Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99 

 

2022 оны 05 сарын 02 өдөр                              2022/ШЦТ/99         Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0114

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                      Ж.Батбаатар

Шүүгдэгч                                         С.Чаминцэцэг   нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Чаминцэцэгт холбогдох 22390000000065 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар

Яллагдагч С.Чаминцэцэгийг Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд үйл ажиллагаа явуулдаг Андууд Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 14 удаа ээлжинд гарахдаа тухайн өдрүүдийн орлогыг байгууллагын дансанд тушаахгүй хувьдаа завшиж Андууд Ойл ХХК-д 4.612.868 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч С.Чаминцэцэг нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед орлогын мөнгийг “бүл” гэж *******лэдэг сүлжээний бизнест оруулаад алдсан, одоо сувилагчийн ажил хийж байгаа цалин дээрээсээ үлдэгдэл 1.200.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж дуусгана” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбаатарын өгсөн:...Би Хэнтий аймагт шатахуун түгээх станцын чиглэлээр Андууд Ойл ХХК-г хариуцан ажиллуулдаг юм. 2019 онд анх байгуулагдахад Сүхбаатар овогтой Чаминцэцэг гэх эмэгтэй Бэрх хотын салбарт түгээгчээр ажилд орсон юм. Анх ороход нь Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээ жил болгон сунгаж явдаг юм. Чаминцэцэг нь 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 14 удаагийн үйлдлээр нийт 4.612.868 төгрөгийг компанийн дансанд тушаагаагүй хувьдаа ашигласан үйлдэл гаргасан. Тухайн үед би ковид 19 өвчнөөр өвчилчихсөн байсан.  Манай эрхлэгч Сарантуяа аймагт эмнэлэгт хэвтэж байсан, Энэ хугацаанд Сансарбаяр болон Чаминцэцэг нар тулж ажиллаж байсан. Тооцоогоор Чаминцэцэгийн гараан дээр тооцоо дутаад байдаг. Энэ явдлыг 11 дүгээр сарын 20-ны үед мэдсэн юм. Ийм шалтгааны учир цагдаагийн байгууллагад хандах болсон...Мөнгө дутаасан дутагдлаар хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажлаас нь 12 дугаар сарын сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байгаа...Би одоо С.Чаминцэцэгт гомдолгүй. Учир нь С.Чаминцэцэг нь хохирол учруулсан 4.612.868 төгрөгийнхөө 2.612.870 төгрөгийг одоогийн байдлаар төлөөд байгаа. Чаминцэцэг нь надад үлдсэн 2.000.000 төгрөгөөр сар болгон 400.000 төгрөгийг Андууд Ойл ХХК-н дансанд сар болгоны 25-ны өдөр төлж байгаад хохирлоо барагдуулахаар өргөдөл гаргасан байгаа тул тухайн өргөдөлийг хэрэгт хавсаргах саналтай байна. Мөн би Чаминцэцэгийг хохирлоо барагдуулна гэдэгт итгэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу, 21-22 хуу/

 

            Гэрч Ч.Сарантуяагийн өгсөн:... Би “Андууд ойл” ХХК-н Бэрх дэх шатахуун түгээх станцын эрхлэгчээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллаж байгаа. Манай ШТС-д түгээгчээр С.Чаминцэцэг хамт ажиллаж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-нд би Ковид-19 өвчний халдвар аваад 13 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгээс гараад тусгаарлалтанд 7 хоног гэртээ байсан. Тэр үед би колонк дээр очиж хяналт тавих боломжгүй байсан. Манай ШТС-д түгээгч С.Чаминцэцэг, Сансарбаяр нар тулаа гарч тооцоог өөрсдөө хийж бэлэн орсон орлогыг Хаан банканд байгууллагын дансанд тушааж байсан. Түгээгч нар тулж гарч байсан болохоор хоорондоо тохирч 48, 72 цагаар гарч байсан гэсэн. Тэгээд бэлнээр орсон орлогыг түгээгчээр ажиллаж байгаад буухдаа бөөнд нь тушааж байсан. Орлого нь түгээгч нарын гар дээр бэлнээр хуримтлагдаад байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх орлогыг С.Чаминцэцэг байгууллагийн дансанд тушаагаагүй чөлөө авч Дадал сум явмаар байна гээд надаас чөлөө авч явсан. Би тэр үед гэрийн тусгаарлалтаас гарсан байсан болохоор Чаминцэцэгийн оронд 7 хоног түгээгчээр ажил хийсэн. Тэр үед нь С.Чаминцэцэгт хандаж ШТС-д орсон орлого бүрэн тушааж Дадал яваарай гэж хэлсэн боловч мөнгө тушаалгүй Дадал сум явсан байсан. Би тухайн үед биеэр болон гар утсаар хандаж олон удаа мөнгө тушаах талаар шаардсан боловч мөнгө душаагаагүй. Дадал сумаас ирээд ээлжиндээ гарсан 3-н удаа ээлж гараад сүүлийн гараа болох 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн шилжүүлгийн орлого болох 300.000 төгрөгийг өөрийн дансандаа хийлгээд байгууллагийн дансанд хийхгүй алга болсон. Мөн өөр ААНБ болон хувь хүмүүсээс авах мөнгө болох 508.710 төгрөгийг аваад байгууллагийн дансанд хийгээгүй өөрөө авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

 

          С.Чаминцэцэгийн яллагдагчаар өгсөн:... Би одоогийн байдлаар Андууд Ойл ХХК-н 5959210762 дугаарын дансанд 2.612.870 төгрөгийг тушаачихсан байгаа. Би Андууд Ойл ХХК -д учруулсан хохирлоо бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуу/

Андууд Ойл ХХК-ийн  000185725 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 36 хуу/

С.Чаминцэцэгийг түгээгчээр  туршилтын 3 сарын хугацаагаар ажилд томилсон Андууд Ойл ХХК-ийн захирлын 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 02 дугаартай  тушаалын хуулбар /хх-ийн 37 хуу/

С.Чаминцэцэгийг түгээгчээр  ажилд томилсон Андууд Ойл ХХК-ийн захирлын 2020 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаартай  тушаалын хуулбар /хх-ийн 38 хуу/

С.Чаминцэцэгийг түгээгчийн ажлаас чөлөөлөх тухай Андууд Ойл ХХК-ийн захирлын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай  тушаалын хуулбар /хх-ийн 39 хуу/

Д.Эрдэнэбаатар, С.Чаминцэцэг нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 40-41 хуу/

С.Чаминцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 57 хуу/

С.Чаминцэцэг нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 126-127 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Чаминцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Чаминцэцэг нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын төвд үйл ажиллагаа явуулдаг Андууд Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-29-ний өдрийн хооронд борлуулалтын орлого болох 4.612.868 төгрөгийг  хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Чаминцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбаатар,  гэрч Ч.Саранчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Тухайн үед шүүгдэгч С.Чаминцэцэг нь Андууд Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Андууд Ойл ХХК-ийн захирлын 2020 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаартай  тушаалын хуулбараар тогтоогдсон, түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас Андууд Ойл ХХК-д 4.612.868 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд бага хэмжээний /300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Чаминцэцэгийг нь хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрч,  нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг  гаргасан.

 

Шүүгдэгч С.Чаминцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх үндэслэлтэй  гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Чаминцэцэгт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах /гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 1.200.000 төгрөгийг төлөх/ үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ  хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Чаминцэцэг  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.200.000 төгрөгийг гаргуулж Андууд Ойл ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халиван овгийн Сүхбаатарын Чаминцэцэгийг хөрөнгө завшсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм   буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Чаминцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Чаминцэцэгт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах /гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 1.200.000 төгрөгийг төлөх/ үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чаминцэцэгийн хохирлоо нөхөн төлөх хугацааг 3 / гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хязгаарлалтыг зөрчсөн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож,  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.Чаминцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсэг болох 1.200.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Чаминцэцэгээс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Андууд Ойл ХХК-д  олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чаминцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ