Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э Г овогт Б-ийн М-өөд холбогдох 2216000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, 2005 оны 04 дүгээр сарын 27-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 12 дугаар ангид сурдаг, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт амьдардаг, ДГ00000 регистрийн дугаартай, Э г овогтой Б-ийн М

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Анагаахын шинжлэх ухааны лицей” сургуулийн хичээлийн байранд хамт давтлаганд суусан найз Б.Ч-ын куртикны халааснаас “Хаан банк”-ы виза картыг нь зөвшөөрөлгүйгээр авч улмаар тухайн картыг нь ашиглан бэлэн мөнгөний машинд уншуулан “Хаан банк” дахь Б.Чн эзэмшлийн 5319099821 тоот харилцах данснаас 360.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Анагаахын шинжлэх ухааны лицей” сургуулийн хичээлийн байранд хамт давтлаганд суусан найз Б.Чын куртикны халааснаас “Хаан банк”-ы виза картыг нь зөвшөөрөлгүйгээр авч улмаар тухайн картыг нь ашиглан бэлэн мөнгөний машинд уншуулан “Хаан банк” дахь Б.Чын эзэмшлийн 5319099821 тоот харилцах данснаас 360.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 03 дугаар сарын 14-ний өдөр куртикнийх нь кармаанаас картыг нь аваад доод АТМ очоод мөнгийг нь авсан. Авсан мөнгөө хоол хүнсэндээ хэрэглээд дуусгасан. Хохирогчийн хохирлыг буцааж барагдуулсан байгаа гэв./шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20-рт/,

 

            “Хаан банк” дахь Б.Чын эзэмшлийн 5319099821 тоот харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11-рт/,

 

            Б.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 10 сар 17 хоногтой байсан талаарх мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Г.Тийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх- ийн 52-рт/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ноднин буюу 2021 оноос эхлэн хаан банкны 5319099121 тоот дансыг ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн дансаа эцэг, эхээсээ мөнгө төгрөг авахын тулд ашигладаг байсан юм. Харин 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагт хичээл тараад сургуулийн орчмоор байж байгаад 14 цаг өнгөрч байх үед монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын давтлагандаа орсон. Ингээд өөрийн найз Мөнгөндөрөөтэй хамт нэг ширээнд буюу 3-р салааны урдаасаа 4 дэх ширээнд хамт суусан. Ингээд 2 цаг давтлага ороод тарсан бөгөөд би тухайн үед өөрийн куртикээ ширээн доогуур хийсэн байсан. Тэгээд би ангиас гараад нойл руу яваад 5 орчим минут болоод ирээд куртикээ аваад ангиасаа гараад гэр рүүгээ явсан. Тэгээд орой нь өөрийн виза картыг шалгахад миний виза карт куртикний халаасанд байхгүй болохоор нь нөгөө куртикний халаасанд байгаа байх гэж бодоод унтаж амраад маргааш нь өвлийнхөө куртикэнд үзэхэд байхгүй болохоор нь хаан банк руу залгаад картаа гээгдүүлсэн байна, хаалгая гээд хаалгасан. Тэгээд орой нь дахин залгаад виза карт захиалъя гэхэд миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Ингээд хичээл ихтэй байсан учир хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 30-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар М нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь хангалттай тогтоогдсон байна. Гэм буруугийн талаар шүүгдэгч маргахгүй байгаа. Шүүгдэгчийн тухайд гэмт хэрэг үйлдэгдэхэд 16 нас 10 сартай байсан. Хууль эрх зүйн мэдлэг дутуу байсан мөн эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналт дутуу байснаас тухайн үйлдэл гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хохирол  төлбөрийг бүрэн барагдуулсан. Өсвөр насны яллагдагчид оногдуулах ял шийтгэлийг улсын яллагчтай харилцан тохиролцож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах талаар харилцан тохиролцсон. Б.М нь хөдөө байнга мал дээр байдаг. Мал хариулдаг учраас төдийлөн зорчих эрх хязгаарлах ял, торгох ял оногдуулах боломжгүй учир хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах талаар харилцан тохиролцон хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байгаа. Албадлагын арга хэмжээ нь зан үйлээ засах сургалтад хамрагдах болон оршин суугаа газраасаа явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ёстой. Иймээс эрх зүйн байдлыг дээрдүүлж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

         Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх улсын яллагчийн шүүгдэгч Б.М-д “ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх” саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Мийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э г овогтой Бийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-өөд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-өөд авсан  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Говь-Алтай аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар хэрэгжүүлэхийг даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.Мөнгөндөрөөд мэдэгдсүгэй.

6. Өсвөр насны шүүгдэгч Б.М-өөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-өөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА