Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/55

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

  Прокурор                                                   С.Алтай 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Цэрэндолгор

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Р.А нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Агийн давж заалдах гомдлоор Д.Бд холбогдох эрүүгийн 1821000000233 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д ч овогт Дийн Б, Монгол Улсын иргэн,  регистрийн дугаартай, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 100 хувиар тогтоогдсон.

Шүүгдэгч Дгийн Бж нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын хорооллын  дугаар гудамжинд согтуугаар Р.Аыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Д.Бийг “хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Д овогт Дийн Бийг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бид оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийн цагдан хоригдсон нийт 101 /нэг зуун нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

5/ Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 2816850 /хоёр сая найман зуун арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, ...шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Миний төрсөн ах Р.Аыг Д.Б гэгч нь онц харгис хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн байхад ямар ч хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр шийдсэнд гомдолтой байна. Хэргийг дутуу шалгасан гэж үздэг. Хэргийн газраас 3 хүний футболка олдсон ба эдгээрийн эздийг нарийн тогтоогоогүй. Мөрдөн байцаагчаас асуухад нэг нь олдмол гэж үзэж байгаа гэсэн. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Мөн Д.Б нь 2 удаа төмрөөр цохисон гэдэг. Гэтэл ахын минь хөл гарыг хугалсан, баруун, зүүн эрүү хоорондоо солигдсон, нэг нүд нь хагарсан, нүүр нь огт танигдахгүй болтол нь зодсон байна. Нэг хүн хүнийг ийм болтол нь зодохгүй гэж үзэж байна. Д.Б үнэнээ хэлэхгүй, болсон асуудлыг зөв ярихгүй байгаад гомдолтой байна. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Хүнийг харгис хэрцгийгээр алчихаад хөнгөн ял авсан байна. Би өөрөө хуулийн мэдлэггүйгээс болж зарим зүйлийг дутуу шалгуулсан байна. Мөрдөн байцаагч надад нарийн сайн тайлбарлаж өгөөгүй. Өмгөөлөгч авдгийг ч сайн ойлгоогүй. Мөрдөн байцаагч надад илүү дутуу зүйл нэхээд хэрэггүй, е баримттай зүйлээ нэх гэсэн. Оршуулгын зардлыг ч дутуу нэхсэн байна. Маш их гомдолтой байгаа тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ахыг маань онц хэрцгийгээр хөнөөсөн гэж бодож байна. Хоёр эрүү нь хоорондоо солигдсон, нэг гар мөн хавирга нь хугарсан, нэг нүд нь хагарсан, эмчийн магадлагаагаар тархи толгой нь ямар ч хүний толгой гэж хэлэхээргүй бяцарсан гэж байсан. Нэг хүн тийм болтол зодно гэж байхгүй гэж бодож байна. Хэрэг болсон газарт 3 футболка байсан гэдэг. Мөрдөн байцаагч хэлэхдээ “Нэгийг нь тэнд байсан байж магадгүй бид хэлж мэдэхгүй гэсэн”. Үүнийг ойлгохгүй байна. Онц хэрцгийгээр хүний амь насыг хөнөөчихөөд өнөөдөр 5 жилийн хорих ял авсанд гомдолтой байна. Ар талд нь 15, 18, 25 настай 3 хүүхэд нь ээжгүй бүтэн өнчин үлдэж байна. Тэр хүнийг хөгжлийн бэрхшээлтэй, 100 хувийн групптэй гэсэн. Тийм байлаа ч группэд байдаг хүнд хууль үйлчлэхгүй гэсэн зүйл байхгүй биз дээ. Үйлчлэх л ёстой гэж бодож байна” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Д.Бийн зүгээс талийгаачийг зовоон тарчлааж тийм байдлыг зориудаар үүсгээгүй. Д.Б нь 100 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хөнгөн зэргийн хомсдолтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн үед тэр хүний архийг авах зорилгоор харьцахад өгөхгүй байсны улмаас бухимдсан сэтгэлээ барьж чадахгүй төмрөөр цохисон асуудал яригддаг. Тэгэхээр үүнийг онц харгис хэрцгий арга гэж үзэх үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Мөн хохирогчийн зүгээс гомдолтой, хохирол төлбөрөө бүрэн гаргуулж авч чадаагүй гэж байгаа. Хохирлыг хохирогчийн шаардсан хэмжээгээр төлсөн. Ялын асуудал дээр Д.Бийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдож хүн алсан, мөн анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргасан гомдолдоо Д.Бийг энэ хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн мөн 3 футболка байсан талаар дурдсан байсан. Энэ талаар тайлбарлая.

Нэгдүгээрт: Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэдэг нь хүнийг алахдаа хэрэглэж буй хэрцгий балмад арга болон тухайн хохирогчид учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдлыг зориудаар бий болгосон гэм буруутай хүний хувийн хэрцгий байдал, хандлага зэргийг ойлгох юм. Д.Б хэдийгээр хэрэг хариуцах чадвартай ч гэсэн 100 хувь тахир дутуугийн группэд байдаг. Прокурорын зүгээс Д.Бийг онц харгис хэрцгий аргыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий байдал, үр дагаврыг урьдчилан харж, хүсэж энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Д.Б амь хохирогч Амартайвантай өдөр таараад “Шүр” зах дээр хамт архи уусан. Тухайн өдрөө гэртээ агсан тавьж, гэрийнхээ эд зүйлийг сүйтгэсэн байсан. Ингэж байгаад шөнө 0100 цагийн үед хашаанаасаа гараад амь хохирогч ирж явахыг харсан. Тал шил архи тэврээд явж байхад нь архийг авах гэсэн хандлагаас үүдэлтэй энэ гэмт хэрэг үйлдэгдсэн.

Хоёрдугаарт: 3 төрлийн футболкны хувьд нэг дэх футболка нь амь хохирогч Аны энгэртээ шувууны улаан далавчтай дүрс бүхий футболка юм. Тухайн хэрэг гардаг өдөр А тэр футболкийг өмсөж явсан гэдгийг гэрч Б  мэдүүлсэн /хх-ийн 54/. Дараагийн 2 футболкны нэг нь Д.Бийн өдөр гэртээ халуун хоол асган хөлөө түлж, гэрийнхээ цонхыг хагалахдаа гараа зүсэж цус болсон учир аав Д нь футболкийг сольсон байдаг. Сүүлийн футболка нь тухайн өдөр өмсөж явсан футболка байгаа. Тэр футболка дээр Д.Бийн цус байдаг. Мөн амь хохирогч Аны улаан дүрс бүхий футболка дээр ч Д.Бийн цус илэрдэг.

Иймд дээрх байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Хохирогч нь “...Одоо болтол оршуулгын зардал бүрэн гүйцэд аваагүй...” гэж байна. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын хорооллын 7 дугаар гудамжинд согтуугаар Р.Аыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7266 тоотын “...Хэргийн газраас хураан авсан гэх улаан эрээн өнгөтэй футболка, цагаан өнгийн футболка, 3 дугаартай арчдас, Д.Бийн гэх цагаан өнгөтэй футболка, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, Р.Аы гэх хөх өнгийн жинсэн өмд зэргээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Эдгээрээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Д.Б гэж хаяглан ирүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай арчдаснаас илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Р.А гэж хаяглан ирүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.”  гэсэн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А, гэрч Э.Э, Э.Э, Ц.Ж, М.Б, Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 535, 88 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 57 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Бид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөгжлийн бэрхшээлтэй 100 хувийн тахир дутуугийн группэд байдаг/ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан /хх-ийн 161-165/ түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А давж заалдах гомдолдоо “Би ахыг маань онц хэрцгийгээр хөнөөсөн гэж бодож байна” гэх гомдлын тухайд:

Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдлыг зориудаар бий болгосон, гэм буруутай хүний хувийн хэрцгий байдал, хандлага зэргийг ойлгох юм.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нуурын хорооллын 7 дугаар гудамжинд согтуугаар Р.Аы авч явсан архийг уух зорилгоор маргаан үүсгэж улмаар түүний нүүр орчим гараараа 4 удаа, толгой орчим төмрөөр 2 удаа цохисон талаар шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “...гавал тархины дух болон самалдаг ясны үйрч бяцарсан хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, гэмтлийн улмаас нас барсан” талаар 88 тоот дүгнэлт тогтоогдсон байх бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “Хэрэг болсон газарт 3 футболка байсан. Үүнийг сайн ойлгохгүй байна” гэсэн давж заалдах гомдлын тухайд:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгөтэй футболка 1 /нэг/ ширхэг, урд энгэртээ улаан алаг өнгийн хос далавч бүхий дүрстэй цагаан өнгийн футболка 1 /нэг/ ширхэг, энгэртээ соёмбо бүхий дүрстэй цагаан өнгийн футболка 1 /нэг/ ширхэг нийт 3 ширхэг футболка хураагдаж иржээ.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улаан эрээн өнгөтэй футболка өмсөж явсан, цагдаа авч явах оролдлого хийх үед футболка нь урагдсан, хөлөө боолгохоор эмнэлэг явах үедээ цагаан футболка сольж өмссөн талаар гэрч Д.Э “...Тэр үед улаан эрээн өнгийн футболка, хар өмдтэй, хөл нүцгэн байсан. Цагдаа авч явах гэж оролдож байхад футболка нь урагдаад цус болсон байсан...” гэж /хх-ийн 48-49/, гэрч С.Д “...Цагдаа ирээд байхад хар биеийн тамирын өмд, улаан эрээн футболктой байсан. Футболка нь надтай зууралдаж байхад урагдаад цус болсон. Эмнэлэг рүү авч явахдаа хувцасыг нь сольж цагаан футболка, цэнхэр биеийн тамирын өмд өмсүүлсэн. Одоо тэр хувцастайгаа явж байгаа...” гэж /хх-ийн 39-41/, гэрч М.Б “...2018.06.28-ны өдөр талийгаач манайд 2 удаа ирсэн. ...Цагаан билүү, хөх билүү өнгийг нь сайн санахгүй байна футболка нь энгэртээ улаан өнгөтэй, том дүрстэй байсан уу сайн санахгүй байна. Бүсэлхийгээрээ хул өнгийн ноосон цамц юм уу гэмээр нэг зүйл ороосон байсан...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Гэрч Д.Э, С.Д, М.Б нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчээр байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7266 тоот дүгнэлтээр давхар нотлогдсон, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой тул шүүгдэгч Д.Бийг хохирогч Р.Аы амь насыг хохироосон гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэстэй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Д.Бид холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах шаардлагагүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлын дутууг материалаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн:

-2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дн Бг 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дн Бг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

-3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Бийн 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                       Ж.ДОЛГОРМАА