Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар   2022/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

2022.05.04                                                 2022/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0122

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                   Б.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б.Жавхлан

Шүүгдэгч                                                          Л.Саяболд  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэнгээр  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тугчин овгийн Лхагвадоржийн Саяболдод холбогдох 2239000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Саяболдыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан 1 дүгээр багийн нутагт малын бэлчээрийн асуудлаас болж хохирогч П.Ганжуурзуутай маргалдаж улмаар мориноос нь хүчээр татаж буулган газарт унагааж дээрээс нь дарж толгой хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн 5, 6-р хавирганы  далны шугамаарх зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч П.Ганзуурзуугийн өгсөн:..би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан 1 дүгээр багийн нутаг Улаан хадны баруун завсар гэх газарт нутагладаг юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр намайг хөдөө гэртээ байж байхад манайхтай ойрхон нутагладаг Саяболд гэх залуугийн малчин болох 50 гаран насны эрэгтэй, *******ийг нь бол хэлж мэдэхгүй байна, малаа манайхтай ойрхон бэлчээгээд морьтойгоо явж байсан. Тэгэхээр нь би морио унаад Саяболд гэх залуугийн малчинтай нь очиж уулзаад уг малчинд нь хандан танайх малын өвчин их байхад чинь яагаад малаа манай энэ хавиар бэлчээгээд байгаа юм бэ, өөр газраар бэлчээмээр байна. Чи Саяболдод энэ талаар хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхэд уг малчин нь тэгъе гэж байсан. Тэгээд би орой нь ойролцоогоор 19-20 цагийн үед л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь сайн бол хэлж мэдэхгүй байна. Мөсөн дээр ойччихсон байсан үнээгээ босгочихоод гэр рүүгээ харих санаатай морьтойгоо явж байхад миний хажуугаар нэг машин явахаар нь би уг машины жолоочоос Шуусын голын гарам хэр байгаа болохыг асуух зорилгоор дохиход уг автомашин зогссон. Тэгэхээр нь би уг машин дээр морьтойгоо яваад очиход Саяболд байж байсан. Тэгээд би Саяболд гэх залууд хандан Шуусын голын гарам хэр байна гэхэд Саяболд гэх залуу надад хандан би мэдэхгүй байна, хэд хоногийн өмнө бол гайгүй л байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би за, за гэж хэлээд Саяболдоос холдоод явахад Саяболд гэх залуу намайг араас маань дуудаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Саяболд гэх залуу дээр яваад очиход Саяболд гэх залуу надад хандан та яагаад манай малчинг элдвээр хэлээд байгаа юм бэ гэх утгатай зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь би Саяболд гэх залууд хандан би танай малчинг элдвээр хэлээгүй шүү, харин би танай малчинд чинь малын өвчин, зовлон их байхад манайх руу битгий малаа давуулаад бай гэх утгатай зүйлийг л хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Саяболд гэх залуу уурлаад намайг унаж байсан мориноос маань буулгах гээд оролдсон. Тэгэхээр нь би мориноосоо буухгүй гээд Саяболд гэх залуутай нэлээн ноцолдсон, тэгж байгаад би арга буюу Саяболд гэх залууд дийлдээд Саяболд гэх залуу намайг мориноос маань татаад шууд газарт унагаасан ба унагаахдаа Саяболд гэх залуу дээрээс маань биеэрээ дараад унасан. Ингэхэд миний хавирга гэмтчих шиг болсон бөгөөд би Саяболд гэх залууд хандан миний хавирга гэмтчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхэд Саяболд гэх залуу надад хандан тийм юм байдаггүй юмаа гээд миний дээр маань гараад суусан. Тэгээд Саяболд гэх залуу миний дээр маань гарч суучихаад гарынхаа тохойгоор хоолойг маань шахаж багалзуурдан, баруун зүүн шанаа руу маань хоёр гараараа ээлжлэн нэлээн хэдэн удаа, би яг тоог нь бол одоо сайн санахгүй байна, алгадаж намайг цохиж зодож биед маань гэмтэл шарх учруулсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон...надад нэг их гомдол санал, нэхэмжилээд байх зүйл алга байна. Энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж л хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

           Гэрч П.Сэрж-Эрдэний өгсөн:...би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан 1 дүгээр багийн нутаг Хөх булангийн нуур гэх газарт байх гэртээ нөхрийнхөө хамт байж байхад яг цагийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа харанхуй л болчихсон байх үед миний төрсөн дүү болох Ганжуурзуу маань эх******* хүүхдүүдийнхээ хамт машинтайгаа гэрт маань хүрч ирсэн. Тухайн үед манай дүү Ганжуурзуугийн зүүн талын шанаа, чихний орчимд нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Ганжуурзуугийн эх*******т нь хандан Ганжуурзуу яачихсан юм бэ, юу болсон юм гэхэд Ганжуурзуугийн эх******* нь надад хандан манай нөхрийг малын бэлчээр дээрээ байж байхад нь Саяболд ирээд зодчихсон байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

          

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар  сарын 31-ний  өдрийн 273 дугаартай дүгнэлт:

  1. П.Ганжуурзуугийн биед зүүн 5, 6-р хавирганы далны шугамаарх зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт  /хх-ий 52-53 хуу/

           

Л.Саяболдын яллагдагчаар өгсөн:...би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад ойролцоогоор 20 цагийн үед Шуусын голоос ус авах гээд өөрийнхөө эзэмшлийн пробокс маркийн автомашинтайгаа гол руу явсан. Тэгээд би гол дээр ирээд ус авчихаад буцаад хөдөө гэр рүүгээ машинтайгаа явж байтал замд нэг хүн гар өргөөд дохихоор нь би машинаа зогсоогоод буугаад уг хүнтэй уулзахад уг хүн манайхтай ойрхон нутагладаг Ганжуурзуу гэх хүн байсан. Тэгээд Ганжуурзуу гэх хүн надтай мэндлээд надаас Шуусын голын гарам хэр байгаа болохыг асуусан. Тэгэхээр нь би уг Ганжуурзуу гэх хүнд хандан би гарам хэр байгаа болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Би голоос ус авчихаад харьж явна та яагаад манай малчныг элдвээр хэлээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Ганжуурзуу гэх хүн надад хандан би танай малчныг чинь элдвээр хэлээгүй, харин би танай малчинд чинь малын өвчин их байхад битгий манайх руу малаа давуулж бэлчээгээд бай гэж л хэлсэн гэсэн.  Тэгэхээр нь би уг Ганжуурзуу гэх хүнд хандан манайх бүх талдаа айлтай, өөр хаашаа бэлчээх юм бэ гэхэд Ганжуурзуу гэх хүн надад хандан танайх малаа хойшоо бэлчээ л дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганжуурзуу гэх хүнд хандан манай хойд талд хуц, ухнатай айл байгаа, малын өвчин их байхад би малаа тийшээ бэлчээмээргүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Ганжуурзуу гэх уурлаад намайг заамдаж аваад морин дээрээсээ тухайн үед авч явж байсан ташуураараа намайг ороолгосон. Тэгэхээр нь би тонгойгоод Ганжуурзуу гэх хүний хөлний хэсгээс нь бариад авсан Тэгэхэд уг Ганжуурзуу гэх хүн ташуураараа миний нуруу руу нэлээн хэдэн удаа ороолгосон. Тэгэхээр нь би уурлаад уурандаа Ганжуурзуу гэх хүнийг мориноос нь татаад газарт унагаасан ба унагаахдаа би Ганжуурзуу гэх хүний дээрээс нь дараад унасан. Тэгээд би Ганжуурзуу гэх хүнийг газарт унагаасаныхаа дараа Ганжуурзуу гэх хүний дээр нь гарч суугаад баруун, зүүн шанаа руу нь хэдэн удаа алгадсан. Тэгэхэд Ганжуурзуу гэх хүн надад хандан миний хавирга гэмтчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганжуурзуу гэх хүнд хандан би юу гэж таныг хавиргыг хугалав гэж дээ гэж хэлсэн. Тухайн үед би Ганжуурзуу гэх хүнийг яг хэдэн удаа алгадсанаа одоо сайн санахгүй байна, миний хувьд Ганжуурзуу гэх хүнийг энэнээс өөрөөр бол зодож цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

 

Л.Саяболдын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 73 хуу/

Л.Саяболд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/

Хохирогч П.Ганжуурзуугийн гаргасан “Л.Саяболдод гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт  /хх-ийн 90 хуу/

Яллагдагч Л.Саяболдын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 98 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Л.Саяболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Саяболд нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан 1 дүгээр багийн нутагт малын бэлчээрийн асуудлаас болж хохирогч П.Ганжуурзуутай маргалдаж мориноос  татаж унагаан нүүрэнд нь алгадах зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь зүүн 5, 6-р хавирганы  далны шугамаарх зөрөөгүй хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Л.Саяболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Ганжуурзуугийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Л.Саяболдын үйлдлийн улмаас хохирогч П.Ганжуурзуугийн эрүүл мэндэд эрүүл мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Л.Саяболдын үйлдлийг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

 

Иймд шүүгдэгч Л.Саяболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас Л.Саяболдын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр    зүйлийн 1 дэх заалтад  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.           

 

Яллагдагч Л.Саяболдоос хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 98 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 99 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Саяболдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Л.Саяболд  хүлээн зөвшөөрч /хх-ийн  105-106 хуу/  гарын үсэг зуржээ.  

Иймд шүүгдэгч Л.Саяболдыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Л.Саяболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзаасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овгийн Лхагвадоржийн Саяболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Саяболдыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуу мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Саяболд нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

 

4. Шүүгдэгч Л.Саяболд нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Саяболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,  битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалтай холбоотой баримт  авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Саяболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ