Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1121

 

Т.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор П.Ганбаатар,

          шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч. Т.Т-д холбогдох 1809 0048 90411 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-гийн Т, 19..оны .. дүгээр сарын ..-ны өдөр Булган аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Орхон” авто угаалгын газарт ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ....................тоотод оршин суух, /РД:...................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Т.Т- нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Орхон” авто угаалгын газарт хамт ажилладаг иргэн Б.Г-ийн “Самсунг Нөөт-2”, Б.М-ийн “Самсунг Галакси Жи-1” загварын гар утсыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж 216.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

1. Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1178 дугаар захирамжаар Т.Т- нь бичиг үсэг мэдэхгүй гэж мэдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүний хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Гэтэл прокуророос дээрх хэрэгт өмгөөлөгч Х.Баатарбилэгийг оролцуулан Т.Т-г яллагдагчаар байцааснаас /хх-96-97/ өөр ямар ч ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлснийг дээрх ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй байна.

Учир нь, өмгөөлөгч Х.Баатарбилэг нь “би зөвхөн байцаалтад суусан. Намайг албан ёсоор томилоогүй” гэсэн шалтгаанаар түүнийг өмгөөлөхөөс татгалзсан. Шүүгдэгч Т.Т- нь бичиг үсэг мэддэггүй, цагдан хоригдож байгаа ба ар гэр нь төлбөрийн чадваргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.” гэж хуульчилсан байхад өмгөөлөгчийг томилуулаагүй байна.

2. Шүүгдэгч Т.Т- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн гэх боловч хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

Учир нь, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулаагүй болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлан ял оногдуулах боломжтой гэж үзсэнийг хүлээн авах үндэслэлгүй байна. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн, жинхэнэ эдлэх ялыг тогтоох зохицуулалт болно.

Иймд шүүгдэгч Т.Т-гийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Шүүгдэгч Т.Т- нь одоог хүртэл цагдан хориотой байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас нийт хэд хоногийн ялыг эдэлсэн болохыг хорих байгууллагаас тодруулж, ялын тооцоог хэрэгт хавсаргаагүй байна.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн 1809 0048 90411 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 1531 дугаартай шүүгчийн захирамжаар “Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний хүлээн авч ХЯНАВАЛ:

1. Шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1178 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн байхад мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцуулаагүй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүлээн авч яллагдагч Т.Т-гийн зөвшөөрснөөр Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.Баатарбилэгийг оролцуулан хэргийн талаар яллагдагч Т.Т-гоос мэдүүлэг авч дээрх захирамжийн заалтыг бүрэн хангасан. /хх-97/,

Харин өмгөөлөгч Х.Баатарбилэгт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр яллагдагч Т.Т- болон түүний ар гэрийнхэнтэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн тул шүүхээс Эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэгийг яллагдагч Т.Т-гийн өмгөөлөгчөөр томилж, шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдсан тул энэ заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” талаар хуульчилж өгсөн. Яллагдагч Т.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Хулгайлах”, “Залилах” гэх өөр өөр гэмт хэргүүдийг үйлдсэн тул заавал хэргүүдийг нэгтгэх шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан бөгөөд үүнийг заавал нэгтгэж мөрдөн байцаалт явуулна гэж ойлгох боломжгүй юм.

Яллагдагч Т.Т-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөн тул “Залилах” гэмт хэрэгт нь ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь яллагдагч Т.Т-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож, гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулах ёстой. Харин оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зохицуулсан тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулах, нэг шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэж байна.

3. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан. Уг тогтоол хүчин төгөлдөр тул тогтоолын тогтоох хэсэгт дүгнэлт хийж ялын тооцоог шүүх гаргах бүрэн боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргах, шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж болохоор заасан.

Захирамжийн заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан заалтад хамаарч байна гэж шүүх дүгнэсэн бол өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шийдвэрийг гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, тухайн асуудал нь урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэгдэх боломжгүй болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх захирамж гаргах хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүх, шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүхээс “... Т.Т- нь бичиг үсэг мэдэхгүй гэж мэдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүний хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй ...” гэж дүгнэсэн байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Т.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь сүүлд илэрсэн хэдий ч хэргийн зүйлчлэл өөр өөр гэмт хэргүүдийг тусад нь шийдвэрлэхэд хуульд харшлах зүйл байхгүй, заавал нэгтгэн шалгах шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг буруу тайлбарлажээ.

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Т.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ