Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

2022.05.05                                           2022/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0119

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Баярсайхан

Шүүгдэгч                                      П.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэнгээр  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Шинэбаярт холбогдох 2239000000131 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 04 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.Шинэбаярыг 2022 оны 02 дугаар сарын  22-ны өдрийн 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг  МСҮТ-ийн А-1 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд  болох хамтран амьдрагч Г.Наранцэцэгийг салсан нөхөр Бат-Эрдэнэтэй утсаар ярьснаас үүдэн маргалдаж баруун гарын шуу хэсэгт  нь нэг удаа гараараа цохиж Г.Наранцэцэгийн эрүүл мэндэд баруун гарын богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Наранцэцэгийн өгсөн:..Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-ийн А-01 тоотод хамтран амьдрагч Шинэбаяр болон 5 хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Манай хоёр хүүхэд болох Намуундарь, Есөн-Эрдэнэ нарын аав Бат-Эрдэнэ хоёр хүүхэддээ тэтгэмжийн мөнгө төлдөг юм. Тэгээд сүүлийн хоёр сар тэтгэмжийн мөнгө төлөхгүй болохоор нь өнөөдөр 13 цагийн үед гэртээ Бат-Эрдэнэтэй хоёр хүүхдийнхээ тэтгэмжийн талаар утсаар ярьж байхад миний хамтран амьдрагч Шинэбаяр намайг хуучин нөхөр Бат-Эрдэнэтэй хардаад, чи хуучин нөхөртэйгээ дандаа утсаар ярьж унтаж хэвтдэг биз дээ, муу янхан, гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь би хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг л авах гээд утсаар ярьж байхад гэж хэлсэн чинь Шинэбаяр босож ирээд миний толгой руу цохих гээд далайхад нь би өөрийгөө хамгаалаад баруун гараараа хаатал миний баруун гарны шууг цохиод хугалчих шиг болсон. Миний гар бүр хөдлөхгүй болохоор нь чи миний гарыг хугалчихлаа шүү дээ гэсэн чинь чи битгий худлаа баашлаад бай гэж хэлэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудаж эмнэлэг дээр ирж гарныхаа зургийг авахуулахад баруун гарны сарвууны үений ар хэсгийн савхан яс хугарчихсан байсан...Би Шинэбаяртай 2020 онд танилцаад 2 жил хэртэй хамтран амьдарч байгаа юм. Тэрнээс бол гэр бүлийн баталгаа бол байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуу/

 

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар  сарын 25-ны  өдрийн 178 дугаартай дүгнэлт:

 

  1. Г.Наранцэцэгийн биед баруун гарын богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4.  Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 12 хуу/

           

П.Шинэбаярын яллагдагчаар өгсөн:...2020 оноос Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Г.Наранцэцэгтэй гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Би одоо Наранцэцэг болон түүний 2 хүүхдийн хамт Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-ийн 01 тоотод амьдарч байна...Тухайн өдрийн 13 цагийн үед би бууз хийх гээд махаа бэлдэж байхад манай эх******* Г.Наранцэцэг орон дээр хэвтчихээд тамхи татаад хуучин нөхөртэйгээ утсаар ярьсан. Би эх*******тээ хандаж чи буузныхаа махыг амталчих, дандаа хуучин нөхөртэйгээ ярьж байх юм гэж хэлэхэд чиний наад хоолыг чинь идэхгүй, гаргаж нохойд өгөхгүй юу гэж хэлэхээр нь миний уур хүрээд чи ямар сонин юм хуучин нөхөртэйгөө намайг байхгүй байх үед ярьж бай, яахаараа дандаа ингэж сонин зан гаргаж байх юм гэж хэлсэн. Тэр үед намайг Наранцэцэг оросын шээс гэх зэргээр хэл амаар доромжилж үнсний сав аваад над руу чулуудсан. Мөн телевизорын доод талын шургуулыг аваад чулуудах гэж байхаар нь би Наранцэцэгийг болиулах санаатай гар хэсэгт нь хальт цохьчихсон.  Тэгсэн чинь миний гарыг хугалчихлаа гээд эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон...Би Наранцэцэгийн биед халдаж гарыг нь хугалснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

 

            Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 17-18 хуу/

            П.Шинэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 30 хуу/

П.Шинэбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Шинэбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  П.Шинэбаяр нь 2022 оны 02 дугаар сарын  22-ны өдрийн 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг  МСҮТ-ийн А-1 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Г.Наранцэцэгтэй “салсан нөхөртөйгөө утсаар ярьсан” гэх шалтгаанаар  маргалдаж баруун гарын шуу хэсэгт  нь нэг удаа гараараа цохиж баруун гарын богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Шинэбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Наранцэцэгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч П.Шинэбаярын үйлдлийн улмаас хохирогч Г.Наранцэцэгийн эрүүл мэндэд учирсан баруун гарын богтос ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд П.Шинэбаярын үйлдлийг  хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эх*******, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

 

 Иймд шүүгдэгч П.Шинэбаярыг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Наранцэцэг нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүйгэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч П.Шинэбаярт 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1  жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэх  дүгнэлт тус тус гаргасан.

 

   Шүүгдэгч П.Шинэбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэх үндэслэлтэй  гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Шинэбаярт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаан сахиус овгийн Пунцагийн Шинэбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Шинэбаярт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч П.Шинэбаярт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Шүүгдэгч П.Шинэбаяр нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Шинэбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Шинэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ