Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0145

 

“Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, хариуцагч Н.Л нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан- Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр захирамжийн “Х т” ХХК-д холбогдох хэсэг, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр “Х т” ХХК-ийн 223,8 га газрын 100 га-г эзэмших хүчингүй болгосон. Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн уг газрыг иргэн Д.Д, Г.О нарт олгосон. Иймд захирамжийг хүчингүй болгох боломжгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу сумын Засаг дарга 50 га газрыг иргэдийн Хурлаар хэлэлцүүлсний дагуу олгосон. “Х т” ХХК-д тухайн газрыг олгохдоо иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргаагүй, газрын төлбөрийг төлөөгүй зэрэг үүргээ зөрчсөн бөгөөд би хууль ёсны дагуу газрыг эзэмших эрхийг авсан тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус компани нь Газрын тухайн хуулийн 33.1.1, 33.4-д заасныг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшсэн, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Газрын төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүйгээр хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тиймээс эдгээр нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж байна.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х т" ХХК-ийн Захирал С.Эрдэнэ-Очрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 64 тоот захирамжийн "Х т" ХХК-нд холбогдох хэсэг, 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 185 дугаартай захирамжийг тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:"... 1. “Х т” ХХК нь газрын тухай хуулийн маш олон зүйл заалтын зөрчсөн төдийгүй Засаг даргын 64 дүгээр захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40.15 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй /2012 оны газрын төлбөрийг он дамжуулан 2013 оны 3 сарын 15-ны өдөр Хонгор сумын 190000943 тоот дансанд шилжүүлсэн/ Засаг даргатай байгуулсан газрын гэрээний 1.2, 1.3, 3.2, 4.2, үндсэн нөхцөл /газрын төлбөрийн тухай хуулийн 9.2-д улирал тутамд төлнө" газрын гэрээнд улиралд 64.790 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй байтал он дамжуулж татварын жилээс хоцроосон/-ийг удаа дараа хууль болон гэрээг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байхад нотлогдоогүй гэсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэ нь хууль болон газар эзэмшүүлэх гэрээ /4,3 заалт/-ын заалтын дагуу гэрээг цуцлах эрх зүйн үндэслэл болж байна.

2. Хонгор сумын Засаг дарга 185 тоот захирамжийг 2013.11.07-ны өдөр гаргаж ...Газрын тухай хуулийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж заасныг зөрчсөн... гэсэн байна. Гэтэл “Х т” ХХК иргэн Д.Дэмбэрэл болон Г.Оюунхорол нарт газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа /Захирамж 2013.11.07-нд гарсан/ шүүхэд гомдол гаргасан ба гэрчилгээгээ Д.Дэмбэрэл 2014.01.10-нд авсан, Г.Оюунхорол 2014.01.08-нд тус тус авсан нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эрхийн гэрчилгээг олгосон байсан хуулийн дагуу үйлдэл юм.

Мөн шүүхийн шүүгч нь шүүхийг шийдвэрийг уншиж өгөхдөө оролцогчдыг босгоогүй, өөрөө шүүхийн шийдвэрийг сууж байгаад уншсан, шүүгчийг татгалзах эрхийг зохигчдод уншиж танилцуулаагүй. /ИХШХШТХ-ын 103 дугаар зүйл/ зэрэг процессын алдаа гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 тоот захирамжийн холбогдох хэсэг, 2013 оны 11 сарын 07-ны өдрийн 185 дугаар захирамжуудыг хүчингүй болгосныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Дархан халиун” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн нутаг Тариа хоолойд үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан 325,8 га газраас 225,8 га газрыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2011 оны 81 дүгээр захирамжаар “Х т” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор тухайн компанид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсчээ.

“Х т” ХХК эрх үүссэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаж газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг төлсөөр ирсэн, түүнчлэн сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох үед буюу 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн ямар нэг өргүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хариуцагч албан тушаалтан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 64 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг дуусгавар болгон цуцалсны дотор “Х т” ХХК-ийн 100 га газрыг эзэмших эрхийг багтаажээ.

Харин тухайн захирамжид “Х т” ХХК-ийн газар эзэмших эрхийг чухам аль үндэслэлээр нь дуусгавар болгосныг тодорхой заагаагүйгээс гадна ийнхүү хүчингүй болгохоос өмнө Газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж газар эзэмших гэрээг дүгнээгүй атлаа газрын төлбөрийн дутуу 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөгдсөний дараа газар эзэмшигчид цуцлах болсон талаар мэдэгдэж, төлбөрийг хожимдуулж төлөх болсон учир шалтгааныг тодруулалгүйгээр шууд эзэмшил газраас нь хэсэгчлэн эрхийг нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна “Х т” ХХК-иас Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрөөгүйгээс Дархан-Уул аймгийн Засаг даргад хандсан, тухайн Засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн эрхийнхээ хүрээнд Хонгор сумын Засаг даргад захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байгааг анхааруулж дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлэхийг мэдэгдсээр байхад 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар захирамжаар “Х т” ХХК-ийн эзэмшиж байсан 100 га газрыг хуваан иргэн Д.Дэмбэрэл, Г.Оюунхорол тус бүрт 50 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД

Ц.ЦОГТ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Д.БАТБААТАР