Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0047

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр        Дугаар 128/ШШ2020/0047            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Х ” ХХК-ийн Завхан аймгийн З******* сумын нутагт орших М******* нэртэй ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах ”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон,  иргэдийн төлөөлөгч Б.О********л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн З******* сумын М******* нэртэй газар 3567.81 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ХV-***** дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай эзэмшиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж, гүйцэтгэсэн ажлын тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж ирсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдах дээд хугацаа 3 жил байдаг бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан байсан. Дахин хайгуулын зөвшөөрлөө сунгуулах гэсэн боловч тухайн үед “Х” ХХК-ний захирал Г.З миний бие 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд өвчтэй байсан бөгөөд “Г*******” эмнэлэгт эмчлүүлж байсан ба улмаар 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “С*******” эмнэлэгт хөлний мэс заслын хагалгаанд орж эмчлүүлсэн.

Харин манай компанийн бизнес хөгжлийн менежер Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах амралтаа авсан байсан юм.

Ийнхүү 01/06 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 7/5826 тоот албан бичгээр “...ашигт малтмалын хайгуулын ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болж хаалттай талбайд шилжсэн...” гэсэн хариуг манай компанид өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй” гэсэн байдаг.

Иймд дээр дурдсанаар “Х” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул манай Завхан аймгийн З******* сумын нутагт орших М******* ашигт малтмалын хайгуулын ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгахгүйгээр бүртгэлийн системд дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлийг хүчинтэй болгож бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Завхан аймгийн З******* сумын нутаг М******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба “Х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба “Х" ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагаас тус компанид ХV-***** тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн эрх бүхий ажилтан Г.З-т гардуулсныг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болгох дотоод хяналтын хуудас нээх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “Х” ХХК нь 2015 оноос 3 жилийн хугацаатай хайгуулын зөвшөөрөлтэй талбай эзэмшиж байсан байна. Энэ хугацаанд хуулийн дагуу төлбөрөө цаг тухайд нь татан ажлын тайлангаа жил бүр, Ашигт малтмал, газрын тосны газарт тайлагнаж байсан байна. Компанийн удирдлагууд эрүүл мэндийн улмаас өвчтэй байсан байна. нэхэмжлэгчийн шийдвэрийг дэмжиж байна.

Ашигт малтмал, газрын тосны газарт шаардагдах 4 баримтыг гаргаж өгөх хэрэгтэй байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Х” ХХК-ийн Завхан аймгийн З******* сумын нутагт орших М******* нэртэй ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д Завхан аймгийн З******* сумын М******* нэртэй газарт 3567.81 гектар талбайд хайгуулын ХV-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эзэмшиж эхэлсэн байх бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хугацааг дуусгавар болгож бүртгэл хийсэн байна.

Нэхэмжлэгч талаас “Х” ХХК-ийн захирал Г.З нь өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлж, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаж амжаагүй” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “Х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 4 хоногийн хугацаа хэтрүүлж, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 5,173,324.50 /таван сая нэг зуун далан гурван мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг тавин мөнгө/, 4 хоногийн алдангид 1,031,040 /нэг сая гучин нэгэн мянга дөч/ төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд төлж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан байна.

Хэдийгээр тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зүүн шилбэ дээрх зөөлөн эдийн бэртэл, хүндэвтэр идээт шархлалт гэсэн оноштойгоор 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гэж тайлбарлаж байх бөгөөд хэвтэн эмчлүүлээгүй, энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрөө, холбогдох материалын хамт хариуцагч байгууллагад гаргах боломж байсан байна гэж үзэхээр байна.

Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Зо******рыг С******* эмнэлэгт мэс засалд орсон гэх тайлбарыг шүүх үгүйсгээгүй бөгөөд тухайн өдрийн маргааш тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байна.

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө өргөдөл гаргах агуулгатай тул шүүхийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалган тогтооно.

“Х” ХХК-ийн захирал Г*******ын Зо******р нь 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд хэвтэн эмчлүүлээгүй, амбулаториар үзүүлж зөвлөгөө авсан болох нь Г******* эмнэлэгээс тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19/48 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20/25 дугаар албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/56 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар өргөдөл гаргах боломжгүй байсан байдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.4-т Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг ямар нэгэн мэдэгдэл авалгүйгээр урьдчилсан төлсөн байх үүрэгтэй байсан байна.

Гэтэл “Х” ХХК нь 4 дэх жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй атлаа зөвхөн мэдэгдэл авч байж төлбөр төлөх, мэдэгдэл хүргэгдсэний дараа тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болох ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг анх тусгай зөвшөөрөл эзэмшиж эхлэхэд тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн эрх бүхий ажилтан Г.Зо******рт гардуулсныг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг хариуцагчаас “Х” ХХК-д тухайн үед хүргүүлээгүй боловч энэхүү нөхцөл байдал нь шүүх нэхэмжлэлийг хангах буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дууссаныг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгох, “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV0******* дугаар тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэл биш болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ээлжит жилийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцлахаар хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан байх бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хугацаа сунгах өргөдлөө гаргах ёстой атал 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан гэх боловч тухайн үед зөвхөн төлбөр төлсөн баримтаас гадна дээрх хуульд заасан баримтуудыг нэхэмжлэгч тухайн үед хариуцагчид өгсөн, эсхүл тэдгээр баримтыг бүрэн байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.

Тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/9408, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/257, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/593 дугаар албан бичгээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуульд заасан бүх баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Г.З-ын эмчлүүлсэн гэх бүх баримтуудыг удаа дараа шаардсан боловч шаардсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “...Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ... үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бид шүүхээс явуулсан 1 л албан бичгийг хүлээж авсан...” гэсэн боловч энэ тайлбар нь үндэслэлгүй, учир нь шүүхээс Монгол шуудан ТӨХК-иар дамжуулан тус компанид удаа дараа албан бичгийг хүргүүлсэн тус компанийн зүгээс албан бичгийг гардуулаагүй тохиолдолд буцаалт хийн шүүхэд өгдөг, нэхэмжлэгч компанид хүргүүлсэн албан бичгүүд буцаагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр магадлалыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, Улсын дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 365 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн хаягаар нь тус тус гардан авсан бөгөөд дээрх магадлал, тогтоолд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа шүүхэд гарган өгөх үүрэгтэй юм.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд “Х” ХХК-ийн Завхан аймгийн З******* сумын нутагт орших М******* нэртэй ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон нь хуулийг зөвөөр тайлбарлан хэрэглэж гаргасан, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай уулийн 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д тус тус заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Х” ХХК-ийн Завхан аймгийн З******* сумын нутагт орших М******* нэртэй ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА

       ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ

                                       ШҮҮГЧ                                       А.НАСАНДЭЛГЭР