Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

2022.05.04                                           2022/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0101/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч                                      Г.Түвшинжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэнгээр  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Түвшинжаргалд холбогдох 2239000000092 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Түвшинжаргалыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг Түшээт гэх газар байх өөрийн гэртээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу  эх*******С.Болортунгалагтай цагаан сараар архи ууж, олон зүйл хэллээ гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар С.Болортунгалагийн зүүн гарын шуу хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний биед зүүн шууны ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Болортунгалагийн өгсөн:..Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар  багт нөхрийн хамтаар оршин суудаг. Манай Улаанбаатарт байдаг охин 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт манай гэрт ирсэн. Тэгээд бид нартай цагаан сар гаргах гэж гэрт байсан юм. Манай нөхөр Түвшинжаргал 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой буюу битүүнд 1 шил 0.5 граммын архи ганцаараа уугаад шөнө гэрээс 01 цаг өнгөрч байхад гараад явсан юм. Би хэсэг хугацааны дараа араас нь гарахад нөхөр Түвшинжаргал ойр хавьд байхгүй байсан. Тэгээд би Анужинг дагуулан тэр хавиар хайж байгаад Батзаяа гэх айлд очиход нөхөр Түвшинжаргал тэнд байхаар Анужин бид хоёр гэр рүүгээ аваад явсан. Манай нөхөр Түвшинжаргал нь 04 цаг өнгөрч байхад ирээд гэртээ 30 гаран минут унтаж байгаад босож ирээд намайг хэл амаар доромжилж янхан, гичий, бузар амьтан гэх зэргээр хэлээд үглэж байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө цагаан сарын шинийн нэгэнд гэрээр хүмүүс ирж золголт хийсэн. Манай нөхөр Түвшинжаргал дахин 1 шил архи 0.5 граммын Ерөөл нэртэй архи уугаад өдөр агсан тавьж эхэлсэн. Тэгэхдээ гал голомтоо болон идээ шүүсээ өшиглөж тараагаад намайг хэл амаар доромжилж загнаж эхэлсэн. Орой 17 цагийн үед манай нөхөр Түвшинжаргал гэрээс гараад явсан. Би хэсэг хугацааны дараа гэрээс гарч түлээ авах гэж байхад манай нөхөр Түвшинжаргал миний хажууд ирж намайг толгой руу нэг удаа цохиж зүүн хөлний бүдүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөж авсан. Би тэрнээс хойш сайн санахгүй байна. Би Түвшинжаргалд миний зүүн талын гар бадайраад янгинаад байхаар нь хэлсэн чинь битгий худал хэлээд бай гээд байсан. Гэрээс манай охин Анужин гарч ирээд аавыгаа түлхээд болиулсан юм. Тэгээд би гэрт орсон. Түвшинжаргал гэрт орж ирээгүй гэрээс хойшоо уул руу явган явсан юм. Би аймгийн төвд байдаг Энхжин гэх охиндоо хэлээд тэгээд Энхжин ирж намайг авч аймгийн төвд ирж үзүүлэхэд миний зүүн гарны зургийг аваад зүүн гарын шуугаар 1 удаа хугарсан байна гээд шохойдож өгсөн юм...Надад гомдол санал байхгүй. Бас нэхэмжлэх зүйл байхгүй...Түвшинжаргал миний зүүн хөлний гуя руу хөлөөрөө өшиглөхөд би зүүн гараараа хаахдаа тухайн гэмтлийг авсан байх. Тухайн гэмтлийг Түвшинжаргал хөлөөрөө намайг өшиглөх явцдаа надад учруулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 11 хуу/

Гэрч Т.Анужингийн өгсөн:...Манай аав Түвшинжаргал 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ битүүрч байна гэж 20 цагаас хойш ганцаараа Ерөөл нэртэй 0.5 граммын архи уугаад тэгээд шөнийн 01 цагийн үед гэрээс бие засна гэж гараад эргэж ирэхгүй болохоор нь ээж Болортунгалаг бид хоёр хойш манай гэрээс урагшаа байдаг Батзаяа гэх айлд очиход манай Түвшинжаргал нь тэнд байхаар нь бид хоёр гэр рүүгээ яваад өгсөн юм. Манай аав 04 цагийн үед гэртээ ирээд унтахгүй манай ээж рүү агсан тавиад хэл амаар доромжилж байсаар байгаад өглөө болсон юм. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 16 цагийн үед манай аав Түвшинжаргал нь гал голомтоо өшиглөж идээ будаагаа нурааж ээжийг зодох гээд байхаар нь манай ээж Болортунгалаг нь 17 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн юм. Манай аав Түвшинжаргал нь гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа ээж Болортунгалаг  гэрээс түлээ оруулья гэж хэлээд гарсан. Төд удалгүй гэрийн гадаа ээж Болортунгалаг Ану аваарай гэхээр нь би гэрээс гарахад Түвшинжаргал нь Болортунгалаг зодож байсан. Тэгэхдээ гарт ямар нэгэн юм бариагүй гараараа зодсон. Би очиж салгаад цагдаа руу дахин залгасан. Аав Түвшинжаргал хойшоогоо явган явсан. Би ээжийг дагуулж гэр рүү орсон юм. Манай ээж зүүн  талын гар өвдөөд байна гэхээр нь би гарыг нь харахад зүүн гарынх нь шуу хэсгээр хавдсан байсан. Тэгээд аймгийн Эмнэлэгт ирж үзүүлээд манай ээж Болортунгалаг зүүн гарын шуугаараа 1 удаа хугарсан байна гээд аймгийн эмнэлэг шохойдож боосон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Гэрч Т.Энхжингийн өгсөн:...Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгаар баг Цацал 3-6 тоот гэртээ нөхөр хүүхэд нарын хамтаар байж байхад манай хөдөө гэрээс буюу Баянхутаг сумын 3-р багаас манай дүү Анужин 98137071 гэсэн утсаар над руу орой 17 цаг өнгөрч байхад залгаж аав Түвшинжаргал хэл амаар доромжлоод байна гэж байсан. Тэгээд би жоохон байж байгаад утас руу нь залгаад байхад утсаа авахгүй болохоор нь би Анужинтай фэйсбүүкээр холбогдож юу болж байна гэхэд гадаа аав ээжийг зодоод байна гээд утсаа салгахаар нь гэрээс Алтжин Батгэрэл хоёрыг дагуулж хөдөө гэрт очиход ээжийн зүүн гар нь шуугаараа хавдсан байдалтай харин аав Түвшинжаргал гэрт байгаагүй. Тэгээд би ээж Болортунгалагийг дагуулж аймгийн төвд ирж хүлээн авахаар үзүүлэхэд гарны зургийг нь аваад шуугаараа 1 удаа хугарсан байна гэсэн. Тэгээд би ээжээс аав таныг юугаар цохьсон юм гэхэд мэдэхгүй хөл гараараа цохьсон гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар  сарын 18-ны  өдрийн 153 дугаартай дүгнэлт:

 

  1. С.Болортунгалагийн биед зүүн шууны ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4.  Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 41 хуу/

Г.Түвшинжаргалын яллагдагчаар өгсөн:...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 92-94 хуу/

            Г.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 56 хуу/

Г.Түвшинжаргал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95-96 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.       

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Г.Түвшинжаргал нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед  Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг Түшээт гэх газар байх гэртээ согтуугаар эх*******С.Болортунгалагтай маргалдаж гараараа цохих, өшиглөх зэргээр зодож зүүн шуу ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Болортунгалаг, гэрч Т.Анужин, Т.Энхжин нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Түвшинжаргалын үйлдлийн улмаас хохирогч С.Болортунгалагийн эрүүл мэндэд учирсан зүүн шууны ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Г.Түвшинжаргалын үйлдлийг  хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

 

 Иймд шүүгдэгч Г.Түвшинжаргалыг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Болортунгалаг нь “Г.Түвшинжаргалтай эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл болон гомдол байхгүйгэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 99 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Г.Түвшинжаргалд 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1  жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах дүгнэлт гаргасан.

 

   Шүүгдэгч Г.Түвшинжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх үндэслэлтэй  гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гонгор овгийн Гомбосүрэнгийн Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Түвшинжаргалд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Түвшинжаргалд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Түвшинжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ