Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 164/2022/0044/э |
Дугаар | 2022/ШЦТ/47 |
Огноо | 2022-04-26 |
Зүйл хэсэг | 17.1.2.4., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм
Хохирогч У.Ө
Шүүгдэгч Ү.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Уийн Ө-д холбогдох 2216000300038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, ... баг, .... хороо ... тоотод оршин суух хаягтай, 1963 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд Говь-Алтай аймгийн шүүхийн 1981 оны 05 сарын 12-ны өдрийн А/23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1, 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1985 оны 07 сарын 17-ны өдрийн А/19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн 88.6, 169 дүгээр зүйлийн 169.6-д зааснаар 6 жилийн хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 сарын 28-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн тус шүүхийн 2002 оны 05 сарын 23-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ДЮ00000 регистрийн дугаартай, Х овогтой Уийн Ө
Шүүгдэгч У.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор 56-89 УНЛ улсын дугаартай, Ө.Б-Э-ийн эзэмшлийн “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр баг, 00 тоот хашаанаас иргэн Ү.Нийн эзэмшлийн “Isuzu Wizard” маркийн авто машины туслах кроп 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч У.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор 56-89 УНЛ улсын дугаартай, Ө.Б-Эийн эзэмшлийн “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч У.Ө гэм буруутай болох нь:
Шүүгдэгч У.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б-тай наймаа хийсэн. Мотор тайлаад ав гэсэн. Хүүгээ очиж аваад мотор задалсан юмыг тайлаад ачаад авч явсан. Ачиж байхдаа 2 кроп байхаар нь аваад тавьсан. Кроп авна гэсэн зорилго байгаагүй. Хүүгийнхээ машиныг авч очоод ачсан. Ийм зүйл болно гэж бодоогүй гэх./шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Ү.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим би Бын хашаанд очиж машин тэргээ эргэчихэд 12 цагийн үед Б-аас явсан юм. Тэгээд гэртээ байж байтал 16 цагийн 30 минутын үед Б над руу залгаж 2 кропоо аваад явсан юм уу гэхэд нь үгүй гэж хэлээд Б-нд яваад очсон. Тэгээд танайд ямар хүмүүс ирсэн юм гэж асуухад надаас хөнгөн цагааны хаягдал авсан хүн, хүүтэйгээ цуг цагаан өнгийн корола маркийн машинтай ирсэн тэр аваад явчих шиг боллоо гэсэн. Тэгээд Б бид хоёр Өнөрөөгийн хаягийг хүнээс асууж гэрт нь очиход Өнөрөө нь алга байсан. ...Тэгээд бид хоёр төмөр авдаг айлуудаар явж хөнгөн цагаан өгсөн хүн байна уу гэж асуусан. Тэгтэл хөнгөн цагаан өгсөн хүн байхгүй байсан. Тэгээд маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед гэрт нь очиход Өнөрөө гэртээ унтаж байсан юм. Тэгэхээр нь Б өгсөн хөнгөн цагааныг үзье гэхэд шуудайтай хөнгөн цагааныг асгахад туслах кропны таг, завсарлагч хоёр гарч ирсэн. Тэгэхээр нь чи л авсан байна ш дээ гэсэн чинь аваагүй, таны өгсөн төмрүүд байна гэж Бт хэлэхэд, Б чи авсан л байна ш дээ. Би чамд ийм эд анги өгөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи аваагүй юм бол цагдаад мэдэгдье гэхэд Ө тэг тэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Тэгтэл цагаан сарын өмнө Ө над руу залгаж ах минь хоёулаа уулзъя гэсэн тэгэхээр би уулзахад ах минь би авсан нь үнэн хохирлоо барагдуулъя миний амьдрал ахуй сүйрчих гээд байна. Хүүхэд өвчтэй бөөр шилжүүлж суулгахаар хандив тусламж гуйж байна. Амьдрал хэцүү байна би таны хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед чи үнэнээ хэлчихгүй гэж хэлэхэд миний буруу болсон байна. Би уурандаа аваагүй гэж хэлсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38-рд/,
Гэрч С.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Ө ирээд уулзахад нь би гэр дотроо юм хийж байсан тул гарч ирж уулзаад хөнгөн цагаан авна гэхээр нь 3 мотороос коллекторыг нь тайлаад ав би тайлж өгөх зав байхгүй гээд авах эд зүйлсийг нь зааж өгөөд гэр лүүгээ орсон. Тэр хойгуур Өнөрөө нь миний зааж өгсөн эд зүйлсийг ачаад авсан байсан. Тэгээд явахдаа намайг дуудаад явлаа гэж хэлэхээр нь би гэрийн хажууд байсан мотор луугаа харсан хөнгөн цагаан коллекторуудыг нь тайлаад авсан байсан. Тэгээд би боолтуудыг нь үлдээсэн үү гэж асуучхаад авсан эд зүйлсийг нь нүдээр үзэж шалгалгүй буцаад гэрлүүгээ орсон юм. Өнөрөө нь манай хашаанд орж ирээд машинаа зогсоохдоо хашааны зүүн урд талын буланд байх Н-ийнзасвар хийлгэж байсан машины хажуу талд тавьсан байсан. Тэгээд миний өгсөн эд зүйлсийг хашааны баруун хойд талын буланд байрлах грашнаас зөөж ачсан. Өнөрөө нь хашаанд орж ирээд зогсохдоо алдагдсан кропнууд байсан газарт машинаа байрлуулаад эд зүйл ачаад явсан учир баараггүй авсан гэж сэжиглэж байна. Учир нь 2, 3 хоногийн өмнө манай хашаагаар Өнөрөө нь нэг ирээд явсан тэгэхдээ кропыг харсан байж магадгүй. Өнөрөө нь надаас эд зүйл хөнгөн цагаан аваад явахдаа шуудайтай ирж аваагүй машиндаа зүгээр сул багаж руугаа хийж байгаа харагдсан. Гэтэл маргааш нь шуудайнд хийчихсэн хашаандаа машины багажинд хийсэн байж байсан юм. Тэгээд шуудайтай хөнгөн цагааныг нь асгуулаад үзэхэд алдагдсан 2 кропны завсарлагч, таг зэрэг нь гарч ирснийг Нагаанбуу бид 2 нүдээр хараад л шууд таньсан тухайн эд зүйлс нь Визард машины кропонд л байдаг таардаг зүйл юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41,49-рт/,
Гэрч Ө.Б-Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед би айлд байж байхад манай аав утсаар яриад урд Харзатаас хөнгөн цагаан ачаад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд би аавыг аваад Харзатын хамгийн арын гудамжинд дээрээсээ 3 дахь хашаанд очсон. Тухайн хашаанд байх Б гэдэг хүнтэй манай аав нь өөрийнхөө соната 5 машины жанам, астачер зэрэг зүйлсийг өгөөд оронд нь хаягдал хөнгөн цагаан авахаар тохирсон байсан юм билээ би тэр талаар нь нарийн сайн мэдээгүй тэгж л ойлгосон тэгээд Б гэдэг хүнтэй уулзаад хөнгөн цагаан авахад байшингийнх нь ойролцоо байсан 3 ширхэг машины мотороос коллекторыг нь тайлаад ав гэж хэлсэн. Тэгээд тухайн эд зүйлсийг нь тайлж аваад мөн грашынх нь үүдэнд байсан хөнгөн цагаан хаягдлуудыг аваарай гэж зааж өгснийг аваад машиныхаа багажинд ачсан юм. Тэгээд явах гэж байхад тэр хашааны зүүн урд талын хэсэгт жорлонгийн ойролцоо 2 автомашин зэрэгцүүлээд байрлуулсан байсны орчмоос манай аав 2 ширхэг бөөрөнхий туслах кроп байсныг машиндаа хийсэн би ойлгохдоо манай аавыг хөнгөн цагаанд тухайн кропуудыг ав гэсэн юм байх л гэж ойлгосон. Тухайн 2 ширхэг кропыг буулгаж гэр лүү оруулаад нэгийг нь аав задалж байсан нэгийг нь хэзээ задалсныг нь мэдэхгүй би хараагүй би гадуур гараад явсан байсан юм. Тухайн үед бол тэр 2 ширхэг туслах кропын хулгайлж авсан гэж ойлгоогүй аавыг ав гэсэн юм байх гэж ойлгосон. Харин маргааш өглөө Б гэдэг хүн нэг Нагаанбуу гэдэг хүнтэй ирээд туслах кроп хашаанаас аваад явчихсан байна гээд ирэхэд нь л хэлэлгүй авчихсан юм байна гэдгийг ойлгосон. гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 51-рт/,
Гэрч П.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...56-89 УНЛ “Тоуоtа Согоllа” автомашин нь минии эзэмшлийн машин байсан юм. 2020 онд У.Ө нь манай том машиныг барьж, манайх цалинжуулж ажиллаж байхад У.Ө нь 56-89 УНЛ Тоуоtа Согоllа автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж авья гэж тохиролцож Ө нь хүү Б-Э-тэй цуг ирж урьдчилгаа гээд 1.000.000 төгрөгийг 2020 оны 06 сарын 20-нд бэлэн өгөөд 56-89 УНЛ “Тоуоtа Согоllа” автомашиныг аваад явсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг Өгийн манай том машин барьсан хөлсөнд бодож өгсөн. 2021 оны 08 сард тооцоо дууссан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. У.Өг нэр дээрээ шилжүүлж машинаа ав гээд аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 58-рт/,
Хулгайд алдагдсан “Isuzu Wizard” маркийн автомашины туслах кроп 2 ширхгийг 960.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-621/2566 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 61-66-рт/,
У.Өгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүнии эзэмшлийн “Тоуоtа Согоllа” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №1/245 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 71-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ү.Өд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ү.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Харзат 4 дүгээр баг 12-3 тоот хашаанаас иргэн Н-ийн авто машины туслах кроп 2 ширхгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн төрсөн хүү болох Б-Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж буй явдалд машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ү.Ө нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан. Мөн дээрх үйлдлээ хөнгөвчлөх буюу учрах саадыг арилгах зорилгоор бусдын эзэмшлийн машин механизмыг ашигласан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж бага хэмжээнээс дээш буюу 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүхийн хэлэлцүүлэгт учирсан хохирол болох 960.000 төгрөг болон үнэлгээний 30.000 төгрөг нийт 990000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нь 990.000 төгрөг төлбөртэй. Шүүгдэгчээс 990.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэдэг үндэслэлээр хариуцлагыг хүндрүүлэх байр сууринаас санал оруулж байна. Өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын 27-нд хөнгөн цагаан хайлш авах гээд явсан. Гэтэл хажууд нь кроп байсан. Энэ нь гэнэт үүссэн санаа. Машин механизм ашиглаж зорьж кроп авах санаа зорилго байгаагүй. Тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас хүүхэд өвчтэй байсан учир эмчилгээнд зориулж эмчилгээний мөнгө босгох гэсэн санаа зорилгоор авсан байгаа. Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх зүйлчлэлд хамруулж үздэггүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 306 дугаар тогтоол байгаа. Өөрөөр хэлбэл урьдчилан бэлтгэж зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал Ү.Өгийн хувьд тогтоогдохгүй байна... Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж. Дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Прокурорын зүгээс учрах сайдыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хүний эд зүйлийг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн тухайд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ү.Өгийн хувьд хавтаст хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс харахад Б гэдэг хүний хашаанд ямар зорилгоор очсон болох нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн байдаг. Хайлш авах зорилгоор Ү.Ө тухайн хашаанд очсон байдаг. Хайлш авах гээд очиход хажууд нь байсан хоёр кропыг авах сэдэл тухайн цаг мөчид үүссэн байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг буюу нотолбол зохих байдал, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох гэсэн хуулийн шаардлага байгаа. Үүнээс харахад учрах саадыг хялбарчлах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлсан гэж байгаа. Учрах саадыг хялбарчлах зорилгоор авсан гэх тухайн үйлдэл нь гэм буруугийн сэдэл хэлбэр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Хавтаст хэргийн материалд байгаа гэрч нарын мэдүүлгээс харахад ганцаараа үүрээд явах бүрэн боломжтой байсан. Шүүгдэгчийн хувьд хайлшийг ганцаараа өргөх боломжгүй байсан. Тэгээд хүүгээ дуудсан гэдэг. Прокурорын яллах дүгнэлтэд дурдаад байгаа учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан төлөвлөөд машин механизм ашигласан гэж үзэх хууль зүйн зохицуулалт байгаа. Мөрдөгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчихээр санал оруулахад прокурор эрх зүйн байдлыг нь доордуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулж байгаа учраас тухайн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн өмгөөллийн үгээ дэмжиж оролцож байна. Ү.Өгийн хувьд ар гэрийн нөхцөл байдал, хүүхэд нь хүнд өвчтэй байдал, эхнэрийн хамт хүүхдээ УлаанБ хотод асардаг зэрэг байдал байгаа. Өмгөөлөгчийн хувьд хамт оролцоод эрх зүйн туслалцаа үзүүлье гэхэд татгалзаагүй. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа. Хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан прокурорын Эрүүгийн хуулийг хүндрүүлж яллаад байгаа зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн өмгөөллийн үгээ дэмжиж оролцож байна гэв.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан.
Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч У.Ө нь Ү.Н-ийнэзэмшлийн “Isuzu Wizard” маркийн авто машины туслах кроп 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч нь хэргийн газраас авто машины туслах кроп 2 ширхэгийг авч явахдаа уг үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, кропыг зөөж тээвэрлэх зорилгоор машин ашигласан байгаа нь дээрх зүйл хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэх шинжид хамаарна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Ө холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч У.Өг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Нагаанбууд “Isuzu Wizard” маркийн авто машины туслах кроп 2 ширхэгийн үнэ 960.000 төгрөг, мөн үнэлгээний 30,000 төгрөг нийт 990,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогч Ү.Нагаанбууд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар дүгнэлтдээ “...Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх зүйлчлэлд хамруулж үздэггүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 306 дугаар тогтоол байгаа. Өөрөөр хэлбэл урьдчилан бэлтгэж зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал Ү.Өгийн хувьд тогтоогдохгүй байна... Дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн бөгөөд шүүгдэгч У.Өнөрзаягийн хувьд хулгайлах үйлдэл нь цаг хугацааны хувьд урьд үйлдэгдэж төгссөн байдал тогтоогдоогүй. Тухайн цаг хугацаанд машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч У.Өг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Өгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Corolla маркийн тээврийн хэрэгсэн нь Ө.Б-Эийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ү.Г, Ө.Б-Э нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Өгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үүнээс 990,000/есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Ү.Н-д олгож, үлдсэн 3,10,000/гурван сая арван мянга/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Өгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн урьд Говь-Алтай аймгийн шүүхийн 1981 оны 05 сарын 12-ны өдрийн А/23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1, 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1985 оны 07 сарын 17-ны өдрийн А/19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн 88.6, 169 дүгээр зүйлийн 169.6-д зааснаар 6 жилийн хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 сарын 28-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн тус шүүхийн 2002 оны 05 сарын 23-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсныг түүний хувийн байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн бөгөөд У.Өгийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт У-ийн Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч У.Өг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч У.Өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Өгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үүнээс 990,000/есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Ү.Н-д олгож, үлдсэн 3,10,000/гурван сая арван мянга/ төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч У.Өг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА