Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00194

 

Г.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00566 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 843 дугаар магадлалтай,

Г.Сгийн нэхэмжлэлтэй

СДТХт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, Г.Оргилмаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Б.Даваагэрэл, Б.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн СДТХт орон тооны бус байцаагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж хариуцсан хороонуудынхаа төлөвлөгөө гүйцэтгэлийг биелүүлэн ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуулийн мэргэжилтэн Б.Даваагэрэл уулзаад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлж байгаа ямар нэгэн санал хүсэлт байна уу гэж асуусны дагуу миний бие 4 сартай жирэмсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байгаагаа тус өдөр СДТХт өргөдөл гаргаж өгсөн. Тус өргөдлийн хариуг бичгээр мэдэгдээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуулийн мэргэжилтэн Б.Даваагэрэлтэй уулзахад дарга орон тоо байхгүй байна гэсэн бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгч болох талаар хэлсэн. Захиргааны тасгийн дарга Д.Наранцэцэг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өрөөндөө дуудан уулзсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхийг дахин санал болгосон ба тус хүсэлтийг хүлээн аваагүй. Тус өдрийн үдээс хойш хуулийн мэргэжилтэн Г.Оргилмаагаас миний тушаал гарсан талаар асуухад арай гараагүй одоо удахгүй гаргалаа гэж хэлсэн. Миний бие миний ажлаас чөлөөлөгдөх тушаал 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр гарна биз дээ гэж асуухад үгүй ээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гаргана гэж хэлсэн. Би яагаад тэгж байгаа вэ, би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тушаалаа авах гэж байна шдээ гэж хэлэхэд таны нарын хөдөлмөрийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тийм учраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарна гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөр гарч байгаа тушаалынхаа дугаарыг өнөөдөртөө авдаггүй юм уу гэж асуухад үгүй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарна гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөгдөх тушаалаа миний бие 2 байцаагчийн хамт гурвуулаа авсан бөгөөд түүний нэг нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн бид нарын тушаал бүгд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой хүлээлгэн өгсөн. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул СДТХийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/112 дугаартай Г.Сгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг хүчингүй болгох. Миний бие одоо 5 сартай жирэмсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасны дагуу СДТХт эгүүлэн томилуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Даваагэрэл, Г.Оргилмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Амартайваны Б/14 дугаартай тушаалаар Татвар хураалтын тасгийн Хүн амын хэсэгт орон тооны бус байцаагчаар ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажлаас чөлөөлөгдсөний тухайд, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэг, Татварын Ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар чиглэл өгөх тухай албан бичиг, Нийслэлийн Татварын газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Орон тооны бус байцаагч нар нь Татварын Ерөнхий газраас биш тухайн дүүргийн төсвөөс санхүүжиж цалин нь олгогддог боловч татварын албаны үндсэн ажил болох орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан гэрээт ажилтнууд юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх гэсэн заалтад орон тооны бус байцаагчид хамаарсан ба үүнтэй холбоотойгоор дээд газраас буюу Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газраас үндсэн ажлын байранд татварын албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах орон тоо гэрээт ажилтанд байхгүй болсон тул чөлөөлөх талаар чиглэл ирүүлснээр ажлаас чөлөөлсөн. Мөн дээрх тогтоол гарсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн хэлтсээс Орон тооны бус байцаагчдын цалингийн санхүүжилтийг олгохгүй болсон тул цалин өгөх эх үүсвэргүй болсон. Тушаал гарахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийгдсэн сонсох ажиллагааны явцад Г.Сд энэ талаар тайлбарлахад Сонсох ажиллагааны саналаа бичгээр гаргаж өгнө гээд бичгээр өгсөн ба ажиллуулах нөхцөл боломж нь хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байгааг хэлсэн болно. Иймд ажлын байр болон цалингийн санхүүжилт байхгүйн улмаас Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн Г.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00566 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Г.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Сгийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 843 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, Г.Оргилмаа нар хяналтын гомдолдоо: Шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: “...хэрэгт тухайн байгууллагын орон тооны бус байцаагчийн ажлын байр урьд нь хэд байсан, одоо хэд болгож өөрчилсөн, байхгүй болсон эсэх талаарх дээд шатны байгууллагын тушаал, шийдвэр эрхийн акт авагдаагүйгээс хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн атлаа, түүнийг орон тооны бус байцаагчийн ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд дээрх үйл баримтыг бүрэн тодруулж байж хэргийг шийдвэрлэх шаардлагатай...” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, хэргийн үйл баримттай дутуу танилцсан гэж харахаар байна. СДТХт 24 орон тооны бус байцаагч ажиллаж байсныг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Орон тооны бус байцаагчдыг ажилд томилох болон чөлөөлөх нь тухайн хэлтсийн даргын эрх хэмжээнд хамаардаг бөгөөд энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж чөлөөлсөн. Дээд шатны байгууллага буюу Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газрын шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолын дагуу ирүүлсэн чиглэл болно. Татварын албанд хуулийн хүрээнд ажиллах орон тоо нь татварын улсын байцаагч, хураагч гэсэн албан тушаалууд байдаг бөгөөд эдгээр албан тушаалтнуудыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилж, чөлөөлдөг болно. Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэхээр дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс санхүүжиж цалин нь олгогддог, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдыг чөлөөлж, төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн ажлын байранд хураагч, татварын улсын байцаагчийг ажиллуулах чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Мөн магадлалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд энэхүү маргаан хамаарахгүй бөгөөд 41.2.2 гэсэн заалт ч хуулинд байхгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч СДТХт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 670 730 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Г.С нь СДТХийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Татвар хураалтын тасгийн Хүн амын хэсэгт орон тооны бус байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/112 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Г.С нь төрийн жинхэнэ албан хаагч биш болохоос гадна хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй байна. Байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээг мөн зүйлийн 23.2.2.-т зааснаар байгуулж болох бөгөөд албан тушаал нь “орон тооны бус” учраас хөдөлмөрийн гэрээнд хугацаа тохирчээ.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг тус тус баримталжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дах хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байхыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Үүний дагуу Татварын Ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар албан бичиг, Нийслэлийн Татварын газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар албан бичгээр тус тус чиглэл өгч, ажил олгогч СДТХ гэрээг сунгахгүй талаар Г.Сд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, 2018 оны 12 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон шалтгаан, эрх бүхий байгууллагуудын эрхийн актын танилцуулж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн баримт хэрэгт авагдсан байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор байхад 2019 оны 01 сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн атлаа тушаалыг 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр гаргасан нь буруу боловч орон тоо хасагдсан бодит үйл баримт тогтоогдсон тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байжээ. Г.С нь ажлаас чөлөөлөгдөх үед жирэмсэн байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасан. Энэ зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусч, цаашид сунгагдаагүй, энэ үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор ажлаас чөлөөлөгдөж байгаа жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх дээрх баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор гэрээт ажиллагсад ажиллуулахыг зогсоох тухай чиглэл өгсөн, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Татварын газрын албан бичигүүд, үүнтэй холбоотой орон тооны бус байцаагчийн цалингийн санхүүжилтийг зогсоож, орон тоо байхгүй болсон үйл баримт тогтоогдсон байхад тухайн үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийг зөрчсөн тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 843 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА