Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0144

 

Х б э х а-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Х б э х а Ч.А-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч С.М, Ц.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Хадгаламж банк" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "..."Хадгаламж банк" ХХК нь 2010 оны 3 дугаар сард Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгийг шилжүүлэн авснаар үйл ажиллагааны зардал өсөх, муу активыг журмын дагуу ангилах, бүтцийн өөрчлөлтийн хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг шалтгаанаар 2010 онд алдагдалтай ажилласан. Үүний учир Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулж, дараагийн жилүүдийн албан татвар ногдох орлогоос хасч тооцуулах зорилгоор татварын тайлангаас гарсан алдагдлыг баталгаажуулах тухай хүсэлтийг 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан. Гэвч манай банкны татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулах бус харин татварын хяналт шалгалтыг ийнхүү нөхөн татвар, хүү, торгууль тавьж акт үйлдсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь тус банк нь зарим зээлдэгч нарын 1 892 927 300 /нэг тэрбум найман зуун ерэн хоёр сая есөн зуун хорин долоон мянга гурван зуу/-н төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулж 2009 онд гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулж 2009 онд 400 000 000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн, 2010 онд 895 400 897.52 /найман зуун ерэн таван сая дөрвөн зуу мянга найман зуун ерэн долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн нийт 1 400 897.52 төгрөгийн хэмжээгээр зээлийн өрийг төлүүлсэн. Гэтэл энэхүү гүйлгээг татварын улсын байцаагч нар нэмүү өртөг бий болгосон гэж үзэн 129 540 089.75 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар 64.770.044.88 төгрөгийн торгууль, 388 620.27 төгрөгийн хүү нийт 194 698 754.90 төгрөгийн акт тавьсныг бид эс зөвшөөрч байна.

Иймээс Татварын Ерөнхий газрын улсын байцаагчдын 194’698’754.90 төгрөгийн акт тавьсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, Д.Галмандах, С.Баатарсүрэн, Д.Гантөмөр, Д.Эрдэнэгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-т заасан, мөн 13 дугаар зүйлийн 13.6.5-д зааснаар хуульд өөрөөр заасан байгаа. Орон сууцны зориулалттай гэдэг асуудалд өмчлөлийн тухай асуудал байхгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д урьдчилж заасан, зээл олгох үйлчилгээг тус тус нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасан байгаа.

Иймд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч С.М, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон эрх хүлээн авагч Ц.Т, Х.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах ёстой гэж хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж татварын улсын байцаагч акт тогтоосон. Банкны зүгээс орон сууц борлуулсан үйл ажиллагаагаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6.5-т заасанд хамааруулж үзэж байгаа. Энэ нь зээл олгох үйлчилгээ биш энэ нь зээлээ төлүүлэх гэж өөрийн нэр дээр өмчлөх үл хөдлөх хөрөнгөдөө шилжүүлж аваад үндсэн хөрөнгөдөө бүртгээд түүнийгээ худалдан борлуулж байна гэдэг бол зээл олгох үйлчилгээ биш зээл төлүүлэх үйлчилгээ юм. Зээл төлүүлэхтэй холбоотой заалтууд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй. Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж ярьж байна. Банк нь орон сууцных нь зориулалтаар ашиглаж байгаад худалдан борлуулсан тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-т заасан заалтад хамаарагдана. Банкны тухайд орон сууцны зориулалтаар ашиглаагүй зээл төлүүлэх холбогдсон үйл ажиллагаа явуулсан учраас энэ заалт нь хамаарагдах боломжгүй юм гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.6, 17 дугаар зүйлийн 17.1.1,

  1. 17.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Хадгаламж банк" ХХК-ийн эрх хүлээн авагчийн гаргасан "Татварын Ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч С.М, Ц.А нарын тус банканд 281.738.400 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 210122 дугаар актын зарим хэсгийг /194698,7 мянган төгрөг/ хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэж 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох №560 тоот шийдвэр гаргасныг нэхэмжлэгч тал үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан банкны үйл ажиллагааны үндсэн хэлбэрийн нэг болох “...зээл олгох үйлчилгээ”-нд чухам ямар үйл ажиллагааг хамруулан ойлгох талаар тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 20.1-д "тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг", 30 дугаар зүйлиЙн 30.2- т зээл төлүүлэх ажиллагааг "... зээлийг... барьцаалсан эд хөрөнгийг худалдаж төлүүлнэ" гэж тодорхойлсон байгаа зэргээс харахад зээл олгох үйлчилгээ гэдэгт "зээл олгох, түүнийг төлүүлэх" ажиллагааг хамааруулан ойлгох нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл "Банкны зээлийн үйл ажиллагаа" нэртэй 4 дүгээр бүлэгт зээл олгох, түүнийг төлүүлэх үйл ажиллагааг бүхэлд нь хамааруулан зохицуулсан дээрх хуулийн бүтцээс харахад НӨАТ тухай хуулийн 13.6.5-т заасан "... зээл олгох үйлчилгээ" нь зөвхөн зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээд дуусдаг үйлчилгээ биш, харин зээлдэгчид олгохоос эхлээд зээлийг төлүүлж дуусгах хүртэл үйл ажиллагаа /үйлчилгээ/ бүхэлдээ хамаарна гэж үзэхээр байна.

Мөн шүүх хэрэв дээрх тохиолдол нь НӨАТ тухай хуулийн 13.6.5-д хамаарах үйлчилгээ биш бол тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан аль барааны борлуулалтад хамаарах тухай дүгнэлт гаргаагүй болно.

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-т "Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого" нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай заасан байна. Тэгвэл ийнхүү уг "Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр" гэдэгт ямар барилгыг ойлгох талаар тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа орон байр гэж орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан барилгыг” хэлнэ гэж нэр томьёоны тайлбарыг хийж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 4.1.9-д зааж тодорхойлсон барилга /өмчлөгч нь хэн байх болон ямар зорилготойгоор худалдах зэргээс үл хамааран/-ыг борлуулах тохиолдолд 13.1.8-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан байх бөгөөд харин тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасан худалдах зориулалттайгаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр түүний хэсгийг борлуулах тохиолдолд 13.1.8-дахь заалт үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна.

Тодруулбал НӨАТ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т "Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй" гэж заасан нь худалдаж, ашиг олох зорилготойгоор анх орон сууцны зориулалттай барилга барьж буй барилгын компани болон иргэн ийнхүү түүнийгээ худалдаж борлуулж байгаа тохиолдолд 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй гэсэн агуулгатай болно.

Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №560 тоот шийдвэриЙг ЗХХШтХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хуулийг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Дараах үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.6.5-д “..., зээл олгох үйлчилгээ” гэсэн нь банкны зүгээс нэр бүхий этгээдүүдэд зээл олгосон үйлдлийг заасан байгаа болохоос зээлийг буцаан төлүүлэх ажиллагааг хамааруулсан зохицуулалт биш байна. Дээрх хуулийн 4.1.8-д “"үйлчилгээ" гэж бараа борлуулах, бусад аливаа үйл ажиллагааг”-г хэлнэ гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн дурдаад байгаа зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор орон сууцуудыг худалдан борлуулж байгаа үйлдэл нь зээл олгох үйлчилгээнд хамаарна гэдэг гомдол үндэслэлгүй байна.
  2. Мөн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 13 дугаар зүйлийн 13.5-д “Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй”, 13.1.8-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” гэсэн хуулийн заалтуудаас үзэхэд банкны зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор худалдан борлуулсан орон сууц нь нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох бараанд хамаарч байна.

Татварын улсын байцаагчид НӨАТ ногдуулсан актаараа Хадгаламж банкийг тухайн орон сууцуудыг зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор буюу ашиг олох зорилгогүй гэдгээс үл хамааран Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.8-д зааснаар худалдан борлуулсан байгаа үйлдэлд нь татвар ногдуулсан байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Д.БАТБААТАР

Ц.ЦОГТ