үүргийн дагуу эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг (1-дэх хавтаст хэргийн 189-191, 3 дахь хавтаст хэргийн 88 дахь тал),

Гэрч Э.Б мэдүүлсэн: “...би ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байхад 2 давхраас Н.С ахмад намайг дуудсан тэгээд яваад очтол тэр гомдол гаргаад байгаа гэх өмгөөлөгч залуу Н.С ахмадтай маргалдсан согтуурал шалгах багаж үлээхгүй гэсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би тэр өмгөөлөгч залууд хандаж “та байгууллага дотор ингэж орилж чарлаж болохгүй ажлын цагаар ингэж болохгүй” гэж хэлсэн тэгсэн надтай юу ч яриагүй. Миний шаардлагыг хүлээж авахгүй Н.С ахмадтай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би өрөөнөөс гарахад өмгөөлөгч залууг авч явахаар О.А цагдаа ирж байсан. Ингээд удалгүй тэр өмгөөлөгч залууг аваад гарсан ...цагдаагийн албан хаагч нар шаардлага тавиад байхад хэрүүл маргаан гаргаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан тул эрүүлжүүлэх саатуулах байр луу цагдаа О.А, Өлзийжаргал нар авч явсан”, “...Н.С мөрдөгчийн өрөөнд О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахгүй гээд байж байсан. Тухайн үед согтуурлыг шалгуулахаар Н.О.А, Ш.Өлзийжаргал нарыг дуудсан байсан юм байна лээ. Би өмгөөлөгч О.Ат та ингээд байж болохгүй гэдгийг сануулж хэлээд явсан. Манай цагдаагийн алба хаагч нар байж байсан. Маргалдаад байж байсан болохоор нь ноцтой зүйл гэж бодоогүй, удалгүй О.А, Ш.Өлзийжаргал нар өмгөөлөгч О.Аыг аваад явсан. Тухайн өдөр О.А, Ш.Өлзийжаргал нар саатуулах байрны цагдаагаар ажиллаж байсан. ...ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Саас надад тухайн зөрчилтэй холбоотой үүрэг чиглэл өгөөгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 192-194, 3 дахь хавтаст хэргийн 80 дахь тал),

Гэрч С.О мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай Эрүүлжүүлэх саатуулах төвд ариутгал хийгдээд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагт хүн хүлээж авах боломжтой байсан тэр болтол эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэж байгаа хүмүүсийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээж авахаар болсон тухайн өдөр үүрэг гүйцэтгэж Чингэлтэй дүүргээс эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэж байгаа хүмүүс тус газарт хүлээж авахаар болсон. Тус өдрийн 14 цаг 31 минутад О.А нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд танхайрсан зөрчил гаргасан гэж авчирсныг хүлээн авсан”, “...Эрүүлжүүлэх, саатуулах төв нь эрүүлжүүлэх, саатуулах байр нь тус тусдаа байдаг. Миний хувьд эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажилладаг байсан. ...саатуулах байранд саатуулагдсан хүнийг тогтоолд заасан хугацаа дуусмагц гаргадаг бол эрүүлжүүлэх байранд согтуугаар зөрчил гаргасан этгээд 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулдаг ...Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд мөрдөгчтэй маргалдаж согтуугаар танхайрсан зөрчил гаргасан байсан тул хүлээн авсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-629-д заасны дагуу хүлээн авсан. ...Өмгөөлөгч О.А-г эрүүлжүүлэх байранд хүлээн авах үед согтуурлыг шалгах гэхэд шалгуулаагүй, мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал харагдаагүй бөгөөд өөрийн биеэ удирдан хянах чадвартай байсан. Ер нь бол дээрх хууль, журамд заасны дагуу авах ёстой байдаг боловч бодит байдал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зөрчил үйлдсэн хүнийг аваад ирдэг. Ингээд эрүүлжүүлэх байранд авна авахгүй гэх цагдаагийн ажилтан нарын хооронд маргаан болж байсан удаа байгаа. Мөн авчирсан цагдаагийн албан хаагч ёс журмын эргүүлд хүртэл мэдэгдэж байсан. ...Тухайн өдөр эрүүлжүүлэхийн эмчээр Ундрах гарч байсан эмчийн шийдвэрийн дагуу би О.А-г хүлээн авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 200, 3 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал),

Гэрч Н.Г мэдүүлсэн: “...Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэхэд камерт бараан өнгийн костюмтай залуу байсан. Тэгэхээр нь би ийм гоё хувцастай залуу яагаад саатуулагдав гэсэн чинь яагаач үгүй би эрүүл байгаа гэж хэлэхээр нь би цагдаа нарт драгер байгаа үлээгээд шалгуулчих гэж хэлсэн чинь тийм үү гэж байсан ...би уг залууг хараад хэвийн архи уугаагүй юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 89-94 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 95-100 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Гар утасны 4 хэсэг бичлэгт үзлэг хийхэд өмгөөлөгч О.А согтуурал шалгах багажаар шалгуулахаас удаа дараа татгалзах бөгөөд тухайн үед байсан цагдаагийн албан хаагч нар өмгөөлөгч О.Ааас архи үнэртэж байна гэж ярьж байв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...СД-1 гэж хадгалсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ирүүлсэн дискинд үзлэг хийх зорилгоор нээхэд 6 ширхэг бичлэг байх бөгөөд ...4 ширхэг дуу дүрсний бичлэгт үзлэг хийхээр тогтов. ...”IMG_3937 гэж хадгалсан “Бичлэг-4””-т үзлэг хийхэд 2 минут 12 секундийн дуу дүрсний бичлэг байх бөгөөд бичлэг эхлэхэд – Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн, гомдол гаргавал юу яаая зөрчлийн хэрэг үүсгэнэ, хүчээр авч явна, өөрөө мэдэж байгаа энэ хүнийг заавал өнөөдөр эрүүлжүүлнэ шүү заавал өнөөдөр гэснээр цагдаагийн алба хаагч нар өмгөөлөгч О.Аыг авч явах бөгөөд өмгөөлөгч О.А би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад яагаад эрүүлжүүлэх гээд байгаа юм гэх мэтээр өөрийгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг удаа дараа тайлбарлаж байв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №06/8066 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал), Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн  2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №27в-г/341 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал),

Хохирогч О.Аын эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл “...Албадан эрүүлжүүлэх үндэслэл: согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ захиргааны зөрчилд холбогдсон ...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо цагдаагийн хэлтэс дотор согтуу танхайрсан ...эрүүлжүүлэх байрнаас гарсан огноо 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 40 минут” (1 дэх хавтаст хэргийн 19-21 дэх тал),

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал), Эрүүлжүүлэх байрны рапорт “...14 цаг 31 минутад эрүүлжүүлэх байранд хүлээн авсан ...шалтгаан танхай” (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №06/9828 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал), Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн №5/3631 албан тоот “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр /шүүх хуралдаан 11 цаг 27 минутад эхэлж, 11 цаг 33 минутад дууссан/ Ё.О-д холбогдох шүүх хуралдаанд О.А нь хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон болно” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №06/9687 албан тоот (2 дахь хавтаст хэргийн 244 дэх тал), Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №26в-2/375 албан тоот (2 дахь хавтаст хэргийн 245 дахь тал), Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн №27в/1842 албан тоот “...шавжийн устгалыг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 03-ны өдрийн 17:00 цагийн хооронд хийх тул энэ хугацаанд ...Чингэлтэй дүүргийн нэг, хоёрдугаар хэлтсээс эрүүлжүүлэх иргэдийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд тус тус хүлээн авах зохицуулалт хийсэн болохыг мэдэгдье” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 246 дахь тал),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №06/9934 албан тоот (3 дахь хавтаст хэргийн 7 дахь тал), Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №26в-2/398 албан тоот (3 дахь хавтаст хэргийн 8 дахь тал),

            2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд хохирогч О.А нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд согтуугаар танхайрсан, энэ нь түүнийг эрүүлжүүлэх үндэслэл болох талаар маргасан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэрч Б.Б мэдүүлсэн “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14-15 цагийн үед байхаа ажлынхаа 213 тоот өрөөнд сууж байтал коридорт хүмүүс маргалдаад байгаа чимээ сонсогдсон өрөөнөөс гараад хартал хүн байгаагүй ахлах мөрдөгч Н.С-н өрөөнд энэ чимээ гарч байгаа сонсогдсон тэгэхээр нь юу болоод байгааг мэдэхээр очоод хартал нэг костюмтай залуу Н.С ахмад руу уурлаад орилоод байсан. ...чи энгийн хувцастай хэн бэ яагаад миний биед хүрдэг юм гэж хэлээд над руу ойртсон тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой надад үнэртсэн тэгэхээр нь би та архи уусан юм биш үү гэж хэлээд Н.С ахмадад хэлсэн чинь Н.С ахмад ойртож үнэртэж үзээд согтуурал шалгах багаж авчраад Н.С ахмадын өрөөнд орсон санагдаж байна. ...Тэгээд 4-5 минутын дараа эргээд ирэхэд согтуурал шалгах багаж үлээхгүй гээд тэнд байсан цагдаа нартай маргалдаад байсан. Би тэгээд өрөө рүүгээ явсан нэг мэдсэн тэр залууг эрүүлжүүлсэн гэж Н.С ахмад хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст 171-172 дахь тал), мөн гэрч Ш.Ө мэдүүлсэн “...өмгөөлөгч О.Атай ойртохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан”, “...О.А нь цагдаагийн хэлтэс дээр орилж чарлаад танхайраад байсан тухайн үед өөрөөс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор согтуурал шалгах багажаар шалгах гэтэл шалгуулаагүй, иймээс согтуугаар танхайрсан зөрчил гаргасан үндэслэлээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн” гэх мэдүүлэг (1 дэх  хавтаст хэргийн 173-174, 175-176 дахь тал), гэрч Т.Ундрах мэдүүлсэн “...Тухайн үед О.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас татгалзсан тул тэмдэглэлд бичээд эрүүлжүүлсэн, гэхдээ эрүүл мэндийн байдлыг шалгаж байхад өөрөөс нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 85-86 дахь тал), гэрч Э.Т мэдүүлсэн “...Өмгөөлөгч О.Аын амны хаалтын цаанаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан асуухад зүрхний эм уусан гэж ам дагуулаад яриад байсан. Архи уусан эсэхийг асуухад би уугаагүй хаана уух нь та нарт хамаагүй гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 184-186-р хуудас), гэрч О.А “...өмгөөлөгч О.Аыг олон нийтийн газарт хэрүүл маргаан гаргаад байсан болохоор нь өөрт нь хэлж сануулж шаардлага тавихад зүй бус байдлаар хэлж эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн тул согтуурлыг шалгах гэтэл татгалзаж би үлээхгүй гэсэн” гэх мэдүүлэг (1-дэх хавтаст хэргийн 189-191 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Гар утасны 4 хэсэг бичлэгт үзлэг хийхэд өмгөөлөгч О.А согтуурал шалгах багажаар шалгуулахаас удаа дараа татгалзах бөгөөд тухайн үед байсан цагдаагийн албан хаагч нар өмгөөлөгч О.А-с архи үнэртэж байна гэж ярьж байв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал) зэрэг баримтуудаар буюу гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Н.С-н мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...цагдаагийн албан хаагч нар өмгөөлөгч О.А-с архи үнэртэж байна гэж ярьж байв” гэх яриа, өгүүллийг тэмдэглэл болгосон нотлох баримтууд зэргээр О.А-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх боловч энэ нь хэмжилтийн багажаар тогтоогдоогүй, мөн түүнийг танхайрах зөрчил үйлдсэн гэх боловч гэрч Э.Ууганбат мэдүүлсэн “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн 3891 дугаартай гомдол мэдээллийг цохолтын дагуу хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр эрүүлжүүлэх саатуулах төв байрны эмч цагдаагийн ахмад Г.Оюунжаргалаас мэдүүлэг авахад О.А-г согтуурал шалгах багажаар шалгахад 0.00 хувьтай гарсан талаар мэдүүлсэн. Ингээд тус төвөөс саатуулагдсан картыг авч О.А-н согтуурал шалгах багажаар шалгасан тэмдэглэл үзэхэд 0.00 хувийг заасан тэмдэглэл байсан. Зөрчлийн материалд авагдсан баримтуудыг үндэслэж иргэн О.А-г танхайрсан зөрчил гаргаагүй гэж үзэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдсэн хариу мэдэгдсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 198-р хуудас), Зөрчлийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал), Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг баримтуудаар О.А-н танхайрсан гэх зөрчил тогтоогдоогүй, зөрчил үйлдсэн тохиолдол бүрд эрүүлжүүлэх, саатуулах арга хэмжээ авагддаггүй, танхайрах зөрчилд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тус тус зааснаар шүүхийн шийтгэврээр шийтгэл оногдуулдаг байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх этгээдийг эрх бүхий албан тушаалтан байхаар гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектийг томьёолсон байна. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.6, 6.8 дахь заалтуудад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар А/32, мөн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар А/258 тоот Эрх олгох тухай тушаалуудаар цагдаагийн алба хаагчдад дээр зөрчил шалган шийдвэрлэх эрх олгох буюу эрх бүхий албан тушаалтнаар тооцсон байна. Гэрч Б.Г мэдүүлсэн: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/32 дугаартай “Эрх олгох тухай” тушаалаар мөрдөгч, цагдаа, хороо хариуцсан цагдаа, хэсгийн цагдаад эрх олгосон байдаг. Уг тушаал нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/258 дугаартай “Эрх олгох тухай” тушаалаар хүчингүй болсон” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал) хавтаст хэрэгт авагджээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар А/32 тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. Дугаар А/32, Дугаар А/258 аль аль тушаалуудаар мөрдөгч нь эрх бүхий албан тушаалтанд хамаарч байна.

Шүүгдэгч Н.С нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/657 тоот тушаал “...Цагдаагийн ахмад Н-н Н.С-г Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн ажлаас энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 9 дүгээр сарын 18-ны өдрөөс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилсугай” (1 дэх хавтаст хэргийн 244 дэх тал), Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №Б/133 тоот тушаал “...Цагдаагийн ахмад Н.С-г Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн ажлаас 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн газрын нэгдүгээр хэлтэст Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр томилсугай” (1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №892 тоот тушаал “...Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн “Гэмт явдал судлал-эрх зүй” докторын өдрийн 3 жилийн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтад тэнцсэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С-г 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон түр чөлөөлж, суралцуулсугай” (1 дэх хавтаст хэргийн 246 дахь тал), ахлах мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 247-248, 2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал) гэх баримтуудаар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан байна.

3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгын тухайд:

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өөрийн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх үедээ хохирогч О.А-тай маргалдаж, хохирогч О.А-г албадан эрүүлжүүлэх тушаал, чиглэлийг О.А, Ш.Ө нарт өгч улмаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж  хүний эрх чөлөөнд халдсан үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байх бөгөөд эрүүлжүүлэх үндэслэл, журмыг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиар тодорхой хуульчилж өгсөн байх тул өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдээгүй, хуульд заасан үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу эрүүлжүүлж буй үйлдэл мэтээр шүүгдэгч гэмт үйлдэлдээ хандсан байх эсэх сэтгэхүйн харьцаа нь Н.С-г гэм буруугүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж цагаатгах үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлд заасан Хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийг өс хонзон, шунахайрах, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Н.С-н хувьд энэхүү гэмт хэргийг дээрх сэдэлттэйгээр үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж байхгүй гэж үзнэ.  

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.С-г эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч Н.С нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хууль бус тушаал, чиглэл өгч хохирогч О.А-г эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан энэ гэмт хэргийн нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн нотолж тогтоосон байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж мэтгэлцэж оролцсон боловч улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах үндэслэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээвэл зохих хүн мөн, энэ гэмт хэргийн шинжид хамаарах субъектийн шаардлагыг хангаж байгаа, мөн хохирогч О.А-г албадан эрүүлжүүлсэн үйлдэл нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан үндэслэлд нийцээгүй болох нь нотлогдон тогтоогдсон, мөн хохирогч О.А-н үйлдэлд зөрчлийн шинж тогтоогдоогүй талаар баримтууд хэрэгт авагдсан зэрэг нотлох баримтууд, яллах болон өмгөөлөх талын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ат учирсан бодит хохиролгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хохирогч О.А мэдүүлсэн “...гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж саатуулагдсан гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал) хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хохирогч нь биечлэн оролцохдоо “...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад заасан 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүгдэгч Н.С-н үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэх боломжтой эсэхийг дүгнэв.

8. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заажээ. Шүүгдэгч Н.С-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дахь хэсгүүдэд зааснаар ялаас өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих болон өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.

9. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйл Хууль хэрэглэх журам гэсний 12.10 дахь хэсэгт Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэж заасан байна. Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нар нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаж, шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.С-т холбогдох эрүүгийн 2011014180279 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч Н.С нь энэхүү гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар уг хуулийг хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ашигтай хуулийг хэрэглэж Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батласан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2., 12.8., 12.9., 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.С-т холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2., 12.8., 12.9., 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.С-т холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

            3. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

4. Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ГАЛБАДАР