Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: А.Болор;

улсын яллагч: С.Оюунжаргал;

шүүгдэгч: Я.Гантөр, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бойнь овогт Ядамсүрэнгийн Гантөрд холбогдох эрүүгийн 201524000276 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 3а байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39-02-168  тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЧЗ83070310 регистерийн дугаартай, Бойнь овогт Ядамсүрэнгийн Гантөр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Я.Гантөр нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 04 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хэвлэлийн хүрээлэн”-ийн урд талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Я.Ганзулын эзэмшлийн “Ssang Yong Actyon” маркийн 9213 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Лувсанбатыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Гантөр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Шүүхээс хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.   

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-9/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 10/, цогцост үзлэг хийгсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-14/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-18/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 19/, хохирогч С.Сарангэрэл /1хх-ийн 45-47/, гэрч Т.Гантулга /1хх-ийн 75-76/, С.Сарангэрэл /1хх-ийн 77-79, 147-148/, Б.Оюунчимэг /1хх-ийн 82-84/, Д.Гантогоо /1хх-ийн 137/, Г.Чинзориг /1хх-ийн 140/, Н.Сэргэлэнбаатар /1хх-ийн 141/, С.Оюун /1хх-ийн 142-143/, Б.Баттүшиг /1хх-ийн 145/, Ц.Болд /1хх-ийн 150-151/ нарын мэдүүлсэн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 193, 194, 2533, 2536, 690, 3147, 3146, 2534, 2535, 3583, 3049 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 58-59, 63-64, 153-156, 158-159,161-165, 166, 167, 169-174, 176-178, 182, 190-199/, хохирлын баримтууд /1хх-ийн 89-122, 2хх-ийн 60-71/, Мастер үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 185-188/, Я.Гантөрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 208-212, 2хх-ийн 26-27/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 214/, Я.Гантөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 217/, Я.Гантөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 222/, Я.Гантөрөөс хохирол төлсөн баримтууд /2хх-ийн 9-13, 100-103/, Улаанбаатар хотын цагдаагийн газарын замын цагдаагийн газар шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 16-17/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Гантөр нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 04 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Хэвлэлийн хүрээлэн”-ийн урд талын замд согтуурсан үедээ Я.Ганзулын эзэмшлийн “Ssang Yong Actyon” маркийн 9213 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, … хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Лувсанбатыг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сарангэрэлийн /хх-ийн 46-47/: “… Талийгаач 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод айлын бага хүү болон мэндэлсэн. 1984 оноос 1988 оны хооронд тус аймгийнхаа 2 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн, 1988 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн бага сургуульд 3 дугаар анги хүртлээ суралцаж байгаад өвчний улмаас сургуулиасаа гарсан. 2001 оноос хойш Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын хооронд хувиараа барилгын ажил эрхлэх болсон юм. Миний дүү сэргэлэн цовоо, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, цагаан цайлган сэтгэлтэй хүн байсан. Талийгаач 2005 онд эхнэрээсээ салсан. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байгаагүй. Уг нь миний бие талийгаачийн эхнэр, охиныг ажил явдалд нь оролцуулах гэсэн боловч хаяг болон утасны дугаарыг нь мэдэхгүй болохоор хэл дуулгаж чадаагүй. Ер нь ч тэгээд эхнэр нь талийгаач руу холбоо бариад байдаггүй байсан. Талийгаач зүрхний өвчнөөр Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Группын дэвтэртэй. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 23 дугаар гудамжны 23 тоотод эгч С.Сарангэрэл, хүргэн ах П.Цэрэндаш, төрсөн ах С.Лувсандорж, С.Лувсанцэрэн, дүү нарын хамт 2001 оноос хойш хамт амьдарч байсан юм. Талийгаач нь эцэг ондоотой байсан учраас ээжийн нэрээр овоглодог байсан. Талийгаач урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар нэг удаа шалгагдаж байсан. Яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд шалгадаж байсныг нь мэдэхгүй байна. Оршуулгын зардал 4.135.000 төгрөг болж байсан. Үүнээс 2.000.000 төгрөг нь баримттай, бусад нь хар дансаар хөтөлсөн баримттай. Я.Гантөр оршуулгын зардалд 2.600.000 төгрөгийг миний “ХААН” банкны дансаар шилжүүлсэн. Гомдолтой байна…” гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ С.Оюуны /1хх-ийн 132, 134-135/: “…“Сангюунг Актион”  маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашин нь миний хүү Ядамсүрэн овогтой Ганзулын эзэмшилд байдаг ба 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс уг автомашиныг захиран зарцуулах болон худалдах эрхийг надад олгосон итгэмжлэл хийж Бүгд Найрамдах Солонгос Улсаас явуулсан юм. Манай гэр бүлийн гишүүд ойр зуур л унадаг юм. Ер нь голцуу миний хүү Я.Гантөр нь унадаг. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.  “… Ослын улмаас “Сангюунг Актион” маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашины зүүн урд хэсэг нь эвдэрсэн байсан. Автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Чинзоригийн /1хх-ийн 140/: “… 2016 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд найз Сэргэлэнбаатар болон түүний нэг найзтай нь уулзаж байгаад, Гантөр рүү залгаж уулзахаар болсон. Гантөр нь 23 цагийн орчимд улаан өнгийн “Сангюунг Актион” маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа ирсэн. Бид 3 түүнтэй уулзаж машинуудаа “Монос” эмийн сангийн урд зогсоол дээр тавьцгаасан. Тухайн үед Гантөр, Сэргэлэнбаатар бид 3 аль аль нь машинтай байсан. Бид дөрөв 25 дугаар эмийн сангийн замын баруун талд байдаг “Голден паб” руу орж 0.5 граммын архи нэг шил, кока кола 2 ширхэг, цэвэр ус нэг ширхэг, 0.5 граммын пиво хоёр ширхэгийг тус тус худалдаж аваад суусан. Тухайн үед Сэргэлэнбаатар нь Гантөртэй архиа хуваагаад уусан. … Ингээд бид дөрөв 2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 02 цаг өнгөрөөгөөд пабаас гарч би “харьлаа” гээд явсан. Нөгөө 3 үлдсэн. Гантөр бид 3 дээр ирэхдээ эрүүл байсан. Дахиж архи, пиво захиалж уугаагүй…”  гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Сэргэлэнбаатарын /хх-ийн 141/: “… 2016 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчимд би Баярцогт, Чинзориг нартай уулзаж сууж байгаад 23 цагийн орчимд Гантөрийг утсаар дуудсан. Гантөр улаан өнгийн “Сангюунг Актион” маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашиныг  жолоодон ганцаараа ирсэн. Тэгээд бид 4 уулзаад машинаа “Монос” эмийн сангийн урд талын автомашины зогсоол дээр тавиад 25 дугаар эмийн сангийн замынхаа баруун талд байх “Голден” нэртэй паб руу орж 0.5 граммын архи, цэвэр ус 1 ширхэг, кока кола 2 ширхэг, пиво зэргийг худалдаж аваад суусан. Шөнийн 02 цагийн үед бид нар пабаас гарсан. Чинзориг “найз нь явлаа” гээд хүн ирээд түүнийг аваад явсан. Харин бид 3 дахиад өөр газар орохоор хороолол орсон боловч пабууд хаалттай байсан. Тэгээд буцаад 25 дугаар эмийн сан дээр ирж машиндаа юм ярьж сууж байгаад Баярцогт бид 2 хамт явсан. Харин Гантөр дуудлагын жолооч дуудна гээд үлдсэн. Пабад Гантөр бид хоёр 0,5 граммын архийг хувааж уусан. Гантөр бид 3 дээр ирэхдээ эрүүл байсан. Бид дахиж архи, пиво захиалж уугаагүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Оюуны /хх-ийн 142-143/: “…2016 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед миний хүүгийн утас нь дуугараад хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд л “хоёр найзыгаа яваад аваад ирье” гээд ганцаараа гараад явсан. Шөнийн 05 цагийн үед над руу миний эгчийн хүүхэд Баттүшиг осол гарсан талаар хэлсэн…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Баттүшигийн /хх-ийн 145/: “… 2016 оны 04 дүгээр сарын 07-ны үүрээр 04 цагийн орчимд намайг гэртээ унтаж байхад над руу цагдаагийн байгууллагаас залгаад “Я.Гантөр машин барьж яваад хүн мөргөж зам тээврийн осол гаргасан байна” гэж хэлэхээр нь гэрээсээ ганцаараа гарч ослын газарт очиход Я.Гантөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, цагдаагийн машин дотор сууж байсан. Я.Гантөр нь улаан өнгийн “Сангюунг Актион” маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож яваад явган зорчигчийг мөргөчихсөн, машин нь нилээн эвдрэлтэй, машиных нь урд явган зорчигч нь зам дээр хэвтэж байсан. Цагдаа нар осол хэргийн газарт хэмжилт хийж, хэргийн газрын үзлэг хийж байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Болдын /хх-ийн 150-151/: “… 2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд би найзуудтайгаа …. Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд явж байтал улаан хүрэн өнгийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, маркийг нь мэдэхгүй, дунд оврын жийп автомашин нь баруунаасаа зүүн чиглэлтэй замын голд аваараа асаачихсан, машин нь асаалттай зогсож байсан. Тэр үед бид нар машиных нь хойд талаар буюу 3 дугаар эгнээгээр явж өнгөрөх үед машины урд талд  нэг залуу зам дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг тэвэрчихсэн “ахаа би хүн алчихлаа ш дээ, та цагдаа дуудаад өгөөч дээ” гээд байхаар нь би өөрийнхөө 98639320 гэсэн дугаараас 102-т дуудлага өгөөд байж байтал Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн машин ирсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Тухайн үед бид 3 машинаас буугаагүй. Замын хөдөлгөөн нилээн сийрэг байсан. Одоо яг хэдэн номерийн улсын дугаартай автомашин байсныг сайн санахгүй байна. Тэр үедээ машиных нь улсын дугаарыг нь хараад хэлж байсан. Улаан хүрэн өнгийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн дунд оврын жийп машин байсан. Осол гаргасан машинд урд салхины шил хагарсан, машиных нь зүүн урд талын хэсэг нь авах юмгүй болсон ба зүүн урд их гэрэл нь зам дээр хэвтэж байгаа харагдсан. Цаг агаарын байдал тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, замын гэрэлтүүлэгтэй, тусгаарлах зурвастай, шулуун тэгш, хуурай, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфальтан зам эвдрэлгүй байсан. Жолооч нь согтуу эсвэл эрүүл байсныг нь мэдэхгүй байна. Учир нь бид 3 машинаас буугаагүй. Жолооч нь ганцаараа л зам дээр дайрсан хүнээ бариад суучихсан, сандарсан байртай “цагдаа болон түргэн тусламж дуудаад өгөөч ээ” гээд л орилоод байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 690 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 161-162/: “… Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь болон орой ясны далд хугаралууд, баруун, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, гол судасны бүрэн тасрал, хурц дотуур цус алдалт, цээжний баруун, зүүн хөндий дэхь цусан хураа /3,0 литр/, уушгины бүрэн бус авчилт, бөөрний урагдаж бяцарсан шарх, элэгний өнгөц язралт, үнхэлцэг хальс, бөөрний өөхөн эд дэх цус хуралт, дотор эрхтнүүдийн хурц цус багасалт, баруун шилбэний шаант ясны ил, тахилзуур ясны далд хугарал, нүүр, их бие, доод мөчний зөөлөн эдэд урагдсан шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжгой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоодсонгүй. Талийгаачийн цус нь О (I) бүлэг байна. Талийгаачийн цусанд 4,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ” гэснээр,

 

Я.Гантөрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 209-212, 2хх-ийн  26-27/: “...Тухайн үед Сэргэлэн бид хоёр нэг шил архиа хувааж уусан. … Би шөнийн 03 цагийн үед найзуудаасаа салаад машиныхаа хажууд буусан. Би машиндаа орж хэсэг сууж байгаад 19001950 дугаар руу өөрийнхөө утаснаас залгаж дуудлагын жолооч дуудсан. Ирэхгүй болохоор нь хүлээж байгаад машинаа бариад гэр рүүгээ харих гээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 50 гаран км/цаг хурдтай, миний  зүүн гар талд цагаан өнгийн маркийг нь анзаараагүй автомашинтай зэрэгцээд явж байтал тухайн цагаан өнгийн машины эгц урдуур хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирсэн. Би тэр үедээ тоормозоо гишгэсэн боловч машины зүүн урд хэсэгт мөргөгдөж, машины хамар дээр унаад салхины шил хагарч зогсоход нөгөө хүн маань урагшаагаа зам дээр унасан. Би тэр үедээ сандраад машинаас буугаад машинд мөргөгдсөн хүний хажууд очсон чинь толгойноос нь цус гарсан, ухаангүй байсан. …Би жолоочийн үнэмлэхээ хаячихаад шинээр авч амжаагүй байсан. Тиймээс ослын үеэр жолоочийн үнэмлэхгүй байсан. Би талийгаачийн оршуулгын зардалд 4.135.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

 

техникийн шинжээчийн 266 дугаартай дүгнэлт /2хх-ийн 16-17/: “... Хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд “Сангюунг Актион” маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Я.Гантөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч С.Лувсанбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгээр авагдсан зорчих хэсэгт үлдсэн “Сангюунг Актион” маркийн 92-13 УНП улсын дугаартай автомашины тоормозны мөрөөр хурдыг тодорхойлвол:

Тоормосны мөр: St=33,3м

Тоормосны идэвхижлийн коэффицент: Kэ-1,1

Замын дугуйн барицалдалтын коэффицент /тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, шулуун тэгш гэсэн байх тул/         Ф= 0,7 -оор авч үзнэ.

 

 

V=  =  = 73.4 км/цаг хурдтай явсан байна” гэснээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-9/, тээврийн хэрэгсэлийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 10/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Гантөрийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Я.Гантөр нь согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүнд энэ зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Я.Гантөр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд  нийт 9.335.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /2хх-ийн 103/ гэсэн тул шүүгдэгч Я.Гантөрийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ С.Оюун нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдахаас гадна нэгэнт шүүгдэгч Я.Гантөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан тул иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ С.Оюуныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Гантөрд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирол буюу хохирогч нас барснаас учирсан гэм хорыг сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Я.Гантөр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан материаллаг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сарангэрэлээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн “Тоёота аллион” маркийн автомашины урд нүүр /1 бүхэл буюу 3 ширхэг/ торыг устгаж, хяналтын камерийн бичлэг бүхий 4GB багтаамжтай цагаан өнгийн төмөр флаш дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бойнь овогт Ядамсүрэнгийн Гантөрийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гантөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Гантөрийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Я.Гантөр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Я.Гантөр, иргэний нэхэмжлэгч /хариуцаг/ С.Оюун нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн “Тоёота аллион” маркийн автомашины урд нүүр /1 бүхэл буюу 3 ширхэг/ торыг устгаж, хяналтын камерийн бичлэг бүхий 4GB багтаамжтай цагаан өнгийн төмөр флаш дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Я.Гантөрд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Я.Гантөрд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Гантөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ