Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар   2022/ШЦТ/112

 

2022.05.13                                       2022/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0132/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                         Ж.Батбаатар

Шүүгдэгч                                           Э.Батжаргал  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэнгээр хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овгийн Энхсайханы Батжаргалд холбогдох 2239000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Батжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга ахуй үйлчилгээний газарт  Х.Болорсүхийг хэрүүл өдсөн гэх шалтгаанаар нүүр рүү нь тохойгоороо цохиж, Х.Болорсүхийн биед  дээд уруул дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Х.Болорсүхийн  өгсөн:.. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11 -ний өдөр миний бие ойролцоогоор 21 цагийн орчимд Тулга ахуйн үйлчилгээний төв рүү найз Эрдэнэбаатартай уулзахаар очиход танил дүү Амгаланбаатар бид 2-г цуг манай гэр рүү очъё гэхээр нь очтол тэдний гэрт найзууд нь гэх хүмүүс нийлээд 0.75-н Аква *******тэй архийг уугаад надад 2 хундага архи өгөхөөр нь тэрнээс нь амсчихаад удалгүй тэдний гэрээс ганцаараа гараад явж байтал манай эх******* над руу залгахаар нь би Амгаланбаатрын гэрт байна удахгүй харилаа гэж хэлээд утсаа тасалж буцаад Тулга ахуйн үйлчилгээний төв рүү ганцаараа орсон. Тэгээд орж лоунж руу нь ороод текен дээрээс 1 лааз сэнгүр *******тэй пиво авч уугаад сууж байгаад үүд хэсэгт байдаг буйдан дээр очиж суутал зүс таних Батжагаа гэх залуу хажууд ирж суугаад бид хоёр юм яриад сууж байгаад муудалцсан байна лээ. Тэгээд тэр залуу миний ам хэсэг рүү 1 удаа тохойгоороо цохиж гэмтэл учруулсан. Тэгээд би цагдаа дуудсан...Надад гомдол санал нэхэмлэх зүйл байхгүй ээ. Би гомдолгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

Гэрч Б.Отгонбаатарын өгсөн:... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед манай Тулга пабд 4 залуу орж ирсэн. Тэгээд архи пиво авч ууцгаагаад байж байтал мөн гаднаас Болорсүх гээд залуу орж ирээд нэг шил лааз пиво аваад үүдний буйдан дээр сууж байтал түрүүлж орж ирсэн 4 залуугийн нэг нь Болорсүх дээр очиж юм ярьж байгаад удалгүй Болорсүх би тэр залууд цохиулчихлаа гэж хэлээд гараад явсан. Тухайн үед Болорсүхийн уруул хэсэг хавдчихсан харагдсан. Болорсүхийг зодсон залууг Батжаргал гэдэг залуу байсан байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн 220 дугаартай дүгнэлт:

  1. Х.Болорсүхийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт  /хх-ий 32-33 хуу/    

Э.Батжаргалын яллагдагчаар өгсөн:... 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд би найзуудтайгаа Хэрлэн сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг Тулга-д орсон. Тэгээд нэг нэг лааз пиво захиалаад ууж байгаад би ганцаараа үүдний хэсэгт байрладаг буйдан дээр тамхи татахаар очиход буйдан дээр зүс таних Болорсүх гээд залуу гартаа нэг лааз пиво барьчихсан нэлээн согтуу сууж байсан. Тэгээд би хажууд нь суугаад тамхи татаад юм яриад сууж байтал нөгөө залуу мань агсараад над руу налаад байхаар нь би тохой хэсгээрээ тэр залуугийн ам хэсэг рүү нэг удаа цохьсон нь үнэн. Тэгээд удалгүй манай найзууд гарч ирээд би дотогшоо орсон...гэх мэдүүлэг/ хх-ийн 62 хуу/ 

Э.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 49 хуу/

Э.Батжаргал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65-66 хуу/

Хохирогч  Х.Болорсүхийн гаргасан “Э.Батжаргалд гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 54 хуу/

Яллагдагч Э.Батжаргалын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 68 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Батжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед  согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга ахуй үйлчилгээний газарт хохирогч Х.Болорсүхтэй маргалдан нүүрэнд нь цохиж дээд уруул дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Батжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.Болорсүхийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.Батжаргалын үйлдлийн улмаас хохирогч Х.Болорсүхийн эрүүл мэндэд учирсан дээд уруул дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Э.Батжаргалын үйлдлийг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

 

 Иймд шүүгдэгч Э.Батжаргалыг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Аймгийн Прокурорын газраас Э.Батжаргалын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

           

Яллагдагч Э.Батжаргал нь  хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 68 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 69 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг  яллагдагчид танилцуулсныг яллагдагч Э.Батжаргал хүлээн зөвшөөрч /хх-ийн  74 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Э.Батжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Батжаргалд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Энхсайханы Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Батжаргалыг 600 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Батжаргал нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Батжаргал нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Батжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ