Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 139/2018/00668/и |
Дугаар | 001/ХТ2020/00196 |
Огноо | 2020-04-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2020/00196
М.М, П.О, М.Э, О.Н
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00700 дугаар шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 218/МА2019/00008 дугаар магадлалтай,
М.М, П.О, М.Э, О.Н нарын нэхэмжлэлтэй
“ЖПЭ” ХХК-д холбогдох
Сул зогсолтын олговорт 24.049.200 төгрөг алдангид 1.587.222 төгрөг нийт 25.636.422 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч М.М, П.О, М.Э, О.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид “ЖПЭ” ХХК-ний үндсэн ажилчид, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 7 сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ямар нэгэн алдаа зөрчил дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Гэтэл “ЖПЭ” ХХК нь өмнөх хувьцаа эзэмшигчтэй хийсэн маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс сул зогсолт зарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “ЖПЭ” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу бид сул зогсолтын олговроо авч эхэлсэн ба уурхайн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байгаагаас бидний эрх зөрчигдсөөр байна. Бид 2017 оны 07 сард сул зогсолтын олговроо авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 40.4 дэх хэсэгт зааснаар ажилчид бидний ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй тул бид дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч М.М нь “ЖПЭ” ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн дамп автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 19-06 кодоор буюу 801.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*480.600=6.728.400 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2.Нэхэмжлэгч П.О нь “ЖПЭ” ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн дамп автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 19-06 кодоор буюу 801.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*480.600=6.728.400 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 3. Нэхэмжлэгч М.Э нь “ЖПЭ” ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн дамп автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 19-06 кодоор буюу 801.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*480.600=6.728.400 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 4. Нэхэмжлэгч О.Н нь “ЖПЭ” ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн тогоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 21-01 кодоор буюу 460.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*276.000=3.864.000 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар Ажилтны цалинг хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно гэж заасан тул сул зогсолтын олговорт дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: “ЖПЭ” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар Сул зогсолт зарлаж ажилтануудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын үеийн олговор олгохоор шийдвэрлэснээс хойш олгоогүй ба хоногийн 0.3 хувиар тооцож алданги гаргуулна гэж хуульчилсан тул сарын 22 хоногийг 0.3 хувиар тооцоход 6.6 хувийн алдангийг нийт 14 сарын хугацаанд сул зогсолтын олговрыг олгоогүй байна гэж үзэж дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч М.Мын 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480.600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31.719 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*31719 төгрөг нийт 444066 төгрөгийн алданги 2. Нэхэмжлэгч П.Оын 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480.600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31.719 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*31719 төгрөг нийт 444066 төгрөгийн алданги 3. Нэхэмжлэгч М.Эгийн 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480.600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31.719 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*31719 төгрөг нийт 444066 төгрөгийн алданги 4. Нэхэмжлэгч О.Нын 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын сарын 276.000 төгрөгийн 6.6 хувийн алданги 18216 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*18216 төгрөг нийт 255024 төгрөгийн алданги Нийт нэр бүхий 4 нэхэмжлэгчийн сул зогсолтын олговорт 24.049.200 төгрөг алдангид 1.587.222 төгрөг нийт 25.636.422 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 3. “ЖПЭ” ХХК-нд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 сард ажил зогссон тэгээд үндсэн цалингийн 60 хувийг олгосон нийт 2017 оны 8 сараас 2018 оны 09 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор, алдангийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “ЖПЭ” ХХК-ны уулын баяжуулалт салхит үйлдвэрийн уурхайн тогоочоор ажилладаг байсан 2017 оны 06 сард ажилд орсон бөгөөд үндсэн цалин буюу сарын цалин 460.000 төгрөгөөр ажиллаж ирсэн 2017 оны 07 сарын 1-нээс манай компани сул зогсолт зарлаж одоог хүртэл ажиллахгүй хохирч байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 14 сарын олговор 3.864.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00700 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 141.4-д зааснаар хариуцагч “ЖПЭ” ХХК-иас 7172466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд, 7.172.466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.От, 7172466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эд, 4.119.024 /дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хорин дөрвөн / төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Нд тус тус олгож, Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж , эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ЖПЭ” ХХК-д даалгаж, ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, УТХ-н тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 286.133 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч “ЖПЭ” ХХК-иас 286.133 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд 71.533 төгрөг, нэхэмжлэгч П.От 71.533 төгрөг, нэхэмжлэгч М.Эд 71.533 төгрөг, нэхэмжлэгч О.Нд 71.533 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 218/МА2019/00008 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...”ЖПЭ” ХХК-аас 6728400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд, 6728400 төгрөгийг гаргуулан П.От, 6718400 төгрөгийг гаргуулан М.Эд, 3864000 төгрөгийг гаргуулан О.Нд тус тус олгож, нэхэмжлэлээс 1587222 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...”ЖПЭ” ХХК-аас 278196 төгрөг гаргуулж гэж, ...нэхэмжлэгч О.Нд 71533 төгрөг гэснийг 63597 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7937 төгрөгийг улсын орлогоос гаргуулж “ЖПЭ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа хяналтын гомдолдоо: Дээрх шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 6-р зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим”-г хангаагүй. Хариуцагчийн хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж, процессийн алдаа гаргасан. 1. Шүүх магадлалын хянах хэсэгтээ “Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн төдийгүй шүүх боломжит хугацаанд мэдэгдсэн байна. Гэвч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2-т заасан дээр дурьдсан үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байдалд шүүх буруугүй, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэжээ. Гэтэл 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу гарсан боловч машины эвдрэл гаран замдаа саатсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч замдаа саатсан тухайгаа мэдэгдсэн байхад шүүх хариуцагчийн эрхийг хязгаарлан хуралд оруулалгүйгээр шүүх хуралдаан явуулсан байна. Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь Улаанбаатар хотоос 260 км-н зайд оршдог ба автомашины эвдрэлийн улмаас хурлаас хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн бөгөөд анхан шатны шийдвэр гарсан өдрийн хурлыг хойшлуулан мэтгэлцэх, хэргийг бодитой шийдвэрлүүлэх эрхийг хангаж өгөх ёстой байсан. 2. Сул зогсолт зарласан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал болоод сул зогсолтод эдгээр ажилтнууд хамрагдсан эсэх талаар Шүүх магадлалын хянах хэсэгтээ “Нэхэмжлэгч нар нь тус компанитай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтнууд болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон байх бөгөөд сул зогсолтод хамрагдах ажилчдын тоонд багтсан болох нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 7-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар нотлогдож байна” гэжээ. Тухайн тушаалыг гаргасан Ян Жин Гуан гэгч нь ““ЖПЭ”” ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирал эсэх, уг тушаалыг гаргах эрхтэй эсэх, түүнийг гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигчдээс хэн томилсон нь тодорхойгүй ба ““ЖПЭ” ХХК”-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн улсын бүртгэлд огт бүртгэлгүй байдаг. Мөн 2017 оны 07-р сарын 01-ний тушаалаар тодорхой тооны ажилчдыг сул зогсолтод хамруулсан гэх боловч ажилчдын нэр нь тухайн тушаалын хавсралтад байгаа эсэх нь тодорхойгүй ба сул зогсолтод хамрагдсаныг нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар тогтоох нь боломжгүй юм. Тиймээс сул зогсолтод эдгээр хүмүүс хамрагдсан гэсэн дүгнэлт хууль зүйн хувьд алдаатай байна. Дээрх үндэслэлээс үзэхэд шүүх уг хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч үндэслэлгүй бөгөөд процессийн алдаатай байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч М.М, П.О, М.Э, О.Н нар хариуцагч “ЖПЭ” ХХК-иас сул зогсолтын олговор, алданги тус тус нэхэмжилж, хамтран нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “ЖПЭ” ХХК-иас 6 728 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд, 6 728 400 төгрөгийг гаргуулан П.От, 6 718 400 төгрөгийг гаргуулан М.Эд, 3 864 000 төгрөгийг гаргуулан О.Нд тус тус олгож, нэхэмжлэлээс 1 587 222 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрт өөрчлөлт оруулахдаа найруулгын шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд М.М, П.О, М.Э нар дамп автомашины жолоочоор, О.Н нь уурхайн тогоочоор тус тус хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг, ажил олгогч 2017 оны 07 сарын 01-ний өдөр 17/53 тоот тушаал гаргаж, сул зогсолт зарласан, нэхэмжлэгч нар 2017 оны 8 сараас эхлэн сул зогсолтын олговороо аваагүй байгаа үйл баримт тогтоогджээ.
Ажил олгогчийн тушаалд “1.Тус компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа шүүх, төрийн байгууллагын шийдвэрүүдийн улмаас алдагдаж, алдагдалтай ажиллах хэмжээнд хүрсэн тул 2017.07.01-нээс эхлэн компани хэвийн үйл ажиллагаагаа эргэн сэргээх хүртэл холбогдох ажилчдад сул зогсолт зарласугай. 2.Сул зогсолтод хамрагдах ажилчдын нэрсийг хавсралтаар баталсугай. 3. Сул зогсолтын үеийн олговрыг үндсэн цалингийн 60 хувиар бодож олгохыг компаний нягтлан бодогч /Ц.Оюунтуяад/ зөвшөөрсүгэй...” гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгох, хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж заасан тул ажил олгогч сул зогсолт зарласан бол зохих олговрыг олгох үүрэгтэй байна.
Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох, удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлох талаар Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заажээ.
Хариуцагчийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/53 тоот тушаалыг Ян Жин Гуан гаргах эрхгүй этгээд болохыг баримтаар нотлоогүй, улсын бүртгэлд Ян Жин Гуан нь тус компанийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн эсэх нь тодорхой бус хэдий ч компанийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж байсан нь тогтоогдсон байхад түүний бүрэн эрхийг үгүйсгэж болохгүй болно.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заасан тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.
Түүнчлэн сул зогсолт зарласан тушаалын хавсралт буюу ажиллагсдын нэрсийн жагсаалт хэрэгт байхгүй, уг баримтыг нэхэмжлэгч нар гаргаж өгөх боломжгүйгээс гадна хариуцагч өөрөө шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хөдөлмөрийн гэрээ, ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдалд тулгуурлан нэхэмжлэгч нарыг олговор шаардах эрхтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Ажилтан гэрээний дагуу хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах эрхтэй бөгөөд цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.
Харин хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн тогтоогдсон, ээлжийн амралт, сул зогсолт, ажил хүлээлцэх үед цалин хөлс бус олговор олгодог болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 56, 59,69 дүгээр зүйлд тус тус заажээ. Ажилтан ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй боловч ээлжийн амралтаа эдлэх, ажил олгогчийн буруугаас сул зогсолт зарласан, ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд болон ажил хүлээлцэх үед олговор авах эрхийг ийнхүү хуульчилсан бөгөөд олговрын хэмжээг өөр өөрөөр тогтоосон байна. Цалин хөлс, олговор нь тус тус өөр өөр ойлголт бөгөөд ямар үндэслэлээр, хэзээ, ямар хэмжээгээр олгох зэрэг журам, нөхцөлөөрөө хоорондоо ялгаатай байдаг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэсэн зохицуулалт нь цалин хөлс олгоход хамааралтай байхад олговрыг адилтган үзэж, алданги гаргуулах үндэслэлгүй юм. Тухайн хэм хэмжээг давж заалдах шатны шүүх хэрэглэхдээ хуульд нийцүүлэн тайлбарлажээ.
Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн 1 дэх заалтын аль хэсгийг хэрхэн өөрчилснөө тодорхой, ойлгомжтой тусгаж чадаагүй, шийдвэрт өөрчлөлт оруулснаар шийдвэрийн аль заалт, ямар байдлаар хэвээр үлдэж байгааг анхаараагүй, зөрчилтэй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй бөгөөд энэ талаар цаашид анхаарах нь зүйтэйг дурьдав.
Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 218/МА2019/00008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсгийг баримтлан “ЖПЭ” ХХК-аас 6728400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд, 6728400 төгрөгийг гаргуулан П.От, 6718400 төгрөгийг гаргуулан М.Эд, 3864000 төгрөгийг гаргуулан О.Нд тус тус олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 1587222 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтад “...”ЖПЭ” ХХК-аас 286 133 төгрөг ... гэснийг “ЖПЭ” ХХК-иас 278 196 төгрөг ...” гэж, нэхэмжлэгч О.Нд 71533 төгрөг гэснийг О.Нд 63597 төгрөг ... гэж, тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА